Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2019 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2019/ШЦТ/98

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Б.А,

улсын яллагч Э.Н,

шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Б овогт Бын Од холбогдох эрүүгийн 1917001550085 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт Бын О /РД:ЕЙ/, Д аймгийн С суманд 1987 оны 07 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, Г аймгийн С сумын 2 дугаар баг, Уын 2-205 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, дээд боловсролтой, үйлдвэрийн техникч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд 2015 онд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 1 920 000 төгрөгөөр торгох ялаар, Г аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 онны 08 дугаар сарын 23-ны өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжээр торгох ялаар тус тус шийтгүүлсэн гэх,

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

 

Яллагдагч Б.О нь 2018 оны 03 дугаар сарын 23-ны, 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрүүдэд Сүмбэр сумын 2 дугаар баг, Аймгийн Онцгой байдлын газрын нийтийн байрны 05 тоотод хамтран амьдрагч О.Нийн нүүрэн тус газар гараараа цохиж, мөн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны шөнө 02 цагийн орчим С сумын 2 дугаар баг, Уын 2-205 тоот гэртээ О.Нийн зүүн шанаа хэсэгт гараараа цохиж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Дорноговь аймагт Говийн чоно сургуулалт болоод Ерөнхий газраас дарга нар буцахад нь намайг ажлынхаа фургон машиныг аваад тосож Ч ламын зусланд хоол бэлдэж хүлээж ав гэсэн. Гэтэл эхнэр Н намайг ажлаасаа халагдах гэж байж наанаа байж яадаг юм гэж хэлэхээр нь би 10 гаран жил ажилчихаад ажлаасаа гарахдаа нэр төртэй гармаар байна гэж хэлсэн. Эхнэр хүн өрөө нэхээд байна гэхээр нь би орой ирж байгаад яръя гээд салгасан. Тэгээд жаахан сэтгэл гутраад ажлынхаа нэг залуутай нэг шил архи уусан. Машинаа ирж тавиад, ажлаа дуусгаад байж байхад эхнэр залгаад хаана байна гэхээр нь ажил дээрээ машинаа тавиад одоо гарах гэж байна гэсэн чинь архи уучихсан юм уу, архи уусан бол битгий ирээрэй гэхээр нь тэгвэл би ажил дээрээ хонолоо гэж хэлсэн. Өглөө гимнастикийн дасгалтай, биеийн тамирын хувцастай ирээрэй гэж хэлэхээр нь гэртээ очоод хувцасаа аваад гарах гэж байхад араас эхнэр зуурахаар нь би архи уусан юм чинь ажил дээрээ хонолоо гэж хэлсэн чинь архи уусан газраа хоноод ирэхгүй яасан юм бэ гээд цүнхнээс зуураад байхаар нь цаашаа түлхээд гараад ирсэн чинь цагдаа ирчихсэн байсан. Нтой 2013 онд танилцаад, хамт амьдарч байгаа. Албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй. 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр би Нацагдоржийг 1 удаа цохисон, юунаас болсон гэдгээ санахгүй байна. Мөн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр байгууллагаас гэр бүлээрээ шинэ жилд орж болно гэхээр нь би Нийг хамт шинэ жилд орох уу гэж асуухад таарах хувцас олдохгүй, орохгүй гэсэн. Дараа нь яг шинэ жилд болох өдөр гэнэт шинэ жилд орно гэсэн. Би тоглоомтой юм шиг орно, орохгүй гэж хэллээ гээд маргалдаад нэг удаа алгадсан. Энэ гурван үйлдлээс өөрөөр Нийн биед халдаж зодсон асуудал байхгүй. Бид хоёрын аль аль нь болдоггүй байх. Би архи уудаг, мөн ажил оройтож тарахаар манай хүн ойлгохгүй уурладаг, нэг нэгнийхээ үгийг даадаггүй. Би хэрэлдэж маргалдаж байгаад тухайн үедээ юу хийж байгаагаа мэддэггүй. Мөн манай эхнэр түргэн ууртай, хор шартай, уурлаад аашилж байхдаа хүнийг байж суухын аргагүй болтол элдэвээр хэлдэг гэв.

 

2. Хохирогч О.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “2019 оны 09 дүгээр сарын 05-ны шөнө 02 цагийн үед нөхөр О согтуу гэртээ орж ирээд чи намайг Солонгос улс руу явуулж боолын ажил хийлгэх гэлээ гээд агсараад байсан. Би Од хандаад архи уугаад согтуу ирлээ архи уусан газраа эрүүл болоод ирэхгүй яасан юм бэ гэж хэлтэл О би хувцасаа аваад явлаа гээд гарах гэхээр нь би шөнө орой явуулахгүй гэж бодоод суганд нь байсан хувцасыг нь татаж аваад газар луу хаясан. Тэгтэл О миний зүүн шанаа руу гараараа нэг удаа цохиод авахаар нь би гэрээс гарч гүйгээд цагдаа дуудсан. 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдөр манай нөхөр ажлаасаа ирэхгүй байхаар нь утсаар залгаад хаана байгааг нь асуухад ажилтай байна, галын машинд ус авч байна гэхээр нь би уурлаад гэр орондоо ирдэггүй юм уу, хэдэн өдөр ингэж оройтлоо ш дээ гэж хэлсэн. Тэгээд Оыг ирэхэд нь өөдөөс нь босоод очтол үгийн зөрөөгүй миний дээд уруул руу гараараа нэг удаа цохиод авсан. Энэ асуудлаараа цагдаад шалгагдаад баривчлагдаж байсан. Мөн 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр манай ажлынхан шинэ жилд ор гээд байхаар нь орохоор болоод сууж байтал О Хаялага нуурнаас баримал барих мөс аваад ирлээ гээд нилээн согтуу гэртээ орж ирсэн. Тэгээд Од шинэ жилд орох талаараа хэлтэл чи хүүхдээ яах гэж байгаа юм гэхээр нь ээж хоёр цаг харж өгнө гэсэн гэж хэлээд Оыг чи яахаараа архи уудаг юм бэ, мөнгө байхгүй гэж хэлээд архи уугаад байх юм гээд маргалдсан. Тэгтэл О миний зүүн хацар луу нэг удаа алгадсан. ” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 16-18 хуудас/

 

3. Гэрч З.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “Би О эхнэрээ зодож байхыг хараагүй. Эхнэр Н намайг зодчихлоо гээд цагдаад өгсөн гээд ярьж байдаг. Би цаг хугацааг нь нарийн санахгүй байна. Ер нь эхнэр нь муудалцаад цагдаад өгчихдөг байсан. Оын хувьд төлөв томоотой зантай, хамт олонтойгоо нийтэч харьцаатай, нэр хүнд сайтай байсан. Мөн өөрийн хариуцсан техниктээ сайн засвар үйлчилгээ хийдэг, ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, хамт олны дунд хүлээн зөвшөөрөгдсөн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 19 хуудас/

 

4. Гэрч Ц.Ч мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хөдөө албан ажлаар явж байгаад нилээн орой болсон хойно Чойрт орж ирээд албаны машиныг гражид тавиад гэртээ харих замдаа 0,75 литрийн архийг О бид хоёр хувааж уугаад гэр гэр лүүгээ явсан. Дараа нь сонсож байхад О тэр орой эхнэртэйгээ муудалцаад цагдаагийн эрүүлжүүлэх байранд хоносон гэсэн. О урд нь эхнэр Нгоо зодож байсан талаар надад мэдэх зүйл байхгүй. Оын хувьд зан ааш сайтай, төлөв томоотой, машин тэргээ сайн янзалдаг, өөрийн хариуцсан ажлыг хэл үгүйгүй хийдэг. Хамт олонтойгоо нийтэч харьцаатай, манай ажлынхан их хүндэлдэг” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 20 хуудас/

 

5. Шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 272 дугаар дүгнэлтэнд: О.Нийн биед зүүн хацарт хуучин цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.С гэжээ. /х.х-ийн 25 хуудас/

 

6. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл, согтуурсан, мансуурсан хүнийг саатуулах тухай тогтоол /х.х-ийн 6, 9 хуудас/

 

7. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /х.х-ийн 53-64 хуудас/

 

8. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 23 дугаар шийтгэвэр, 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 22 дугаар шийтгэвэрийн хуулбарууд /х.х-ийн 67-71 хуудас/

 

9. Аюулын зэргийн үнэлгээ, Гэр бүлийн хүчирхийлэлийн нөхцөл байдлын үнэлгээ /х.х-ийн 7-8, 76-80 хуудас/  зэрэг болно.

 

Дээр дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Б.О нь 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Аймгийн Онцгой байдлын газрын нийтийн байрны 05 тоотод хамтран амьдрагч О.Нийг хэл амаар доромжилж зодсон, 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 14 цагийн орчимд Г аймгийн С сумын 2 дугаар баг, Аймгийн Онцгой байдлын газрын нийтийн байрны 05 тоотод хамтран амьдрагч О.Нийн нүүрэн тус газар гараараа цохисон, 2019 оны 09 дүгээр сарын 05-ны шөнө 02 цагийн орчим Г аймгийн С сумын 2 дугаар баг, Уын 2-205 тоот гэртээ хамтран амьдрагч О.Нийн зүүн шанаа хэсэгт гараараа цохисон гэх үйл баримт тус тус тогтоогдож байна.

 

Гэвч шүүгдэгч Б.Оын дээрх үйлдлүүдийг Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг заасан “гэр бүлийн хамаарал бүхий харьцаатай хүнийг байнга зодсон” гэж дүгнэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлгүй гэж шүүхээс үзлээ. Учир нь:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн нэг онцлог шинж нь тухайн зүйлд заасан үйлдлийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг байнга үйлдсэн тохиолдолд хамаарахаар хуульчилсан байна. Байнга гэдэг нь тоон илэрхийллийн хувьд гурав болон түүнээс дээш удаа үйлдэгдсэн байхыг авч үздэг хууль хэрэглээний ойлголт юм.        

Иймээс гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн бие даасан шинж болох гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодсон гэх үйлдэл нь байнга буюу гурав ба түүнээс дээш давтамжтай үйлдэгдсэн үйлдэл байхыг шаардах ба энэхүү гурван үйлдэлдээ Эрүүгийн хууль болон зөрчлийн тухай хуульд заасан хэм хэмжээгээр хариуцлага хүлээгээгүй байхыг багтаан ойлгоно.

Урьд нь гаргасан үйлдэлд нь Зөрчлийн тухай хуульд заасан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих гэсэн заалтаар шийтгэл хүлээсэн хүнд дахин тухайн үйлдлийг нь Эрүүгийн хуульд заасан өөр зүйл, хэсгээр зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй тул давхар хариуцлага хүлээлгэх  боломжгүй ба Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад заасны дагуу хариуцлага хүлээгээгүй, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гурав ба түүнээс дээш удаагийн бие даасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан шинжийг хангана гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.О нь 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хамтран амьдрагч О.Нийг зодсон үйлдэлдээ Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар 40 цаг албадан сургалтанд хамруулж, 7 хоног баривчлах, 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хамтран амьдрагч О.Нийг зодсон үйлдэлдээ Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар 30 цаг албадан сургалтанд хамруулж, 20 хоног баривчлах шийтгэл тус тус хүлээсэн болох нь Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2018/ЗШ/23 дугаар шийтгэвэр, 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 22 дугаар шийтгэвэрийн хуулбараар нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Оын өмгөөлөгч Б.Бээс гэм буруугийн дүгнэлтэндээ гаргасан хүсэлт нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иймд шүүхээс гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Од холбогдох эрүүгийн 1917001550085 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Оыг цагаатгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Од холбогдох 1917001550085 дугаартай хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэнд буцаах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Б.О нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.9 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгүүдэд тус тус заасныг баримтлан Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Бын Од холбогдох эрүүгийн 1917001550085 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Оыг цагаатгасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Од холбогдох 1917001550085 дугаартай хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэнд буцаасугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

4. Шүүгдэгч Б.О нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.БАТТУЛГА