| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2019/1059/Э |
| Дугаар | 1112 |
| Огноо | 2019-11-06 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ж.Энхжаргал |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 1112
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам, улсын яллагч Ж.Энхжаргал, хохирогч Г.О, шүүгдэгч Д.З нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Их тугтан овогт Д.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903 00784 0357 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Их тугтан овогт Д.З, Монгол Улсын иргэн, 1955 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 64 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл хоёр, эхнэрийн хамт Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 18 дугаар гудамжны ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Д.З нь 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 10 цаг 20 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг, Саппорогийн автобусны буудлын явган хүний зохицуулдаггүй гарцтай замд Тоёота Приус маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Г.О-ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Их тугтан овогт Д.З нь 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 10 цаг 20 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг, Саппорогийн автобусны буудлын явган хүний зохицуулдаггүй гарцтай замд “Toyota Prius 20” загварын 43-08 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Г.О-ийг мөргөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Д.З-ын шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруу дээр маргаангүй...” гэсэн мэдүүлэг;
2. Хохирогч Г.О-ийн шүүх хуралдаанд өгсөн: “....2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүүхдийнх рүүгээ очих гэж явж байгаад зам хөндлөн гарах гээд 1 дүгээр эгнээний машин зогсчихоор нь дараагийнх нь зогсох юм байх гэж бодоод чигээрээ явсан. Тэгсэн дараагийн эгнээнээс машин шууд гарч ирээд мөргөсөн. Тэгээд жолоочтойгоо түргэн дуудаж эмнэлэг дээр очиж шинжилгээ хийлгэсэн. Тухайн үед миний зүүн талаас ирж мөргөсөн бөгөөд зүүн талын өвдөгний тойгийн хажуу талд хугарал бяцралт байна гэсэн. Мөн нурууны 4, 5 дугаар үе дээр зөөлөн эд нь цүлхийгээд урагдсан байна гэж хэлсэн. Үүний дагуу эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Намайг эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд гарахад гэмтлийн эмнэлгийн мэдрэлийн зөвлөх эмч болон сэргээн заслын эмч нь ойрын 5 жил даруйхан эмчилгээ хийлгэвэл таны нурууны өвчин гайгүй болно гэж хэлсэн. Үүний дагуу сая нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсэн бөгөөд шүүгдэгчээс эмчилгээний төлбөр авсан. Би 6 дугаар сараас 10 дугаар сар хүртэл 2,000,000 гаран төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Ойрын 5 жилийн хугацаанд эмчилгээ хийлгэх шаардлагатай байх тул цаашид гарах эмчилгээний зардлыг хуулийн дагуу нээлттэй үлдээж өгнө үү. 1 жилийн эмчилгээнд 2,000,000 гаран төгрөг гарах байх...” гэсэн мэдүүлэг;
3. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 4-10 дугаар хуудас), жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл болон дуудлага мэдээллийн хуудас (хх-ийн 47 дугаар хуудас);
4. Хохирогч Г.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 30 өдөр 10 цаг 20 минутын орчим би гэрээсээ гараад хүүхдийндээ очихоор Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саппорогийн хойд талын автобусны хойд буудлын хажуугийн явган хүний гарцаар ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй зам хөндлөн гарч явтал 2 дугаар эгнээгээр ертөнцийн зүгээр зүүн баруун зүгт зорчиж явсан саарал өнгийн Приус маркийн авто машины жолооч миний талаас мөргөж би явган хүний гарцын тэмдэглэгээний баруун төгсгөлд газар унасан. Осол гарсны дараа гудамжинд явж байсан танихгүй залуу миний гар утсаар 102, 103 руу дуудлага мэдээлэл өгсөн. Удалгүй замын цагдаа ирсэн боловч замын ачаалал ихтэй байсан учраас дуудлагаар ирсэн цагдаа намайг босоод хөдөлж, явж болж байвал энэ машинтайгаа гэмтлийн эмнэлэг орж үзүүлээд биед бэртэл гэмтэл учирсан байвал төвийн бүрэлдэхүүн ирж үзлэг хийнэ, 103 руу яриад болиулчих гэхээр нь би 103 руу ярьж болиулчхаад осол гаргасан жолоочтой гэмтлийн эмнэлэг дээр очоод үзүүлж байхад замын цагдаагийн бүрэлдэхүүн ирж осол гарсан газар очиж үзлэг, хэмжилт хийсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 12-13 дугаар хуудас);
5. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 8163 дугаартай шинжээчийн: “...Г.О-ийн биед зүүн шаант ясны гадна булуу ясны гадаргуу хэлтэрсэн хугарал, зүүн шилбэний гадна дунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хх-ийн 20- дугаар хуудас);
6. Материалаар хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээний 1011 дугаартай: “...Г.О-ийн биед зүүн шаант ясны гадна булуу ясны гадаргууд хэлтэрсэн хугарал, бүсэлхийн L4/L5, L5/S1 нугалмуудын завсрын жийргэвчийн фиброзон цагаригийн ар хэсгийн урагдал, зүүн шилбэний гадна дунд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 22-23 дугаар хуудас);
7. Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 41255 дугаартай техникийн шинжээчийн: “...Уг тээврийн хэрэгсэлд осол хэрэгт нөлөөлөх гэмтэлтэй эд анги байхгүй байна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 29-34 дүгээр хуудас);
8. Шүүгдэгч Д.З-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 48 дугаар хуудас), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хх-ийн 50, 57 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 51 дүгээр хуудас);
9. Шүүгдэгч Д.З-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр би Тоёота Приус-20 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод гадуур халтуурт явж байсан юм. Тэгээд 10 цагийн үед Саппорогийн автобусны буудлын зүүн талын зогсоол дээрээс гар өргөөд зогсож байсан 3 хүн авсан чинь, тэр 3 хүн Бөмбөгөр орно гэхээр нь суулгаад Саппорогийн автобусны буудлын урд замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд замын 2 дугаар эгнээгээр 5 орчим км/цагийн хурдтай явж байхад замын 1 дүгээр эгнээнд явж байсан автомашин явган хүний гарцын урд зогсох үед тэр машины урдуур миний баруун гар талаас буюу ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлд явган хүний гарцаар нэг эмэгтэй хүн зам хөндлөн гараад ирэхээр нь тоормос гишгээд зогсох үедээ нөгөө эмэгтэйг машиныхаа зүүн урд хэсгээр мөргөхөд тухайн эмэгтэй газар унасан. Тэгээд би машинаасаа буугаад нөгөө эмэгтэй хүн дээр очоод, утсаар өөрөө цагдаа, түргэнд дуудлага өгчхөөд хүнээ аваад гэмтлийн эмнэлэг рүү явсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 43-44 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Г.О-ийн эрүүл мэндэд хүндэвтэр, хохирол учирсан болохыг эргэлзээгүй тогтоосон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэв.
Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэдэгт авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Д.З-ын үйлдэл нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.
Шүүгдэгч Д.З-ын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч хүсээгүй буюу мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн гэм буруутайд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Д.З нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Д.З-ыг “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.З нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд хохирогч Г.О-д нийт 1,501,650 төгрөгийг төлж барагдуулсан ба хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн баримтаар 480,000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Д.З-с гаргуулж, хохирогч Г.О нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тусгах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.З нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч Д.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, түүнээс 480,000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулах, хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгчийн жолооны үнэмлэхийг түүнд буцаан олгуулах, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.З нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гарсан зардалгүй...” гэв.
Шүүх улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.З-д найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон хэмээн дүгнэв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.З-ын 118591 дугаартай жолоочийн үнэмлэхийг буцаан олгох нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.З нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Их тугтан овогт Д.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.З-д найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.З оногдуулсан торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.
4.Шүүгдэгч Д.З шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.З-с 480,000 төгрөгийг хоёр сарын дотор гаргуулан хохирогч Г.О-т олгож, харин хохирогч Г.О нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тусгасугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.З нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.З-ын 118591 дугаартай жолоочийн үнэмлэхийг буцаан олгосугай.
8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.З урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА