Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2019/ШЦТ/382

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагчаар, хяналтын прокурор Ч.Батзориг, 

Шүүгдэгч Н.П- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.П-т холбогдох эрүүгийн 1938007010395 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Н.П.

Шүүгдэгч Н.П- нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 09 дүгээр багийн ...тоотод өөрийн гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Ч.О-тэй маргалдаж улмаар цохиж зодож, хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.П- нь 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 20-23 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 09 дүгээр багийн ...тоотод өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ч.О-тэй маргалдаж түүнийг орноос түлхэж унаган, бусадтай хардан эрүүн тус газар нь гараараа цохиж, хөл рүү нь өшиглөж, баруун гарын шуу, баруун мөр хэсэгт хутгаар зүсэж эрүүл мэндэд нь “баруун дээд, доод зовхи, эрүү, зүүн сарвуу, баруун, зүүн гуянд цус хуралт, баруун мөр, баруун шуунд зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,
  • Хохирогч Ч.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тухайн өдөр найз Д-ийн төрсөн өдөр болоод Д-ийнд хэсэг юм ярьж сууж байгаад нэг ширхэг пиво уугаад хэсэг байж байгаад гэр рүүгээ явсан. Гэрт очиход манай нөхөр ирчихсэн галаа түлээд хүүхдүүдтэйгээ тоглоод сууж байсан. Тухайн үед би согтсон байсан учраас сайн санахгүй байна. Нэг мэдэхэд тэгвэл чих архи уудаггүй хүн рүүгээ зайлахгүй юу гэж хэлээд нөхөр гараад явахаар нь араас нь гараад хашааны үүдэнд очоод хэрүүл маргаан болоод манай нөхөр Н.П- намайг цохиж аваад яваад өгсөн. Тэгээд А- манайд ирээд нэг пиво уугаад сууж байхад манай нөхөр гаднаас согтуу орж ирээд намайг А-тэй хардаад уурлаад дахиад хэрүүл маргаан болж байхад А- гараад явсан. Манай нөхөр намайг зодоод тэр А- гээд байгаа нөхрийг чинь ална шүү гээд хутга аваад барьчихсан байсан. Тэгээд бид хоёр маргалдаад манай нөхөр охиноо аваад явна гээд хүүхдээ авсан. Би хүүхдээ явуулахгүй гээд булаацалдаж байхад миний гар зүсэгдсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,
  • Гэрч Б.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... өчигдөр орой 21 цагийн орчим байж байтал хашаан дотор эмэгтэй хүн хашгираад байхаар нь гартал манай охин, хүргэн хоёр зодолдоод охин маань зодож цохиод байна гээд хашгираад байсан. Тэгж байгаад хүргэн маань яваад өгсөн. Тэгээд би гайгүй болохоор нь гэр рүүгээ орсон. Ингээд би орой унтаж байтал манай таамбарын цонхны шил хагарахаар нь сэрээд гартал хүн байгаагүй бөгөөд хүргэний гэр дотор хүмүүс дуугаралдаад байхаар нь гэр рүү нь яваад ортол хүргэн охин маань дахиад хэрэлдчихсэн хүргэн маань охиноо аваад явна гэчихсэн байж байсан. Тэгэхээр нь би ингэж болохгүй гээд тайвшруулаад хойшоо гэр рүүгээ орчихоод буцаад иртэл охины маань баруун мөр рүү хутгалчихсан байсан бөгөөд хүргэн маань сандал дээр толгойгоо түшээд нилээн гэмшсэн байдалтай сууж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,
  • Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 514 дугаартай: “1. Ч.О-ийн биед баруун дээд доод зовхи, эрүү, зүүн сарвуу, баруу зүүн гуяанд цус хуралт, баруун мөр, баруун шуунд зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь цус хуралт нь мохоо зүйлийн харин шарх нь ир үзүүртэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой. 4. Ч.О-ийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх

дүгнэлт /хх-ийн 19 дүгээр хуудас/,

  • Шүүгдэгч Н.П-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн өдөр би ажлаа тараад гэртээ ирсэн чинь манай эхнэр гэртээ байхгүй байсан. Тэгээд хэсэг хугацаа өнгөрөөд байж байхад манай эхнэр согтуу орж ирсэн. Тэгээд эхнэр бид хоёр хоорондоо маргалдаад гэрт хэрүүл маргаан болсон. Би гэрээсээ гараад Д гэдэг найз дээрээ очоод найз нь сэтгэл санаа нэг сонин байна гээд 4 ширхэг лааз пиво ууж сууж байгаад 23 цаг өнгөрч байхад гэртээ буцаад ирсэн чинь манай эхнэр хоёр залуутай хамт гэрт пиво уучихсан сууж байсан. Би орж ирээд та нар гэрт тамхи татаад байхдаа яадаг юм бэ гээд хэрүүл маргаан болсон. Тэгээд би уурлаад ална шүү гээд эрэгнэг дотроос хутга аваад харахад нөгөө хоёр залуу алга болсон байсан. Тухайн үед эхнэр надаас хутга авах гээд булаацалдаж байгаад баруун гарын шуу хэсэгтээ зүсүүлсэн. Тэгээд эхнэрийн гарнаас цус гарахаар нь сандраад гэрээс гараад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Гэрч Д.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч Н.П-ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 32 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Үерт багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 33 дугаар хуудас/,
  • Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хууль зүйн мэдлэг дутмаг, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй

хийгдсэн нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

     Шүүгдэгч Н.П- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын иргэний Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Н.П- нь 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 20-23 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 09 дүгээр багийн ...тоотод өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ч.О-тэй маргалдаж түүнийг орноос түлхэж унаган, бусадтай хардан эрүүн тус газар нь гараараа цохиж, хөл рүү нь өшиглөж, баруун гарын шуу, баруун мөр хэсэгт хутгаар зүсэж эрүүл мэндэд нь “баруун дээд, доод зовхи, эрүү, зүүн сарвуу, баруун, зүүн гуянд цус хуралт, баруун мөр, баруун шуунд зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан нь танхайн сэдэлтээр, санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч Ц.Нэргүйн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Ч.О- нь “би өөрийн нөхөр Н.П-т ямар нэгэн гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 25/ өгсөн байх тул шүүгдэгч Н.П-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.П-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирогчоос уучлалт гуйж эвлэрлсэн, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө биеэ авч яваа байдал зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Н.П- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй байна. 

Шүүх шүүгдэгч Н.П-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа улсын яллагчаас шүүх хуралдаанд шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг харгалзан үзэв.

Шүүгдэгч Н.П- нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.П-ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.П- нь торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.      

5. Шүүгдэгч Н.П-т оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.П-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.АЗЖАРГАЛ