Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2016/05496

 

2016 оны 10 сарын 21 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05496

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, 20 дугаар байрны 06 тоотод оршин байгаа СВД Сууц өмчлөгчдийн холбоо /цаашид СӨХ гэх/-ны,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, 20 дугаар байрны 30 тоотод оршин суух, Өөлд овогт Лоейсүрэнгийн Баярхүү /РД-ЧЖ79081019/-д холбогдох

Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардалд 1,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, мөн сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч СВД СӨХ-г төлөөлж гүйцэтгэх захирал Ш.Эрдэнэтуяа, хариуцагч Л.Баярхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч СВД СӨХ-г төлөөлж гүйцэтгэх захирал Ш.Эрдэнэтуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Л.Баярхүү нь 2015 оны 9 дүгээр сараас хойш байрны төлбөрөө төлөөгүй. Өнгөрсөн хугацаанд Л.Баярхүүд төлбөрөө төлөхийг сануулж 2 удаа мэдэгдэл өгч байсан. Мөн 2 удаа албан газарт нь албан бичгээр мэдэгдсэн, сүүлдээ бүр гэрийнх нь хаалганд гахай хүртэл нааж үзсэн. Дараа нь эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч хариуцагч төлбөрийг төлөхгүй гэсэн учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Манай байр нийт 43 өрхтэй, 3 давхар байр байдаг бөгөөд оршин суугчид байрныхаа онцлогийг ойлгодоггүй юм. Бид нийтийн орон сууцанд амьдарч байсан бол СӨХ, орон сууцны контор нь тус тусдаа байх байсан. Гэтэл уг байр нь анхнаасаа нийтийн зориулалтаар баригдсан учраас бүх оршин суугчид угаалтуур, бие засах өрөөгөө дундаа хэрэглэдэг, усны тоолуур нь дундаа ганцхан байдаг. Тиймээс манай байрыг авах СӨХ, орон сууцны конторууд олддоггүй. Тиймээс бид өөрсдөө СӨХ байгуулж, Ус сувгийн удирдах газар болон дулааны шугам сүлжээтэй гэрээ байгуулсан учир энэ хоёр төлбөр гараад байгаа юм.

Би ганц СӨХ-ны үйл ажиллагаа явуулаагүй, давхар орон сууцны конторын үйл ажиллагаа явуулж байгаа гэж хэлж болно. СӨХ болон орон сууцны төлбөрийг тусад нь төлөхийн тулд заавал тусгай зөвшөөрөлтэй байх ёстой. Надад СӨХ-ны гэрчилгээ байгаа. Манай харилцагч байгууллагууд уг байрны онцлогийг ойлгоод СӨХ-той гэрээ байгуулсан. Тиймээс уг хоёр төлбөрийг салгах ямар ч боломжгүй.

2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тус СӨХ-ны удирдах зөвлөл хуралдаж, төлбөрөө төлөхгүй байгаа бүх айлуудыг алдангиас чөлөөлөхөөр шийдвэрлэж, тэдгээр хүмүүст тухайн сардаа багтаагаад төлбөрөө төлөхийг сануулсан боловч 1 жил өнгөрч байхад төлөөгүй л байна. Тиймээс 2016 оны 10 дугаар сард удирдах зөвлөл хуралдаж, айлуудыг алдангиас чөлөөлөхгүй, шүүхэд хандах шийдвэрт хүрсэн.

Учир нь төлбөрт нь СӨХ-ны төлбөр болон байрны мөнгө давхар төлөгддөг. Бид оршин суугчдаас авсан төлбөрөөс жаахан хуримтлал үүсгэж бодохоор эдгээр төлбөр төлөөгүй байгаа хүмүүсийн байрны төлбөрийг төлөөд мөнгө хуримтлуулж чаддаггүй. Өнгөрсөн өвөл манай байранд шугамын гэмтэл гарч 1 сая гаруй төгрөгөөр зассан. 2016 оны 5 дугаар сард ямар ч мөнгөгүйн улмаас усаа 5 хоног хаалгаж байсан. Үүнээс болж төлбөрөө төлдөг оршин суугчдын эрх ашиг хөндөгдөж эхэлсэн.

Одоо манай СӨХ цаашид оршин тогтноход хүндрэлтэй байдал бий болж байна. Би улирал болгонд ажлын тайлангаа тавьдаг боловч эдгээр хүмүүс СӨХ-ны бүх гишүүдийн хуралдаа суудаггүй.

Хариуцагч Л.Баярхүү СӨХ-г Удирдах дээд зөвлөлд бүртгэлгүй гэж байна. Уг байгууллагад бүртгүүлэхийн тулд татвар төлөх шаардлага гарна. СӨХ ямар ч хуримтлалын мөнгөгүй байж татвар төлж, гишүүн болох боломжгүй. Харин Баянгол дүүргийн СӨХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн юм.

Л.Баярхүү нь боломжтой атлаа СӨХ-ны төлбөрөө төлдөггүй. Би түүний 2014 онд төлбөрт өгсөн 60,000 төгрөгийг тэр даруй банкинд очиж төлөөд баримтыг нь өгч байсан. Банк хэзээ ч давхар төлбөр авна гэж байхгүй. Ямар хугацааны төлбөрийн мөнгө өгч байсан гэдэг нь СӨХ-ны баримтыг шүүж үзүүлнэ.

Хариуцагчаас 2015 оны 4 дүгээр сараас 2016 оны 8 дугаар сар хүртэлх хугацааны СӨХ-ны төлбөр нэхэмжилж байгаа тул Л.Баярхүүгээс 1,100,100 төгрөг гаргуулж өгнө үү. Хариуцагчийг алдангиас чөлөөлөх ямар ч боломжгүй. Байрны төлбөр дараа сардаа гардаг бөгөөд төлбөрийг тухайн сарын 25-ны өдөр төлөх ёстой байдаг. СӨХ-ны банктай байгуулсан гэрээнд сар бүрийн 25-ны дотор төлбөрөө төлөөгүй тохиолдолд алданги тооцохоор заасан. Энэ алдангийг бүх СӨХ-д үйлчилж байгаа гэв.

Хариуцагч Л.Баярхүү шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би СӨХ-ны болон байрны төлбөрийг нэг дансанд авдаг болсноор маргаан гарч, төлбөрөө төлөхгүй хуримтлуулсан. Хэрэв байр, СӨХ-ны төлбөр нь тус тусдаа байсан бол ийм асуудал гарахгүй байсан. Би СӨХ-ны Удирдах зөвлөлд очиж гомдол мэдүүлэх гэсэн боовч уг СӨХ нь бүртгэлгүй байсан.

Би 2014 оны 7, 8 дугаар сарын байрны төлбөрийг Ш.Эрдэнэтуяад төлсөн бөгөөд банк байрны төлбөрөө төлөх гээд очиход уг хугацааны мөнгийг Ш.Эрдэнэтуяа төлөөгүй байсан учраас би давхар төлсөн. Иймээс уг байрны төлбөрт төлсөн 60,000 төгрөгийг төлөх төлбөрөөс хасч тооцуулмаар байна. Одоогийн байдлаар 1,100,100 төгрөгийг бөөнд нь төлж чадахгүй учир үндсэн төлбөрийг төлмөөр байна, алданги төлөх боломжгүй тул үндсэн төлбөрийг төлье гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч СВД СӨХ нь Л.Баярхүүгээс 2015 оны 4 дүгээр сараас 2016 оны 8 дугаар сарыг хүртэлх хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний зардалд 1,100,100 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжилжээ.

Хариуцагч тал нэхэмжилж буй зардлыг төлөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн үнийн дүнгийн хувьд маргаагүй, харин ... 2014 оны 4, 5 дугаар сарын төлбөрийг давхар төлсөн учир төлбөрөөс хасуулж, үндсэн төлбөр 700,000 төгрөгийг төлье ... гэж тайлбарладаг.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь сууц өмчлөгч Л.Баярхүү, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасны дагуу дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч Л.Баярхүү нь СӨХ-ны гүйцэтгэх захирал Ш.Эрдэнэтуяад 2014 оны 4, 5 дугаар сарын СӨХ-ны болон ус, дулааны төлбөрийг өгсөн, тэрээр банкинд тушаагаагүй байсны улмаас төлбөрийг давхардуулан өгсөн, уг мөнгийг нэхэмжлэлээс хасч тооцуулна гэж мэтгэлцэх боловч түүний шүүхэд цуглуулж өгсөн Төрийн банкны хуулбар нь 2014 оны 7-12 дугаар сарын төлбөрийн баримт байх тул шүүх хариуцагчийг маргаж буй үйл баримтаа нотлоогүй гэж үзлээ.

Түүнчлэн Л.Баярхүү, СӨХ-ны засвар үйлчилгээний зардал болон ус, дулаан ашигласны хөлсөө хугацаанд нь төлөөгүй учир түүнийг алдангиас чөлөөлөх үндэслэл байхгүй байна.

Иймд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасныг баримтлан Л.Баярхүүгээс дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардал болон ус, дулааны төлбөрт 1,100,100 /нэг сая нэг зуун мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч СВД СӨХ-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 30,950 гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасныг баримтлан Л.Баярхүүгээс дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардал болон ус, дулааны төлбөрт 1,100,100 /нэг сая нэг зуун мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч СВД СӨХ-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 30,950 гаргуулан СВД СӨХ-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 119.5-д заасны дагуу хүргүүлснийг гардан авсанд тооцох бөгөөд 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД