Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 5348

 

                                

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 23Б дугаар байр, 78 тоотод оршин суух, Элжэгэн овогт Маамуугийн Цэрэнбат /РД: ЧМ48052413/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 60 дугаар байр, 26 тоотод оршин суух, Сартуул овогт Чойжилжавын Цэрэнлхам /РД: ШЖ77061203/-д холбогдох,

 

Түрээсийн гэрээний үүрэгт 31 020 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэрэндэжид, хариуцагч Ч.Цэрэнлхам, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Алтанцол, нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Цэрэнбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэрэндэжид шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М.Цэрэнбат, Ч.Цэрэнлхам нар нь 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, ЭТӨЧ 67 дугаар байрны 1 давхарт байрлах 124 м.кв талбайг 5 жилийн хугацаагаар, нэг сарын 2 232 000 төгрөгийг түрээсийн төлбөрт төлөх нөхцөлөөр гэрээ байгуулсан. Ч.Цэрэнлхам нь “Дариа” нэртэй гоо сайхан, галбиржуулах тураах төв ажиллуулсан бөгөөд 2-3 хүний бүрэлдхүүнтэй үйл ажиллагаа явуулдаг байсан. Хариуцагч Ч.Цэрэнлхамын 2013 онд М.Цэрэнбатын охин Ц.Буянзаяад урьдчилгаанд өгсөн гэх 5 400 000 төгрөг нь 2013 оны 9, 10, 11, 12 дугаар сарын түрээсийн төлбөрт тооцогдож мөн оны үлдэгдэл төлбөрийг цувуулж өгч дуусгасан байна. 2013 онд 9 280 000 төгрөг төлсөн. 2014 оны 01 дүгээр сарын 25-нд 1 000 000 төгрөг, н.Заяагийн 600 000 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 2 200 000 төгрөг, 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 600 000 төгрөг, 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 2 100 000 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 5 сарын түрээс гэж 1 000 000 төгрөг төлсөн ба нийт үлдэгдэл 2 600 000 төгрөг болсон байсан. 2014 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хамт ажилладаг н.Номингоор дамжуулж 1 000 000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 740 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 320 000 төгрөгийг н.Номингоор тус тус өгч төлүүлсэн байна. Түрээслэгч Ч.Цэрэнлхам 2014 онд нийт 10 560 000 төгрөг төлсөн ба 2014 оны үлдэх төлбөр нь нийт 16 536 000 төгрөг болсон.  2015 оны 3 сар дугаар хүртэл үйл ажиллагаа явуулсан бөгөөд 2015 оны 01, 02 саруудын түрээсийн 4 464 000 төгрөгийг төлөөгүй байна. Иймд Ч. Цэрэнлхамаас 2014 оны түрээсийн төлбөрт 16 536 000 төгрөг, 2015 оны түрээсийн төлбөрт 4 464 000 төгрөг, нийт 21 000 000 төгрөг, түрээсийн гэрээний 3.5-д зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутамд төлбөрийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож 10 000 000 төгрөгийг нэмж гаргуулах бөгөөд бүгд 31 020 000 төгргөгийг Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.3-т зааснаар хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ч.Цэрэнлхам шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 6 дугаар сарын эхээр Цэрэнбатын охин болох Буянзаяа ирж уулзан “...аав минь надад Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол ЭТӨЧ, 67 дугаар байрны 1 давхарт байрлах үйлчилгээний зориулалттай байрыг бэлэглэсэн, чи нэг сарын 1 800 000 төгрөгөөр түрээслэхгүй юм уу...” гэж хэлсэний дагуу өөр зүйл хийх гэж байснаа болиод байрыг нь түрээслэхээр болж уг байранд өөрийн хөрөнгөөр нийт 25 000 000 төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн. Ингээд 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс гэрээ хийх болоход тухайн түрээсийн байр аав болох Цэрэнбатынх нь өмч болж арга буюу Цэрэнбаттай нь гэрээ хийж нэг сарын 2 230 000 төгрөгөөр уг байрыг 5 жилийн хугацаатай түрээсэлсэн. Түрээсийн гэрээ байгуулахаас өмнө охин Буянзаяад нь аавийнх нь өмч гэдгийг мэдээгүй байхдаа түрээсийн урьдчилгаа 5 400 000 төгрөг өгсөн. Буянзаяа нь надтай найз учраас “...аавд битгий хэл би нөхөөд өгнө” гэж гуйсных нь дагуу хэлэхгүй явсаар арга буюу мэдэгдэж өгсөн мөнгөө суутгуулж байсан. Миний бие 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдөр яаралтай хагалгаанд орж дутуу төрсөн. Миний бие эрүүл мэндийн байдлаас болж цаашид ажиллах боломжгүй болсон тул найз Бүянзаяад ажиллүулах боломжгүй болсон тухайгаа хэлэхэд “...би түлхүүрийг нь авчихъя” гэж хэлэн манай нөхрөөс тлхүүрийг авч хулээн авсан. Миний бие цаашид ажиллах боломжгүй юм чинь дотор тохижилтыг бүгдийг нь ав гэж хэлэн хүлээлгэн өгсөн. Миний бие харвалтын улмаас хүнтэй уулзах боломжгүй болсон байсан. Надаас хүлээн авсаныхаа дараа уг салоныг ажиллуулж, мөн бусдад түрээсэлж, Буянзаяа дотор нь амьдарч байсан. Миний бие түлхүүр хүлээлгэн өгсөнөөс хойш уг байранд үйл ажиллагаа явуулаагүй. 25 000 000 төгрөгийн тохижилтоо хүртэл найз юм чинь аваад яах вэ гээд уг түрээсийн байранд нь үлдээсэн. Энэ хугацаанд Цэрэнбат нь нэг ч удаа надаас түрээсийн төлбөр нэхэж огт ярьж байгаагүй. Бид ч дахин хоорондоо холбогдоогүй. Гэрээ байгуулах үеийн гэрийн хаяг утасны дугаар одоог хүртэл хэвээрээ байгаа болно. Гэтэл 2 жилийн дараа гэнэт нэхэмжлэл өгч байгаа нь ойлгомжгүй байна. Энэ 2 жилийн хугацаанд бусдад түрээслэн өөрсдөө амьдарч байсан учраас миний бие гэрээг цуцлагдсан гэж үзэж байна. Хэрэв түрээсийн гэрээ цуцлагдаагүй гэж байсан бол тухай бүр түрээсээ нэхэн ярих байсан. Уг байрыг хүлээлгэн өгсөнөөс хойш харвалт өгч бусдын асрамжинд байнга байх болсон. Иймээс уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч М.Цэрэнбат нь хариуцагч Ч.Цэрэнлхамд холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт нийт 31 020 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...орон сууцыг 2014 оны 5 дугаар сараас хойш түрээслээгүй, ...түрээслэх хугацааны төлбөрийг бүрэн төлсөн, ...түлхүүрийг буцаан өгсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж үгүйсгэн маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Талуудын хооронд 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан “ажлын байр түрээслэх гэрээ”-ээр түрээслэгч Ч.Цэрэнлхам нь түрээслүүлэгч М.Цэрэнбатын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2204051110 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө, 67 дугаар байр, 2 тоотын 144 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг “галбиржуулан тураах төв”-ийн зориулалтаар, 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 5 жилийн хугацаатай, 1 м.кв-ыг 18 000 төгрөгөөр буюу нэг сарын 2 232 000 төгрөгөөр, жилийн 26 784 000 төгрөгөөр түрээслэх, алдангийн хэмжээг хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувь байхаар харилцан тохиролцсон нь хавтаст хэрэгт авагдсан түрээсийн гэрээ болон зохигчийн тайлбараар тус тус нотлогдож байна. Өөрөөр хэлбэл, талууд гэрээ байгуулагдсан болон гэрээ хэрэгжсэн, гэрээний дагуу тодорхой хугацааны дагуу төлбөрийг төлсөн үйл баримтын талаар маргаагүй байна.

 

Гэрээний агуулга, шинж, талуудын эрх, үүрэг, гэрээний зүйлээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байх боловч мөн зүйлийн 318.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ” гэж зааснаас үзвэл дээрх гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй байна. Иймд гэрээг хүчин төгөлдөр түрээсийн гэрээ гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн “...гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн газар бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус гэрээ” гэх татгалзал үндэслэлтэй байна.

 

Иргэний хууль 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүйгээр эд хөрөнгө олж авсан этгээд нь уг эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн буцаан шаардах эрхэд мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.6-д заасан уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого үр шим буюу түрээсийн талбайн ашиглалт хамаарна. Иймд нэхэмжлэгчийн олох байсан түрээсийн төлбөрийн хэмжээгээр хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Талууд үл хөдлөх эд хөрөнгийг ашигласан хугацаа болон мөн хугацааны төлбөрийн талаар маргаж байна. Тодруулбал, нэхэмжлэгч нь хариуцагчийг “...2015 оны 3 дугаар сар хүртэл үл хөдлөх эд хөрөнгийг ашигласан” гэж, хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийг “...2014 оны 5 дугаар сар хүртэл ашигласан” гэж тус тус маргажээ.

 

Хавтаст хэргийн 31 дүгээр талд авагдсан мөнгө хүлээлцсэн тухай баримтаар хариуцагчийг 2015 оны 3 дугаар сар хүртэл үл хөдлөх эд хөрөнгийг ашигласан гэж үзэх боломжгүй байна. Харин 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэл ашигласан гэж үзэхээр байна. Хариуцагч нь 2014 онд нийт 26 784 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх байсан боловч 10 560 000 төгрөгийг төлж, үлдэх 16 224 000 төгрөгийг төлөөгүй болох нь дээрх баримтаар нотлогдож байна. Түүнчлэн, хариуцагч нь уг баримтыг нотлох баримтаар үгүйсгэж чадаагүй байхаас гадна нэхэмжлэгчийн 2015 оны 3 дугаар сар хүртэл хариуцагч үл хөдлөх эд хөрөнгийг ашигласан гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд хариуцагчийн үл хөдлөх эд хөрөнгийг 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл үндэслэлгүй ашигласны төлөө төлөх ёстой төлбөрөөс төлөгдөөгүй үлдсэн 16 224 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.9-д зааснаар буцаан шаардах шаардлагад энэ хуулийн 232 дугаар зүйл буюу анз хамаарахгүйгээс гадна гэрээ нь хүчин төгөлдөр бус байх тул нэхэмжлэгч нь уг гэрээний дагуу Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагчаас гэрээний дагуу алданги шаардах эрхгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчаас 16 224 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14 796 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үззх шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.Цэрэнлхамаас 16 224 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Цэрэнбатад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14 796 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 313 050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 239 070 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу  өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              М.БАЯСГАЛАН

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.Цэрэнлхамаас 16 224 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Цэрэнбатад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14 796 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 313 050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 239 070 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу  өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              М.БАЯСГАЛАН