| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2016/06678/И |
| Дугаар | 102/ШШ2016/05571 |
| Огноо | 2016-11-01 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 102/ШШ2016/05571
2016 оны 11 сарын 01 өдөр
| Дугаар 102/ШШ2016/05571 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж, өөрийн байр Капитал банкны,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Горькийн 1 дүгээр гудамж, 03 тоотод оршин суух, Оворгуд овогт Чүнсрэйгийн Алтансэлэнгэ /РД-СФ72042501/-д холбогдуулан гаргасан
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 17,939,832.59 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, мөн сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Капитал банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Даваасүрэн, С.Бямбацэцэг, хариуцагчийн өмгөөлөгч М.Цэндсүрэн /шүүхэд төлөөлөх эрх-0871/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Капитал банк шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Даваасүрэн, С.Бямбацэцэг нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус банк нь 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Ч.Алтансэлэнгэтэй зээлийн болон барьцааны гэрээ байгуулан, 50 сая төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 2.3 хувийн хүүтэй олгосон.
Зээлийн гэрээний үүргийн баталгаа болгон Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Горькийн 1 дүгээр гудамж, 3 тоот хаягт байрлах эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205015589 дугаартай 96 м.кв талбай бүхий хувийн сууц, улсын бүртгэлийн Г-2205001148 дугаартай 183 м.кв талбай бүхий нэгж талбарын 18638311988445 дугаартай өмчлөх эрхтэй газрыг барьцаалж улсын бүртгэлд бүртгүүлсэн.
Ч.Алтансэлэнгэ нь зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлээс 36,816,622 төгрөг, зээлийн хүүд 31,244,893 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,393,785 төгрөг, нийт 69,455,300 төгрөг төлсөн бөгөөд гэрээний хугацаа 2015 оны 7 дугаар сарын 18-ны өдөр дууссан боловч зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.
Иймд хариуцагч Ч.Алтансэлэнгээс үндсэн зээл 13,183,378 төгрөг, зээлийн хүүд 3,963,712 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 792,742 төгрөг, нийт 17,939,833 төгрөг гаргуулж өгнө үү.
Бид зээлийн гэрээний хүүг 2015 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс хойш тооцсон.
Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү. Энэ нь тусдаа гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага бол биш юм гэв.
Хариуцагч Ч.Алтансэлэнгэ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Капитал банкнаас 50 сая төгрөгийн зээл авсан. Уг зээлээр эмнэлгийн тоног төхөөрөмж, тохижилт ажлуудыг хийсэн. Ингээд үйл ажиллагаа жигдрэн ажиллаж байтал эмнэлгийн байр түрээслүүлж байсан компани нь түрээсийн үнээ нэмэгдүүлсэнээс хүндрэл учирсан.
Би Капитал банкнаас авсан үндсэн зээлийг төлсөн, хүү, хүүгийн хүү бодож дахин төлсөн бага ч гэсэн мөнгөнөөс хасагдахгүй байна.
Барьцаанд тавьсан байшиндаа эмнэлэг ажиллуулах гэхээр нөхцөл хангахгүй гээд мэргэжлийн хяналт зөвшөөрөхгүй байна. Миний энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүү, хүүгийн хүү бодохгүйгээр зээлийг жилийн хугацаанд төлүүлэхийг хүсч байна.
Дахин зээл авах гэхээр найдваргүй зээлдэгч гээд зээл олгохгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Капитал банк, Ч.Алтансэлэнгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 17,939,833 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг шүүхийн шийдвэрт тусгуулахыг хүсч шүүхэд хандсан байна.
Шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа, Ч.Алтансэлэнгээс 17,939,833 төгрөг гаргуулахаар тодорхойлж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах шаардлага гаргаагүй гэж тайлбарладаг тул Капитал банкыг нэг нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж үзлээ. /хх-56 дугаар хуудасны ар тал/
Хариуцагч Ч.Алтансэлэнгэ нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу үндсэн зээл 13,233,980 төгрөг, зээлийн хүү 1,258,045 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 251,600 төгрөг, нийт 14,733,634 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж марган, үндэслэлээ ...... түрээсийн төлбөр нэмэгдсэний улмаас зээлээ төлөхөд хүндрэл учирсан ..., ... нэхэмжлэгч талын тооцоолол буруу байна гэж тайлбарладаг.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Ч.Алтансэлэнгэ нь Капитал банктай 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 443 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулан, Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Горькийн 1 дүгээр гудамж, 3 тоот хаягт байрлах эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205015589 дугаартай 96 м.кв талбай бүхий хувийн сууц, улсын бүртгэлийн Г-2205001148 дугаартай 183 м.кв талбай бүхий нэгж талбарын 18638311988445 дугаар бүхий газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалж, 50,000,000 төгрөгийг жижиг дунд бизнесийн зориулалтаар, сарын 2,3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай зээлж, зээл, зээлийн хүүг буцаан төлөх хуваарийг гэрээний хавсралтаар баталгаажуулснаар талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1-д заасан гэрээний үүргийн харилцаа үүсчээ. /хх-6-16 дугаар хуудас/
Дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 166 дугаар зүйлийн 166.1-д заасан шаардлага хангасан хуулийн хүчин төгөлдөр гэрээ байх ба зохигчид уг үйл баримтын талаар маргаагүй.
Хэрэгт авагдсан баримтаас харахад хариуцагч Ч.Алтансэлэнгэ нь зээлийн гэрээний хавсралтын дагуу сар бүрийн 18-ны өдөр зээл, зээлийн хүүд 2,068,860.75 төгрөг төлөх үүрэг хүлээсэн боловч уг үүргээ хуваарийн дагуу төлөөгүй, зөрчсөн болох нь зээлийн дансны хуулгаар тогтоогдож байх ба хариуцагч тал уг баримтыг үгүйсгээгүйн гадна хариуцагчийн өмгөөлөгч нь Ч.Алтансэлэнгэ зээлийг хугацаандаа төлж байсан гэх тайлбараа баримтаар нотолж чадахгүй байна. /хх- 57 дугаар хуудас/
Иймээс нэхэмжлэгч тал хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.
Талууд зээлийн гэрээний 3.14 дэх заалтаар зээлдэгч нь гэрээнд заасан ерөнхий хугацаанд Хавсралт 1-д заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд зээл төлөгдөх ерөнхий болон хэсэгчилсэн хугацааны эцсийн өдрийн дараах өдрөөс төлбөр дутуу гүйцэтгэсэн зээлийн үлдэгдлээс үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцож, зээл төлөгдөж дуустал үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус тооцож авахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтад нийцэж байна.
Нэхэмжлэгч тал хариуцагчийн гэрээний хугацаанд төлсөн төлөлтөөс зээлийн гэрээний 3.15-д заасны дагуу нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар суутгасныг буруутгах үндэслэлгүй юм. /хх-56 дугаар хуудасны ар тал/
Харин хариуцагч Ч.Алтансэлэнгийн зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн 2,170,000 төгрөгийг нэхэмжлэгч Капитал банк нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар хассан нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан үүрэг гүйцэтгэх дарааллыг зөрчсөн учир уг мөнгийг үндсэн зээлээс хасч тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх, хариуцагчийн зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш түүний төлөх ёстой үндсэн зээл, зээлийн хугацааны болон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцоход үндсэн зээлд 11,013,378 төгрөг, зээлийн болон хэтэрсэн хугацааны хүүд /2015.07.18-2016.08.23-ны өдрийг хүртэл 13 сар, 8 хоног/ 3,335,218 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 667,044 төгрөг, нийт 15,015,640 төгрөг төлөхөөр байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.Алтансэлэнгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 15,015,640 /арван таван сая арван таван мянга зургаан зуун дөчин/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Капитал банкинд олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,924,123 /хоёр сая есөн зуун хорин дөрвөн мянга нэг зуун хорин гурван/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247,649 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Алтансэлэнгээс 233,028 төгрөг гаргуулан Капитал банкинд буцаан олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.Алтансэлэнгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 15,015,640 /арван таван сая арван таван мянга зургаан зуун дөчин/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Капитал банкинд олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,924,123 /хоёр сая есөн зуун хорин дөрвөн мянга нэг зуун хорин гурван/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247,649 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Алтансэлэнгээс 233,028 төгрөг гаргуулан Капитал банкинд буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 119.5-д заасны дагуу хүргүүлснийг гардан авсанд тооцох бөгөөд 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
| |