Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 184/ШШ2016/01468

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг би

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, “Залуус” хороолол, Москвагийн гудамж 48А байр 963 тоотод оршин суух, эмэгтэй, ГО65092764 регистрийн дугаартай, Их мээрэн овогт Бардуугийн Батжаргалын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо, Шинэ цэргийн хотхон 7-р байр 32 тоотод оршин суух, эмэгтэй, ХЙ85042903 регистрийн дугаартай, Жалайр овогт Лувсандоржийн Цэрмаад холбогдох

зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 17 425 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Батжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний танил болох Лувсандорж овогтой Цэрмаа нь 5 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлдүүлж туслаач гэж надаас гуйсны дагуу 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр бид харилцан тохиролцсоны үндсэн дээр зээлийн гэрээг байгуулсан ба уг гэрээгээр дээрх 5 000 000 төгрөгийг 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл буюу 6-н сарын хугацаатайгаар сарын 10 хувийн хүү төлөх, хэрэв зээлийг эргүүлэн төлөх хуагцаа хэтрүүлсэн тохиолдолд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар зээлийг эргүүлэн төлөх хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцож төлөхөөр тохиролцож миний бие 5 000 000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн. Ингээд Л.Цэрмаа нь гэрээнд заасан 6-н сарын хүүгийн нийт төлбөр болох 3 000 000 төгрөгийг сар бүр 500 000 төгрөгийг надад хүлээлгэн өгөөд дхин нэмээд 5 000 000 төгрөгийг 3-н сарын хугацаатайгаар сарын 10 хувийн хүү төлөх мөн зээлийг эгүүлэн төлөх хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцож төлөхөөр тохиролцож 5 000 000 төгрөгийг түүнд бэлнээр хүлээлгэн өгсөн.

Гэвч Л.Цэрмаа нь уг зээлийн мөнгөний 3 сарын хүүгийн төлбөр болох 1.500.000 төгрөг төлөхөөс зөвхөн 1.000.000 төгрөгийг л төлөөд үлдэгдэл 500.000 төгрөгийг төлөлгүй байж байгаад “дээрх 2 Зээлийн гэрээгээр хүлээн авсан нийт 10.000.000 /арван сая/ төгрөгийн зээлийг 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл буюу 2 сарын хугацаагаар сунгаж өгөөч” гэж санал гаргасны дагуу түүнтэй би 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр нотариат дээр очиж дахин “Зээлийн гэрээ” байгуулж зээлийн асуудлаа баталгаажуулсан билээ. Л.Цэрмаа нь:

Эхний зээлийн гэрээ буюу 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн гэрээний 2 болон 5 дахь заалтуудад заасан “...үндсэн зээлийг гэрээний хугацаанд бүхлээр төлнө”, мөн гэрээний 3 дахь заалт болох “...зээлийг эргүүлэн төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцож төлүүлэх...” гэсэн заалтуудыг тус тус биелүүлээгүй болно. Иймээс Л.Цэрмаагаас дээрх 1 дэх зээлийн гэрээний 5.000.000 /таван сая/ төгрөгийн /2016 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 5 дугаар сарын 10-ны өдрийг дуустал/ нийт 90 хоногийн алданги /хоногт 25 000 төгрөг/ болох 2 250 000 төгрөгийг,

2 дахь зээлийн гэрээ буюу 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн гэрээний 2.6 дахь заалт “...зээлийг төлөх хугацаа, ...зээлийг эргүүлж төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож төлөх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн бөгөөд дээрх зээлийн 3 сарын хугацааны хүү болох 1.500.000 төгрөг төлөх ёстойгоос зөвхөн 1.000.000 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл 500.000 төгрөгийг, мөн 2016 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрийг дуустал хугацааны нийт 9 хоногийн алданги /хоногт 25.000 төг/ болох 225 000 төгрөгийг,

3 дахь зээлийн гэрээ буюу 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн гэрээний 2.4 дэх заалтанд заасан “...зээлийн 2 сарын хүүний төлбөр болох 2.000.000 төгрөгийг төлөөгүй”, мөн гэрээний 2.6 болон 2.7 дахь заалтууд “...зээлийн эргэн төлөх нөхцөл, ...зээлийг эргүүлж төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож төлөх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн, 2016 оны 7 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдрийг дуустал нийт 49 хоногийн алданги болох /хоногт 50.000 төг/ 2.450.000 төгрөгийг тус тус төлж барагдуулахгүй, гар утсаа авахгүй, надтай уулзаж ярилцахгүй өдийг хүрлээ.

Иймд хариуцагч Л.Цэрмаагаас дээр дурдагдсан 3 Зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 10.000.000 төгрөг, хүүнд 2.500.000 төгрөг, алдангид 4.925.000 төгрөг, нийтдээ 17.425.000 /арван долоон сая дөрвөн зуун хорин таван мянга/ төгрөгийг хуульд зааснаар гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Батжаргал шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.Батжаргал миний бие Л.Цэрмаад холбогдуулан 17 425 000 төгрөг нэхэмжилсэн ба 4 925 000 төгрөгийн шаардлагаас татгалзаж, үлдэгдэл 12 500 000 төгрөгийг Л.Цэрмаа нь 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 10 000 000 төгрөг, үлдэгдэл 2 500 000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 18-ны дотор бүрэн төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Л.Цэрмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нэхэмжлэгч Б.Батжаргалтай эвлэрч нэхэмжлэлийн шаардлага 12 500 000 төгрөгөөс 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 10 000 000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдөр үлдэгдэл 2 500 000 төгрөг, нийт 12 500 000 төгрөгийг төлж эвлэрэх болсон. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Батжаргал нь хариуцагч Л.Цэрмаад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 17 425 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Л.Цэрмаа нь 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр, 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр, 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрүүдэд тус тус Б.Батжаргалтай зээлийн гэрээ байгуулсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, зээлийн гэрээ гэсэн баримтуудаар  тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 17 425 000 төгрөгийн 4 925 000 төгрөгөөс татгалзаж, 12 500 000 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч нь 2017 оны 01 дүгээр сарын 18-нд 10 000 000 төгрөгийг төлж,  2017 оны 02 дугаар сарын 18-ны дотор 2 500 000 төгрөг, нийт 12 500 000 төгрөгийг бүрэн төлөхийг зөвшөөрсөн тул талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

          1. Б.Батжаргалын нэхэмжлэлтэй Л.Цэрмаад холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 17 425 000 төгрөг гаргуулах тухай хэргийн зохигч талууд хариуцагч нь 2017 оны 01 дүгээр сарын 18-нд 10 000 000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 18-нд 2 500 000 төгрөг, нийт 12 500 000 төгрөгийг төлөхөөр  эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.5-д зааснаар  2601025961 тоот данснаас 122 537 төгрөг, хариуцагчаас 107 475 төгрөг  тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245 075 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

  

          3. Шүүгчийн  захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

          4. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                        С.ОЮУНЧИМЭГ