Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 1092

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам, улсын яллагч Р.Очирсүрэн, Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Боржигон овогт Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 03669 1192 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Ц.Б, Монгол Улсын иргэн, 1973 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Дундговь аймаг Сайнцагаан суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл зургаа, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт Багахангай дүүрэг 1 дүгээр хороо, Өндөр толгой 2 дугаар байр ** тоотод байнга оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо 11 дүгээр гудамжны ** тоотод түр оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд:

1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Дундговь аймгийн шүүхээс Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 112.2-т зааснаар 3 жил хорих ялаар шийтгэгдэж, мөн хугацаагаар тэнссэн,

1990 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Дундговь аймгийн шүүхээр Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3-т зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 1992 оны 07 сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн шүүхийн магадлалаар эдлээгүй үлдсэн 7 сар 13 хоногийн ялыг хугацаанаас өмнө суллагдсан,

Дундговь аймгийн шүүхийн 1992 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 44 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3, 90 дүгээр зүйлийн 1-т зааснаар 4 жил 7 сарын хорих ялаар шийтгүүлсэн,

Говьсүмбэр аймгийн Сум дундын шүүхийн 1994 оны 10 сарын 24-ний өдрийн 79 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.2, 239 дүгээр зүйлийн 239.3-т зааснаар 7 жил 11 сар 04 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 503 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1, 212 дугаар зүйлийн 212.2-т зааснаар 4 жил 6 сар 14 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2004 оны 08 дугаар сарын 06-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

Төв аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 557 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар

Шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Дунд Нарангийн 11 дүгээр гудамжны ** тоотод оршин суух иргэн Б.Э-ын гэрт нууцаар, хууль бусаар нэвтрэн орж 450,000 төгрөгийн үнэ бүхий Samsung LCD 42 инчийн зурагт хулгайлахыг завдсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “Боржигон овогт Ц.Б нь 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо Дунд Нарангийн 11 дүгээр гудамжны **  тоотод оршин суух иргэн Б.Э-ын гэрт нууцаар, хууль бусаар нэвтрэн орж 450,000 төгрөгийн үнэ бүхий Samsung LCD 42 инчийн зурагт хулгайлахаар завдсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Ц.-ын шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Би хэргийн үйл баримт, учирсан хор уршиг, зүйлчлэлийн талаар маргахгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Би 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 06 цаг 45 минутын үед гэрээ цоожлоод ажилдаа явсан. Ажил дээрээ байж байгаад 17 цаг 30 минутын үед орчим гараад гэрийнхээ наад талд явж байхад 2 хүн манай хашааны үүдэнд зогсож байхаар нь очиход хөрш айлын залуу, Батболд гэх залууг заагаад танай гэрийн зурагтыг аваад гарч байхаар нь болиулаа. Энэ мэргэжлийн хулгайч юм шиг байна гартаа бээлийтэй байсан гэж хэлсэн. Зурагт авсан гэх Б-ын гарт 2 ширхэг бээлий байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 14 дүгээр хуудас);

3. Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”... 2019 оны 07 сарын 09-ний өдөр 17 цагийн үед манай хажуу айлын хаалгыг нэг хүн нүдэж байгаад чимээгүй болчихсон. Тэгэхээр нь би гараад харахад нэг хүн хажуу айлын хашаан дотор ороод амбаарыг гараа хийж онгойлгоод гэр лүү нь яваад орчихсон. Тэгээд нэлээн удаан байж байгаад хажуу айлын зурагтыг тэврээд гарч байсан, гартаа бээлийн өмсчихсөн байсан. Тэгэхээр нь би хөөе гэж орилоход тэр залуу зурагтаа буцааж гэр лүү нь оруулж тавиад гарч ирэхээр би барьж аваад шууд цагдаа дуудсан. Тухайн хүн 40 гаруй насны, цэнхэр өнгийн эрээн усан цэргийн цамцтай хар өнгийн өмдтэй, саравчтай хар өнгийн малгайтай байсан 42 инчийн шаргал өнгийн хүрээтэй зурагт бариад гарч ирсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 21 дүгээр хуудас);

4. Эд зүйл хураан авсан тэмдэглэл, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл болон гэрэл зураг, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх-ийн 30-36 дугаар хуудас), эд зүйлийн үнэлгээ (хх-ийн 25 дугаар хуудас);

5. Шүүгдэгч Ц.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 41 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 85 дугаар хуудас), шийтгэх тогтоолын хуулбарууд (хх-ийн 88-103 дугаар хуудас);

6. Шүүгдэгч Ц.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2019 оны 07 сарын 09-ний өдөр гэртээ ганцаар архи ууж байгаад хамт ууя гэж бодоод хөрш айл болох Э-ын хашааны хаалгыг нүдээд хаалгаа нээхгүй болохоор нь завсраар нь хаалгыг нь нээгээд хашаа руу нь орсон. Тэгээд гэрийнх нь үүдэнд очсон чинь үүдний амбаар нь нээлттэй гэр нь цоожтой байсан. Тухайн үед Э-ын хаалганы довжооны гишгүүрийг сөхөж үзсэн чинь түлхүүр нь байхаар нь хаалгыг нээгээд орсон. Тэгээд гэрийн хойморт байх зурагтыг аваад гарч байхад хажуу айлын хүн наад зурагтаа тавь гэхээр нь би буцаагаад Э-ын гэр лүү ороод зурагтыг нь тавиад гарсан. Тэр үед хажуу айлын хүн нь цагдаа дуудаж намайг барьж авсан ...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 75 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг сэм буюу нууц далд аргаар, шунахайн сэдлээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломжийг өөртөө бүрдүүлж чадсанаар төгсдөг онцлогтой.

Шүүгдэгч Ц-ын үйлдэл нь бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авахад шууд чиглэсэн үйлдлийг санаатай хийж эхэлсэн боловч өөрийнх нь хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас буюу хөршид нь баригдаж гэмт үйлдэл нь таслан зогсоогдсон байх тул тэрээр хулгайлсан эд зүйлсээ өөрийн дураар захиран зарцуулах бодит боломжгүй болжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” хэмээн хуульчилсан тул шүүгдэгч Ц-ын хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үзнэ. 

Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас хулгайн эд зүйл болох “Samsung LCD” 42 инчийн зурагтыг 450,000 төгрөгөөр үнэлсэн байх тул шүүх гэмт хэргийн улмаас учирч болох байсан хохирлын хэр хэмжээг Эрүүгийн хуульд заасан бага хэмжээнээс дээш буюу нийт 450,000 төгрөгөөр тогтоосон болно.

Шүүгдэгч Ц.Б нь хулгайлах гэмт хэргийг хохирогч Б.Э-ын байнга амьдрах орон байранд нь зөвшөөрөлгүйгээр, шалавч доорх түлхүүрийг нь ашиглаж орсон байх тул хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэл болжээ.

Шүүгдэгч Ц.Б-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ц.Б-ыг “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Э эд зүйлсээ бүрэн бүтэн хүлээн авсан гэдгээ мөрдөн байцаалтын явцад илэрхийлсэн баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Ц.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:                         

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ц.Б нь бусдад төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, уг хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, уг ялын хянан харгалзсан хугацаанаас дуусаагүй буюу 3 сар 11 хоногийн ялын үлдэгдэлтэй байсан. Иймд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр түүний үлдсэн ял болох 3 сар 11 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 3 сар 11 хоногийн хорих ялаар тогтоож,  оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно...” гэв.

Шүүгдэгч эрүүгийн хариуцлагын талаар өөрийгөө өмгөөлж: “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Согтуугаас болж л ийм хэрэг хийлээ. Би 0-9 насны 4 хүүхэдтэй, эхнэр ажил хийдэг тул би хүүхдүүдээ хардаг гэдгийг харгалзан үзнэ үү...” гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна.” гэж заасныг журамлан шүүгдэгч Ц.Б гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь түүнийг цээрлүүлэх болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Б нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 557 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзагдсан байх бөгөөд тэрээр хянан харгалзсан хугацаанд буюу 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас элээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж зааснаар түүнд оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хэмжээг тогтоов.

Ялтан Ц.Б нь шүүхээс оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас огт эдлээгүй бөгөөд шүүх түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломж олгосон тул хянан харгалзах хугацааг ял эдэлсэн гэж тооцсон улсын яллагчийн санал хууль зүйн үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй.

Харин урьд хорих ял шийтгүүлсэн тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад дурдаж орхисон Ц.Б-ын цагдан хоригдсон 193 хоногийг энэ тогтоолоор тогтоосон нийт хорих ялын хугацаанд оруулан тооцох үндэслэлтэй юм.

Шүүгдэгч Ц.Б нь бусдад төлөх төлбөргүй байх тул түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, тогтоол уншиж сонгосноор хүчинтэй болох тул түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолохоор тогтов.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Б нь бусдад төлөх төлбөргүй, тэрээр энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Боржигон овогт Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Б-д  нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д энэ тогтоолоор оногдуулсан нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 557 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг дөрвөн жилийн хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан дөрвөн жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5.Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 557 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад дурдсан шүүгдэгч Ц.Б-ын цагдан хоригдсон 193 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцсугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Ц.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.Б-д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

                                                ДАРГАЛАГЧ                           Б.БАТАА