Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 113

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус  шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн  хуралдаанд

Нарийн бичгийн дарга Г.Алдармаа

Улсын  яллагч Т.Төмөртулга

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам

Шүүгдэгч А.Х  нарыг оролцуулан  Дундговь  аймгийн Прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалт явуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Х-д холбогдох эрүүгийн 1922003350144 тоот  хэргийг 2019 оны 12 сарын 13-ны өдөр хүлээн авч хэлэлцэв. 

 

            Шүүгдэгч: Барс овгийн А-ийн Х

 

Шүүгдэгч А.Х нь 2019 оны 11 сарын 29-ний өдөр Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Ө.Б-ыг хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч А.Х  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

2. Шүүгдэгч А.Х яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: ‘’Миний ангийн найз Р.З маань бурхан болоод 11 сарын 29-ний өдөр ажил явдал дууссаны дараа хэдэн найз нартайгаа сумаас урагш 3 км-т С гэх газарт 6 шил архи хувааж уусан. Тухайн үед би согтсон байсан. Манай найз Э.Э  намайг гэрт хүргэж өгсөн. Эхнэр Ц.Н  намайг архи уулаа, согтуу ирлээ гэж загинахаар нь би эхнэртээ согтуурхаж гэрээсээ хөөсөн. Тэгсэн эхнэр гэрээс гараад явсан. Би тэгээд гэрээс хутга аваад Б.Б-д очтол Ө.Б гэртээ ганцаараа гэрийнхээ баруун орон дээр хэвтэж байсан. Ө.Б-ыг орноосоо нь босоод ирэхээр нь би чамайг ална гээд хутга бариад өөдөөс нь дайрсан. Тэгсэн Ө.Б  миний хутгатай гарыг барьж авч намайг хориглож байгаад зүүн гарынхаа, гарын алга болон тохойнд хатгуулсан үйл явдал болсон. Төд удалгүй хэсгийн төлөөлөгч ирээд намайг аваад явсан. Би өөрийн эхнэр Ц.Н-тай хохирогч Ө.Б-ыг хардаж тухайн үед айлгая гэж  бодож гэрт нь хутга авч орсон.  Ө.Б-ын зүүн гарын тохой болон гарын алганы ар талд зүсэгдэж 5 оёдол тавиулсан. Ө.Б-нд бид хоёроос өөр хүн байгаагүй. 2019 оны 7 сарын үед Ө.Б  манай гэрт хутга түрүүлцэн намайг сурж согтуу ирсэн байсан. Тухайн хэрэг гардаг өдөр тэрийг бодож Ө.Б-ынд очсон. Бид хоёрын хооронд өс хонзонгийн асуудал байхгүй. Би Ө.Б-ын зүүн гаранд 2 удаа хутгалсан өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хуулийн дагуу арга хэмжээ авахад татгалзах зүйл байхгүй. Би хохирлыг нөхөн төлсөн. Эмчилгээний зардал 1500000 төгрөгийг хохирогч Ө.Б-т өгсөн’’ /хх-33-34/

3. Хохирогч Ө.Б-ын: ‘’...2019 оны 11 сарын 29-ний өдөр 17 цагийн үед гэртээ ганцаараа унтаж байхад гаднаас хүн орж ирэх шиг болсон. Сэрээд хартал Х миний дээрээс хутга барьцан далайгаад зогсож байсан. Тэгэхээр нь би гайхаад орноос босч хувцасаа өмсөөд юу болсон талаар асуутал чамайг ална гээд миний өөдөөс дайрахаар нь би Х-ын баруун хутгатай гарыг хориглож зууралцаж байгаад өөрийн зүүн гартаа 2 удаа хатгуулж, зүсүүлсэн. Гарнаас цус гоожоод угаагаад байж байтал манай сумын хэсгийн төлөөлөгч ирж эмнэлэгт дуудлага дуудаж өгөөд А.Х-ыг авч явсан. Би эмнэлэг дээр очиж зүүн гартаа 5 оёдол тавиулсан. Намайг эхнэртэйгээ хардаж миний өөдөөс дайрсан. Тухайн үед А.Х  согтуу, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Манайд А.Х  бид хоёроос өөр хүн байгаагүй. 2, 3 жилийн өмнө хоорондоо муудалцаж, барилцаж байсан. Надад гомдол алга, эмчилгээний зардал мөнгө хэд болохыг мэдэхгүй байна. Ямар ч байсан гараа эрүүл болгож авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-15-16/

4. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 сарын 3-ны өдрийн 307 дугаартай: ‘’ 1.Ө.Б-ын  биед зүүн шууны гадна дээд хэсэг, зүүн сарвууны ар хэсэгт шарх, баруун бугалганы гадна хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3. Дээрх гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйчлэлээр үүссэн байх боломжтой. Зулгарсан гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. 4. Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна ” гэсэн дүгнэлт /хх-22-23/

5. Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтууд болон эд мөрийн баримтыг шинжлэн судлав.

 

          Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

  Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар хохирогч Ө.Б нь 2019 оны 11 сарын 29-ний өдөр Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын төвд байх өөрийн гэртээ байхдаа зүүн шууны гадна дээд хэсэг, зүүн сарвууны ар хэсэгтээ ир үзүүртэй зүйлээр үйлчлэгдэх шарх авсан, уг шархыг шүүгдэгч Б.Х хутгаар үүсгэсэн болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч А.Х  хохирогч Ө.Б-ыг хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн  хуулийн  11.6 дугаар  зүйлийн  1 дэх хэсэгт  заасан  гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн  зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч А.Х-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж  шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч А.Х нь хохирогчид хохирол үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул прокурорын саналыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ

Шүүгдэгч А.Х шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.

           Шүүгдэгч А.Х  нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Х  нь хохирогч Ө.Б-т хохирол 1500000 төгрөгийг бэлнээр өгсөн болохыг тус тус дурдав.

         Хохирогч Ө.Б нь ‘’шүүгдэгч А.Х-аас хохирол 1500000 төгрөгийг бэлнээр авсан, одоо гараа эрүүл болгож авмаар байна, хэдэн төгрөгийн зардал гарахыг мэдэхгүй байгаа учраас энэ гарсан зардлаа нэхэмжилнэ’’ гэсэн тайлбарыг гаргасан байх боловч хэдэн төгрөгийн ямар хохирол нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, энэ талаархи нотлох баримтаа ирүүлээгүй байх тул шүүхээс иргэний нэхэмжлэлийн талаар ямар нэгэн дүгнэлт хийх боломжгүй, өнөөдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар өөрийн санаатай үйлдлийн улмаас бусдад учирсан гэм хорыг шүүгдэгч А.Х хариуцан арилгах үүрэгтэй, өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахыг хохирогч Ө.Б шаардах эрхтэй байна.

Иймд хохирогч Ө.Б нь цаашид гарах эмчилгээний талаархи нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг заах нь зүйтэй.

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газарт шилжүүлж шийдвэрлэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3,  4, 36.5, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Барс овгийн А-ийн Х-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Барс овгийн А-ийн Х-д 650 /зургаан зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн  хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ сарын  хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч А.Х нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Ханджаргал нь хохирогч Ө.Б-т хохирол 1500000 төгрөгийг бэлнээр өгсөн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ө.Б  нь  өөрийн эмчлүүлэхтэй холбоотой зардлын талаархи нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч А.Х-аас нэхэмжлэх эрхтэйг заасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан хүрэн өнгийн модон бариултай, цагаан өнгийн метал хийцтэй, нийт урт нь 26 см, бариулын урт 12.3 см, ажлын хэсгийн урт нь 14 см урт хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Х-д  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн  өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор Дундговь аймгийн  Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ                                        Г.МӨНХБАТ