Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тогтоол

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 184/ШШ2016/01452

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, Ч.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 12-р хороо, бичил хороолол 14-21 тоотод оршин суух, эрэгтэй, УК91120674 регистрийн дугаартай, Дархад овогт Эрдэнэбатын Бат-Ойдовын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо, Москва хороолол 137-66 тоотод оршин суух, эрэгтэй, ДЕ96102134 регистрийн дугаартай, Буга хайрхан овогт Цэвэгмэдийн Болдбаатарт холбогдох

гэм хорын хохирол 2 100 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өлзий-Орших, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Отгончимэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өлзий-Орших шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Э.Бат-Ойдов 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч Ц.Болдбаатараас 2 100 000 төгрөг гаргуулахаар танай шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. Ц.Болдбаатар 2016 оны 02 дугаар сарын 16-ны орой согтуу үедээ Э.Бат-Ойдовыг зодож түүний шүдийг гэмтээсэн.

Э.Бат-Ойдов 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр эмнэлэгт үзүүлэхэд түүний үүдэн 2 шүдэнд 3-р зэргийн булгарал үүссэн гэж оношилжээ.

Э.Бат-Ойдовын үүдэн 2 шүдний имплант эмчилгээнд нийт 6 603 000 төгрөг шаардлагатай болсон. Ц.Болдбаатарыг Эрүүгийн хуулийн тухай ангийн 181.2.1-т зааснаар яллагдагчаар татаж 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн эрүүгийн шүүх хурал болсон ба Ц.Болдбаатар, түүний ээж Ундармаа нар Э.Бат-Ойдов, түүний ээж Б.Арвинбэлэг нартай уулзаж шүүх хурал дээр гомдолгүй гэж хэлээд өгөөч гэж гуйжээ.

Э.Бат-Ойдов үүдэн шүдэнд эмчилгээ хийлгэх шаардлагатай байсан тул эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд Ц.Болдбаатар 2 100 000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Иймд гэм хор учруулсны хохирол 2 100 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өлзий-Орших шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн зүгээс гэм хорын хохиролд 2 100 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ч шүүх хуралдаанаас өмнө хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрч нэхэмжлэлийн шаардлага 2 100 000 төгрөгийн 1 050 000 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 1 050 000 төгрөгийг хариуцагч төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тамир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1 050 000 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч, үлдэгдэл 1 050 000 төгрөгийн шаардлагаасаа нэхэмжлэгч тал татгалзаж эвлэрлийн гэрээ байгуулсан гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Э.Бат-Ойдов нь хариуцагч Ц.Болдбаатарт холбогдуулан гэм хорын хохирол 2 100 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Э.Бат-Ойдов нь эмчилгээний зардал гэж 2 100 000 төгрөг нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Өлзий-Орших нэхэмжлэлийн шаардлага 2 100 000 төгрөгөөс 1 050 000 төгрөгөөс татгалзаж, 1 050 000 төгрөгийг нэхэмжилсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 1 050 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар эвлэрсэн тул талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

           Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ба 70 200 төгрөг төлсөн байгаа тул илүү төлсөн гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар буцаан олгож шийдвэрлэв.

           Харин хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар тэмдэгтийн хураамжийн 29 750 төгрөгийг хувааж гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

          1.Э.Бат-Ойдовын нэхэмжлэлтэй Ц.Болдбаатарт холбогдох гэм хорын  хохирол 2 100 000 төгрөг гаргуулах тухай хэргийн зохигч талууд хариуцагч нь 1 050 000 төгрөгийг төлөхөөр  эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

         

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг буцаан олгосугай.

 

           4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч Ц.Болдбаатараас 14 875 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

 

           5. Шүүгчийн  захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

          6. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ОЮУНЧИМЭГ

                                               

ШҮҮГЧ                                   Ж.ЛХАГВАСҮРЭН

 

ШҮҮГЧ                                   Ч.НЯМСҮРЭН