Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 00377

 

 

 

   2019          02        15                                                                              2019/ШЦТ/39

 

     2019          12             17                                         2019/ШЦТ/377

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагчаар хяналтын прокурор Г.Сэндэнсүрэн,

Шүүгдэгч С.Д-, түүний өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл, В.Энхболд,

Шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Д-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б- нарт холбогдох эрүүгийн 1838005150259 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, С.Д.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б.Б.

Шүүгдэгч С.Д- нь 2018 оны 5 дугаар сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах “Хөвсгөл хүнс” ХХК-ийн хашаан дотроос иргэн Б.Б-ы бетон зуурмагийн машиныг машин механизм ашиглан хулгайлж, 210.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Б- нь Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн яллагдагч С.Д-ид холбогдох хэргийн анхан шатны шүүх хуралд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “С.Д-ид өглөгтэй байсан, зуурмагийн машин авахаасаа өмнө над руу мессеж бичиж байсныг сүүлд мэдсэн” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

1.1. Шүүгдэгч С.Д-ийг 2018 оны 5 дугаар сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах “Хөвсгөл хүнс” ХХК-ийн хашаан дотроос иргэн Б.Б-ы бетон зуурмагийн машиныг машин механизм ашиглан хулгайлж, 210.000 төгрөгийн хохирол учруулсан үндэслэлээр Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн байх боловч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр

Шүүгдэгч С.Д- нь 2018 оны 5 дугаар сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах Хөвсгөл хүнс ХХК-ийн хашаан дотроос жижүүр Ё.Д-д “бетон зуурмагийн машинаа авах гэсэн юм, миний өөрийн машин байгаа юм” гээд зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах замаар хуурч мэхлэн авч 210.000 төгрөгийн хохирол учруулан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Гэрч Ё.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 5 дугаар сард ...Би тухайн өдөр жижүүртэй байсан юм. Тэгэхэд нэг танихгүй залуу портер маркийн машинтай ирээд “бетон зуурмагийн машинаа авах гэсэн юм” гэхээр нь би “хэний машин юм, чинийх мөн юм уу” гэхэд “мөн мөн, миний өөрийн машин байгаа юм” гээд машинтайгаа үйлдвэрийн хашаа руу орж бетон зуурмагийн машиныг ачаад аваад явсан. Тэр залуу зуурмагийн машин аваад явсны дараа би Зоригоогоос “саяны зуурмагийн машин авч явдаг залуу хэн юм бэ” гэж асуухад “засварын ажил хийдэг юм, Ш- гэдэг залуу шүү дээ” гэж надад хэлсэн. ...Би тэр үед тээврийн хэрэгслийн дугаарыг нь хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 109-110 дугаар хуудас/,

- Гэрч Ж.З-ы мөрдөн шалгах ажилллагааны үед өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын сүүлээр ...цэнхэр өнгийн портер загварын машин гаднаас орж ирээд манай байгууллагын хашаанаас цемент зуурдаг машиныг ачаад аваад гарсан. ...С.Д- надад бетон зуурмагийн машин авч явна гэж хэлээгүй. Надаас шаврын тэрэг сурж ирсэн. Тэрэг сураглаж ирчихээд удалгүй машинаар бетон зуурмагийн машин аваад явж байсан. Би С.Д-ийг өөрийнхөө бетон зуурмагийн машинаа авч явж байгаа юм байна гэж бодсон. ...С.Д- бетон зуурмагийн машиныг тээврийн хэрэгслээр авч явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15, 108 дугаар хуудас/,

- Хохирогч Б.Б-ы мөрдөн шалгах ажилллагааны үед өгсөн: Би 2017 оны 12 дугаар сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвд байрлах Хүнсний үйлдвэрийн нэрийн дэлгүүрийн засварын ажлыг өөрийн найз Г болон төрсөн ах Б нарын хамт ...бетон зуурмагийн машиныг ашиглан үйл ажиллагаа явуулж байсан юм. Тэгээд миний хийж байсан засварын ажил 2017 оны 12 дугаар сард дуусаад бетон зуурмагийн машинаа тухайн хүнсний үйлдвэрийн хашаан дотор орхичихсон байсан. Дараа нь 2018 оны 5 дугаар сарын эхээр бетон зуурмагийн машинаа авахаар Хүнсний үйлдвэрийн хашаанд очтол тухайн зуурмагийн машин алга болсон байсан. Би хулгайд алдсан бетон зуурмагийн машинаа Улаанбаатар хотоос 2017 оны 6 дугаар сард 1.400.000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо би тухайн бетон зуурмагийн машинаа анх худалдаж авсан үнэ буюу 1.400.000 төгрөгөөр үнэлж байна. ...Тухайн өдөр ажиллаж байсан манаачаас асуухад надад С.Д- буюу Шү гэх хочтой хүн авч явсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 10-13 дугаар хуудас/,

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,

- Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/,  

- Хөрөнгө үнэлсэн тайлан, дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24, 28-29 дүгээр хуудас/,

- Гэрч Д.Э-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 5 бил үү 6 дугаар сард байсан байх. Манай хашаанаас бетон зуурмагийн машин алга болсон. Бетон зуурмагийн машиныг Ш /жинхэнэ нэрийг нь мэдэхгүй/ авч явсан гэсэн яриа гарсан байсан. Миний санаж байгаагаар нэг өдөр Ш- манай үйлдвэрийн хашаан дотор ороод ирчихсэн явж байгаа харагдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 111-112 дугаар хуудас/,

- Шүүгдэгч С.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би өнгөрсөн жил ажил дуусаад бетон зуурмагийн машиныг хүнсний үйлдвэрийн хашаанд аваачиж буулгасан. Тийм болохоор тэнд байгааг мэдэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/,  

- Шүүгдэгч С.Д-ийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн анхан шатны шүүх хуралдаанд өгсөн: “...2017 оны намар хүнсний үйлдвэр дээр би ачиж аваачиж өгсөн. Тэгээд хавар нь тэвшээ авах гэж очихдоо зуурмагийн машиныг нь авсан. Унаа хөлсөлсөн дээрээ аваад явчихъя гэж бодсон. ...Таньж мэддэг хүмүүс учраа олчих байх гэж бодсон” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс /хх-ийн 154 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож шалтгаант холбоотой байна.

Иймд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдосн хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж заасны дагуу шүүгдэгч С.Д-ид холбогдох хэргийн зүйчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, хөнгөн ялтай гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзсэн болно.

Шүүх хуурч мэхлэгдэж байгаа этгээд нь зөвхөн хохирогч биш, түүний өмнөөс эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг хариуцаж буй этгээд зэрэг нь мөн адил хамаарна гэж өргөн хүрээнд хамруулан үзсэн болно.

1.2. Шүүгдэгч Б.Б- нь Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн яллагдагч С.Д-ид холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал дээр хохирогчоор мэдүүлэг өгөхдөө шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “С.Д-ид өглөгтэй байсан, зуурмагийн машин авахаасаа өмнө над руу мессеж бичиж байсныг сүүлд мэдсэн” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Мөрдөн шалгалх ажиллагааны үед хохирогчид эрх, үүрэг тайлбарлаж өгсөн тухай баримт /хх-ийн 10 дугаар хуудас/,        

- Шүүгдэгч Б.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор өгсөн: “...миний хийж байсан засварын ажил 2017 оны 12 дугаар сард дуусаад бетон зуурмагийн машинаа тухайн хүнсний үйлдвэрийн хашаан дотор орхичихсон байсан. Дараа нь 2018 оны 5 дугаар сарын эхээр бетон зуурмагийн машинаа авахаар Хүнсний үйлдвэрийн хашаанд очтол тухайн зуурмагийн машин алга болсон байсан. ...Тухайн өдөр ажиллаж байсан манаачаас асуухад надад С.Д- буюу Ш- гэх хочтой хүн авч явсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 10-13 дугаар хуудас/,

- Хохирогч Б.Б-, яллагдагч С.Д- нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан: “...С.Д- бид хоёрын хооронд ямар нэгэн өр авлагын асуудал байхгүй. С.Д- хүнсний үйлдвэрийн хашаанд байсан бетон зуурмагийн машиныг авахдаа надад авлаа шүү гэж хэлээгүй. С.Д-ийг зуурмагийн машин авсан гэдгийг мэдээд очоод уулзахаар би аваагүй гээд гүрийгээд байсан. Тэгээд зуурмагийн машин байгаа газрыг мэдээд очиж үзсэний дараа С.Д- над руу би ажлынхаа хөлсөнд авсан гэсэн утгатай мессеж бичсэн. Түүнээс өмнө би аваагүй гээд байсан” гэх тэмдэглэл /хх-ийн 17 дугаар хуудас/,

- Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд хохирогч Б.Б-д эрх, үүргийг тайлбарлаж өгсөн баримт /хх-ийн 72 дугаар хуудас/,

- Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд Б.Б-ы хохирогчоор өгсөн: “Би С.Д-ид Платз гэдэг машин ажлынхаа хөлсөнд өгсөн болохоор өр авлага байхгүй гэж бодож явсан юм. Тэгтэл С.Д- нь тэр машины засварын хөлсийг өгсөн болохоор бүрэн бүтэн эрхийн доголдолгүй тээврийн хэрэгсэл авна гэж бодож байсан байна. Тэгээд бид хоёрын дунд ярилцах боломж байхгүй ойлголцохгүй ийм зүйл болчихлоо. Би С.Д-ийг хулгай хийсэн гэж бодохгүй байна. ...бид хоёрын хуулийн мэдлэг дутмагаас ийм хэрэг болчихлоо. ...Тэгтэл миний хаалгасан дугаар руу мессеж явуулсан байсан” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс /хх-ийн 75 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...шүүх хурал эхлээд С.Д- эхэлж мэдүүлгээ өгөөд дараа нь надаас мэдүүлэг авсан. Энэ үед би С.Д-ийг хараад өрөвдсөндөө хүн чанар зулгаагаад яаж ч болдоггүй С.Д-ид өглөгтэй байсан, зуурмагийн машин авахаасаа өмнө над руу мессеж бичсэн байсныг сүүлд мэдсэн гэх зэргээр худлаа мэдүүлэг өгчихсөн. ...Өмнө мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд яг үнэн зөв мэдүүлгүүд юм. Би шүүх дээр худлаа мэдүүлэг өгсөн. С.Д- надад “чи торгуулийн ял авна тэр мөнгийг чинь би төлнө” гэхээр нь би худлаа мэдүүлэг өгчихсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 106-107 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч С.Д-ийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрхэл багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 48 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч С.Д-ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 49 дүгээр хуудас/,
  • Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрхэл багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 148 дугаар хуудас/,
  • С.Д-ийн М, С.Д-ийн Н нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 151-152 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бусад баримт зэрэг болно.

Шүүгдэгч Б.Б-ы хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 121 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч Б.Б-ы иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 122 дугаар хуудас/,
  • Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 123 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Б.Б-ы бакалаврын дипломын хуулбар /хх-ийн 124-125 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бусад баримт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нар нь өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын үед оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Шүүгдэгч нь Монгол Улсын иргэний Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөл, эзэмшилд байгаа эд юмс, түүнийг хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг зөрчсөн хор уршигт зориуд хүргэж, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Шүүгдэгч С.Д- нь шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй байх санаа зорилгыг агуулж, бусдыг хуурч, ...зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг хуурч мэхлэх замаар шилжүүлэн авч өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн нь “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч С.Д- ганцаараа үйлдсэн болох нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч С.Д- нь хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах замаар 2018 оны 5 дугаар сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах Хөвсгөл хүнс ХХК-ийн хашаан дотроос иргэн Б.Б-ы бетон зуурмагийн машиныг авч 210.000 төгрөгийн хохирол учруулан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, хохирогч Б.Б-ы мөрдөн шалгах ажилллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 10-13 дугаар хуудас/, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/,  гэрч Ж.З-ы мөрдөн шалгах ажилллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 14-15, 108 дугаар хуудас/, гэрч Р.Сэрээнэндоржийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/, гэрч Ё.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 109-110 дугаар хуудас/, хөрөнгө үнэлсэн тайлан, дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24, 28-29 дүгээр хуудас/, гэрч Д.Э-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 111-112 дугаар хуудас/, шүүгдэгч С.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/,  шүүгдэгч С.Д-ийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс /хх-ийн 154 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн өгсөн мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож, шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч С.Д-ийн үйлдсэн залилах гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эд хөрөнгөд 210.000 төгрөгийн бодит хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ. 

2. Шүүгдэгч Б.Б- нь Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн яллагдагч С.Д-ид холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал дээр хохирогчоор мэдүүлэг өгөхдөө шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “С.Д-ид өглөгтэй байсан, зуурмагийн машин авахаасаа өмнө над руу мессеж бичиж байсныг сүүлд мэдсэн” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчид эрх үүрэг тайлбарласан өгсөн тухай баримт /хх-ийн 10 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 10-13 дугаар хуудас/, хохирогч Б.Б-, яллагдагч С.Д- нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 17 дугаар хуудас/, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд хохирогч Б.Б-д эрх, үүргийг тайлбарлаж өгсөн баримт /хх-ийн 72 дугаар хуудас/, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Б-ы хохирогчоор өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс /хх-ийн 75 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 106-107 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүгдэгч Б.Б-ы Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн яллагдагч С.Д-ид холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал дээр хохирогчоор мэдүүлэг өгөхдөө шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “С.Д-ид өглөгтэй байсан, зуурмагийн машин авахаасаа өмнө над руу мессеж бичиж байсныг сүүлд мэдсэн” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” үндэслэлээр шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч С.Д-ийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Д-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Шүүгдэгч С.Д-ийн 2018 оны 5 дугаар сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах Хөвсгөл хүнс ХХК-ийн хашаан дотроос иргэн Б.Б-ы бетон зуурмагийн машиныг машин механизм ашиглан хулгайлж, 210.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн шинжгүй, “бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах замаар бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Д-ийн өмгөөлөгч В.Энхболдын “шүүгдэгчийн үйлдэлд хулгайлах гэмт хэргийн “нууцаар авсан” гэх шинж байхгүй тул 17.3 дугаар зүйл “Завших” гэмт хэргийг үйлдсэнээр зүйчилж өгнө үү” гэх хүсэлт үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Д-ийн үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасны дагуу торгох ялыг оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөрийг төлсөн, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч нь гэмт хэргийг зориуд санаатайгаар үйлдэж байгааг “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн” гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамруулаагүй болно.

Шүүгдэгч С.Д-ийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй гэж үзлээ.

Шүүгдэгч С.Д- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Иймд шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг хуудас бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч С.Д-ийн гэмт хэрэг үйлдэж байгаа арга, хэрэгсэл, нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 210.000 төгрөгийг нөхөн төлсөн, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, нас, хүйс, биеийн байдал зэргийг тус тус харгалзан “бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах замаар бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч С.Д-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч С.Д-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” санал гаргасныг, шүүгдэгч С.Д-ийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэлийн “шүүгдэгчийн хувийн байдлын хувьд барилгын ажил хийдэг, бага насны 2 хүүхэдтэй, өрх гэрээ тэжээн тэтгэдэг зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэх, шүүгдэгч С.Д-ийн өмгөөлөгч В.Энхболдын “биеийн байдлын хувьд эмчилгээ хийлгэж байгаа, бага насны 2 хүүхэдтэй, ар гэрийн байдал зэргийг харгалзан торгох ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэх, шүүгдэгч С.Д-ийн “торгох ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч С.Д- нь хохирогч Б.Б-ы бетон зуурмагийн машиныг буцаан өгсөн тухай эвлэрлийн гэрээ /хх-ийн 146-147/ хэрэгт авагдсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,

 

 

шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч С.Д-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч С.Д-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
  2. Шүүгдэгч Хонин онход овогтой С.Д-ийг 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, 

Шүүгдэгч Б.Б-ыг “хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-ийг 1.350 /нэг мянга гурван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д- нь торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
  4. Шүүгдэгч С.Д-ид оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан моторгүй, тогоо нь цоорсон, нэг хөлгүй бетон зуурагч машиныг шүүгдэгч С.Д- нь шүүгдэгч Б.Б-д буцаан өгсөн болохыг, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Д-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.АЗЖАРГАЛ