Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2020/0152/З |
Дугаар | 221/МА2020/0540 |
Огноо | 2020-09-10 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2020/0540
Ж.Д-гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгч Ж.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 470 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ж.Д-гийн нэхэмжлэлтэй, Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 07 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.10.3-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Ж.Д-гийн гомдлын шаардлагыг хангаж, Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Ж.Ц-ын гаргасан 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 0055546 дугаар, мөн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 0055552 дугаар шийтгэлийн хуудсуудыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож шийдвэрлэжээ.
Хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Ж.Ц-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У давж заалдах гомдолдоо: Ж.Д /Ард даатгал ХК-ийн ТУЗ-ийн нарийн бичгийн дарга/ нь 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар “компанийн шүүхэд нэхэмжлэгч, хариуцагчаар оролцож буй тухай мэдээлэл”-ийг “Монголын хөрөнгийн бирж” ХК /www.mse.mn/-ийн цахим хуудсанд хүргүүлэхдээ “Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байгаа мэдээллийг орхигдуулсан. Мөн 2019 оны 09 дүгээр 13-ны өдрийн байдлаар “Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагчаар оролцож буй мэдээллээ оруулахдаа тухайн үйл явдал, өөрчлөлт болсоноос хойш ажлын нэг өдөрт багтаан нийтэд мэдээлээгүй гэх хоёр зөрчлийг гаргасан байдаг. Дээрх үйлдэл нь хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдыг төөрөгдүүлэх, тухайн маргаанууд шүүхээр хянан шийдвэрлэгдэж дууссан гэх ойлголт төрүүлэх, үнийн дүн өндөртэй уг маргаан бүхий хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа одоо хүртэл үргэлжилж байгаа талаар олон нийтэд мэдээлэхгүй байгаа нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7, Хорооны 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 443 дугаар тогтоолоор баталсан “Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын журам”-ын 3 дугаар зүйлийн 3.2.2.11 дэх заалтыг зөрчсөн. Уг үйлдэлтэй холбогдуулан иргэн А.Б-ын ирүүлсэн гомдол, мөн “М” ХК-ийн цахим хуудсанд байршуулсан “А” ХК-ийн мэдээлэл, “А” ХК-ийн ТУЗ-ын нарийн бичгийн дарга Ж.Д-гээс авсан тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байсан тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан шийтгэл оногдуулах гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 0055546 дугаар, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 00055552 дугаар шийтгэлийн хуудсуудыг үйлдэж, холбогдох этгээдэд танилцуулж баримтжуулсан.
Энэхүү ажиллагаа нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7-д “Компанийн үйл ажиллагаа, санхүүгийн байдлын талаарх мэдээллийг Хорооноос тогтоосон журмын дагуу нийтэд мэдээлэх”, “Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын журам”-ын 3 дугаар зүйлийн 3.2.2.11-д “компани шүүхэд нэхэмжлэгч, хариуцагчаар оролцох”, 3.3-т “Компани нь энэ журмын 3.2-т заасан аливаа үйл явдал, өөрчлөлтийн талаарх мэдээллийг тухайн үйл явдал, өөрчлөлт болсоноос хойш ажлын 1 өдөрт багтаан нийтэд мэдээлэх” гэж тус тус заасны дагуу мэдээлэх үүргээ хэрэгжүүлээгүй зөрчил гаргасанд нь Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл ногдуулсан үйлдэл нь дээрх хууль, журамд нийцэж байгаа бөгөөд хуульд заагаагүй, хуулийг буруу хэрэгжүүлэх байдлаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
Гэтэл шүүхээс Захиргааны ерөнхий хуулийн 47.1.1, 47.1.6-д заасныг баримталж уг актыг илт хууль бус захиргааны акт гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2.1.2 дахь хэсэгт “Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно” гэж заасны дагуу Ж.Д нь дээрх үйлдэлтэй холбогдуулан зөрчил үйлдсэн нь хэрэг бүртгэлийн ажиллагааны явцад тогтоогдсон.
Мөн шүүхээс байцаагчийн “2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 0055546 дугаар шийтгэлийн хуудсаар гомдол гаргагчид Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэл ногдуулсан нь утга агуулгын илэрхий алдаатай” гэж үзсэн байх бөгөөд тухайн шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэжээ.
Хэдийгээр байцаагчийн ногдуулсан шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсэгтээ хуулийн зүйл заалтыг бичихдээ техникийн шинжтэй алдаа буюу 11.10 гэж бичих бичиглэл нь 11.30 гэж бичсэн болох нь хэрэгт авагдсан шийтгэлийн хуудас, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байх боловч энэхүү нөхцөл байдал нь гомдол гаргагчийн Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20.1.7, Хорооны 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 443 дугаар тогтоолоор баталсан “Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын журам”-ын 3 дугаар зүйлийн 3.2.2.11 дэх заалтыг зөрчсөн зөрчлийг гаргасан гэх нөхцөл байдлыг үгүйсгэхгүй, шийтгэлийн хуудсыг бүхэлд нь илт хууль бусад тооцуулах хуульд заасан үндэслэлд хамаарах алдааг гаргаагүй гэж үзэж байна.
Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.1-д “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино” гэж заасан байх тул дээрх үйлдэлтэй нь холбогдуулан гаргасан зөрчилд нь зөрчлийн шинжийг харгалзан хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцэж байна. Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 470 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаар үнэн зөв дүгнээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Ж.Д нь Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Ж.Ц-ын 0055552, 0055546 шийтгэлийн хуудсыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох гомдлын шаардлагыг гаргасан байна.
Санхүүгийн Зохицуулах Хорооны улсын байцаагч Ж.Ц 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 0055546 дугаар шийтгэлийн хуудсаар “А” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Д нь Хорооны 2015 оны 443 дугаар тогтоолоор баталсан “Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын журам”-ын 3.2.2.11 дэх заалтыг зөрчсөн нь холбогдогчоос авсан тайлбар, бусад нотлох баримтуудыг үндэслэж Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу 2,000,000 төгрөгөөр торгож, мөн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 0055552 дугаар шийтгэлийн хуудсаар “А” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Д нь Хорооны 2015 оны 443 дугаар тогтоолоор баталсан “Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын журам”-ын 3.2.2.11 дэх заалтыг зөрчсөн нь “М” ХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны, 11 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаарх “А” ХК-ийн нэхэмжлэгч хариуцагчаар оролцож буй мэдээлэл, холбогдогчийн мэдүүлгээр тогтоогдсон гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу 2,000,000 төгрөгөөр торгосон байна.
Тус актуудыг эс зөвшөөрч нэхэмжлэгч Ж.Д нь “...уг захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны акт, Зөрчлийн тухай хуульд байдаггүй шийтгэлийн хуудас гаргасан тул илэрхий алдаатай, илт хууль бус...” гэж маргасан байна.
2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Зөрчлийн хэрэг нээх тухай” тогтоолоор хариуцагч нь “А” ХК-ийг шүүхэд нэхэмжлэгч хариуцагчаар оролцох тухай мэдээллээ тухай бүр бүрэн гүйцэд нийтэд мэдээлээгүйд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар буюу үнэт цаас гаргагчийн нь хувьд тус компанид холбогдуулж зөрчлийн хэрэг нээсэн бөгөөд нэхэмжлэгч Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 3-д заасан үнэт цаас гаргагчийн нийтлэг үүргийг хэрэгжүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан шийтгэл оногдуулах үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 0055546 дугаар, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 00055552 дугаар шийтгэлийн хуудсуудыг үйлдэж, холбогдох этгээдэд танилцуулж баримтжуулсан байна.
Нэхэмжлэгч Ж.Д /А ХК-ийн ТУЗ-ийн нарийн бичгийн дарга/-ын хувьд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7-д “Компанийн үйл ажиллагаа, санхүүгийн байдлын талаарх мэдээллийг Хорооноос тогтоосон журмын дагуу нийтэд мэдээлэх”, “Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын журам”-ын 3 дугаар зүйлийн 3.2.2.11-д “компани шүүхэд нэхэмжлэгч, хариуцагчаар оролцох”, 3.3-т “Компани нь энэ журмын 3.2-т заасан аливаа үйл явдал, өөрчлөлтийн талаарх мэдээллийг тухайн үйл явдал, өөрчлөлт болсоноос хойш ажлын 1 өдөрт багтаан нийтэд мэдээлэх” гэж тус тус зааснаар мэдээлэх үүргээ хэрэгжүүлээгүй зөрчил гаргасан нь Зөрчлийн тухай хуулиар шийтгэл ногдуулсан нь үндэслэл бүхий байна.
Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаас шалтгаалж актын хууль зүйн үндэслэлийг хянаагүй бөгөөд “...А ХК-ийн ТУЗ-ийн нарийн бичгийн дарга Ж.Д-д буюу хүнд холбогдуулж шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл А ХК нь үнэт цаас гаргагч хуулийн этгээдийнхээ хувьд Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 3-д заасан зөрчил гаргасан эсэхийг шалгаж тогтоох ёстой...” гэж үндэслэлгүй дүгнэлтийг өгчээ.
Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын журмын 1 дүгээр зүйлийн 1.4-д “...Мэдээллийг нээлттэй болгох ажиллагааг компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга гүйцэтгэнэ...” гэж заасан бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 3-д зааснаар Хууль тогтоомжид заасан үнэт цаас гаргагчийн нийтлэг үүргийг хэрэгжүүлээгүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заажээ.
Өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэлийн зорилго хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход чиглэгдсэн тул нэхэмжлэгч Ж.Д “А” ХК-ийн ТУЗ-ийн нарийн бичгийн даргад холбогдуулан шийтгэл ногдуулсныг буруутгах үндэслэлгүй.
Түүнчлэн Зөрчлийн тухай хуульд “...11.30 дугаар зүйлийн 3 дахь хэсэг...” гэсэн заалт байхгүй бөгөөд хариуцагчийн ногдуулсан шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсэгт хуулийн зүйл заалтыг бичихдээ техникийн алдаа гаргасан буюу “утга агуулгын илэрхий алдаатай” гэх шинжид хамаарахгүй байна. Тус актуудыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан тохиолдлуудын шинжийг агуулсан, илт хууль бус захиргааны акт гэж үзэж хүчингүй болгох нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “...иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй...” гэдэгт хамааруулах үндэслэлгүй.
Учир нь захиргааны байгууллага өөрт нь хуулиар олгогдсон чиг үүргийг санаачлагаараа хэрэгжүүлэх, дээд шатны захиргааны байгууллагын хуульд нийцсэн үүргийг биелүүлэх, эсхүл иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг үндэслэн захиргааны шийдвэр гаргах ажиллагаа эхлээгүй зэрэг шаардлагууд хангагдаагүй тохиолдолд иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзэхээр байна.
Хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д утга агуулгын илэрхий алдаатай, 47.1.6-д иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэснийг зөрчиж илт хууль бус захиргааны акт гаргасан гэж дүгнэх хууль зүйн боломжгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 470 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Д-гийн Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч Ж.Ц-д холбогдуулан гаргасан, “Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн 0055552, 0055546 дугаар шийтгэлийн хуудсыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН