Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
Хэргийн индекс | 128/2016/0460/З |
Дугаар | 549 |
Огноо | 2017-07-16 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 549
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, шүүгч У.Бадамсүрэн, шүүгч Л.Өлзийжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн “3” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: О.Е / Итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э/
Хариуцагч: Онцгой байдлын ерөнхий газар.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Партизаны гудамж-6.
Нэхэмжлэлийн шаардлага: “...Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/216 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, Б.Э, иргэдийн төлөөлөгч н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Е ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...О.Е нь Онцгой байдлын ерөнхий газарт Тамгын газар, Захиргаа хүний нөөцийн хэлтэст хүний нөөцийн хэрэг хөтлөгчөөр ажиллаж байгаад Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/216 тоот тушаалаар төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл хүлээж төрийн албанаас халагдсан. Төрийн тусгай албан хаагчийн хувьд дээрх тушаалын үндэслэл болсон зөрчлүүдийг гаргаж байгаагүй бөгөөд өөрийн үзэмжээр хандаж, төрийн албанаас халж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тушаалд заасан үүрэг даалгаврыг хэн, хэзээ, хэрхэн өгсөн, түүнийг хэрхэн дүгнэсэн эсэх нь тодорхойгүй байдалд Онцгой байдлын ерөнхий газрын дарга захиргааны акт гаргасан. Уг маргаан бүхий захиргааны актын улмаас төрийн албанд хөдөлмөрлөх эрх, төрийн тусгай албан хаагчийн хуулиар олгогдсон баталгаа зөрчигдсөн гэж үзэж байгаа тул Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/216 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.А нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Маргаан бүхий акт нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2, 25 дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлийн 26.1.3, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад алба хаах журмын 5 дугаар зүйлийн 5.5.1 дэх хэсэгт заасныг үндэслэсэн байх бөгөөд Онцгой байдлын ерөнхий газрын даргын нэрэмжит түвшин тогтоох үзлэгээр D дүнтэй дүгнэгдсэн, Ажлын байрны тодорхойлолтод заасан албан үүрэг, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн, ажлын хариуцлага алдаж /3 удаа/ сахилгын шийтгэл хүлээсэн тус төрийн албанд нэг жил эргэж орох эрхгүйгээр халсан байна.
Санкц буюу тушаагаад байгаа хэсгийг хуулийн заалтыг харахаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсгийг баримталсан мэт харагдаж байгаа боловч бусад хэсгүүд нь дээр дурдсан зөрчлүүдэд таарахгүй байна. Өөрөөр хэлбэл маргаан бүхий тушаалд баримталсан хуулийн зүйл заалтууд нь тухайн үйл баримттай таарахгүй байна. Онцгой байдлын ерөнхий газрын даргын ажлаас халах тухай 2016 оны Б/216, сахилгын шийтгэл ногдуулах тухай 2015 оны Б/138, Б/310, Б/682 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/216 дугаартай тушаалаар иргэн О.Е ийг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 23.1.2 дахь заалтад заасан “ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлж, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь төрийн тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон” буюу захиргааны санаачлагаар албан тушаал бууруулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх үндэслэл бий болсон тул мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасныг үндэслэн төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэн орохгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан.
О.Е нь 2015 оны 11-12 дугаар сард явагдаж 12 дугаар сарын 02-ны өдөр дүгнэсэн Онцгой байдлын ерөнхий газрын даргын нэрэмжит түвшин тогтоох үзлэг буюу ажлын байрны тодорхойлолтын шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгах шалгалтаар 69.5 оноо буюу ажлын байрны тодорхойлолтын шаардлагыг “хангалтгүй” биелүүлсэн үнэлгээ авч ,шалгалтын комиссын дарга, онцгой байдлын хурандаа Б.У сахилгын арга хэмжээ авахаар санал оруулсан бөгөөд үнэлгээний дүнгийн хуудастай О.Е танилцан өөрөө гарын үсэг зурж дүнг зөвшөөрсөн. Албан хаагчдын жилийн эцсийн үр дүнгийн гэрээний биелэлтийн тайланг үндэслэн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр О.Е ийн 2015 оны үр дүнгийн гэрээг дүгнэхэд 62,3 буюу үр дүнгийн гэрээний биелэлт “хангалтгүй” дүгнэгдэж Захиргаа Удирдлагын газрын дарга, онцгой байдлын хурандаа Л.Б “албан тушаал бууруулах” дүгнэлт гаргасантай О.Е өөрөө танилцаж, гарын үсэг зурсан. Монгол Улсын Шадар сайдын 2015 оны 124 дүгээр тушаалаар баталсан “Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалт зохион байгуулах журам”-ын дагуу Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсээс Захиргааны удирдлагын газар, түүний үнэлгээ, дотоод аудитын хэлтсээс Захиргааны удирдлагын газар, түүний албан хаагчдын үйл ажиллагаанд албан шалгалт явуулж, хүний нөөцийн хэрэг хөтлөгч О.Е ийн ажлыг шалгахад төрийн албаны зөвлөлийн 2004 оны 18 тоот тогтоолоор батлагдсан төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журам, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад алба хаах журмын дагуу албан хаагчдын хувийн хэргийг хөтөлдөггүй, тийм журам байдаг талаар огт мэддэггүй, албан хэрэгцээнд баримтлан ажиллах тодорхой журам, зааваргүй урсгалаар цаг нөхцөөсөн байдалтай ажилладаг, 2015 онд ажлын төлөвлөгөө тайлан гаргаагүй, 2016 оны болон улирал, сарын төлөвлөгөө байхгүй 1, 2 дугаар сарын тайлан гаргаагүй. Мөн хяналт, шалгалтын ажлыг төвөгшөөсөн, үл хүндэтгэх хандлага гаргах, ямар их юм үздэг юм, нэг хүнийг 30 минут үзэхэд хангалттай биш үү, цагдаад байцаагдаж байгаа юм шиг ямар хэцүү юм, төрийн албаны шалгалт ингэж шалгаагүй, ямар их юм тэмдэглэж авдаг юм ганцхан намайг шалгачих юм байна л даа, цайны цаг болчихлоо гэж уцаарлах зэргээр харилцааны соёл, ёс зүйгүй авирлах нь хяналт шалгалтын ажилд саад учруулж байсан. Шалгалтаар:
- хувийн хэргийн нэгдсэн журнал бүртгэл байхгүй, тусгайлсан хүний нөөцийн программтай гэсэн хэдий ч хувийн хэрэг татаж үзэхэд баяжилт хангалтгүй, тодорхойгүй
- архивын сан хөмрөгийн тавиур дээрх хувийн хэргүүд болон тавиурын танилцуулга зөрүүтэй, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар гэсэн хэсэгт Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчийн хувийн хэрэг байх гэх мэт
- Шинээр томилогдсон болон алба хаасны тэтгэвэрт гарсан албан хаагчдын хувийн хэргүүд архивын сан хөмрөгийн өрөөний цонхны тавцан дээгүүр хөглөрсөн, тодорхой бүртгэлгүй, эмх цэгцгүй
- 2015 онд албан тушаал нь өөрчлөгдсөн таван албан хаагчийн хувийн хэргийн түүврээр авч үзэхэд хуучин албан тушаалаараа байх, ямар нэгэн нэмэлт бичилт, тушаалын хуулбараар баяжилт хийгдээгүй
- 2011 оноос өмнө албанд орсон албан хаагчдын төрийн албан хаагчийн анкет өөрчлөгдөөгүй, хувийн хэргүүдийг товъёоглоогүй, хуудаснууд дугаарлалтгүй, ямар материал нэмэгдсэнийг мэдэх боломжгүй, хүний хувийн хэрэг холилдсон /Б.С-ийн хувийн хэрэгт Н.Ж-ийн дипломын хуулбар байсан./
- Бүтцийн өөрчлөлттэй холбоотой, онцгой байдлын албаны цолоор болон бусад шагналаар шагнагдсан тухай тушаал болон өргөдөл, холбогдох материалыг албан хаагчдын хувийн хэрэгт баяжуулаагүй, баяжилт хийх шаардлагагүй гэж тайлбарласан, ажлаа мэддэггүй
- Өмнөх сард төлөвлөж батлуулан хийж гүйцэтгэсэн ажлыг дараа сардаа дахин төлөвлөж батлуулсан зэрэг зөрчил дутагдал илэрч, албаны шалгалтын дүгнэлтэд: Хүний нөөцийн хэрэг хөтлөгч, онцгой байдлын дэд ахлагч О.Е ийн гаргасан зөрчил, дутагдлын асуудлыг Онцгой байдлын ерөнхий газрын Ёс зүйн хурлаар хэлэлцэх, хариуцлага тооцох, Ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй холбогдох албан хаагчдад хариуцлага тооцох, сэлгэн ажиллуулахаар тус тус заагдсан. Онцгой байдлын ерөнхий газрын даргын Зөвлөлийн 2016 оны 3 дугаар сарын 24-ны өдрийн 2 дугаар хуралдаанаар Захиргааны удирдлагын газрын үйл ажиллагаанд иж бүрэн шалгалт явуулсан дүнгийн тухай асуудлыг хэлэлцэж, Захиргааны удирдлагын газрын хүний нөөцийн бүртгэлийн нэгдсэн сантай дэлгэцээр танилцахад дэд ахлагч О.Е ийн хариуцсан хүний нөөцийн мэдээллийн нэгдсэн сангийн баяжилт хийгдээгүй байдал тогтоогдсон ба 3 хоногийн хугацаанд шалгалтын ажлын хэсэгт бүртгэлийн нэгдсэн санг танилцуулаагүй тухай болон илтгэх хуудсанд дурдагдсан О.Е ийн ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн талаар хэлэлцэж Онцгой байдлын ерөнхий газрын дарга бригадын генерал Т.Б, дэд ахлагч О.Е удаа дараа ажлын хариуцлага алдаж, зөрчил дутагдал гаргадаг, ганц ээжтэйгээ амьдардаг гээд уйлж унжин учир зовлон ярихаар нь хоёр ч удаа хариуцлага тооцолгүй ажилд нь авч үлдэж байсан.
Өнөөдрийн байдлаар О.Е нь 243 алба хаагчийн хувийн хэрэг нээх шаардлагатай 77 албан хаагчийн хувийн хэргийг огт нээгээгүй болох нь тогтоогдоод байна. Дээр дурдсан баримтуудаас О.Е удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн байх тул Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2, 25 дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасныг үндэслэн төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэн орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан.
О.Е д сахилгын шийтгэл ногдуулсан бас нэг үндэслэл нь Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад алба хаах журмын “Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас чөлөөлөх, халах, албан тушаалаас нь түдгэлзүүлэх асуудлыг зохицуулсан 5 дугаар бүлгийн 5.5 дахь хэсэгт заасан “Албан хаагчийг дараах үндэслэлээр онцгой байдлын албанаас хална” заалтын 5.5.1-т заасан “Албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлж, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр 2-оос доошгүй удаа сахилгын шийтгэл хүлээсэн асуудал юм. Онцгой байдлын дэд ахлагч О.Е нь төрийн албанд томилогдсоноос хойш 4 удаа Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар сахилгын шийтгэл хүлээсэн байна.
Тухайлбал:
- Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/823 дугаартай тушаалаар “албан бичгийг удаа дараа алдаатай гаргасан” учир сануулах сахилгын шийтгэл
- Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн Б/138 дугаартай тушаалаар “Төрийн албаны зөвлөлийн бүрэлдэхүүн хөдөлгөөний тайланг хоцроосон тул сануулах сахилгын шийтгэл
- Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б/310 дугаартай тушаалаар “2015 оны 4 дүгээр сарын өдрийн 10-ны өдрийн “Яаралтай цуглар” дохиогоор ажиллахад хоцорсон” тул албан тушаалын цалингийн хэмжээг 1 сар 10 хувиар бууруулах сахилгын шийтгэл
- Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/682 дугаартай тушаалаар “Онцгой байдлын ерөнхий газрын онцгой объект, шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвийн байранд удаа дараа зөвшөөрөлгүй орж, байгууллагын дотоод журам ноцтой зөрчсөн” тул албан тушаалдаа бүрэн тэнцэхгүй байгааг сануулах сахилгын шийтгэл
- Эцэст нь Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/216 дугаартай тушаалаар төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэлийг тус тус оногдуулсан байна.
О.Е нь сахилгын арга хэмжээ авагдсанаас хойш 6 сар өнгөрөөгүй байхад буюу сүүлийн 4 удаагийн сахилгын шийтгэл ногдуулсан тушаал хооронд сахилгын шийтгэлд тооцох хугацаа дуусаагүй байх хугацаанд удаа дараа зөрчил гарган арга хэмжээ авахуулж байжээ. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн б/138 дугаар тушаалын тухайд:
Нэхэмжлэгч О.Е нь Онцгой байдлын ерөнхий газарт Хүний нөөцийн хэрэг хөтлөгч гэх ажлын байранд ажиллаж байхдаа ажлын байрны тодорхойлолтод заагдсан хүний нөөцийн мэдээллийн санд баяжилт хөдөлгөөн хийх, төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн хөдөлгөөний тайланг гаргах, холбогдох газарт хүргүүлэх чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлж байсан баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Уг чиг үүрэг нэхэмжлэгчид хамаарах бөгөөд уг үүргээ биелүүлээгүй тул Төрийн албаны зөвлөлөөс Онцгой байдлын ерөнхий газарт албан бичиг хүргүүлсэн байдаг. Үүнийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Энэ нь нэхэмжлэгчид хамааралгүй гэх тайлбарыг үгүйсгэх бөгөөд энэ асуудлаар шүүхэд гэрч н.Батжаргал мэдүүлэг өгсөн байдаг.
Мөн Монгол Улсын Шадар сайдын 2013 оны 41 дүгээр тушаалаар баталсан Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад алба хаах журмын 3.1-д заасны дагуу удирдах албан тушаалтнаас доод шатны албан тушаалтанд шууд цохилтыг хийдэггүй бөгөөд шат дараалсан албан тушаалтанд үүрэг өгснийг нэхэмжлэгч албан бичгээр өгсөн байдаг. Үүнийг биелүүлээгүй байдаг. Иймд дээрх б/138 дугаар тушаалаар сануулах сахилгын шийтгэлийг ногдуулсан.
Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн б/310 дугаар тушаалын хувьд Онцгой байдлын ерөнхий газрын дарга 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Яаралтай дохиогоор ажиллах тухай А/96 дугаар тушаал гаргасан. Энэ арга хэмжээ нь ажилтан, албан хаагчдын бэлэн байдал болон дүрэмт хувцасны бүрэн бүтэн байдлыг шалгах зорилгоор жил, улирал, сар тутамд хийгддэг төлөвлөгөөт ажил юм. Үүнийг хэн нэгэн урьдчилан мэдэх боломжгүйгээр бэлэн байдлын үзлэг шалгалт явагдсан. Уг шалгалтаар нэхэмжлэгч хувцасны зөрчилтэй гэж дүгнэгдсэн байдаг.
Миний хувьд хүртэл сахилгын шийтгэл хүлээн авсан байдаг. Тэгэхээр энэ нь хэн нэгнийг зориудаар унагаах гэсэн арга хэмжээ биш юм. Мөн өөрт сахилгын шийтгэл ногдуулсныг мэдсэн эсэх талаар гэрчийн мэдүүлгийг холбогдох хүмүүс шүүхэд өгсөн байдаг. Уг мэдүүлгүүдэд нэхэмжлэгчтэй хамт 7 хүнд сахилгын шийтгэл ногдуулсан бөгөөд уг тушаалыг бид мэдэх боломжтой байсан тул мэдсэн хэмээн гэрчийн мэдүүлгүүдийг өгсөн. Тухайн жилд явагдах арга хэмжээг жилийн эхэнд баталдаг бөгөөд мэдээллийн арга хэмжээг 14 хоногт нэг удаа зохион байгуулж тогтсон. Уг мэдээллийн арга хэмжээнд 14 хоногийн дотор гаргасан бүх шийдвэрийг захиргааны удирдлагын газраас гаргаж танилцуулдаг. Үүнийг н.Нарантуяа болон холбогдох бусад хүмүүс гэрчилсэн. Энэ нь нэхэмжлэгч тухайн тушаал, шийдвэрийг мэдээгүй гэх тайлбарыг үгүйсгэж байгаа юм.
Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн б/682 дугаар тушаалаар Онцгой байдлын ерөнхий газрын онцгой объект, шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвийн байранд удаа дараа, зөвшөөрөлгүй орж, байгууллагын дотоод журам ноцтой зөрчсөн хэмээн үзэж захиргаа удирдлагын газрын хүний нөөцийн хэрэг хөтлөгч, онцгой байдлын дэд ахлагч О.Е д албан тушаалдаа дүүрэн тэнцэхгүй байгааг сануулах арга хэмжээг авсан.
Монгол Улсын Шадар сайдын баталсан журмаар зөвхөн зөвшөөрөгдсөн хүн л нэвтрэх боломжтой шуурхай төвийн байранд нэхэмжлэгч факс явуулах нэрээр зөвшөөрөлгүй нэвтэрсэн бөгөөд энэ бүх зөрчил, арга хэмжээтэй холбоотой баримтыг цуглуулж, хүний нөөцийн хувийн хэрэг хөтлөх үүрэг бүхий этгээд нь нэхэмжлэгч өөрөө юм. Тэгэхээр дүрмээр зохицуулсан зохицуулалтыг зөрчин арга хэмжээг авсан талаар мэдээллийгг нэхэмжлэгч өөрөө хувийн хэрэгт хөтлөж байх ёстой. Сахилгын шийтгэлийг давхардуулан оногдуулахгүй гэсэн үндэслэлээр дээрх арга хэмжээнүүдийг авсан байдаг.
Мөн өвчтэй байхад арга хэмжээг авсан хэмээн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байна. Онцгой байдлын ерөнхий газар ажилчдын ирцийг нүдээр нь бүртгэж авдаг бөгөөд тухайн тушаал гарсан өдөр ажилдаа ирсэн гэдгийг нотлох баримтыг хавтаст хэрэгт нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгсөн.
Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн б/216 дугаар тушаалыг гаргахдаа Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2, 25 дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлийн 26.1.3, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.11, 25.2, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад алба хаах журмын 5 дугаар зүйлийн 5.5.1 дэх хэсэгт заасныг иш татан авсан байна. Иймд дээрх Онцгой байдлын ерөнхий газрын даргын гаргасан 4 тушаал эрх зүйн болон хуульд нийцсэн” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Е нь тус шүүхэд хандан анх “Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/216 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Онцгой байдлын ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/138 дугаар тушаал, 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б/310 дугаар тушаал, 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/682 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тул шүүх нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэн, хэргийг шийдвэрлэлээ.
О.Е нь Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Б/621 дүгээр тушаалаар Онцгой байдлын ерөнхий газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтэст Хүний нөөцийн хэрэг хөтлөгчөөр томилогдон ажилласан байна.
Нэхэмжлэгч О.Е нь: Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн Б/138 дугаар тушаалаар “Төрийн албаны зөвлөлийн бүрэлдэхүүн хөдөлгөөний тайланг хоцроосон” үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл,
2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б/310 дугаар тушаалаар “2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр “Яаралтай цуглар” дохиогоор ажиллахад хоцорсон” үндэслэлээр цалингийн хэмжээг 1 сар 10 хувиар бууруулах сахилгын шийтгэл,
2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/682 дугаар тушаалаар “Онцгой байдлын ерөнхий газрын онцгой обьект, шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвийн байранд удуу дараа, зөвшөөрөлгүй орж, байгууллагын дотоод журам ноцтой зөрчсөн” үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл хүлээн улмаар мөн газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/216 дугаар тушаалаар “Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2, 25 дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлийн 26.1.3, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.11, 25.2, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад алба хаах журмын 5 дугаар зүйлийн 5.5.1-дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн ... 2015 оны төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, 2015 оны 11-12 дугаар сард зохион байгуулагдсан Онцгой байдлын ерөнхий газрын даргын нэрэмжит түвшин тогтоох үзлэгээр 2015 оны төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, 2015 оны 11-12 дугаар сард зохион байгуулагдсан Онцгой байдлын ерөнхий газрын даргын нэрэмжит түвшин тогтоох үзлэгээр “D” дүнтэй тус тус дүгнэгдэж, ажлын байрны тодорхойлолтод заасан албан үүрэг, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн, ажлын хариуцлага алдаж (3 удаа) сахилгын шийтгэл хүлээсэн Захиргааны удирдлагын газрын Хүний нөөцийн хэрэг хөтлөгч, онцгой байдлын дэд ахлагч О.Е ийг 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл тус тус хүлээжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа О.Е нь тухайн зөрчлүүдийг гаргаж байгаагүй, ажлын байрны тодорхойлолтод нь заасан чиг үүрэгт нь хамааралгүй үндэслэлээр арга хэмжээ авч, улмаар үүнийгээ үндэслэн халах тушаал гаргасан гэж маргаж байна.
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5-д зааснаар хариуцагч Онцгой байдлын ерөнхий газрын дарга нь харьяа нэгжийн дарга, албан хаагчийг томилох, чөлөөлөх бүрэн эрхтэй боловч төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас халах, чөлөөлөх тохиолдолд Төрийн албаны тухай болон холбогдох бусад хууль тогтоомжийг баримтлах учиртай.
Хэрэгт цугларсан нотлох баримт, гэрч нарын мэдүүлгээс үзвэл, нэхэмжлэгч О.Е нь Онцгой байдлын ерөнхий газраас Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн Төрийн албаны зөвлөлийн бүрэлдэхүүн хөдөлгөөний тайланг хоцроосон, 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр зарлагдсан “Яаралтай цуглар” дохиогоор ажиллахад хоцорсон, Онцгой байдлын ерөнхий газрын онцгой обьект болох Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвийн байранд зөвшөөрөлгүй нэвтрэн орж, байгууллагын дотоод журмыг зөрчсөн зөрчлүүдийг гаргасан гэх боловч хариуцагч Онцгой байдлын ерөнхий газрын даргаас түүнд сахилгын шийтгэл ногдуулахдаа Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9 болон Засгийн газрын 1995 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 97 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ын 2 дугаар зүйлийн 4-т заасан “сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоох, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулах, зөрчил гаргасан албан хаагчийг уг баримт материалтай танилцаж тайлбар хийх” боломжоор хангах үүргээ хэрэгжүүлээгүй,
Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/216 дугаар тушаалд дурдсан зөрчил болох “2015 оны төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, 2015 оны 11-12 дугаар сард зохион байгуулагдсан Онцгой байдлын ерөнхий газрын даргын нэрэмжит түвшин тогтоох үзлэгээр 2015 оны төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, 2015 оны 11-12 дугаар сард зохион байгуулагдсан Онцгой байдлын ерөнхий газрын даргын нэрэмжит түвшин тогтоох үзлэгээр “D” дүнтэй тус тус дүгнэгдэж, ажлын байрны тодорхойлолтод заасан албан үүрэг, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн” гэх зөрчлийг “Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын үйл ажиллагаанд дотоод, хяналт, шалгалт, зохион байгуулах журам”-ын дагуу баталсан Монгол Улсын Шадар сайдын 2015 оны 124 дүгээр тушаалаар батлагдсан “Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалт зохион байгуулах журам”-ын дагуу баталсан удирдамжийн хүрээнд албаны бие бүрэлдэхүүний 2015-2016 оны үйл ажиллагаанд явуулсан иж бүрэн шалгалтын хүрээнд 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 3 дугаар сарын 04-ний өдрийн хооронд шалган тогтоож, энэхүү зөрчилд 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр сахилгын хариуцлага хүлээлгэсэн гэх боловч Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэг болон Онцгой байдлын байгууллагын ажилтны сахилгын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.
Гэвч, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 болон 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар Онцгой байдлын ерөнхий газрын албан хаагч нь “...үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулах, нийгмийн хэв журмыг хамгаалахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэгч” этгээд болохын хувьд захирах, захирагдах ёсны зарчмыг баримтлан, өргөсөн тангарагтаа үнэнч байж, Төрийн албаны тухай болон Цэргийн албаны тухай хуульд заасан шаардлага, онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас тогтоосон журам, эрүүл мэнд, бие бялдар, мэргэжил, боловсролын болон ёс зүйн шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан этгээд байх учиртай.
Иймд нэхэмжлэгч О.Е нь Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн Б/138 дугаар тушаал, 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б/310 дугаар тушаал, 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/682 дугаар тушаал болон 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/216 дугаар тушаалуудад дурдсан зөрчлийг бодитоор гаргасан эсэх, хэрэв гаргасан бол түүнийг Захиргааны ерөнхий хууль болон Төрийн албаны тухай хууль тогтоомжид заасан журмын дагуу шалган тогтоож, тодруулсны үндсэн дээр хариуцлага ногдуулах эсэх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байх бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн Б/138 дугаар тушаал, 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б/310 дугаар тушаал, 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/682 дугаар тушаал болон 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/216 дугаар тушаалыг Онцгой байдлын ерөнхий газрын даргын дахин шинэ акт гаргах хүртэл 3 /гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс тогтоосон хугацаанд Онцгой байдлын ерөнхий газрын дарга нь дахин шинэ акт гаргаагүй бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д зааснаар Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн Б/138 дугаар тушаал, 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б/310 дугаар тушаал, 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/682 дугаар тушаал болон 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/216 дугаар тушаал хүчингүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Засгийн газрын Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.3.5, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 26 дугаар зүйлийн 26.4, 26.9, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.2, 27.2.1, 27.5, 27.6 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн Б/138 дугаар тушаал, 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б/310 дугаар тушаал, 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/682 дугаар тушаал болон 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/216 дугаар тушаалыг Онцгой байдлын ерөнхий газрын даргаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан журмын дагуу явуулах бөгөөд Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалын үндэслэл болсон дотоод аудитын ажлын тайлан болон томилолтын илтгэх хуудаст дурдагдсан үндэслэлийн хүрээнд нэхэмжлэгчээс зөрчил тус бүрээр нь зөвшөөрсөн болон зөвшөөрөөгүй талаар тайлбар авч, сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл үйлдэх бөгөөд захиргааны акт гаргах 3 /гурав/ сарын хугацаа шүүхийн шийдвэрийг бичгээр гарснаас хойш тоологдохыг мэдэгдсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн Б/138 дугаар тушаал, 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б/310 дугаар тушаал, 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/682 дугаар тушаал болон 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/216 дугаар тушаал хүчингүй болсонд тооцсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН
ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ