Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2019/ШЦТ/383

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,   

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагчаар, хяналтын прокурор Ч.Батзориг, 

Шүүгдэгч Н.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Д-д холбогдох эрүүгийн 1938006640431 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Н.Д.

Шүүгдэгч Н.Д- нь Хөвсгөл аймгийн Рашаант сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Асгатын эхний дунд овоо” гэх газраас 2019 оны 08 дугаар сарын 10-ний өдөр 48 ширхэг буюу 2.9 м.куб хэмжээтэй хэрэглээний хуурай шинэс мод зохих зөвшөөрөлгүй бэлтгэж экологи-эдийн засагт 313.200 төгрөгний шууд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Д- нь хаваржааныхаа хашааг сэлбэж янзлах зорилгоор Хөвсгөл аймгийн Рашаант сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Асгатын эхний дунд овоо” гэх газраас 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 48 ширхэг буюу 2.9 м.куб хэмжээтэй хэрэглээний хуурай шинэс модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж экологи-эдийн засагт 939.600 төгрөгийн хохирол учруулан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн байна. 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг  хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/,
  • Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9 дүгээр хуудас/,
  • Эд мөрийн баримтаар хөх, цагаан өнгийн моторт хөрөөг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 12 дугаар хуудас/,
  • Бонго-Пронтер маркын ... ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
  • 4.25 метрийн урттай, 48 ширхэг хэрэглээний хуурай шинэс модыг битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
  • Хохирогч Э.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Экологи-эдийн засгийн үнэлгээний дагуу учирсан хохирлыг орон нутгийн дансанд буруутай этгээд нь тушаах хэрэгтэй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
  • Гэрч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай байгаль хамгаалагч Ө надад Рашаант сумын иргэн Н.Д- тус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Асгатын эхний Дунд овоо гэх газраас зөвшөөрөлгүй 50 ширхэг босоо мод бэлтгэсэн байна гэж мэдэгдсэний дагуу би байгаль хамгаалагч Ө-, О- нартай хамт очиж мод бэлтгэсэн газарт нь үзлэг хийсэн. Үзлэг хийхэд ойролцоогоор 80:50 метр квадрат талбайд 50 ширхэг босоо модыг унагааж бэлтгэсэн ул мөр илэрсэн. Бид нар хожуулуудын зургийг бүгдийг нэг бүрчлэн зургийн аппаратаар авч бэхжүүлж авсан. Н.Д-ын бэлтгэсэн мод нь босоо хуурай мод байсан. Үзлэг хийхээс өмнө Н.Д-тай хээр тааралдаад мод бэлтгэсэн газарт нь үзлэг хийх гэж байгааг танилцуулаад мэдүүлэг авах гэсэн боловч би мэдүүлэг өгөхгүй гээд өгөөгүй. Мөн эрхийн бичгийг нөхөөд бичээд өгчихөөч эндээ зохицьё гэсэн утгасан зүйл ярьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,
  • Гэрч Э.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай сумын 1 дүгээр багийн иргэн Н.Д- надтай уулзаад би малын хашаагаа сэлбэх гэсэн юм мод бэлтгэж авах гэсэн юм гээд Асгатын эхний Дунд овоо гэх газарт очоод би энэ газраас мод бэлтгэмээр байна гээд үзүүлсэн. Би мод бэлтгэе гэсэн газарт нь үзэхэд ямар унаанги мод байхгүй дан босоо мод байсан тэгэхээр нь би та босоо мод унагааж болохгүй хуулиараа хориглосон байдаг тийм учраас эрхийн бичиг бичиж өгөх боломжгүй байна гэсэн. Тэгтэл 2019 оны 08 дугаар сард Н.Д-ыг зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэсэн яриа ард иргэдийн дунд гараад эхэлсэн улсын байцаагч ээлжийн амалтаа дуусаад орж ирэхээр нь мэдэгдээд хамт мод бэлтгэсэн газарлуу нь очиж үзсэн. Тэгэхэд өмнө нь надад энэ газраас мод бэлтгээд авчихмаар байна гэсэн газартаа 50 ширхэг босоо мод унагаасан

ул мөр байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,

  • Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” сум дундын ойн ангийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн: “...2.9 м.куб хэмжээтэй хэрэглээний хуурай шинэс модны экологи-эдийн засгийн үнэлгээ 313.200 төгрөг. ...Экологи-Эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэглүүлж төлөх төлбөр 939.600 төгрөг” гэх дүгнэлт, бөөрөнхий модон материалын хэмжилтийн хүснэгт /хх-ийн 44-45 дугаар хуудас/,
  • 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 23-04-337/03 дугаартай хууль бусаар бэлтгэсэн модыг хурааж улсын орлого болгох тухай улсын байцаагчийн акт /хх-ийн 46-47 дугаар хуудас/,
  • 2001 онд үйлдвэрлэгдсэн Бонго Пронтер маркын ... ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 3.500.000 төгрөгөөр, 4.25 метрийн урттай 48 ширхэг, 2.9 м.куб хэмжээтэй хэрэглээний хуурай шинэс модыг 240.000 төгрөгөөр, моторт хөрөөг 75.000 төгрөгөөр үнэлсэн тайлан /хх-ийн 49 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч Н.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай хаваржааны хашаа Рашаант сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Өвөр лут” гэх газарт байдаг юм. Энэ жил би хаваржааны хашааг сэлбэж янзлах зорилгоор ойгоос мод бэлтгэх болсон. Тэгээд 08 дугаар сарын 09-ний өдөр сумын улсын байцаагч Билэгдэмбэрэл, байгаль хамгаалагч Ө- нартай утсаар яриад “хаваржааны хашааны мод бэлтгэх хэрэгтэй байна, хашаагаа сэлбэе” гэсэн чинь “болно болно багийн өдөрлөг удахгүй болно өдөрлөг дээр бичээд өгье” гэсэн юм. Тэгэхээр нь би зөвшөөрөл өгчихлөө очоод эрхийн бичиг бичээд өгчих юм чинь гэж бодоод 08 дугаар сарын 10-ны өдөр хүү Отгонбатын хамт Асгатын эх гэх газраас мод бэлтгэсэн. Би тухайн газраас нийт 25 ширхэг босоо мод унагаагаад орхисон. Ингээд 08 дугаар сарын 12-ны өдөр багийн өдөрлөг болоод Билэгдэмбэрэл, Ө- нар ирэхээр нь уулзаад би модоо унагаачихсан байгаа гэдгээ хэлээд эрхийн бичгээ авах гэтэл “та тэгж түрүүлж модоо бэлтгэж болохгүй бид нар нөхөж эрхийн бичиг олгохгүй” гээд эрхийн бичиг өгөөгүй. Тэгээд би 08 дугаар сарын 15-ны өдөр модоо ойгоос ачиж хаваржааны хашаан дээр очиж хашаагаа сэлбэж янзалсан. Миний бэлтгэсэн мод хаваржааны хашаан дээр бүгдээрээ байгаа. ...Би мод бэлтгэхээсээ өмнө эрхийн бичиг аваагүй нь миний буруу. ...Би өөрийн хятад хужаа хөрөөгөөр хөрөөдөж бэлтгэсэн тэр хөрөө маань одоо гэрт байгаа. Мод бэлтгэснээс хойш гал нь шатаад одоо ажиллахаа больсон. Би модоо ойгоос хаваржааны хашаа руу төрсөн дүү Гансүхийн машиныг гуйгаад машинаар нь тээвэрлэж хашаан дээрээ буулгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Гэрч Н.Гансүхийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Ах маань төлөв даруу зантай, өөрийн гэсэн үзэл бодолтой зарчимч сайн хүн. Нутгийн ард иргэдийн дунд нэр хүнд сайтай, гэр бүлдээ халамжтай хүн” гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Рашаант сумын Тээл багийн Засаг даргын тодорхойлолтын хуулбар /хх-ийн 61 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч Н.Д-ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 62 дугаар хуудас/,
  • Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн байгаль орчин, экологийн мэдлэг дутмаг байдал дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

Шүүгдэгч Н.Д- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан төрийн хамгаалалтад байх ойн санд хохирол учруулан хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг үйлдэж, байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулсан хор уршигт зориуд хүргэж, “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Н.Д- нь хаваржааныхаа хашааг сэлбэж янзлах зорилгоор Хөвсгөл аймгийн Рашаант сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Асгатын эхний дунд овоо” гэх газраас 2019 оны 08 дугаар сарын 10-ний өдөр 48 ширхэг буюу 2.9 м.куб хэмжээтэй хэрэглээний хуурай шинэс модыг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж экологи-эдийн засагт 939.600 төгрөгийн хохирол учруулан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн нь шунахайн сэдэлтээр, санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.  

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтоосон байх тул шүүгдэгч Н.Д-ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь байгаль орчин, экологи-эдийн засагт 939.600 төгрөгийн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Д- нь 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Рашаант сумын төрийн сангийн 100170800952 дугаартай данс руу 950.000 төгрөгийг шилжүүлсэн ХААН банкны банк хоорондын шилжүүлгийн баримтыг хэрэгт гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Н.Д- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй байна.

Шүүх шүүгдэгч Н.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгчид 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” санал гаргасан, шүүгдэгчээс “торгох ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөх, цагаан өнгийн моторт хөрөөг хэрэгцээний дагуу ашиглуулахаар “Хөвсгөл аймгийн хот тохижуулах үйлчилгээний төв” ХХК-д шилжүүлэхийг шүүгчийн туслах С.Д-д, хэрэгт битүүмжилсэн хууль бусаар бэлтгэсэн 4.25 метрийн урттай, 48 ширхэг, 2.9 м.куб хэмжээтэй, 240.000 төгрөгийн үнэлгээ бүхий хэрэглээний хуурай шинэс модыг хэрэгцээний дагуу “Хөвсгөл аймгийн хот тохижуулах үйлчилгээний төв” ХХК-д шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн Бонго Пронтер маркын ... ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Д- нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д-ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д- нь торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шүүгдэгч Н.Д-д оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөх, цагаан өнгийн моторт хөрөөг хэрэгцээний дагуу ашиглуулахаар “Хөвсгөл аймгийн хот тохижуулах үйлчилгээний төв” ХХК-д шилжүүлэхийг шүүгчийн туслах С.Д-д, хэрэгт битүүмжилсэн хууль бусаар бэлтгэсэн 4.25 метрийн урттай, 48 ширхэг, 2.9 м.куб хэмжээтэй, 240.000 төгрөгийн үнэлгээ бүхий хэрэглээний хуурай шинэс модыг хэрэгцээний дагуу “Хөвсгөл аймгийн хот тохижуулах үйлчилгээний төв” ХХК-д шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн Бонго Пронтер маркын ... ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлсүгэй.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.АЗЖАРГАЛ