Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2019/ШЦТ/393

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ч.Батзориг, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл,

Шүүгдэгч Б.Л- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Л-д холбогдох эрүүгийн 1938008230454 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.Л.

Шүүгдэгч Б.Л- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр зах дотор 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Ц.Ц- руу чулуу шидэж баруун гар болон толгойг нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Л- согтуугаар 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 17 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр зах дотор гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Ц.Ц- руу шалтгаангүйгээр чулуу авч шидэж баруун гар болон толгойг нь цохиж эрүүл мэндэд нь “зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн зулайн хуйханд шарх” бүхий хөнгөн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,
  • Хохирогч Ц.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2019 оны 04 дүгээр сараас хойш өдийг хүртэл Б.Л-тэй хамтран амьдарч байна. 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн орой 17 цагийн үед байх, зах дээр Б.Л- архи уучихсан байдалтай байсан ба чи хаагуур явж байгаад ирж байгаа юм бэ гээд над руу уурласан. Тэгж уурлаж байгаад зах руу гүйгээд орчихсон. Тэгээд би машиндаа суугаад Б.Л-г хүлээж байхад Б.Л- зах хаах үеэр гарч ирсэн. Гарч ирэхдээ архи нэмээд уучихсан байдалтай ирснээ над руу газраас чулуу авч шидсэн. Эхэлж шидсэн чулуу нь миний баруун гар руу оносон, дараагийн шидсэн чулуу нь миний зүүн дагз хэсэг рүү оносон ба толгойноос шууд цус гарсан. Би гарч байгаа цусыг гараараа дарж байгаад тэндээсээ эмнэлэг дээр очиж үзүүлсэн. Би эмнэлэг дээр очиж толгойдоо 5 ширхэг оёо тавиулсан. Би эмчилгээндээ 300.000 төгрөг зарцуулсан эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. ...Би одоогоор өөрийнхөө эмчилгээнд 321.650 төгрөг зарцуулчихаад байна. ...Тийм, би түлээний мөнгө болох 950.000 төгрөгийг өөрийнхөө данс руу шилжүүлж авсан. Тухайн мөнгийг эмчилгээ болон нааш цаашаа явах зардал, таксины мөнгөнд зарцуулаад дуусчихсан. Тийм болохоор би цаашид эмчилгээ хийлгэсэн баримтуудаа гаргаж өгөөд хохирол төлбөрөө нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11, 14 дүгээр хуудас/,
  • Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 607 дугаартай: “1. Ц Ц.Ц-гийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн зулайн хуйханд шарх тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. Ц.Ц-гийн биед тогтоогдсон гэмтэл нь гэмтлийн зэрэг тогторх журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 20 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Л-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ц.Ц- бид хоёр 2019 оны 11 дүгээр сарын 13-аас 14-нд шилжих шөнө Улаан Уул сумаас Мөрөн суманд орж ирсэн. Ирсэн өдрөө Улаан Уул сумаас авчирсан модоо буулгасан. Оройны 17 цагийн үед модоо буулгаж дуусчихаад захаас машин дээрээ бараа ачсан юм. Намайг бараа ачиж байхад хамтран амьдрагч Ц.Ц- маань зах орж хүүхдүүддээ хувцас хунар авчихаад ирье гээд явсан. Би Ц.Ц-г зах руу орсон хойгуур машиндаа бараагаа ачиж байхдаа зүс таних нэг залуутай хамт нэг шил архи хувааж уугаад тасарсан байсан. Нэг ухаан ороход Ц.Ц-тай маргалдчихсан, толгойг нь чулуугаар цохиж хагалсан байсан. Би тухайн үед Ц.Ц-гийн цусыг хараад ухаан орж сэргээд түүнийг Нэгдсэн эмнэлэгт аваачиж үзүүлсэн. ... Шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Уг дүгнэлтэнд тусгагдсан гэмтлийг учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд гаргасан үйлдэлдээ маш их гэмшиж байгаа. ...Би хохирогч Ц.Ц-гийн эмчилгээний зардалд 950.000 төгрөгийг төлж барагдуулсан. Энэ мөнгө нь Мөрөнд оруулж ирээд зарсан түлээний мөнгө байгаа юм. Ц.Ц- надад хэлэхдээ би түлээний мөнгийг өөрийнхөө данс руу шилжүүлээд авчихсан, энэ мөнгөөр эмчилгээ хийлгэнэ гэж хэлж байсан. Тийм болохоор би хохиролоо барагдуулсан гэж үзэж байгаа. Ц.Ц-гийн эмчилгээнд гарсан бодит хохирол энэ мөнгийг давах юм бол баримтыг нь үндэслэж төлж барагдуулна” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Төгөл багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 34 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч Б.Л-гийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 35 дугаар хуудас/,
  • Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 36 дугаар хуудас/,
  • Урьд нь ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 38-40 дүгээр хуудас/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, мөн хууль зүйн мэдлэг дутмаг байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн зэрэг нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

     Шүүгдэгч Б.Л- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Б.Л- согтуугаар 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 17 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр зах дотор гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Ц.Ц- руу шалтгаангүйгээр чулуу авч шидэж баруун гар болон толгойг нь цохиж эрүүл мэндэд нь “зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн зулайн хуйханд шарх” бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь танхайн сэдэлтээр, санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч Б.Л-гийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Ц.Ц- нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 321.650 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж хэрэгт “Тунамал эмийн сан”-гийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн эм тарианы үнэ 321.650 төгрөгийн зарлагын баримтыг гаргаж өгсөн байх боловч дээрх эм, тариаг хэн хүлээж авсан нь тодорхойгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй тул хохирогчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Л- нь “хохирогчийн эмчилгээний зардалд 950.000 төгрөгийг өгсөн” /хх-ийн 29/ гэх, мөн хохирогч Ц.Ц-гийн “...би түлээний мөнгө болох 950.000 төгрөгийг өөрийнхөө данс руу шилжүүлж авсан. Тухайн мөнгийг эмчилгээ болон нааш цаашаа явах зардал, таксины мөнгөнд зарцуулаад дуусчихсан. Тийм болохоор би цаашид эмчилгээ хийлгэсэн баримтуудаа гаргаж өгөөд хохирол төлбөрөө нэхэмжилнэ” /хх-ийн 14/ мэдүүлэг хэрэгт авагдсан байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Л-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, хохирогчоос уучлалт гуйж учруулсан хохирлыг төлсөн, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Б.Л- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан болох ял шийтгэлийн лавлагаа /хх-ийн 37/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 38-40/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх шүүгдэгч Б.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Л-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “торгох ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Л- нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л- нь торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Л- нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг, хохирогч Ц.Ц-гийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нь хохирогчид 950.000 /есөн зуун тавин мянга/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.АЗЖАРГАЛ