| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2016/06715/и |
| Дугаар | 5315 |
| Огноо | 2016-10-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 5315
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, Сөүлийн гудамж-25, өөрийн байранд байрлах, “ХААН банк” ХХК /РД: 2693321/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 24 дүгээр байр, 43 тоотод байрлах, “Анукост” ХХК /РД: 5067944/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 24 дүгээр байр, 43 тоотод оршин суух, Өндөр овогт Цэдэвийн Энхболд /РД: ЕЙ69121415/ нарт холбогдох,
56 388 961 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгалмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “ХААН банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгалмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анукост” ХХК болон Ц.Энхболд нар нь хамтран 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр ЗГ/18 тоот “Зээлийн гэрээ” байгуулан 70 000 000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай “Эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх” зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд Баянгол дүүрэг 6 дугаар хороо, 10 дугаар хороолол 24 дүгээр байр 43 тоот 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, 60-20 УНС улсын дугаартай суудлын автомашин зэрэг хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулсан. Зээлдэгч үндсэн зээлд 24 722 611 төгрөг, зээлийн хүүд 11 766 936 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 232 883 төгрөг, нийт 36 722 430 төгрөг төлсөн. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр дууссан бөгөөд зээлдэгч зээлийн төлбөрөө төлөөгүй байна. Иймд 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 45 277 388 төгрөг, зээлийн хүүд 9 400 862 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1 700 544 төгрөг, нотариатын төлбөрт 10 400 төгрөг, нийт 56 388 961 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, зээлдэгч зээлийн төлбөрийг сайн дураар барагдуулаагүй тохиолдолд барьцаалуулсан барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг 6 дугаар хороо, 10 дугаар хороолол 24 дүгээр байр 43 тоот 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцаар хангуулж өгнө үү. Хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгүүлэх шаардлагаасаа татгалзаж байна гэв.
Хариуцагч “Анукост” ХХК болон Ц.Энхболд нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр ХААН банктай “Зээлийн гэрээ” байгуулан 70 000 000 төгрөгийг зээлсэн бөгөөд цаг хугацаандаа зээлийн эргэн төлөлтийг хийж байсан. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлээд байгаа хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн үнийн дүнг буруу бодсон байна. Миний хувьд ХААН банктай байнга харилцдаг ба олон удаа зээл авч, зээл болон зээлийн хүүг нь хугацаа хэтрүүлэлгүй төлж, банкны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчилгүй, найдвартай харилцагч байж өдийг хүрсэн. Тиймээс ч энэхүү нэхэмжлэл гаргаж байгаа үндэслэл болсон зээлийн эргэн төлөлт хийж байхад буюу 2015 оны 5 дугаар сард 100 000 000 төгрөгийн зээлийг нэмж авахаар талууд тохиролцож, материал бүрдүүлж өгсөн боловч гэнэт зээлээ гаргалгүй иргэн намайг санхүүгийн хүнд байдалд оруулсан. Энэхүү нөхцөл байдал нь намайг зээлээ бүрэн буцаан төлөх боломжгүй болгосон. Миний хувьд ХААН банктай бизнесийн харилцаатай буюу тус банкны бүх төмөр хаалгуудыг зах зээлийн ханшаас багаар хийж гүйцэтгэж өгсөн байдаг. Гэтэл санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг давуу байдлаа ашиглан харилцагч иргэн, хуулийн этгээдийнхээ эрх ашгийг уландаа гишгэж, харилцан тохиролцсон шийдвэрээсээ буцаж зээл төлөх эх үүсвэр хайх боломжгүй болгож байгаад гомдолтой байна гэжээ.
Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ХААН банк” ХХК нь хариуцагч “Анукост” ХХК болон Ц.Энхболд нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 45 277 388 төгрөг, зээлийн хүүд 9 400 862 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1 700 544 төгрөг, нотариатын төлбөрт 10 400 төгрөг, нийт 56 388 961 төгрөгийг гаргуулах, хариуцагч нар үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас татгалзсан.
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг “...нэхэмжлээд байгаа хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн үнийн дүнг буруу бодсон, ...нэхэмжлэгч санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг давуу байдлаа ашиглан зээл төлөх эх үүсвэр хайх боломжгүй болгосон” гэж үгүйсгэн маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч болон хариуцагч “Анукост” ХХК, Ц.Энхболд нарын хооронд 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан ЗГ-18 дугаартай зээлийн болон 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн БПY/113 дугаартай баталгаат ипотекийн гэрээ, мөн 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн БГХ-18 дугаартай барьцааны гэрээгээр зээлдэгч “Анукост” ХХК болон Ц.Энхболд нар эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар 70 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүүг зээлийн хүүгийн 20 хувь байхаар нэхэмжлэгчээс зээлж, 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ/18-1 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр гэрээний хугацааг 2015 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл сунгаж, зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Ц.Энхболдын өмчлөлийн, улсын бүртгэлийн Y-2205003137 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 24 дүгээр байр, 43 тоотод байршилтай, 29 м.кв орон сууц болон 60-20 УНС улсын дугаартай, Киа спортэж /KiaSportage/ маркийн суудлын автомашин зэрэг нийт 48 642 000 төгрөгийн хөдлөх эд хөрөнгийг барьцаалахаар харилцан тохиролцсон нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, зээлийн болон барьцаат, баталгаат ипотекийн гэрээ, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээ зэргээр нотлогдож байхаас гадна талууд дээрх гэрээний хүчин төгөлдөр эсэх болон гэрээний дагуу хариуцагч нар зээл 70 000 000 төгрөгийг шилжүүлэн авсан талаар маргаагүй нь хариуцагчийн “...2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр ХААН банктай “Зээлийн гэрээ” байгуулан 70 000 000 төгрөгийг зээлсэн” гэх тайлбараар тус тус нотлогдож байна.
Зохигчид зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй байх тул дээрх гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасантай нийцсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэрээний шинж, агуулга, талуудын эрх, үүрэг, гэрээний зүйл зэргээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг. Хариуцагч нар нь дээрх гэрээнд заасан нөхцөлийн дагуу нэхэмжлэгчээс 70 000 000 төгрөгийг шилжүүлэн авсан буюу зээлсэн үйл баримтыг үгүйсгээгүй байх тул нэхэмжлэгчийг гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэхээр байна.
Зээлийн гэрээний 2.1.4, 2.1.5-д зээлийн хүүг жилийн 20.4 хувь, нэмэгдүүлсэн хүүг зээлийн 20 хувь байхаар зааснаар хариуцагч нарт гэрээнд заасан хугацаанд зээл болон түүний хүүг буцаан төлөх, хэрэв гэрээнд заасан хугацаанд зээлээ төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус төлөх үүрэг үүссэн байна. Гэрээний уг заалтууд нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан гэрээнд заасан хугацаанд зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй талаарх заалтуудтай нийцэж байна. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр дууссан байх боловч хариуцагч нар нь үндсэн зээлд 45 277 388 төгрөгийг, хүүд 9 400 862 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүд 1 700 544 төгрөгийг, нийт 56 378 794 төгрөгийг төлөөгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан зээлийн бүртгэлийн картаар нотлогдож байхаас гадна хариуцагч нар уг үнийн дүнг зөвшөөрөхгүй үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу баримтаар нотлоогүй байна. Иймд хариуцагч буюу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...нэхэмжлээд байгаа хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн үнийн дүнг буруу бодсон байна” гэх татгалзал баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагч нарыг гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй байна.
Түүнчлэн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т "үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлнэ" гэж заасны дагуу талууд 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн БПY/113 дугаар бүхий баталгаат ипотекийн буюу барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлснээр гэрээ хүчин төгөлдөр болсон байх ба энэ гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргахгүй байна.
Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн барьцааны зүйл болох хариуцагч Ц.Энхболдын өмчлөлийн, улсын бүртгэлийн Y-2205003137 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 24 дүгээр байр, 43 тоотод байршилтай, 29 м.кв орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.
Эдийн болон эдийн бус эрх нь зөрчигдсөн гэж үзсэн этгээд түүнийгээ хамгаалуулах, сэргээлгэхээр шүүхэд мэдүүлэх эрхтэй ба ингэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т заасан шаардлагыг хангасан нотлох баримт гаргаж өгөх үүрэгтэй тул нэхэмжлэлийн шаардлагаас нотариатын зардал гэх 10 400 төгрөгийг хангах боломжгүй юм. Түүнчлэн, Монголын нотариатчдын танхимын 20162217 дугаартай мөнгөний тасалбар нь нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахад баримт бичгийг баталгаажуулахад гарсан зардал буюу Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасан хохирол гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь барьцааны зүйл болох хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар дээрх шаардлагаас нэхэмжлэгч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.
Дээрх үндэслэлээр хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 56 378 794 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох улсын бүртгэлийн Y-2205003137 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 24 дүгээр байр, 43 тоотод байршилтай, 29 м.кв орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 10 167 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагч “Анукост”, Ц.Энхболд нараас 56 378 794 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ХААН банк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10 167 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд улсын бүртгэлийн Y-2205003137 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 24 дүгээр байр, 43 тоотод байршилтай, 29 м.кв орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангасугай.
3. Нэхэмжлэгч “ХААН банк” ХХК хариуцагч “Анукост”, Ц.Энхболд нарт холбогдох, хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 439 892 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 469 844 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН