| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2016/06939/И |
| Дугаар | 102/ШШ2016/05523 |
| Огноо | 2016-10-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 102/ШШ2016/05523
016 оны 10 сарын 25 өдөр
|
| Дугаар 102/ШШ2016/05523 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 78а байр, 1301 тоотод оршин байгаа Очир хотхон Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-ны,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 6 дугаар байр, 46 тоотод оршин суух, Хангайтан овогт Алтангэрэлийн Мөнхгэрэл /РД-ЧН84040411/-д холбогдох
Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 334,050 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, мөн сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ю.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Очир хотхон СӨХ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: А.Мөнхгэрэл нь СӨХ-д дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний болон цэвэрлэгээ, лифт, жижүүрийн зардлыг 2015 оны 4-12 дугаар сарын 176,850 төгрөг, 2016 оны 01-8 дугаар сарын 157,200 төгрөг бүгд 334,050 төгрөгийн төлбөрөө төлөөгүй байна.
Очир хотхон СӨХ-оос удаа дараа мэдэгдэл өгч, төлбөр төлөхийг шаардаж байсан боловч одоог хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байна.
Иймд А.Мөнхгэрэлээс дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд нийт 334,050 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ю.Батболд шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч А.Мөнхгэрэл нь уг байрны өмчлөгч биш, тухайн байрыг хөлслөн амьдарч байсан болох нь Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн албан бичгээр нотлогдож байна.
Иймээс А.Мөнхгэрэлд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, өмчлөгчид нь холбогдуулан нэхэмжлэлийг гаргах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч байгууллагын захирал шүүх хуралдаанд ирж амжихгүйн улмаас намайг төлөөлж оролцохыг мэдэгдлээ гэв.
Хариуцагч А.Мөнхгэрэл шүүхэд гаргасан гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2015 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 78 дугаар байрны 205 тоот 2 өрөө байрыг сарын 600,000 төгрөгөөр түрээслэн суусан болно.
СӨХ-ны нэхэмжилсэн төлбөрийг байрны эзэн болох н.Сарнайд төлсөн бөгөөд надад ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй.
Шүүхээс миний нэр дээр ирсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Очир хотхон СӨХ нь А.Мөнхгэрэлээс дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 334,050 төгрөг шаардан нэхэмжлэл гаргажээ.
Шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ю.Батболд шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, үндэслэлээ ... А.Мөнхгэрэл нь тус байрны өмчлөгч нь биш байна..., өмчлөгчид нь холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргах хүсэлтэй... гэж тайлбарлаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул шүүх мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,671 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Очир хотхон СӨХ-ны гүйцэтгэх захирал Т.Одончимэг нь өмгөөлөгчдөө СӨХ-ны өмнөөс шүүх хуралдаанд оролцохыг утсаар мэдэгдсэн гэж тайлбарладаг бөгөөд мөн тэдгээрийн хооронд байгуулагдсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд өмгөөлөгчид зохигчдын эдлэх бүх эрхийг олгосон байх тул шүүх өмгөөлөгч Ю.Батболдыг нэхэмжлэлээс татгалзах эрх бүхий этгээд гэж үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Очир хотхон СӨХ-ны нэхэмжлэлтэй, А.Мөнхгэрэлд холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,671 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД