Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 590

 

Б.Азжаргалд холбогдох эрүүгийн

                                                                             хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Б.Зориг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Б.Уранчимэг,

ялтан Б.Азжаргал, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж, шүүгч С.Батгэрэл, Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 233 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Азжаргалын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2014250008272 дугаартай хэргийг 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ядам овогт Балдандоржийн Азжаргал, 1986 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр  Сүхбаатар аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, “Амьдрах ухаан” сургалт үйлдвэрлэлийн төвийн байранд оршин суух,

- 2011 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсгүүдэд зааснаар нийт 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 29 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан /РД:ЛЮ86110471/,

Б.Азжаргал нь ялтай байх хугацаандаа, 8 удаагийн давтан үйлдлээр машин механизм хэрэглэж бусдын орон байр, автомашин, агуулах саванд нэвтэрч;

1. 2014 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Намгийн 1 дүгээр гудамжны 12/В тоотод оршин суух хохирогч Б.Баатарцогтын Монгол гэрийн тооноор нэвтэрч 32 инчийн телевизор, “ММВС” телевизорын антены хүлээн авагч, индүкцин плитка, шинэ цагийн халтар манан хөөрөг, усны тэрэг зэрэг эд зүйлийг хулгайлж 1.138.000 төгрөгийн хохирол,

2. 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 03 цагийн үед Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, “UВ-17” зочид буудлын 307 тоот өрөөнд нэвтэрч “Самсунг Галакси Эс-3” загварын гар утсыг хулгайлж, хохирогч Г.Пүрэвдашид 350.000 төгрөгийн хохирол,

3. 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан “Хүн ам хөгжлийн яам”-ны архивын барилгын 9 давхрын өрөөний хаалганы цоожийг эвдэн нэвтэрч барилгын заслын лазер тэгш ус, батерейтай дрилл, жижиг гар дрилл зэрэг эд зүйлийг хулгайлж, хохирогч Л.Ангарагт 560.000 төгрөгийн хохирол,

4. 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 18 цагийн үед 04-76 УНЭ улсын дугаартай, “Хьюндай Соната-5” загварын тээврийн хэрэгсэл хэрэглэн “Арвижих” ногооны зоорийг түлхүүрээр нь онгойлгон нэвтэрч 28 шуудай нийт 1400 кг төмсийг хулгайлж, хохирогч Л.Батбаярт 1.260.000 төгрөгийн хохирол,

5. 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Арвин” барилгын материалын дэлгүүрт түлхүүрээр нь онгойлгон нэвтэрч 140 ширхэг “Оспа” хавтанг хулгайлж, хохирогч Р.Хүрэлбаатарт 3.620.000 төгрөгийн хохирол,

6. 2015 оны 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 1-ний өдөрт шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 21 дүгээр байрны гадна зогсоолд байрлуулсан байсан 88-64 УНД улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын автомашины жижиг цонхыг хагалан нэвтэрч 2 ширхэг толь, ком батерей, аккумлятор зэрэг эд зүйлийг хулгайлж, хохирогч Н.Энхтөрд 890.000 төгрөгийн хохирол,

7. 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр машин механизм ашиглан Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Генерал” хүнсний бөөний төвийн чингэлгийг түлхүүрээр нь онгойлгон орж 50 блок “Парламент”, 100 блок “Эссэ”, 50 блок “ЭлДи”, 50 блок “Улаан шонхор” зэрэг нийт 5 хайрцаг тамхийг хулгайлж, хохирогч Х.Эрдэнэчимэгт 5.535.000 төгрөгийн хохирол,

8. 2015 оны 12 дугаар сарын 5-наас 6-ны өдөрт шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тулга Грув” ХХК-ийн гурилын үйлдвэрийг түлхүүрээр нь онгойлгон нэвтэрч 31 шуудай “Атар” нэртэй гурилыг хулгайлж, хохирогч С.Бадамхандад 780.000 төгрөгийн хохирол, бусдад нийтдээ 14.133.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Б.Азжаргалын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Азжаргалыг ялтай байх хугацаандаа 8 удаагийн давтан үйлдлээр, машин механизм хэрэглэн, бусдын орон байр, автомашин, агуулах саванд нэвтэрч, бусдын нийт 14.133.000 төгрөгийн эд зүйлийг хулгайлж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай.” хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-т зааснаар Б.Азжаргалын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсгүүдэд зааснаар оногдуулсан нийт 4 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 29 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар Б.Азжаргалыг 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар уг хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Азжаргалаас 1.138.000 төгрөгийг хохирогч Б.Баатарцогтод, 350.000 төгрөгийг хохирогч Г.Пүрэвдашид, 1.260.000 төгрөгийг хохирогч Л.Батбаярт, 3.620.000 төгрөгийг хохирогч Р.Хүрэлбаатарт, 5.535.000 төгрөгийг хохирогч Х.Эрдэнэчимэгт, 780.000 төгрөгийг хохирогч С.Бадамхандад, 560.000 төгрөгийг иргэний хариуцагч Н.Дэлгэрмөрөнд, 560.000 төгрөгийг хохирогч Л.Ангарагт, 890.000 төгрөгийг хохирогч Н.Энхтөрд гаргуулан тус тус олгож, иргэн Б.Ганбүрэнгийн эзэмшлийн 04-76 УНЭ улсын дугаартай, “Хьюндай Соната-5” загварын автомашиныг битүүмжилснийг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг СиДи-г хэрэгт нь хавсаргаж, уг хэргийн хадгалах хугацаа дуустал үлдээж, Б.Азжаргалын цагдан хоригдсон 542 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Б.Азжаргалд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Ялтан Б.Азжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Миний бие өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч 7 удаагийн үйлдлийг шалгуулж, эцэслэн шийдвэрлүүлэхээр шүүхээр орсон. Харин сүүлийн буюу 8 дахь үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь:

2015 оны 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 1-ний өдөрт шилжих шөнө ... “Тоёота Приус” загварын автомашинд нэвтэрч үйлдсэн гэх хулгайн хэргийг миний бие үйлдээгүй. 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр миний бие мөрдөн байцаагч болон хөндлөнгийн 2 гэрчийн хамт зам шалгалтаар явахдаа Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 21 дүгээр байрны 3 дугаар орцны 2 давхрын эхний хаалгатай айлаас хулгай хийсэн гэж зааж очсон. Тухайн үед Н.Энхтөр гэх хүн хаалга тайлж өгөхөд мөрдөн байцаагч “Танайд хулгай орсон уу” гэж асуухад “Манай гэрт хулгай ороогүй харин 2015 оны 6 дугаар сарын сүүлээр гадна зогсоолд байсан “Тоёота Приус-20” загварын автомашинд хулгай орсон” гэж хэлсэн. Миний бие 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо хулгайн үйлдлээ нэгтгэж шалгуулах хүсэлт гаргахад уг хүсэлтийг маань хүлээн авч хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Дараа нь 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдөр миний бие мөрдөн байцаагчийн хамт зам шалгалтаар явахдаа тус 21 дүгээр байрны үүдэнд байсан “Тоёота Приус-20” загварын автомашинаас хулгай хийсэн гэж зааж өгсөн. Ингээд 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо худал мэдүүлэг өгч өөрт холбогдолгүй хэргийг үйлдсэн гэж мэдүүлэг өгснөө хүлээсэн. Мөн тус үйлдэл нь хавтаст хэрэгт нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болгосон байгааг шүүхэд ярьсан.

2.  Миний бие 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ... оспа хавтанг хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрсөн. Мөн энэ үйлдэлд хамтран оролцсон Аюуш буюу Бат-Эрдэнэ нь тухайн үед “Амжиргаа цагаан”-аар 2-3 удаа тээвэрлэсэн гэдгээ хүлээсэн. Уг хавтанг худалдан авсан ченж Батсайхан нь шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр мэдүүлэхдээ “...миний биеийг ганцаараа байсан, жолооч эмэгтэйн хамт явсан. 58 ширхэг оспа хавтан худалдан авсан...” гэж мэдүүлсэн. Мөн хэрэг гарсан талаар “...тухайн үед би 100 айл дээр хавтан авах гээд хавтан зардаг хүмүүсээс асуугаад явж байсан. Тэгээд шүүгдэгчээс хавтан асуугаад өнгөрсөн. Шүүгдэгч миний араас ирсэн. Би тухайн үед арай хямд үнээр авах санаатай явж байсан. Тэгээд би шүүгдэгчээс хавтан авахаар болоод орой шүүгдэгч унаагаар хүргэж өгнө гэсэн. Тэгээд утасныхаа дугаарыг өгсөн. Орой Бэлх дээр талыг нь буюу 30 ширхэгийг буулгаад үлдсэн 30 ширхэгийг нь гэртээ гражиндаа буулгуулсан. Тухайн үед портерын жолооч эмэгтэй хүн байсан бас нэг эрэгтэй хүн юмыг нь цуг зөөлцөж байсныг санаж байна...” гэж ярьсан. Тус хэргийн бодит үнэнг өгүүлэхэд;

Би Бат-Эрдэнэтэй хамт хэргийг үйлдэх үедээ “Портер” загварын автомашины жолооч эмэгтэйтэй 70 ширхэг оспа хавтан ачаад явахад тус хавтанг худалдан авсан ченж Батсайхан нь өөрийн хувийн унаагаар Бат-Эрдэнэг суулган урд зам заан явсан. Бэлхэд ажил хийлгэж байсан газарт нь очиж 40 ширхэг хавтанг Бат-Эрдэнэ бид хоёр зөөж буулгасан. Тэгээд үлдсэн 30 ширхэг хавтанг Монелд байрлах гэрт нь аваачиж гражинд нь буулгаад 630.000 төгрөгийг авсан. Тухайн үед 0,8-тай хавтанг 1 ширхэгийг нь 9000 төгрөгөөр өгсөн. Маргааш нь 1,2 болон 0,6-тай оспа хавтанг 70 ширхэгийг дахин гэрт нь аваачиж буулгаж өгсөн. Батсайханд хэдэн ширхэг хавтан өгснийг гэрчлэн хүн нь Бат-Эрдэнэ болон “Портер” загварын автомашины жолооч эмэгтэй нар болно. Миний бие удаа дараа “Портер” загварын автомашины жолоочоос гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлтийг мөрдөн байцаагч, прокурорт гарахад авч хэлэлцээгүй. 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд мөн дээрх хүсэлтийг гарахад авч хэлэлцэхгүйгээр хэт нэг талыг баримтлан тулгаж ялласанд гомдолтой байна.

Шүүхээс миний ялтай байх хугацааг “Өршөөл үзүүлэх тухай.” хуульд хамруулсан байхад хэргийн зүйл анги буурахгүй байгааг ойлгохгүй байна. Мөн үйлдсэн хэргийнхээ хохирлыг үнэн бодит байдлаар тогтоолгох, оспа хавтан зөөсөн “Портер” загварын автомашины жолоочийн мэдүүлгийг авах шаардлагатай байна. Иймд миний бие өөрийн хийсэн хэргээ үнэн зөвөөр хуулийн дагуу нотлох баримтад үндэслэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаан шалгаж өгнө үү...” гэв.

Ялтан Б.Азжаргалын өмгөөлөгч Ц.Тунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...энэ хэргийг шалгаж эхлээд 7 сар гаруй хугацаа өнгөрч байна. Б.Азжаргал нь анх 7 удаагийн үйлдлээр шалгагдаж байсан боловч сүүлд 5 удаагийн үйлдлийг нэмж гаргаж ирсэн. Ингээд үйлдэл холбогдлыг нь шалгаж тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн асуудал тогтоогдсон гэж үзэж, үүнд маргах зүйлгүй байна. Харин Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хэргийг зүйлчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна...” гэв.

Прокурор Б.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.Азжаргалд холбогдох хэргийг 2014 онд эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар 2 удаа хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байсан. Ингэхдээ Б.Азжаргал шүүхийн хэлэлцүүлэгт шинэ гэмт хэрэг үйлдсэн талаараа мэдээлж энэ асуудлыг шалгуулахаар мөрдөн байцаалтад буцааж байсан. Ингээд түүний үйлдлүүдийг нь шалгаж, тогтоогдоогүй үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгож, тогтоогдсон үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Мөрдөн байцаалтаар нотолбол зохих ажиллагаа бүрэн хийгдсэн учир анхан шатны шүүх Б.Азжаргалыг дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэлийг оногдуулсан. Ялтан Б.Азжаргалын давж заалдах гомдолдоо маргасан “оспа хавтанг 140 ширхэгийг хулгайлаагүй, автомашин хулгайлаагүй” гэх үйлдлүүдийн тухайд өмнөх шүүх хуралдаанаар мөн хэлэлцүүлсэн, мөрдөн байцаалтаар түүний үйлдлүүд хангалттай нотлогдон тогтоогдсон. Иймд түүний гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Ялтны өмгөөлөгч Ц.Тунгалагийн зүгээс Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хэргийг зүйлчлэх хүсэлт тавьж байна. Харин прокурорын зүгээс Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар хэргийг зүйлчлэх боломжтой гэж үзэж байна. Учир нь Б.Азжаргал нь 8 удаагийн үйлдлээр хулгайн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэггүй тул хулгайн гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон нь тогтоогдож байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Б.Азжаргал нь дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгүүлсэн ялтай байхдаа, 2014 оны 7 дугаар сарын 9-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 6-ны өдөр хүртэлх хугацаанд Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт бусдын орон байр, агуулах саванд нэвтэрч 8 удаагийн давтан үйлдлээр хулгайлах гэмт хэргийг үйлдэн, Б.Баатарцогт, Г.Пүрэвдаш, Л.Батбаяр, Р.Хүрэлбаатар, Х.Эрдэнэчимэг, С.Бадамханд, Л.Ангараг, Н.Энхтөр нарт нийт 14.133.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- хохирогч Г.Пүрэвдашийн “...2014 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 21 цагийн үед 25-28 орчим насны эрэгтэй хүн орж ирээд “Зочид буудлын өрөө байна уу” гэж асуусан. Тэр хүнд 307 тоот өрөөний түлхүүр өгөөд бүртгээд оруулсан. Дараа нь 10-20 минутын дараа гадагш гарч яваад шөнийн 03 цагийн үед эргэж орж ирсэн... Тэгээд 04 цагийн үед сэрээд гар утсаа хайхад олдохгүй байсан. Камерын бичлэгийг шүүж үзэхэд 307 тоот өрөөний залуу миний өрөөний гадаа 2-3 минут байж байгаад өрөөнд орж миний гар утсыг авч байгаа бичлэг байсан...” /1хх-21-22, 2хх-86, 4хх-15/,

- хохирогч С.Бадамхандын “...би “Тулга Грув” ХХК-ийн захирлаар ажилладаг ба манай компани хэрчсэн гурилын чиглэлээр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг... 12 дугаар сард манай нөхөр Мөнгөнтулга 7 шуудай “Атар” нэртэй гурилыг үйлдвэрийнхээ гадаа буулгах гэтэл хүн байхгүй, тэгээд нийтийн байрны манаач буюу галч залуу Азжаргалтай хамт өргөлцөж буулгасан гэсэн. Тэгэхэд нь манай нөхөр “Манайх бямба гараг бүр амардаг” гэж хэлсэн гэсэн. Тэгээд манай нөхөр үйлдвэрийнхээ хаалганы түлхүүрийг хаалганы хажууд байдаг чулуун доогуур хийхийг Азжаргал гэх залуу харсан гэсэн. Тэгэхээр нь манай нөхөр хаширлаад түлхүүрээ буцаан авч хаалганы дээд талд хийгээд явсан гэж надад хэлсэн. 2015 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 22 цагийн үед манай үйлдвэрийн ажилчид болох Ганчимэг, Гэрэлцэнд нартай хамт үйлдвэрийнхээ цонхыг хаагаад, хаалгыг цоожлоод гарсан юм. Маргааш өглөө нь манай ажилчид болох Алтанболд, Гэрэлцэнд нар над руу утсаар яриад “Манай үйлдвэрт хулгай орсон байна” гэхээр нь би шууд ажил дээр ирэхэд үйлдвэрийн хаалганд түлхүүр хийсэн байдалтай, хаалгаар ороход үүдэнд байсан 25 килограммын 31 ширхэг шуудай гурил хулгайд алдагдсан байсан...” /1хх-62, 2хх-85, 3хх-99/,

- хохирогч Р.Хүрэлбаатарын “...би “Арвин” барилгын материалын дэлгүүрийг ажиллуулдаг юм. 2015 оны 5 дугаар сард манай дэлгүүрийн ажилтан ажлаасаа гарчихсан. Би тухайн үед ажилчин хэрэгтэй байсан учир зуун айлын “Жоби” төвийн хажууд өдрөөр ажилладаг ажилчдаас Азжаргал гэх залууг ажилтнаар авсан. 2015 оны 5 дугаар сард Азжаргал манай барилгын материалын дэлгүүрт сар гаруй ажиллаж байгаад гэнэт нэг өдөр алга болсон. Азжаргалд агуулахын түлхүүр байнга өгдөг, агуулахыг түгжээд ир гээд явуулдаг байсан. Тэгсэн Азжаргал цоожийг нь дутуу цоожлоод орой нь манай дэлгүүрийн агуулахаас барилгын материал хулгайлсан байна. Манай дэлгүүрээс 140 ширхэг оспа хавтан алдагдсан...” /1хх-85, 2хх-83-84, 4хх-17/,

- хохирогч Б.Баатарцогтын “...2014 оны 7 дугаар сарын эхээр ... Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Намгийн 1-ийн 12/В тоотод байрлах өөрийн гэрийнхээ хаалгыг цоожлоод явсан... 2014 оны 7 дугаар сарын 5, 6-ны өдөр гэрээ шалгахаар ирэхэд зүгээр байсан. Тэгээд 4 хоногийн дараа эргэж ирэхэд хаалганы цоож эвдэрсэн байсан ба дотогш ороход гэрийн баруун хойд талд байрлах “Фунай” загварын 39 инчийн LCD телевизор, түүний хажууд байсан телевизорын хүлээн авагч антен, индүкцэн плитка, шинэ цагийн хөөрөг, усны тэрэг зэрэг алдагдсан байсан...” /1хх-87, 2хх-78-79/,

- хохирогч Л.Ангарагийн “...2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 14 цаг 30 минутын үед ажлаасаа буугаад ажлын багажнуудаа 9 давхрын өрөөнд хийгээд хаалгыг нь цоожлоод явсан. Тэгээд 2015 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр ажилдаа ирэхэд тус өрөөнд байсан 3 ширхэг лазер тэгш ус, 2 ширхэг батерейтэй дрилл, 3 ширхэг жижиг цахилгаан дрилл ... зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Тэгээд харуулын дарга нь Азжаргалыг утсаар дуудсан чинь “Одоо очлоо” гэж хэлээд ирээгүй. Би харуулын ажилтан Азжаргалыг авсан байх гэж бодож байна...” /1хх-116-117, 3хх-124/,

- хохирогч Х.Эрдэнэчимэгийн “...би “Генерал” нэртэй хүнсний дэлгүүр, паб, зочид буудлын объект хариуцан ажилладаг. 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 09 цаг 15 минутын үед намайг гэртээ байхад худалдагч Байгаль яриад “Хойд талын хүрэн өнгөтэй чингэлэгнээс ус ундаа гаргаж байхдаа ногоон чингэлэгний хаалга хагас онгорхой байхыг хараад худалдагч Энхцэцэг, кассчин Оюунтөгс нарт чингэлэг онгорхой байна гэж хэлсэн гэсэн. Тэгээд гурвуулаа гадагшаа гараад харахад чингэлэгний хаалга нь хагас онгойсон, цоож нь гадна талд хэвтэж байсан” гэж хэлэхээр нь би ирээд чингэлэг рүү орж харахад үүдний хэсэгт байсан хайрцагтай тамхи байхгүй болсон байсан... 21-ний өдөр 1 хайрцаг “Парламент”, 1 хайрцаг “Улаан шонхор”, 1 хайрцаг “Эл Ди”, 2 хайрцаг “Эссэ” нийт 5 хайрцаг тамхи хулгайд алдагдсан...” /1хх-178-179, 2хх-76-77, 4хх-13-14/,

- хохирогч Л.Батбаярын “...би “Арвижих” ХХК-ийн 2 зоорийг түрээслэдэг. Тухайн үедээ 150 тонн төмсийг зоориндоо хадгалж, борлуулж байсан. Тэгээд 2015 оны 2 дугаар сарын 7-ны өдөр манай ачигч, ялгагчаар ажилладаг Өлзий “Бие өвдөөд ажилдаа гарч чадахгүй байна, манай хамаатан Азжаргал гэж хүн байгаа, та тэр хүнийг аваад ажиллуулаач” гэж хэлсэн. Ингээд Азжаргал нь 2015 оны 2 дугаар сарын 7-ны өдрөөс хойш манайд ачигч, ялгагчаар ажиллаж эхэлсэн... 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдөр ...18 цагийн үед зоориндоо галаа түлэх гээд ирсэн чинь зоорины хаалга онгорхой, дотор гадна бүх хаалганы цоожны цүүг сугалаад, эвдээд хүн орсон байсан тул цагдаад дуудлага өгчихөөд тэр өдөр харуулаар ажиллаж байсан хамгаалагч дээр очиж “Манай зооринд хулгай орсон байна, мэдсэн зүйл байна уу” гэсэн чинь “Танай ажилчин залуу цагаан өнгийн Соната-5 загварын автомашинаар 4 удаа төмс зөөсөн” гэж хэлсэн... зоорь луу орж төмсөө бүртгэхэд 21 шуудай, мөн урьд нь ялгасан байсан 7 шуудай нийт 50 килограммаар савласан 28 шуудай төмс хулгайд алдагдсан байсан. Цагдаа нар үзлэг хийхэд Азжаргал тухайн өдрөө өмсөж явсан хар өнгийн куртикээ орхисон байсан...” /1хх-216/,

- хохирогч Н.Энхтөрийн “...би Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 21 дүгээр байранд амьдардаг. 2015 оны 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 1-ний өдөрт шилжих шөнө өөрийн эзэмшлийн “Приус-20” загварын 88-64 УНД улсын дугаартай автомашинаа байрныхаа гадна зогсоолд тавьсан. Өглөө 06 цагийн үед ажилдаа явах гээд харсан чинь миний автомашины 2 толийг сууриар нь тайлаад авчихсан байхаар нь гайхаад үзтэл арын багажинд байсан автомашины запас дугуйг урд сандал дээр тавьчихсан, тэгээд миний автомашины батерейг комоор нь авсан байна лээ...” /4хх-139-141/ гэсэн мэдүүлгүүд,

эдгээр мэдүүлгүүд үндэслэлтэй болохыг нотолсон гэрч Б.Гэрэлцэнд /1хх-79-80/, Ч.Алтанболд /1хх-82-83/, Б.Баясах /1хх-81/, Ц.Эрдэнэ-Очир /1хх-118/, З.Баттулга /1хх-217-218/, С.Анхбаяр /2хх-88-89/, Э.Пүрэвсүрэн /2хх-91-93/, П.Төмөр /2хх-116-117/, Б.Эрдэнэхуяг /2хх-119-120/, З.Батжаргал /2хх-122-123/, иргэний хариуцагч М.Дэлгэрмөрөн /3хх-143-144/ нарын болон хулгайлагдсан эд зүйл буюу оспа хавтанг худалдан авч байснаа мэдүүлсэн гэрч Ж.Номин /1хх-78/, Ш.Батсайхан /5хх-5-6/ нарын өгсөн мэдүүлгүүд, 

мөн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрсөн ялтан Б.Азжаргалын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд /1хх-89-90, 121-122, 186-187, 238, 2хх-41-42, 45, 47-48, 53, 142-148, 153, 3хх-241, 4хх-52-56/, түүний мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэмт хэрэг үйлдсэн газар, орон байр, агуулах савыг зааж өгч байгаа байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-65-77, 2хх-27-35, 37-38, 4хх-47-51/, мөн “UB-17” зочид буудлын өрөөнөөс эд зүйл хулгайлж байгаа үйлдлийг болон гэмт хэрэг гарсан газар байгаа байдлыг харуулсан зочид буудлын дотоод хяналтын дүрс бичлэг, түүнээс хуулбар хийсэн 2 ширхэг “Сиди” бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-10-11/

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураглал, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-45-52, 172-177, 4хх-134-134 /, алдагдсан эд зүйлд үнэлгээ хийсэн тухай баримтууд /1хх-23, 96-97, 98-99, 123, 188, 227, 3хх-113, 4хх-145/, мөн ялтан Б.Азжаргалыг хэрэг хариуцах чадвартай болохыг тогтоосон Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 716 тоот дүгнэлт /2хх-139/, Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 282 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1, 126  дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар нийт 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 29 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан тухай баримтууд /2хх-231-234/ зэрэг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судласан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Ялтан Б.Азжаргал нь давж заалдах гомдолдоо: “...“Тоёота Приус” загварын автомашинд нэвтэрч үйлдсэн гэх хулгайн хэргийг миний бие үйлдээгүй” гэж, мөн “...оспа хавтанг хулгайлж, бусдад худалдан борлуулах үйлдэлд оролцсон Аюуш буюу Бат-Эрдэнэ,  “Портер” загварын автомашины жолооч эмэгтэйг олж шалгаж, тогтоогоогүй...” гэж гэм буруу болон хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх үндэслэл зааж маргажээ.

Хэргийн материалыг судлахад, Б.Азжаргалын үйлдсэн дээрх хулгайн гэмт хэрэгт Аюуш буюу Бат-Эрдэнэ гэх хүн оролцоотой болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй, мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд хэрэг шалгагдаж байх хугацаанд гэмт хэрэгт хамтран оролцсон байж болох “Портер” загварын автомашины жолооч гэх эмэгтэйг зааж өгөөгүй, харин Б.Азжаргал нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн удаа дараагийн мэдүүлэгтээ “...2014 оны 7 дугаар сарын 9-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд үйлдэгдсэн нийт 7 удаагийн хулгайн хэргүүдэд дангаараа оролцсон, хамтарч оролцсон этгээдүүд байхгүй, би цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хүсэлтэй байсан учир худал мэдүүлэг өгсөн...” гэж мэдүүлж байсан ба энэ хэрэгт өөр бусдыг нэмж шалгаж, байцаах шаардлагагүй байна. Түүнчлэн 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны явцад Б.Азжаргал нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 21 дүгээр байрны 3 дугаар орцны үүдэнд ил зогсоол дээрээс “Тоёота Приус” загварын автомашинаас эд зүйл хулгайсан тухайгаа зааж мэдүүлсэн зэргээс үзэхэд мөрдөн байцаалтаар хэргийн талаар шалгавал зохих байдлуудыг бүрэн шалгасан, дахин шалгах зүйлгүй гэж үзлээ.

Дээр дурдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, мөн үнэлэх боломжтойгоос гадна, анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.

 Дээрх байдлуудыг үндэслэн ялтан Б.Азжаргалыг дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгүүлсэн ялтай байх хугацаандаа бусдын эд хөрөнгийг хулгайлсаны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг орон байр, агуулах саванд нэвтэрч, машин механизм хэрэглэн, давтан үйлдлээр дангаараа үйлдсэн буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс ялтанд хуульд заасан хэмжээний дотор ял шийтгэл оногдуулжээ.

Ялтан Б.Азжаргал нь 2011 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1, 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсгүүдэд зааснаар нийт 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 29 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан байх бөгөөд шүүхээс “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-т зааснаар “хорих газраас тэнсэн суллагдаж, хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг” өршөөлд хамруулсан нь хууль ёсны болжээ.

Б.Азжаргалд холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлэх явцад Монгол Улсын Их хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд хулгайн гэмт хэргийг давтан үйлдэх, булаах, дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн гэсэн онц хүндрүүлэх бүрэлдэхүүн байхгүй болсон бөгөөд ялтан Б.Азжаргалын үйлдсэн гэмт хэрэг нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан “Хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглан авсан” гэмт хэргийн шинжид нийцэж тогтоогдсоны гадна, дээрх гэмт хэргийг үйлдсэн хүнд оногдуулах ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь хөнгөрсөн байна.

Иймд ялтан Б.Азжаргалын гэмт үйлдлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргээр зүйлчлэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар болон ялтан Б.Азжаргалын хувийн байдлыг харгалзан үзэж түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялын хэмжээг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн тогтоож, хорих ял эдлэх дэглэмийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар “нээлттэй” хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг тус тус оруулж, гэмт хэрэг гарсан байдал, гэм буруугийн талаар маргасан ялтан Б.Азжаргалын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Түүнчлэн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурорын гаргасан “...Б.Азжаргалын үйлдсэн гэмт хэргийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчлэх боломжтой...” гэсэн дүгнэлт хуульд нийцэхгүй байна. Учир нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа бөгөөд уг өдрөөс хулгайлах гэмт хэргийг “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” тохиолдолд хуульд зааснаар хүндрүүлэн үзэх ба Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан тул прокурорын гаргасан дээрх дүгнэлт үндэслэлгүй юм.

Энэ хэрэгт иргэн Б.Мягмарсүрэнг 2016 оны 3 дугаар сарын 4-ний өдөр хохирогчоор тогтоон, түүнд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлд зааснаар худал мэдүүлэг өгвөл хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг сануулж байцаалт авахад тэрээр  “...2014 оны 12 дугаар сарын 3-ны өдөр ... “UB-17” зочид буудлын 201 тоот өрөөнд байсан өөрийн цүнхнээс бэлэн 250.000 алдагдсан...” талаар мэдүүлсэн ба мөрдөн байцаалтын ажиллагаагаар Б.Мягмарсүрэн нь худал мэдүүлэг өгсөн хэмээн түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнээр тооцсон байна.

Гэтэл 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “энэ хууль 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна” гэж, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн хүн гэдэгт 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн ... хүн хамаарна” гэж хууль үйлчлэх цаг хугацаа, хамаарах этгээдийг заасан байхад прокурорын газраас Б.Мягмарсүрэнд холбогдох хэргийг дээрх “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 10.6, 10.7 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, өршөөлд хамруулсныг хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэх үндэслэлтэй байгааг дурдах нь зүйтэй.