Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 184/ШШ2016/01443

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг би

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Самбуугийн гудамж-47 өөрийн байранд байрлах, “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 11-р хороо, АОС 3 гудамж 89Б тоотод оршин суух, эрэгтэй, БА90081119 регистрийн дугаартай, Улаан соён овогт Самбуугийн Одхүүд холбогдох

1 436 754 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн С.Одхүү нь 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр “Мобиком корпораци” ХХК-тай гар утс зээлээр худалдах, худалдан авах 20160267 тоот гэрээ байгуулан Iphone 5S 16GB маркийн гар утсыг 1 757 000 төгрөгөөр худалдан авахын зэрэгцээ уг худалдан авалтад олгогдох үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний 20160267 тоот гэрээ байгуулж тус компаниас үүрэн холбооны багц үйлчилгээ авсан.

Гэвч тэрээр өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн гар утасны болон ярианы төлбөрөө төлж барагдуулаагүй байна.

Иймд гар утасны үлдэгдэл төлбөр 1 218 999 төгрөг, гар утасны ярианы үлдэгдэл төлбөр 217 755 төгрөг, нийт 1 436 754 төгрөгийг С.Одхүүгээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч С.Одхүү шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

            “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжилж байгаа 1 436 754 төгрөгийг миний бие 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл сар бүр 239 453 төгрөг, нийт 1 436 754 төгрөгийг бүрэн төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

            Хариуцагчийн хариу тайлбартай танилцаж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байгаа нь хүлээн авч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь хариуцагч С.Одхүүд холбогдуулан 1 436 754 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч С.Одхүү нь ”Мобиком корпораци” ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр гар утас зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болох нь нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар, 20160267 тоот гэрээ гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь хариуцагч С.Одхүүгээс 1 436 754 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч нь 1 436 754 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 11-ний дотор сар бүр 239 453 төгрөг, нийт 1 436 754 төгрөгийг бүрэн төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Одхүүд холбогдох  1 436 754 төгрөг гаргуулах тухай хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар 2601025961 тоот данснаас 18 969 төгрөг, хариуцагчаас 18 969 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37 938 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Зохигчид 1 436 754 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд бүрэн төлөхөөр тохиролцсон болохыг дурдсугай.

 

4. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

5. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   С.ОЮУНЧИМЭГ