| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 179/2019/0345/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/376 |
| Огноо | 2019-12-17 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Л.Отгончимэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 2019/ШЦТ/376
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагчаар, ахлах прокурор Л.Отгончимэг,
Арван найман насанд хүрээгүй хохирогч Э.Э-гийн хууль ёсны төлөөлөгч Э.Н-,
Шүүгдэгч Л.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Г-д холбогдох эрүүгийн 1938006870411 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Л.Г.
Шүүгдэгч Л.Г- нь 2019 оны 09 сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвд Приус маркын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12-р зүйлийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөнөөс насанд хүрээгүй Э.Э-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Г- нь 2019 оны 09 сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвд Приус маркын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12-р зүйлийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас бага насны хүүхэд болох 3 настай Э.Э-г дайрч эрүүл мэндэд нь “баруун талын 4-р хавирга, зүүн талын 3, 4-р хавирга, сээрний 3-р нугаламын их бие, баруун атгаалж чөмөгний зөрөөгүй хугарал, зүүн шилбэнд зулгаралт” бүхий хүндэвтэр гэмтэл учруулж, автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-5 дугаар хуудас/,
- Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/,
- Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/,
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10 дугаар хуудас/,
- Эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 13 дугаар хуудас/,
- Арван найман насанд хүрээгүй хохирогч Э.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би эгч Б-, ах А- нарын хамт дэлгүүр орох гээд явж байгаад дэлгүүр ороогүй. Тэгээд дэлгүүрийн үүдэнд зогсож байсан машины урд талаар гарах гэж явж байгаад бүдрээд уначихсан чинь миний нуруу дээгүүр тэнд зогсож байсан машин хойд талын дугуйгаараа дайраад явчихсан. Тэгээд манай ээж ирж эмнэлэг рүү авч яваад эмнэлэгт хэвтсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,
- Арван найман насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай хүү Э.Э- эмчилгээ хийлгэхдээ 300.000 төгрөгний зардал гаргасан. Л.Г- гэдэг хүний зүгээс эмчилгээ хийлгэхэд гарсан 300.000 төгрөгийн зардлыг бүрэн төлж барагдуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,
- Гэрч Д.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 7 дугаар багт байрлах “Зөөлөн” нэртэй дэлгүүрийн хойд талын гудамжаар явж байтал хүүхэд уйлах шиг болохоор нь эргээд хартал Приус маркын ногоон саарал өнгийн суудлын автомашин дэлгүүрийн урдаас хөдлөөд засмал зам руу орсон. Би тэгээд хартал доороос нэг жаахан хүүхэд шороотой хутгалдчихсан гарч ирсэн. Тэр хүүхэд хэвтэж байхаар нь би нөгөө машины хойноос чи хүүхэд дайрчихлаа шүү дээ гээд орилоод гүйсэн чинь зогсохгүй засмал замаар шууд уруудаад яв чихсан. Тэр хооронд тэр дайруулсан хүүхдийг хоёр гурван жаахан хүүхэд өргөж босгосон байсан. Тэгээд тэр дэлгүүрийн хүн гарч ирээд хүмүүс сандралдаж байх хооронд цаад гудамжнаас ээж нь гэх эмэгтэй гарч ирээд хүүхдээ эмнэлэг рүү аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
- Гэрч Э.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2019 оны 09 сарын 28-ны өдөр 13:00 цаг өнгөрч байхад Мөрөн сумын 7 дугаар багийн нутагт байдаг “Зөөлөн” дэлгүүрийн цаад талд байдаг худгаас ус авахаар явахдаа өөрийн хүү Э.Э-, эгчийн хүүхэд А-, Б- нарыг дагуулж явсан юм. Би худаг дээр очоод усаа тосчихоод тэр гурвыг та гурав дэлгүүрээс юм аваад идчих гээд 1.500 төгрөг өгөөд явуулсан. Би худаг дээр гурван хүүхдээ хүлээж байтал Б- ирээд Э.Э- машинд дайруулчихлаа гэж хэлсэн. Тэгээд би яваад очтол миний хүү Э.Э- “Зөөлөн” дэлгүүрийн үүдэнд ухаан алдсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд би эмнэлэг дуудаад, цагдаа дуудаад зам дээрээс такси бариад 103 дээр очиж хүүхдээ үзүүлсэн. Эмч нар үзээд манай хүү Э.Э-г баруун талын таван хавирга, зүүн нилээн хэдэн хавирга хугарсан, баруун гар нь үеэрээ салчихсан толгойдоо цус хуралттай байна гэж байсан. Одоогоор миний хүү нэгдсэн эмнэлэгийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
- Арван найман насанд хүрээгүй гэрч О.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2019 оны 09 сарын 28-ны өдөр өөрийн дүү Э.Э-, А- хоёртой Мөрөн сумын 7 дугаар багт байдаг “Зөөлөн” дэлгүүр орох гэж яваад дэлгүүр ороогүй. Тэгээд бид гурав сандал дээр сууж байгаад гэр рүүгээ явах гээд “Зөөлөн” дэлгүүрийн арын гудамж руу ороод явж байсан юм. Манай дүү Э.Э- хамгийн ард явж байгаад машины урд шургаад уначихсан. Би дүүгээ босгох гээд явж байсан чинь дэлгүүрийн үүдэнд зогсож байсан машин манай дүү Э.Э- босох гээд газар хэвтэж байхад нь дээгүүр нь дайраад гараад явчихсан. Тэгээд манай дүү уйлаад би дүүгээ очиж өргөөд босгох гэсэн чинь нэг эгч босгож болохгүй гэхээр нь худаг дээр очоод Э.Н- эгчид хэлсэн. Тэгээд Э.Н- эгч ирээд Э.Э-г эмнэлэг рүү аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,
- Арван найман насанд хүрээгүй гэрч О.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2019 оны 09 сарын 28-ны өдөр эгч Б- дүү Э.Э- нарын хамт Мөрөн сумын 7 дугаар багт байдаг “Зөөлөн” дэлгүүр орох гэж явсан юм. Тэгээд бид гурав гэр рүүгээ явах гээд “Зөөлөн” дэлгүүрийн арын гудамж руу ороод явж байсан юм. Манай дүү Э.Э- хамгийн хойно явж байсан ба машины урд шургаад уначихсан. Би манай дүү Э.Э-г уйлахаар нь эргээд харсан чинь газарт хэвтэж байхад нь дээгүүр нь машин дайраад явчихсан. Тэгээд би дүүгээ босгох гэсэн чинь нэг эмээ битгий босго яг тэгээд байлгаж бай гээд байсан. Тэгээд Б- эгч очиж Э.Н- эгчийг дуудаж ирээд Э.Э-г аваад эмнэлэг рүү явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,
- Хөвсгөл аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 504 дугаартай: “1. Э.Э-гийн биед баруун талын 4-р хавирга, зүүн талын 3, 4-р хавирга, сээрний 3-р нугаламын их бие, баруун атгаалж чөмөгний зөрөөгүй хугарал, зүүн шилбэнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. 3. Э.Э-гийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 32 дугаар хуудас/,
- Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагчийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 04 дугаартай: “1. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багт байрлах “Зөөлөн” дэлгүүрийн урд замд приус маркын ... улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Л.Г- нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-р зүйлд заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчныг байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх, өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөн байна. 2. Жолооч Л.Г- нь ВС ангилалын ... дугаартай хүчинтэй үнэмлэхтэй байна. 3. Жолооч Л.Г-ий гаргасан үйлдэл нь замын хөдөлгөөнд нээлттэй шороон зурвас газар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн гарсан байх тул зам тээврийн осол мөн. 4. Тухайн замын зохион байгуулалт, нөхцөл байдал нь осол гаргахад нөлөөлөөгүй байна. 5. Уг зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гадаад хүчин зүйлс байхгүй. 6. Уг зам тээврийн осол нь тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам орчны байдлыг сайтар шалгаагүй анхаарал болгоомжгүй хөдөлгөөн үйлдсэн болон бага насны явган зорчигчийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулсан зэргээс шалтгаалж гарсан байна” гэх дүгнэлт /хх-ийн 37 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Л.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2019 оны 09 сарын 28-ны өдөр Мөрөн сумын 7 дугаар багийн нутагт байрлах “Зөөлөн” дэлгүүрийн үүдэнд хүн буулгаад явсан. Тухайн үед би хүүхэд дайрсан гэдгээ бол мэдээгүй дараа нь цагдаагийн байгууллагын ажилтнууд манайд очиход би болсон асуудлын талаар мэдсэн. Цагдаагийн байгууллагын ажилтнууд намайг “Зөөлөн” дэлгүүрийн үүдэнд зогсоод хөдлөхдөө хүүхэд дайрсан байна гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ их гэмшиж байна” гэх мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 50 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Л.Г-ийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 51 дүгээр хуудас/,
- Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй, хууль зүйн мэдлэг дутмаг байдал, мөн бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулсан, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажлыг хангалтгүй зохион байгуулж, энэ талаарх сургалт сурталчилгааг зохих төвшинд, холбогдох хүмүүст нь хүртэл хийж чадаагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Шүүгдэгч Л.Г- нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгч Л.Г- нь 2019 оны 09 сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвд Приус маркын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12-р зүйлийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас бага насны хүүхэд болох 3 настай Э.Э-г дайрч эрүүл мэндэд нь “баруун талын 4-р хавирга, зүүн талын 3, 4-р хавирга, сээрний 3-р нугаламын их бие, баруун атгаалж чөмөгний зөрөөгүй хугарал, зүүн шилбэнд зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол учруулж, автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн болох нь шүүх хуралдааны явцад шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруутайгаар, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, ослоос үүдэн гарах хохирлыг багасгахад чиглэсэн үйл ажиллагааг зөрчсөн, зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний эрүүл мэндэд хохирол учруулж төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хэргийн газрын үзлэг, гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.
Шүүгдэгчийн мэдүүлж байгаагаар “...Тухайн үед би хүүхэд дайрсан гэдгээ бол мэдээгүй дараа нь цагдаагийн байгууллагын ажилтнууд манайд очиход би болсон асуудлын талаар мэдсэн. Цагдаагийн байгууллагын ажилтнууд намайг “Зөөлөн” дэлгүүрийн үүдэнд зогсоод хөдлөхдөө хүүхэд дайрсан байна гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 44/-ээс үзвэл Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-р зүйлд заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчныг байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх, өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг гэм буруутайгаар зөрчсөн нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзэхээр байна.
Шүүгдэгч Л.Г-ийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.
Арван найман насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Л.Г- гэдэг хүний зүгээс эмчилгээ хийлгэхэд гарсан 300.000 төгрөгийн зардлыг бүрэн төлж барагдуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүх хуарлдаанд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг зэргийг үндэслэн энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Л.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, хохирол төлбөрийг төлсөн байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч Л.Г- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах” санал гаргасныг харгалзан шүүхээс шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД 1 ширхэгийг хэргийн хамт хадгалж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Л.Г-ийн ВС ангилалын ... дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Л.Г- нь цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Мэргэд овогт Л.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г- нь торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч Л.Г-д оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД 1 ширхэгийг хэргийг хамт хадгалж, шүүгдэгч Л.Г-ийн ВС ангиллын ... дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Э.Л.Г-д буцаан олгосугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ