Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 01

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах

Улсын яллагч Б.Оюунцэцэг

Шүүгдэгч Б.Б-н өмгөөлөгч Ж.Дорждэрэм

Шүүгдэгч С.Н-н өмгөөлөгч М.Энхзаяа

Шүүгдэгч Б.Б, С.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Оюунцэцэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Б, С.Н нарт холбогдох 1916000000132 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын  06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б овогт Б-н Б.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б овогт С-ын Н.

Шүүгдэгч С.Н, Б.Б нарын бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Цагаан-Уул багийн Намаржааны гол гэх газраас 0-0 ГАЗ улсын дугаарыг хэрэглэн, Мустанг-200 маркын мотоциклийг ашиглан хохирогч Д.Д-н өмчлөлийн буруу чихэндээ ягаан силкен даавуутай, буруу чих нь хойноос урагш хайчилсан цуулбар имтэй эр ямаа 37, эм ямаа 16, төлөг 2, эр хонь 14, эм хонь 5, нийт 74 тооны хонь, ямаа буюу олон тооны малыг хулгайлан хохирогч Д.Д-д 6.400.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  заасан “бусдын олон тооны малыг хулгайлах” гэмт хэрэгт хамаарна.

ТОДОРХОЙЛОХ НЬ

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч С.Н-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Би энэ хэргийг хийсэндээ гэмшиж байна. 09 дүгээр сарын 12-ноос 09 дүгээр сарын 15-ны хооронд энэ хэрэг болсон. Ахтайгаа цуг явж ийм хэрэг хийсэндээ би гэмшиж байна ... Хүний мал хулгайлсандаа гэмшиж байна ... Манай ах би хүнд өртэй юм. Би мөнгийг нь үрцэн юм гэж хэлсэн ... Шан харамж аваагүй би тэр хүний нэг хонийг нь зарчихсан юм тэр нь миний буруу...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Шүүгдэгч Б.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Би 2019 оны 09 дүгээр сарын 11-нд гэмт хэрэг хийсэн. Тэр айлаас 54 мал туусан мал хариулж байсан хүндээ өгсөн. Би өртэй байсан малыг нь хариулж байгаад малнаас нь таслаад алдсан юм, тэгээд тэр малныхаа оронд өөрт өгөх мал байхгүй байсан учраас энэ гэмт хэргийг хийсэн тэрэндээ их гэмшиж байна дахин ийм хэрэг хийхгүй, аймгийн төв дээр гэр бүлээрээ ажил хийх гээд шилжээд ирсэн байгаа, дуудсан цагт бэлэн байгаа, хохирогч Д-г хохиролгүй болгосон, миний ялыг хөнгөрүүлж өгөөч гэж гуйж байна ... Би дүүдээ анх адуунд явна гэж хэлсэн, тэгээд дүүдээ ах нь өрөнд орсон миний бүх мал дууссан, хүнээс мөнгө зээлэх гэсэн чинь олдохгүй байна гэж хэлсэн. Тэр хүмүүс миний малыг маш хямд бодож авсан ... Тухайн үед дүүгээс өөр хүн олдоогүй, би дүүдээ мал туулцсан гэж шан харамж өгөөгүй, миний дүү надад зүгээр тусалсан юм ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/, 

Хохирогч Д.Д-н мөрдөн байцаалтад өгсөн “... Сумын төв дээр байдаг өөрийн хашаандаа амбаар барьчихаад сумын төв дээр 3 хоносон. 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өглөө гэртээ ирчихээд ямаа саах гээд малаа бүртгэхэд саалийн ямаанаас байхгүй байсан. Тэгээд малаа тоолоход 70 гаран мал дутаж байсан. Тэгээд ойр орчныхоо айлуудын малаар малаа хайхад манай мал байхгүй байсан. Тэгээд мал олдохгүй болохоор нь мал авч байсан хүний малд малаа шүүж үзэхэд тэр дотор нь байж байсан. Тэгээд сумын цагдаа болон тухайн мал авч байсан хүнийг дуудсан … Тухайн маланд нийт 47 мал байсан, 7 мал нь Н гэх айлын малд байсан. Нийт  54 мал нь гарч ирсэн ... Би өөрийн 20 орчим малаа олоогүй бөгөөд тухайн малыг нөгөө хүмүүс төлж өгсөн. Нийт 74 малнаас эр ямаа 37, эм ямаа 16, төлөг 2, эр хонь 14, эм хонь 5-ыг алдсан... Манай алдсан малнаас ямаа нь буруу талын чихэндээ ягаан силкен сүвэгтэй, буруу талын чих нь араасаа цуулбар имтэй, буруу эврэндээ улаан будагтай, хонь нь хондлой дээрээ улаан будагтай байсан.....” гэсэн мэдүүлэг /ХХ26-27/,

Гэрч Ц.Э-н мөрдөн байцаалтад өгсөн "... Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Цагаан-Уул багийн Намаржааны гол  гэх газраас 74 тооны мал хулгайд алдсан. Тухайн мал алдсан талаараа 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өглөө би сумын төвөөс хөдөө байдаг гэртээ ирээд ямаагаа саах гээд саадаг ямаагаа ялгаад саахад саадаг ямаанаас 3 ямаа дутахаар нь бүртгэж үзтэл мал дутсан … Тухайн алга болсон маланд хөх толгойтой ямаа, хөх толгойтой хонь байхгүй байсан.  Манай  мал буруу чихэндээ ягаан өнгийн силкен материалаар сүвэлсэн, буруу чих ар талаасаа цуулбар имтэй, ямаа нь буруу талын эврийг улаан будгаар бүхэлд нь будсан, хонь нь хондлой дээрээ улаан будгаар хөндлөн давуулж
будсан имтэй байсан … Манай малнаас 21 хонь, үлдсэн нь ямаа байсан. Мал худалдаж авч байгаа гэх хүнээс 47 мал, Н-аас 7 мал, нийт 54 мал олж авсан …" гэсэн мэдүүлэг /ХХ32-34/,

Гэрч Г.М-н мөрдөн байцаалтад өгсөн "... 2019 оны 09 дүгээр сарын              12-ны өглөө эрт 7 цагийн үед би унтаж байсан чинь босоод ир малд будаг хийе гэсэн. Тэгээд би босоод гараад ирсэн чинь малын хашаанд ямаа, хонь гэсэн 50 гаруй мал байсан. Тэгээд Б ах чихэнд нь байгаа даавууг нь аваад, будаг хийгээдэх гэсэн. Тэгээд даавууг нь авч, будаг хийж дуусаагаад мал руу хийсэн … Силкен   ягаан   даавуутай   байсан,   имийг   нь   сайн   хараагүй ..." гэсэн мэдүүлэг /ХХ45-46/,

Гэрч Б.М-н мөрдөн байцаалтад өгсөн "... Өвөрхангай аймгаас ирж мал авч байгаа ... 2019 оны 09 дүгээр сарын 10-нд очоод ямаагаа аваад тоолоод тэмдэг хийсэн. Тэгээд үлдээгээд явсан. 09 дүгээр сарын 12-нд малаа авах гээд очиход 53 мал нэмсэн байсан... Надад Б нь хүнээс цуглуулсан мал өгч байгаа болохоор сайн анзаараагүй ... Н надад тусад нь хөх толгойтой зөв талын чих хойноосоо имтэй эр хонь 110.000 төгрөгөөр зарсан байсан юм. Тэр нь бас хулгайн хонь байсан байна билээ. Тэр хонийг Д гэх эзэн нь аваад явсан ...миний хохирлыг барагдуулж эвэртэй хар алаг хонь өгсөн..." гэсэн мэдүүлэг /ХХ49-50/,

Гэрч Л.Н-н мөрдөн байцаалтад өгсөн "... 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өглөө хүрэн дэлийн хороон дээр очсон. Очоод хөгшин эм ямааг залуу эм ямаагаар сольсон. Мал авч байсан хүмүүстэй нь уулзаад солиод авсан ... Би 8 мал сольсон ... 7 нь хуучин улаан будагтай бүдэг байсан. Буруу талын чих нь хойноосоо хайчилсан тэмдэгтэй байсан. Үлдсэн ганц нь хондлой дээрээ ягаан будагтай мал байсан ..." гэсэн мэдүүлэг /ХХ55-56/,

Гэрч С.Ц-н мөрдөн байцаалтад өгсөн “... тэднийх барилга барина гэхээр нь малыг хариулж малласан ... мал тасарч үлддэггүй байсан ...” гэсэн мэдүүлэг /ХХ132-133/,

Шүүгдэгч С.Н, Б.Б нарын яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /ХХ80-81, 128-129/, хохирогч Д.Д-н малд үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ2-3/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ4-5/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /ХХ12-13/, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ14/,  “Ашид билгүүн” ХХК-ний 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн №ТҮХ-809/810 дугаартай үнэлгээний дүгнэлт /ХХ59-61/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу олж авсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч С.Н, Б.Б нарын 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Цагаан-Уул багийн Намаржааны гол гэх газраас Мустанг-200 маркын мотоциклийг ашиглан хохирогч Д.Д-н өмчлөлийн буруу чихэндээ ягаан даавуутай, буруу чих нь хойноос урагш хайчилсан цуулбар имтэй эр ямаа 37, эм ямаа 16, төлөг 2, эр хонь 14, эм хонь 5 нийт 74 тооны хонь, ямаа буюу бог малыг хулгайлан хохирогч Д.Д-д 6.400.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.”, мөн  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус заасан бөгөөд гэмт хэрэгт хамтран оролцож байгаа этгээд нь хамтарсан гэмт ажиллагааны үр дүнд нийтлэг хор уршиг бий болохыг урьдаас мэдэж, бас тэрхүү хор уршиг учруулахыг шууд санаатай хүсч байдаг. Шүүгдэгч С.Н, Б.Б нар нь гэмт хэрэг үйлдэж байгаагаа ухамсарлан ойлгож хохирол, хор уршгийг зориуд санаатайгаар хүсэж үйлдсэн байх тул гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж шүүх үзлээ. Уг гэмт хэргээс хэн илүү ашиг хүртсэн нь хэргийн зүйлчилэлд нөлөөлөхгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Мөн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд “олон тоны мал” гэж хорин дөрвөн бог, найман бодоос дээш малыг ойлгоно гэж хуульчилан тайлбарлажээ.

Шүүгдэгч нарын үйлдэл нь бусдын олон тооны малыг хулгайлан авсан шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын олон тооны малыг хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч С.Н, Б.Б нарыг уул гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  “бусдын олон тооны малыг хулгайлсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэж тус тус хуульчилжээ.

Үүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн шүүгдэгч өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ болох хоёр жилийн хоёрны нэг болох нэг жилээс багагүй дээд хэмжээ болох найман жилийн хоёрны нэг болох дөрвөн жилээс ихгүй хугацаагаар хорих ялыг шүүх  шүүгдэгч тус бүрийн гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан оногдуулж болно гэж ойлгох нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, учирсан хохирлын хэмжээг болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ авах үндэслэлийг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/ХХ108-109/, шүүгдэгч нарын хувийн байдлын талаарх гэрч, Г.Б, Ю.М нарын мэдүүлэг, хохирогч Д.Д-н Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан наториатаар батлуулсан хүсэлт /ХХ116/, хохирогч Д.Д-н “...Хохирол бүрэн барагдуулсан. Ямар нэгэн сана, гомдол байхгүй...” гэсэн мэдүүлэг/ХХ125-127/, тээврийн хэрэгслийн улсын болон арлын дугаарын бүртгэлийн талаарх “Авто тээврийн үндэсний төв”-ийн тодорхойлолт /ХХ139-140/, тус төвийн мэргэжилтэн Р.М-н гэрчээр өгсөн мэдүүлэг /ХХ138/, тухайн тээврийн хэрэгсэл шүүгдэгч Б.Б-н өмчлөлд хэрхэн шилжсэн талаарх гэрч Г.С-н мэдүүлэг /ХХ141/, эд мөрийн баримтаар хураан авсан мөрдөгчийн тогтоол, гэрэл зураг /ХХ09,10/, тээврийн хэрэгсэлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /ХХ144-146/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Үүний үндсэн дээр шүүгдэгч Б.Б, С.Н нарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж шүүх үзэн Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон ял оногдуулахдаа харгалзан үзэв.

Шүүгдэгч Б.Б, С.Н нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, гэмт хэрэгт оролцсон оролцоо эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж өөрсдийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур буюу шүүгдэгч Б.Б-д 1 жил  6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч С.Н-т 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэлээ.

Шүүгдэгч С.Н-н өмгөөлөгч М.Энхзаяагийн гаргасан “...Манай үйлчлүүлэгч 20 настай тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх журмыг баримтлан хорих ял онондуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэх агуулга бүхий хүсэлтийг хүлээн авч хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдэх үедээ 14 насанд хүрсэн ба 18 насанд хүрээгүй хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тусгай журмыг баримтлахаар хуульчилсан бөгөөд хэдийгээр 18 насанд хүрсэн боловч бие физиологи, сэтгэл зүйн хөгжлийн онцлогоос хамаарч оюун санаа нь насанд хүрсэн хүний хэмжээнд хүрээгүй буюу өөрийнх нь бие физиологийн хөгжлөөс оюун санааны хөгжил нь тодорхой хэмжээгээр хоцорч байгаа хүнийг өсвөр насны хүнд тооцох боломжтой байдаг.

Харин шүүгдэгч С.Н-н хувьд дээрх нөхцөл байдал байгаа эсэхийг тогтоох нотлох баримт хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй бөгөөд түүнчлэн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үедээ 20 настай байсан болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дах хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.” гэж тус тус заажээ.

Үүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын хэрэгсэл, техник тээврийн хэрэгсэл бусад уналга, харилцаа холбооны болон цахим хэрэгсэл, тоног төхөөрөмж болон орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл, эд зүйлийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэхээр барахгүй цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх, мөн тийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд тусгасан гэж ойлгохоор байна.

Иймээс шүүгдэгч Б.Б нь С.Н-тай бүлэглэн хохирогч Д.Д-н 74 тооны бог малыг хулгайлахдаа өөрийн өмчлөлийн 0-0 ГАЗ дугаар зүүсэн Мустанг-200 /990.000 төгрөгийн үнэлгээ бүхий/ загварын тээврийн хэрэгсэл ашигласан болох нь тогтоогдсон тул уг тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Тухайн тээврийн хэрэгслийг Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын хэсгийн төлөөлөгчид хариуцуулсан байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Мустанг-200 загварын тээврийн хэрэгслийг /мотоцикль/ цагдаагийн байгууллагаар дамжуулан Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б овогт Б-н Б, Б овогт С-н Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан тус хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 1 жил 6 сарын хугацаагаар хорих  ялаар, шүүгдэгч С.Н-г 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч С.Н-т оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг тус бүр нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Б.Б, С.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Мустанг-200 загварын улсын дугааргүй, хүрэн өнгийн LXYPCML0XK0000000 арлын дугаартай, 000FMLKA000000 моторын дугаартай тээврийн хэрэгслийг /мотоцикль/ улсын орлого болгосугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Мустанг-200 загварын улсын дугааргүй, хүрэн өнгийн LXYPCML0XK0000000 арлын дугаартай, 000FMLKA000000 моторын дугаартай тээврийн хэрэгслийг /мотоцикль/  Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар  шүүгдэгч нар, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор               Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА