Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2026/ХШТ/07

 

 

Д.Г-т

холбогдох хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Ц.Оч, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Г.Эрдэнэ, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэл, нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2155 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1231 дүгээр магадлалтай Д.Г-т холбогдох эрүүгийн 2508000001287 дугаартай хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Б.Батцэнгэл нарын гаргасан гомдлыг үндэслэн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Очийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1974 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Завхан аймагт төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүрэг, ** дүгээр хороо, Зээл * дугаар гудамж, ** тоотод оршин суух хаягтай, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, Б овогт Д-н Г (РД:********).

Шүүгдэгч Д.Г нь 2025 оны 06 дугаар сарын 22-ны үүрийн 04:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Алтан-Овоо *-** тоотод оршин суух хохирогч Б.О-ын хүн байнга амьдрах зориулалтай нийтийн байранд хууль бусаар нэвтрэн орж, түүний эзэмшлийн “Айфоне-11 промакс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 980.000 төгрөгийн хохирол учруулсан буюу “Хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хянан хэлэлцээд 2155 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Г-ыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Г-ыг 2 /хоёр/ жил хорих ялаар шийтгэж,

шүүгдэгч Д.Г-т оногдуулсан 2 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд 1231 дүгээр магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Д.Г хяналтын шатын шүүхэд гаргасан гомдолдоо: “...Миний бие ам бүл 6, эхнэр, сургуулийн насны дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Тус хэрэг 2025 оны 06 дугаар сарын 22-ны шөнө 04:00 цагийн үед болсон ба би 2025 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ажил хийх зорилгоор Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотод ирж, Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Алтан-Овоонд байрлах нийтийн байранд 1 сар амьдрахаар түрээсэлж, төлбөрийг нь төлсөн.

Тухайн өдрийн 18:00 цагийн үед миний бие тус байранд амьдарч байсан хүмүүстэй танилцаж, нийлж архи ууцгаасан. Ойролцоогоор 4-6 хүн байсан ба нэг нэгнийхээрээ орж гарч, би хүүхдүүдэд нь чихэр, боов авч өгсөн. Нэлээд архи уусан ба би тасраад шөнө 04:00 цагийн үед ам цангаад сэрж ус уучхаад утсаа шалгатал байгаагүй. Тэгээд утсаа хайгаад нэг айлын хаалга тогштол эхнэр нь урдаас “таны утас байхгүй, шөнө болсон байна” гээд хаалгаа хаасан. Тэгээд дараагийн айл руу ороход хаалга нь онгорхой байсан ба ширээн дээр нь минийхтэй адил хар кэйстэй утас байх шиг байсан. Би утсыг авч гараад өрөөндөө ороод унтсан. Өглөө сэрээд утсаа аваад гарах гэтэл өөр утас байсан. Тэгээд өрөөндөө утсаа хайж байгаад орны араар унасан байсныг олж авсан. Улмаар өөр хүний утас андуурч авч ирснээ ойлгоод өрөөндөө орхиод дэлгүүр явсан. Өглөө эрт айлууд унтаж байсан тул хэний утас эсэхийг асууж лавлалгүй эзэн нь олдоно гэж бодоод санаа зовоогүй. Дэлгүүр ортол уурхайд цуг ажил хийж байсан залуу таарсан. Ойрд уулзаагүй учир юм ярьж байгаад архи, пиво аваад хойд уулан дээр ууцгаасан. Тэгээд өмнөх өдөр нь уучихсан байсан учраас амархан согтсон. Байрандаа иртэл цагдаа ирчихсэн байсан. Согтолт их байсан учир эрүүлжүүлэхэд хонуулсан. Маргааш нь байцаагчтай хамт ирээд нийтийн байранд байсан утсыг нь авч өгсөн.

Миний бие Д.Г нь хулгай хийх, ашиг хонжоо харах, бусдыг хохироох ямар ч сэдэлтгүй байсан ба утсыг эзэнд нь хүлээлгэж өгсөн тул өөрийгөө гэм буруутай гэж үзэхгүй байна. Хэрэг бүртгэгч гэрчээс мэдүүлэг аваагүй. Надад тухайн утсыг хулгайлах, зарах, ашиглах ямар ч шаардлага байхгүй. Тухайн үед миний дансанд өөрийн хэмжээнд хангалттай мөнгө байсан. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдэж, гэм буруугүйд тооцож өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэл хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: “...Д.Г-ын хувьд “2025 оны 06 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө иргэн Б.О-ын гэрт хууль бусаар нэвтэрч, түүний гар утсыг хулгайлж, 980.000 төгрөгийн хохирол учруулсан” гэх гэмт хэрэгт холбогдсон.

Болсон үйл явдлын талаар: Шөнө утсаа хайгаад олоогүй тул хамт архи уусан хүмүүсийн гэрээр орж утсаа асуугаад заримд нь хөөгдөөд гарсан гэдэг бөгөөд хохирогчийн гэрийн хаалга онгорхой байсны улмаас орж, гар утсыг нь өөрийн утастай андууран авч ирсэн байдаг. Өглөө нь босоод хүний гар утас гэдгийг мэдээд эзэн нь хэн болохыг мэдэхгүй тул өрөөндөө үлдээгээд дэлгүүр явсан байдаг. Дэлгүүрт таньдаг хүнтэйгээ таарч үргэлжлүүлэн архи ууж яваад орой ирэхэд нь цагдаа хүлээж байгаад авч явж эрүүлжүүлсэн байх бөгөөд маргааш нь буюу 2025 оны 06 дугаар сарын 23-ны өглөө түүнийг эрүүлжүүлэхээс аваад хохирогчийн гар утсыг асуухад нь хөлсөлсөн өрөөндөө үлдээсэн талаар хэлж, цагдааг дагуулан ирж утсыг нь өгсөн байдаг. Тухайн гар утсыг шунахай сэдэлтээр буюу хувьдаа завших, зарж борлуулах, барьцаанд тавих зэрэг ямар нэгэн байдлаар буцааж өгөхгүй байх санаа зорилго агуулаагүй байна.

Хувийн байдлын талаар: Миний үйлчлүүлэгч Д.Г нь Дархан-Уул аймагт эхнэр, 2-16 насны дөрвөн хүүхдийн хамт амьдардаг, гагнуурчин мэргэжилтэй. Эхнэр н.Гэрэлмаа нь гэртээ хүүхдүүдээ хардаг. Ганцаараа ажил хийж гэр бүлээ тэжээн тэтгэдэг.

Мөрдөн шалгах ажиллагаа учир дутагдалтай явагдсан талаар: Хэргийн материалтай танилцахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь шалгаж хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ хангалттай биелүүлээгүй, хэрэгт нотолбол зохих байдал, түүний дотроос 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг огт шалгаагүй, нотлоогүй байдаг. Мөрдөгчийн хувьд камерын бичлэгээр нотлогдсон гэж үзэн мөрдөн шалгах ажиллагааг хязгаарласан бололтой. Камерын бичлэг нь үйл баримтыг л бичдэг. Тэгвэл тухайн камерын бичлэгт бичигдсэн үйл баримтын хүрээнд үйлдлийн сэдэлт, зорилгыг тогтоосноор эд зүйлийг хувьдаа завших, буцааж өгөхгүй байх, зарж борлуулах, ашиг хонжоо олох зэрэг гэмт санаа зорилго байсан эсэхийг заавал шалгаж тогтоосон байх шаардлагатай. Мөрдөгч зөвхөн камерын бичлэгээр нотлогдож байгаа гэж үзэн сэдэлт, зорилгыг шалгаагүй нь нотолбол зохих байдлыг нотлоогүй гэж үзэх үндэслэл болно.

Шүүхийн шийдвэрийн талаар: Миний бие шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэж хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх хүсэлтийг гаргасан боловч шүүх хүлээн аваагүй. Харин өмгөөлөгч миний бие өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн нэг чухал шинж болох шунахай зорилго буюу гэмт санаа зорилго байгаагүй хэмээн үзэж дүгнэлтээ гаргасан болно. Учир нь Д.Г-ын хувьд маргааш өглөө нь хүний гар утас гэдгийг мэдээд түүнийг зарж борлуулах ямар нэгэн оролдлого хийгээгүй, хамт архи уусан хүн утсаа үлдээсэн байна, эзэн нь ирээд авах байх гээд үлдээгээд гарсан байдаг. Түүнчлэн өрөөндөө байсан утсыг зааж өгснийг нь ч тухайн үед үзлэг хийж бэхжүүлээгүй, хэргийн материалд тусгаагүй байсан.

Өөрөөр хэлбэл, хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь шалгаагүй, нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд нотлоогүй атлаа хулгайлах гэмт хэрэг үйлдэгдсэн хэмээн дүгнэсэн байна. Д.Г-ын бусдын гар утсыг андуурч авсан үйлдэлд шунахай зорилго байсан бол өглөө нь тухайн гар утсыг зарах, архины барьцаанд тавих гэх мэт ямар нэгэн хэлбэрээр өөртөө ашиг хонжоо олох боломж бүрэн байсан. Гэвч тэрээр бусдын гар утсыг зарах, борлуулах, арилжих зэргээр ашиг хонжоо олох, эдийн засгийн давуу байдал олох гэх мэт ямар нэгэн байдлаар бусдын эд хөрөнгийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөр хийхгүй бүрмөсөн өөрийн болгох санаа зорилго байгаагүй байна.

Мөрдөн шалгах ажиллагаа учир дутагдалтай явагдсаны улмаас дээрх бодит байдлыг хэргийн материалд бүрэн тусган бэхжүүлээгүй, Д.Г-ыг бусдын утсыг авсан нь гэмт хэрэг гэж үзэн гэм бурууг нь хүлээлгэх байдлаар мэдүүлгийг нь хэрэгт тусгасан нь мөрдөгчийн хуулийн мэдлэг чадвартай холбоотой бөгөөд хэргийн бодит байдлыг мэдсээр атлаа шалгаж хэрэгт тусгаагүй, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн нотолбол зохих сэдэлт, зорилгыг нотлохгүй орхигдуулсан байхад прокурор анхаарч үзэхгүйгээр яллах дүгнэлт үйлдэж байгаа нь шүүхээс өмнөх шатны мөрдөх, хянах байгууллагын ажилтнуудын сэтгэлгүй, мэдлэггүй, чадваргүй байдлын улмаас жирийн нэг иргэн хилсээр ял шийтгүүлэх нөхцөл байдлыг үүсгэсэн байна.

2015 оны Эрүүгийн хуулиар гэмт хэргийн бүрэлдэхүүний асуудал яригдахгүй болсон ч гэмт хэргийн шинжтэй эсэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд шалгасны эцэст шийдвэрлэхээр зохицуулснаас үзэхэд гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг нотолсон байхыг шаардана. Гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг тогтоогоогүй учраас хэргийн үйл баримтын хүрээнд тухайн үеийн нөхцөл байдлын талаар шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарыг нь гэм буруу дээрээ маргаж байна гэж үзэн түүний эрх зүйн байдлыг дордуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт шунахай зорилго буюу сэдэлт, санаа зорилгыг нотолсон байх талаар: Улсын дээд шүүхийн 1997 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 259 дүгээр тогтоолоор баталсан Эрүүгийн хуулийн 3 дугаар бүлгийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай тайлбарт “Бусдын эд хөрөнгийг хулгайлж ашиглан шамшигдуулах нь эд хөрөнгийг бусдын эзэмшлээс нууц далд аргаар, шунахай зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах үйлдлээр илэрнэ” гэж, Улсын дээд шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар тогтоолоор баталсан Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах тухай тайлбарт “Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр. хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүрмөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулсан шууд санаатай үйлдлийг ойлгоно” гэж, Улсын дээд шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 154 дүгээр тогтоолд “...Шүүгдэгч нь гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн санаа зорилго, сэдэлтээр хохирогчийн эд хөрөнгийг авсан байх ёстой...” гэж, Улсын дээд шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 24 дугаартай тогтоолоор “...гэм буруутай эсэхэд гэдэгт гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр болон гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоон тодорхойлоход үүссэн үндэслэл бүхий эргэлзээг хамааруулж үзнэ” гэж тус тус тайлбарласан байдаг.

Үүнээс үзвэл хүний гэм буруутай эсэхийг тогтоохын тулд зөвхөн объектив үйл баримт хангалтгүй бөгөөд гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг зөв тогтоон тодорхойлох шаардлагатайгаас гадна эргэлзээ үүсвэл гэм буруугүйд тооцох зарчмын дагуу тухайн этгээдэд ашигтайгаар шийдвэрлэх нь хууль дээдлэх, шударга ёсны зарчимд тус тус нийцнэ.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү.” гэв.

Прокурор Г.Эрдэнэ хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Г-ыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил хорих ялаар шийтгэсэн. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Прокурорын зүгээс хэргийн материал, хэрэг гарсан байдалд ач холбогдолтой хяналтын камерын бичлэгтэй танилцаад шүүгдэгчийн үйлдэлд хулгайлах гэмт хэргийн объектив шинж тогтоогдож байгаа боловч сэдэлт, санаа, зорилгын хувьд шунахайн сэдэлтээр хохирогчийн гар утсыг авсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нь хохирогчийн гар утсыг өөрийн гар утастай андуурч авсан байх боломжтой. Шүүгдэгчийн үйлдлийг хулгайлах гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж үзэж байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах нь зүйтэй гэж дүгнэж байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Б.Батцэнгэл нарын гаргасан гомдлыг үндэслэн Д.Г-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндсэн нөхцлүүдийн нэг болох гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив тал нь гэмт үйлдлийн илрэн гарсан хэлбэр, арга, гэмт хэрэг үйлдсэн орон зай, цаг хугацаа, ашигласан зэвсэг хэрэгсэл зэргээс шууд хамаарч, үүгээрээ хэргийн зүйлчлэл, оногдуулах ялын төрөл, хэмжээнд нөлөөлдөг онцлогтой.

Тиймээс хууль тогтоогч нийгэмд аюултай тодорхой гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заахдаа ихэвчлэн түүний гол шинж болох объектив талын буюу үйлдэл, эс үйлдэхүй, хохирлыг хуульчилдаг болно.

Тухайлбал, гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын нэмэгдэл шинж болох гэмт хэрэг үйлдсэн арга, орон зай, цаг хугацаа, нөхцөл байдал, ашигласан зэвсэг хэрэгсэл зэрэг нь тодорхой гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тогтоосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсэг, заалтын диспозицэд заагдсан бол объектив талын заавал байх үндсэн шинжид хамаарч, үүнээс шалтгаалж хэргийн зүйлчлэл тодорхойлогдоно.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэнийг уг хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр тогтоосон бөгөөд тэрхүү нэвтрэлт нь хууль бус байснаар энэ гэмт хэргийн шинж бүрэн хангагддаг болно.

4.Хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, эсхүл онгорхой байхад нь гэмт санаа агуулж сэм орсон бол хууль бус нэвтрэлт гэж үздэг.

5.Энэ хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжигдэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд шүүгдэгч Д.Г нь 2025 оны 06 дугаар сарын 22-ны үүрийн 04:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Алтан-Овоо *-** тоотод оршин суух хохирогч Б.О-ыг унтаж байхад нь орж, түүний эзэмшлийн “Айфоне-11 Промакс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт тогтоогджээ.

Тодруулбал, шүүгдэгч Д.Г нь “Тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, үүрээр өөрийнхөө утсыг хайгаад олоогүй, утсаа хайж байгаад нийтийн байрны хажуугийн айлд ортол хаалга нь онгорхой байхаар нь тэр чигтээ ороход эзэд нь унтацгааж байсан, улмаар зурагтын шүүгээн дээр байсан гар утсыг аваад гарсан” талаар тодорхой мэдүүлсэн байна.

Энэ мэдүүлэг нь хохирогч Б.О-ын “...2025 оны 06 дугаар сарын 22-ны шөнийн 00:30 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Алтан-Овоо *-** тоотод байх нийтийн байрандаа нөхөр н.Б- хамт ирээд гадаа халуун болохоор нь хаалгануудаа онгойлгоод унтсан. Өглөө нь буюу 10:00 цагийн орчимд босоод харахад миний гар утас байхгүй байсан...” гэх мэдүүлгээр давхар нотлогдож, харилцан уялдаа бүхий байдлаар гэмт хэргийн үйл баримтыг нотолжээ.

6.Гэмт хэрэг гарсан цаг хугацаанд хохирогч Б.О-ын нийтийн байрны хаалга онгорхой байсныг хохирогч батлан мэдүүлсний зэрэгцээ 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр түүний мэдүүлгийн эх сурвалж давхар нотлогдож байхад тэдгээрийг няцаан үгүйсгэсэн дүгнэлтийг хийхгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан шүүхийн дүгнэлтэд тавигдах шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Шүүгдэгч Д.Г нь нийтийн байрны онгорхой хаалгаар орохдоо хүмүүс унтаж байгааг тооцоолсон, нэвтрэхийн өмнө гар утсыг хэн нэгэнд мэдэгдэлгүйгээр хулгайлах боломж байгааг мэдэж төлөвлөсөн гэж дүгнэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүний үйлдлийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчлэх үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн хүний гэм бурууг, тухайн гэмт хэргийг үйлдсэн сэдэлт, санаа зорилгын хамт тогтоох ёстой бөгөөд шүүгдэгч нь хохирогчийн гэрт нэгэнт нэвтэрсний дараа утас хулгайлах хүсэл зориг үүссэн гэж дүгнэхээр байна.

Гэрийн хаалга онгорхой байхад хөршийн хувиар орж байгаа үйлдлийг хууль бусаар нэвтэрсэн, түүнчлэн гэрт орохоосоо өмнө тэрээр гэрт байгаа хүмүүс унтаж байгааг мэдсэн байх, мөн хохирогчийн гар утсыг хэн нэгэнд мэдэгдэлгүйгээр хулгайлах боломж байгааг гэрт нэвтрэхийн өмнө урьдаас мэдэж төлөвлөж үйлдсэн гэж дүгнэх, нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

7.Хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдах явцад хэргийн талаар итгэл үнэмшил төрүүлэхүйц нөхцөл байдлыг нотлон харуулах болсон баримт сэлтэд үнэн зөв, учир холбогдлын дэс дараа бүхий дүгнэлт хийх замаар тогтоосон хэргийн жинхэнэ байдалд хуулийн бүх шалгуурт нийцүүлэн хууль зүйн дүгнэлт хийснээр шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлага хангагдах учиртай.

8.Харин хяналтын шатны шүүхээс хохирогч Б.О-ын гар утсыг хууль бусаар авсан шүүгдэгч Д.Г-ын үйлдэл болон түүний өмгөөлөгч Б.Батцэнгэл нарын “Хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгуулах агуулга” бүхий гомдолд дараах хууль зүйн дүгнэлтийг хийлээ.

8.1.Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.”, Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно...” хэмээн өмчлөх эрхийг хамгаалсан билээ.

Өмчлөх эрх нь тухайн этгээд өөрийн мэдлийн хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах боломж буюу тодорхой эд хөрөнгийн эрхийг зохицуулсан хэм хэмжээний бүрдэл байна.

Энэхүү эрхээ хэрэгжүүлэхдээ бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй.

8.2.Монгол Улсын Үндсэн хуулийн өмчлөх эрхийн хамгаалалтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван долдугаар бүлэгт бэхжүүлсэн бөгөөд ийнхүү тусгай ангид заагдсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог.

Гэмт хэргийн нийгмийн аюул нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлын мөн чанар, үнэ цэнийг илэрхийлсэн хууль цаазын үнэлэмж бөгөөд түүний бүрэлдэхүүний объектив ба субъектив шинжүүдийн нэгдэл юм.

Тодруулбал, гэмт хэргийн нийгмийн аюул нь гэмт халдлагад өртсөн объектын шинж, ач холбогдол, гэмт хэрэг үйлдсэн арга, цаг үе, газар, хэрэглэсэн зэвсэг хэрэгсэл, учруулсан хохирол, хор уршиг, сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр зэргээр тодорхойлогддог байна.

Эдгээр нөхцөл байдал нь гэмт хэргийн нийгмийн аюулыг ихэсгэх хүчин зүйл болдог тул шүүгдэгчийн хувийн байдлыг сөргөөр үнэлэхэд хүргэж, ялын бодлогод шууд нөлөөлдөг ба ингэснээрээ Эрүүгийн хуулийн хамгаалах зорилгыг хэрэгжүүлэхэд онцгой ач холбогдолтой болно.

9.Мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан ноцтой зөрчил тогтоогдоогүйгээс гадна хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн нотлогдсон байна.

10.Дээрх байдлаас дүгнэж үзэхэд анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Г хохирогчийн гар утсыг хулгайлсан үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримт болох шүүгдэгч, гэрч, хохирогч нарын мэдүүлгээр хөдөлбөргүй тогтоогдож байхад түүний үйлдсэн гэмт хэргийг “орон байранд нэвтэрч” үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчилж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэжээ.

Иймд шүүгдэгч Д.Г-ын үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор тогтов.

11.Хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөнтэй холбогдуулан шүүгдэгч Д.-Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас 980.000 төгрөгийн хохирол учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг арилгасан буюу гар утсыг буцаан өгсөн зэргийг харгалзан Д.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун хорин цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

12.Шүүгдэгч Д.Г нь 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс энэ өдрийг хүртэл нийт 112 хоног цагдан хоригдсон байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон уг ялыг эдэлсэнд тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2155 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1231 дүгээр магадлалд:

“Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Б овогт Д-ийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг” болгон хөнгөрүүлэн зүйлчилж түүнийг “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, шүүгдэгч Д.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 (долоон зуун хорь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлтийг оруулсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Д.Г-ын цагдан хоригдсон 112 /нэг зуун арван хоёр/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон уг ялыг эдэлсэнд тооцож, шүүгдэгч Д.Г-ыг нэн даруй сулласугай.

3.Шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Б.Батцэнгэл нарын хяналтын журмаар гаргасан “Хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах” агуулга бүхий гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Ч.ХОСБАЯР

 

ШҮҮГЧИД                                                     Б.АМАРБАЯСГАЛАН

 

   Ц.ОЧ

 

    С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

     Б.ЦОГТ