Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2026/ХШТ/13

 

Ж.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Ц.Оч, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэнэ, шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Батханд, О.Баярбаясгалан, Д.Батбаяр, нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/170 дугаар шийтгэх тогтоолУвс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ДШМ/60 дугаар магадлалтай, Ж.О-д холбогдох 2435000150160 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлээр 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ж.О 1987 оны 07 дугаар сарын 12-ны өдөр **** аймгийн **** суманд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ухааны багш, улс төр судлаач мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ **** аймгийн **** сумын ****-аар ажиллаж байсан, одоо “****” ХХК-д нярав ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт **** аймгийн **** сумын **** дугаар баг, **** байрны **** тоотод оршин суудаг, /РД: ****/.

Шүүгдэгч Ж.О нь **** аймгийн ****ын 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/596 дугаар захирамжаар байгуулагдсан Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар **** суманд “****” ХХК-ийн нийлүүлэх автомашиныг хүлээн авах ажлын хэсэгт ороогүй атлаа 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тус компаниас нийлүүлэх тээврийн хэрэгслийг **** аймгийн **** сумын **** дугаар багийн нутагт байрлах аймгийн ****-ын газрын урд талын зогсоол дээр иргэн Э.М, Ч.О нар нь авч ирж танилцуулах үеэр гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж иргэн Э.М-аар дамжуулан “****” ХХК-иас 5,000,000 төгрөгийн хахууль өгөхийг, мөн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “****” ХХК-ийн захирал Э.Б-ийн **** дугаар руу өөрийн **** дугаараас залгаж “****” ХХК-иас тендерт шалгарсны дагуу нийцүүлж байгаа автомашиныг хүлээн авахтай холбогдуулан гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж “****” ХХК-ийн захирал Э.Б-аас 5,000,000 төгрөгийн хахууль өгөхийг тус тус шаардсан гэмт хэрэгт холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх шүүгдэгч Ж.О-ыг хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Ж.О-ын цагдан хоригдсон 107 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохоор шийдвэрлэсэн байна.

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Увс аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.О-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “Шүүгдэгч Ж.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан албан тушаалын байдлаа ашиглаж бусдыг хуурч, залилах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцсугай” гэж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2, мөн хуулийн 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ж.О-д нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй” гэж тус тус өөрчилж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дугаар заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “шүүгдэгч Ж.О нь оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааны дотор биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэсэн,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.О-д оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай” гэсэн нэмэлт заалт тус тус оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж,

шүүгдэгч Ж.О-ын цагдан хоригдсон 214 хоногийн нэг хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр тооцож, оногдуулсан торгох ялаас 3,210,000 төгрөгийн торгох ялыг эдэлсэнд тооцож, түүний эдлэх торгох ялын хэмжээг 11,790,000 төгрөгөөр тогтоон шийдвэрлэжээ.

Увс аймгийн прокурор Ц.Батзаяа хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй тайлбарлаж, Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн.  **** аймгийн ****-ын 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/427 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” захирамжаар “Орон нутгийн хөгжлийн сангаас 85,000,000 төгрөгөөр санхүүжих “Ундны усны автомашин /**** сум/” нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороог 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан байна. Тус үнэлгээний хороо “****” ХХК-ийг нийлүүлэгчээр сонгон шалгаруулж, захиалагч **** аймгийн ****-д 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 84,502,000 төгрөгийн үнэлгээгээр гэрээ байгуулах зөвлөмж хүргүүлсэн. **** аймгийн **** 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1/1521 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичгээр “****” ХХК-д гэрээ байгуулах талаар мэдэгдэл хүргүүлж, гэрээг 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан байна.

Шүүгдэгч Ж.О нь 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр уг автомашиныг авч ирсэн Э.М-аас “5,000,000 төгрөг өгвөл уг автомашиныг хүлээн авна, уг мөнгийг аваад өгвөл чамд 500,000 төгрөг өгнө” гэж, мөн “****” ХХК-ийн захирал Э.Б-ийн **** дугаартай утас руу өөрийн **** дугаарын гар утаснаас залгаж, түүнээс 5 сая төгрөг өгөхийг шаардсан нь гэрч Б.М, Ч.Оү, Э.Б, Ч.А, Б.Б нарын мэдүүлэг, шүүгдэгч Ж.О-ын **** дугаарын гар утасны ярианы түүх, Си дискэд агуулагдсан дуу-дүрсний бичлэгүүдээр тогтоогдсон.

Гэтэл давж заалдах шатны шүүх “…шүүгдэгч Ж.О-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийснийхээ хариуд хахууль өгөхийг шаардсан” гэх шинжийг хангахгүй байна.” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албал тушаалтан хахууль авах гэмт хэргийн шинжид “Нийтийн албан тушаалтан бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан бол энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцох”-оор хуульчилсан. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ж.О-ыг “5 сая төгрөг өгөхийг шаардсан үйл баримт тогтоогдож байна” гэж дүгнэсэн атлаа “шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжгүй” гэж үзсэн нь ойлгомжгүй байна.

Залилах гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөргүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрх зүйн аливаа харилцаанаас ялгагддаг. Шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдана.

Магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг буруу тайлбарласан, хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр Улсын дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 569 дүгээр, 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн №435 дугаар тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоос хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлсэн нь Ж.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжгүй болохыг онолын талаас нь бодитой дүгнээгүй, хууль хэрэглээний тогтсон ойлголтыг үгүйсгэсэн гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг үнэлэхдээ нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар хянаж үзээгүй, хэт нэг талыг баримталсан хууль зүйн дүгнэлт хийсэн, яллах болон цагаатгах талыг нотлох баримтыг харьцуулан шинжлэн судалж чадаагүй, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн. Иймд магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр шүүх хуралдаанд танилцуулсан саналдаа: “... энэ хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх тус бүр 2 удаа хэлэлцсэн. Давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 60 дугаар магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Прокурорын эсэргүүцэлд “давж заалдах шатны шүүх зөрүүтэй, үндэслэлгүй дүгнэлт хийсэн” гэж бичсэн нь үндэслэлгүй, таамаглалд үндэслэж бичсэн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх Ж.О-д холбогдох хэргийг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд болсон үйл явдлын талаар үнэн зөв дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн зүйлчлэл нь хууль зүйн үндэслэлтэй. Учир нь, “****” ХХК-ийн автомашиныг хүлээлцэх ажлын хэсэгт Ж.О оролцоогүй, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд байхгүй, мөн ажлын хэсэг автомашиныг хүлээж авах талаар нөлөөлсөн баримт хэрэгт байхгүй. Энэ талаар болсон үйл явдлыг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Батханд шүүх хуралдаанд танилцуулсан саналдаа: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргүүд нь субъектээрээ төсөөтэй боловч сэдэл, санаа, зорилгоороо ялгаатай. Давж заалдах шатны шүүх хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчилсэн. Ж.О нь “****” ХХК-ийн захирал Э.Б, Б.М нараас 5,000,000 төгрөг нэхсэн үйлдэл нь бусдад нөлөөлж чадах мэтээр ойлгуулж байгаа нь зохиомол байдлыг зориудаар бий болгосон. Гэвч тухайн үйлдлийг биелүүлэх хүсэл зориг байгаагүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Т, З.М, С.Б нарт ямар нэгэн байдлаар Ж.О-ын зүгээс тухайн усны машиныг хүлээж авах талаар нөлөөлсөн үйл баримт тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, ****-ын ажлыг хийж байсан нь эрх зүйн байдлыг нь дордуулах үндэслэл биш. Хамгийн гол нь гэмт хэргийн сэдэл, санаа зорилгыг харах ёстой. Давж заалдах шатны шүүх “Ж.О нь ажлын хэсэгт ороогүй, нөлөөлөөгүй учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжтэй байна” гэж үзсэн. Мөн Улсын дээд шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны 435 дугаар тогтоолд заасныг харахад Ж.О-ын үйлдэл нь албан тушаалын байдлаа ашиглаж залилах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байна. Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан шүүх хуралдаанд танилцуулсан саналдаа: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд” гэж заасан. Энэ хэрэгт хахууль өгөгчийн ашиг сонирхол байсан эсэхийг тогтоох ёстой. Хахууль авах гэмт хэрэг нь хахууль авагч, өгөгч хоёрын харилцан ашиг сонирхлын үүднээс нэгдмэл ашиг сонирхлын хувьд байх ёстой. Энэ гэмт хэрэгт хахууль өгөгчийн ашиг сонирхол байх ёстой бөгөөд үүнийг мөрдөн шалгах ажиллагаагаар  тогтоож чадаагүй. Давж заалдах шатны шүүх хэргийг өмнө буцаахдаа “хахууль өгөгчийн ашиг сонирхлыг тогтоож чадаагүй байгаа тул энэ талаар хууль зүйн дүгнэлт хий” гэж нэг удаа анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэх, хэрэгжүүлсний хариуд хийх ёсгүй үйлдлийг хийх” гэж заасан.

Хоёрдугаарт, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн” гэж дүгнэсэн. Гэтэл гүйцэтгэх ёсгүй үйлдэл гэдэгт юу хамаарах ёстой талаар дүгнэлт хийх учиртай. Гүйцэтгэх ёсгүй үйлдэл гэдэг нь нийтийн албан тушаалтны тухайн бүрэн эрхэд хамаарах, түүний хувьд гүйцэтгэх боломжтой үйлдэл байхыг шаарддаг. Гэтэл  гэмт хэргийн шинжийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл нь өөрийнх нь бүрэн эрхэд нь хамаарахгүй гэж үзэж байна. Тодруулбал, Ж.О нь тухайн ундны усны машиныг хүлээж авах ажлын хэсэгт байгаагүй. Тухайн ажлын хэсгийн гишүүдэд аймгийн засаг даргын төлөөллөөс 4, сумын засаг даргын төлөөллөөс 3 хүн тус тус орсон тул Ж.О-ын албаны чиг үүрэгт хамаарахгүй гэж үзэж байна. Прокурорын бичсэн эсэргүүцлийн гол үзэл санаа нь сумын **** учраас тухайн 3 этгээд нөлөөлөх боломжтой, учир нь томилох, чөлөөлөх эрх бүхий субъект гэж таамгийн шинжид үндэслэж эсэргүүцлээ бичсэн байна. Гэтэл хэргийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэж дүгнэлт хийх ёстой. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн ажлын хэсэгт байсан гишүүдээс Ж.О нөлөөлсөн эсэхийг асуухад “ямар нэгэн байдлаар нөлөөлсөн, удаашруулсан зүйл байхгүй” гэж гэрч нар мэдүүлсэн. Авлигын эсрэг конвенцод Монгол Улс 2005 онд нэгдэн орсон. Авлигын эсрэг конвенцын 18 дугаар зүйлд эрх нөлөөг урвуулан ашиглах талаар дурдсан. Үүнийг тайлбарлаж байгаа шалтгаан нь прокурорын эсэргүүцэлд “албаны эрх нөлөөгөө урвуулан ашигласан” гэж бичигдсэн байсан. Албаны эрх мэдлийг урвуулан ашиглах үндсэн шинж нь дээр дурдсан конвенцод заасан бөгөөд Конвенцод зааснаар гэмт хэрэг үйлдэгч этгээд нь зүй бус давуу байдал олж авах үүднээс төрийн албан тушаалтан, аливаа бусад этгээдэд өөрийн бодит буюу эрх нөлөөгөө урвуулан ашиглахын тулд шууд буюу шууд бусаар зүй бус давуу тал олгохыг амлах, санал болгох эсхүл олгох” гэж заасан.

Анхан шатны шүүх өрсөлдөх гэмт хэргийн шинж байгаа эсэх талаар дүгнээгүй. Энэ талаар давж заалдах шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Тодруулбал, гэмт хэрэгт Эрүүгийн хуульд заасан ямар өрсөлдөх гэмт хэргийн шинж байгаа талаар дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан ажлын хэсэгт ороогүй байж тухайн автомашиныг хүлээж авах эрх бүхий субъект мэтээр ойлгуулж, төөрөгдөлд оруулсан гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Прокурор Г.Эрдэнэ шүүх хуралдаанд танилцуулсан хууль зүйн дүгнэлтдээ: “Прокурорын гаргасан эсэргүүцэл “давж заалдах шатны шүүх хэргийг буруу зүйлчилж шийдвэрлэсэн” гэсэн агуулгатай учраас шүүх хуралдаанд гаргах миний хууль зүйн дүгнэлт хэргийн үйл баримттай холбогдохоор байгааг шүүх бүрэлдэхүүн, даргалагч харгалзаж үзнэ үү гэж хүсэж байна. **** аймгийн ****-аас тендер сонгон шалгаруулалтын дагуу **** суманд нийлүүлэгдэж буй ундны ус зөөвөрлөх автомашиныг худалдах-худалдан авах гэрээ болон техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг үзэж шалгаад хүлээж авах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг томилсон. Уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд **** сумын ****-ын тамгын газрын гурван албан тушаалтан багтсан байгаа. Харин шүүгдэгч буюу **** сумын **** Ж.О нь уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтаагүй, тэрээр нийлүүлэгдэж байгаа автомашиныг үзэж, шалган хүлээж авах эрх, үүрэг үүсээгүй хэрнээ 5,000,000 төгрөг өгвөл машиныг хүлээж авна гэж нийлүүлэгчээс утсаар холбогдож, шууд болон шууд бусаар мөнгө нэхсэн үйл баримт тогтоогдсон. Энэхүү үйл баримтад хоёр шатны шүүх Эрүүгийн хуулийг өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн.

Тодруулбал, анхан шатны шүүх шүүгдэгч Ж.О-ын үйлдлийг нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн, прокурорын яллах дүгнэлтийн зүйлчлэлээр хэргийг шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн үйлдлийг албан тушаалын байдлаа ашиглаж, залилах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж дүгнэн, зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэсэн. Прокуророос шүүгдэгчийн үйлдэл нь нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийн шинжийг хангасан байхад давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн учир шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгуулах гэсэн агуулгаар эсэргүүцэл гаргасан.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн үйлдлийг “албан тушаалын байдлаа ашиглаж, залилах гэмт хэрэг үйлдэхийг завдсан” гэж дүгнэсэн. Гэтэл хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь автомашин нийлүүлэгчид өөрийн албан тушаалын байдлыг мэдэгдээд, 5,000,000 төгрөг өгвөл автомашиныг хүлээж авна гэж мөнгө нэхсэн үйл баримт тогтоогдсон байна. Харин шүүгдэгч нь хууран мэхэлсэн, зохиомол байдлыг зориудаар бий болгосон, бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулсан гэж үзэхээр ямар нэгэн идэвхтэй үйлдэл хийсэн үйл баримт хэрэгт авагдаагүй байна. Тэгэхээр шүүгдэгчийн үйлдэлд залилах гэмт хэргийн обьектив талын шинж бүрдээгүй байгаа учраас давж заалдах шатны шүүхээс өөрчилсөн хэргийн зүйлчлэл тохироогүй байна гэж дүгнэсэн. Мөн давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийн “гүйцэтгэх ёсгүй үйлдэл” гэдгийг тайлбарлахдаа зөвхөн албаны чиг үүрэгтэй нь холбогдох бөгөөд түүнд заавал багтана гэсэн агуулгаар тайлбарласан байна. Албан тушаалын байдал гэдгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд “албаны эрх нөлөө хамаарна” гэж хууль тогтоогч тайлбарласан.

Мөн Монгол Улсын дээд шүүхийн 2009 оны 23 дугаартай “Эрүүгийн хуулийн 28 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолд зааснаар “албан тушаалын байдал” гэж “албан тушаалтны хэрэгжүүлж байгаа эрх үүрэгт хамааралгүй боловч тухайн албан тушаалтай холбоотой нэр хүнд, нөлөөг хэлнэ” гэж, мөн “гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийх” гэдгийг “албан тушаалтны хувьд өөрт нь олгогдоогүй эрх, үүргийг хэрэгжүүлснийг ойлгоно.” гэж тус тус тайлбарласан. Хуулийн болон Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас үзэхэд, гүйцэтгэх ёсгүй үйлдэл гэдэгт бүхий л хууль бус үйлдэл хамаарахаар буюу албан тушаалтны албаны эрх, үүрэгт хамаарах асуудлуудаас гадна албан тушаалын эрх нөлөөгөө ашиглаж, өөрт нь олгогдоогүй эрх, үүргийг хэрэгжүүлсэн явдал ч мөн адил хамаарна гэж ойлгогдож байна. Иймээс шүүгдэгчийн үйлдлийг нийтийн албан тушаалтан гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд албан тушаалын байдал буюу эрх нөлөөгөө ашиглаж, бусдаас хахууль өгөхийг шаардсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдал болон Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбартай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Прокурор Ц.Батзаяагийн хяналтын шатны шүүхэд бичсэн “хууль хэрэглээний зөрүүг арилгуулах” агуулга бүхий эсэргүүцлийг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Хяналтын шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг бүхэлд нь хяналаа.

2.Хяналтын шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг тогтоохдоо хуулийн хэм хэмжээний бүтэц, түүний элементүүд /гипотез, диспозици/, гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг онол, арга зүйн үүднээс задлан шинжилж, түүнд тулгуурлан хууль зүйн хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэсэн эсэхийг магадлах замаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлдэг.

“Хууль хэрэглээний зөрүү” гэдэгт шүүх хуулийн нэг зүйл, заалт, эсхүл эрүүгийн эрх зүйн онол, шүүхийн практикт тогтсон ойлголтыг агуулгын хувьд өөрөөр тайлбарласан, хэрэглэвэл зохих хэм хэмжээг хэрэглээгүй буюу хэрэглэх ёсгүй хэм хэмжээг хэрэглэсэн, улмаар хууль хэрэглээний асуудлаар хоёр шатны шүүх зарчмын зөрүүтэй шийдвэр гаргасан нөхцөл байдлыг ойлгоно.

3.Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн явагдсан, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлогдвол зохих байдлуудыг хангалттай шалган тогтоосон, шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэхэд хүрэлцэхүйц нотлох баримт хэрэгт авагджээ.

Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

4.Шүүгдэгч Ж.О-ыг **** аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/596 дугаар захирамжаар байгуулагдсан Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар **** суманд “****” ХХК-ийн нийлүүлэх автомашиныг хүлээн авах ажлын хэсэгт ороогүй атлаа 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тус компаниас нийлүүлэх тээврийн хэрэгслийг **** аймгийн **** сумын **** дугаар багийн нутагт байрлах аймгийн ****-ын урд талын зогсоол дээр иргэн Э.М, Ч.О нар нь авч ирж танилцуулах үеэр гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж иргэн Э.М-аар дамжуулан “****” ХХК-иас 5,000,000 төгрөгийн хахууль өгөхийг, мөн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “****” ХХК-ийн захирал Э.Б-ийн **** дугаар руу өөрийн **** дугаараас залгаж, “****” ХХК-иас тендерт шалгарсны дагуу нийцүүлж байгаа автомашиныг хүлээн авахтай холбогдуулан гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж “****” ХХК-ийн захирал Э.Б-аас 5,000,000 төгрөгийн хахууль өгөхийг тус тус шаардсан үйл баримт тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.О-ыг хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийтгэснийг давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шүүгдэгчийг албан тушаалын байдлаа ашиглаж бусдыг хуурч, залилах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэж дүгнэн зүйлчлэлийг өөрчилсөн байна.

5.Хоёр шатны шүүх хэргийн үйл баримтад ялгаатай, зөрчилдөхүйц дүгнэлт хийгээгүй, харин тогтоогдсон үйл баримтад зарчмын зөрүүтэй хандаж, зүйлчлэлийн хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашгаар ялгаатай хоёр өөр зүйл, хэсгийг хэрэглэсэн нь хууль хэрэглээний зөрүүг бий болгожээ.

Давж заалдах шатны шүүх “шүүгдэгч Ж.О-ыг залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдыг хуурч, залилах гэмт хэрэг үйлдэхийг завдсан” гэж дүгнэн хууль хэрэглээний алдааг гаргасан байна.

Учир нь давж заалдах шатны шүүх хэргийн зүйлчлэлд нөлөөлж болохуйц гэрч нарын мэдүүлэг, бусад нотлох баримтыг бүрэн бодитойгоор харьцуулан үзэлгүй орхигдуулсан, шүүгдэгчийн үйлдэлд үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт хийж чадаагүйн улмаас шүүгдэгч Ж.О-д холбогдох хэргийг залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдэхийг завдсан гэж зүйлчлэлийг өөрчилсөн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

6.Эрүүгийн хуульд нэрлэн зааж тогтоосон нийгэмд аюултай, хортой үр дагавар бүхий хууль бус үйлдлийг гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд энэхүү хуулийн хэрэглээ нь хэргийн үйл баримтыг хэрхэн зөв сэргээн тогтоосноос хамаарч хэргийн зүйлчлэл, ял шийтгэлийн оновчтой, зохистой хэмжээ тодорхойлогддог.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдал /нийтлэг болон тусгай шинж бүхий субъект/ тухайн гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх бүрэлдэхүүнээр тогтоосон тохиолдолд энэ нь гэмт хэргийн нийгмийн аюулыг багасгах буюу ихэсгэх, шүүгдэгчийн хувийн байдлыг эерэг эсхүл сөргөөр үнэлэхэд хүргэж, шүүхээс сонгон хэрэглэж буй ялын бодлогод зайлшгүй нөлөөлдөг онцлогтой.

Энэ утгаараа хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчсөн эсэхийг тогтоохдоо гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдал, гэмт этгээдийн үйлдэлдээ хэрхэн хандсан буюу гаргасан зан үйл, үйлдлийн өрнөл, түүнчлэн гэм буруугийн хэлбэрийг зөв тодорхойлсны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэснээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэсэн хууль ёсны зарчимд нийцэх юм.

7.Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт “гэмт хэргийн шинж” гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог.

Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдох учиртай. Дан ганц үр дагаварт тулгаарласан объектив яллах ажиллагааг Эрүүгийн эрх зүйн онол, хууль ёсны зарчмаар хориглодог болно.

8.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/ болон 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д /Албан тушаалын байдлаа ашиглаж залилах/ заасан гэмт хэргүүд нь албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авдаг нийтлэг шинжтэй хэдий ч гэмт хэргийн объектив талын шинж буюу гэмт үйлдлийн мөн чанар, арга, асуудлыг шийдвэрлэх бодит чадамж зэрэг хууль зүйн онолын хувьд эрс ялгагдана.

Энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн “шударга ёсны зарчим” болон “нэг удаа ял шийтгэх зарчим”-ыг баримтлан тухайн албан тушаалтны үйлдлийн нийгмийн аюулын шинж чанар, албан тушаалын нөлөөллийг ашигласан байдлыг хамгийн бүрэн дүүрэн, нарийвчлан илэрхийлж буй зүйл, заалтыг сонгож хэрэглэх ёстой.

Үүнийг эрүүгийн эрх зүйн онол, практикт тусгай хэм хэмжээ нь ерөнхий хэм хэмжээгээ үгүйсгэх зарчмаар шийдвэрлэдэг.

9.Гэмт хэргийн объектив талын шинжээр хахууль авах гэмт хэрэг нь албан тушаалтан өөрийн хуулиар олгогдсон бүрэн эрх, эсхүл албан тушаалын байдал, нэр хүнд, эрх нөлөөгөө ашиглан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс үйлдэл хийх, эсхүл хийхгүй байх бодит боломжтой байхыг шаарддаг.

Энэхүү бодит боломж нь зөвхөн хууль, эрх зүйн актыг батлах, гарын үсэг зурах албан ёсны бүрэн эрхээр хязгаарлагдахгүй бөгөөд удирдах, захирах харилцаанд буй албан тушаалтнуудад нөлөөлөх, шийдвэр гаргах үйл явцад саад учруулах, эсхүл түргэвчлүүлэх зэрэг албан тушаалын бодит нөлөөллийг мөн хамааруулж ойлгоно.

Харин залилах гэмт хэргийн хувьд албан тушаалтанд тухайн асуудлыг шийдвэрлэх хууль зүйн бүрэн эрх болон бодит нөлөөлөл байхгүй атлаа худал амлах, албан тушаалын байдлаа зөвхөн хохирогчийг төөрөгдүүлэх, итгэл төрүүлэх хэрэгсэл болгон ашиглаж, хуурч мэхлэх аргаар үйлдэгддэг онцлогтой байдаг.

Нийтийн албан тушаалтан нь өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарахгүй боловч албан тушаалын нэр хүнд, нөлөөг ашиглан бусад албан тушаалтны шийдвэрт нөлөөлөх боломжтой байсан бол түүний үйлдлийг хуурч мэхлэх аргаар үйлдсэн залилан гэж үзэхгүй, харин албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үйлдсэн авлигын гэмт хэрэгт тооцно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан “албаны чиг үүргээ хэрэгжүүлэх”, “гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийх” гэсэн ойлголтод албан тушаалтан өөрийн нөлөөллийг ашиглан асуудлыг шийдвэрлэх бодит чадамжтай байхыг хамааруулж, тусгай хэм хэмжээ ерөнхий хэм хэмжээгээ үгүйсгэх зарчмаар хэргийг шийдвэрлэх нь хууль ёсны зарчимд нийцнэ.

10.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томъёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж хууль ёсны зарчим, түүний эх сурвалжийг тодруулан хуульчилсан байна.

Авлигын гэмт хэрэг тэр дундаа хахууль өгөх, авах нь нийтийн ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаа хэлбэр бөгөөд тухайн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулан, хахууль өгөгчид ашигтайгаар шийдвэр гаргаж, олон нийтийн сэтгэл зүйд төрд үл итгэх нөхцөлийг бий болгодог үр дагавартай байдаг.

НҮБ-ын Авлигын эсрэг Конвенцын 15 дугаар зүйлд нийтийн албан тушаалтныг албан үүргээ гүйцэтгэх явцад аливаа үйлдэл, эс үйлдлийг хийлгэх зорилгоор түүнд өөрт нь эсхүл өөр хувь хүн, хуулийн этгээдэд зүй бус давуу байдал олгохыг шууд болон шууд бусаар тухайн албан тушаалтанд амлах, санал болгох, ийм давуу байдлыг олгох, нийтийн албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх явцдаа аливаа үйлдэл, эс үйлдэл хийх зорилгоор өөртөө болон өөр хувь хүн, хуулийн этгээдэд зориулж зүй бус давуу байдал олгохыг шууд болон шууд бусаар шаардах эсхүл ийм давуу байдлыг хүлээж авах, Авлигын эсрэг болон Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тухай Конвенцын 8 дугаар зүйлийн 1-ийн a-д төрийн албан хаагчид шууд буюу зуучлагчаар дамжуулан өөрийн албан үүргээ биелүүлэх явцад ямар нэгэн үйлдэл, эс үйлдэл хийсэнтэй холбогдуулан тухайн албан хаагчид, хувь этгээд эсхүл хуулийн этгээдэд зориулан ямар нэгэн хууль бус хөрөнгө амлах, санал болгох эсхүл өгөх үйлдлүүдийг оролцогч улс бүр гэмт хэрэг гэж тогтооход шаардлагатай байж болох хууль тогтоох болон бусад арга хэмжээ авахыг үүрэг болгожээ.

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “авлига” гэж албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг ойлгох, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардахыг хориглохоор заасан байна.

11.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль авах гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив шинжийг судлан үзвэл тусгай субъект буюу нийтийн албан тушаалтан гэм буруугийн зөвхөн шууд санаатай хэлбэрээр хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, хийхийн тулд шууд болон шууд бусаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан байх шинжийн нэгдлийг гэмт хэрэгт тооцдог.

“Хахууль өгөхийг шаардах” гэдэгт нийтийн албан тушаалтан өөрийн албан тушаалын бүрэн эрх, нөлөөллийг урвуулан ашиглаж, бусдын хууль ёсны эрх, ашиг сонирхолд хохирол учруулахаар заналхийлэх, эсхүл бусдын хууль ёсны эрх ашгаа хамгаалахын тулд хахууль өгөхөөс өөр аргагүй нөхцөл байдалд зориудаар оруулах замаар хууль бус шан харамж нэхсэн идэвхтэй үйлдлийг ойлгоно.

Өөрөөр хэлбэл, хохирогч өөрийн хууль ёсны эрх ашгаа хамгаалах цорын ганц арга зам хахууль өгөх болж хувирсан нөхцөлийг албан тушаалтан зориудаар бий болгосон байх ёстой.

Энэ гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул нийтийн албан тушаалтан хахуулийн зүйл болох мөнгө, эд хөрөнгө, үйлчилгээ зэргийг бодитоор авсан эсэхээс үл хамаарч, бусдын хууль ёсны ашиг сонирхлыг хохироох аргаар хахууль өгөхийг шаардсан үйлдэл хийсэн цаг хугацаанаас эхлэн гэмт хэргийг төгссөн гэж үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл бүрдэх юм.

Нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийн эдгээр хуульчилсан шинжүүд НҮБ-ын Авлигын эсрэг болон Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тухай Конвенцуудын үзэл санаатай шууд уялдана.  

12.Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцын 28 дугаар зүйлд “гэмт хэргийн зайлшгүй бүрэлдэхүүн болох ухамсар, санаа, зорилгыг бодит үйл баримтын нөхцөл байдлаас дүгнэн гаргаж болно” гэж тусгасан байна.

Гэмт хэргийн объектив тал нь гэмт үйлдэл, эс үйлдэхүй, түүний улмаас бий болох нийгэмд аюултай хор уршиг, тэдгээрийн хоорондох шалтгаант холбоо, гэмт хэрэг үйлдсэн арга, сэдэл, газар, цаг хугацаа, нөхцөл байдал, зэвсэг, хэрэгсэл зэргийг багтаасан гэмт хэрэгт зайлшгүй байх бүрэлдэхүүн хэсэг юм.

Энэ хүрээнд гэмт үйлдлийн төрөл, аргыг зөв тодорхойлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийн санаа зорилго, зүйлчлэл, гэм буруу, ялын асуудал зэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.

Тодруулбал, хэн нэг этгээд холбогдох хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ зөрчсөн байх нь ухамсарт үйлдэлтэй хамааралтай болох нь энгийн логик бөгөөд үйлдэл ба үр дагаврыг ухамсарласан байдал, тэдгээрийн шалтгаант холбоо буюу объектив хамаарлыг нотолж буй баримтын хүрээ, хязгаарын хэмжээнд дүгнэгдэх учиртай.

13.Шүүгдэгч Ж.О нь 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Увс аймгийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/596 дугаар захирамжаар байгуулагдсан Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар **** суманд “****” ХХК-ийн нийлүүлэх автомашиныг хүргэж ирсэн Э.М-т “5,000,000 төгрөг өгвөл хүлээж авна, уг мөнгийг аваад өгвөл чамд 500,000 төгрөг өгнө” гэж, мөн “****” ХХК-ийн захирал Э.Б-ийн **** дугаартай утас руу өөрийн **** дугаарын гар утаснаас залгаж, түүнээс 5,000,000 төгрөг өгөхийг шаардсан нь гэрч Б.М, Ч.О, Э.Б, Ч.А, Б.Б нарын мэдүүлэг, шүүгдэгч Ж.О-ын **** дугаарын гар утасны ярианы түүх, СD дискэд агуулагдсан дуу-дүрсний бичлэг зэрэг баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

Шүүгдэгч Ж.О нь ундны усны автомашин хүлээлцэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ороогүй, тухайн асуудлаар биечлэн шийдвэр гаргах, гарын үсэг зурах эрх хэмжээгүй байсан хэдий ч албан тушаалын байдлаа ашиглан өөрийн удирдлага доорх ажлын хэсгийн гишүүдэд хууль бусаар нөлөөлөхүйц, нийлүүлэгч компанид “мөнгө өгөхгүй бол автомашиныг хүлээн авахгүй” гэх хууль бус шаардлага тавьж, нийлүүлэгч компанийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, төлбөрөө авах хууль ёсны эрхэд саад учруулсан үйлдэл нь хахууль өгөхийг шаардсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

14.Анхан шатны шүүхийн “**** аймгийн **** сумын ****-аар томилогдон ажиллаж байсан шүүгдэгч Ж.О-ыг нийтийн албан тушаалтан гэж үзэж, ундны усны автомашиныг хүлээлцэх ажлын хэсгийн гишүүнд ороогүй ч гишүүн З.М, Э.Төвсанаа, С.Б нарын шууд удирдлага, тэдэнд албан тушаалын байдлаа ашиглан хууль бусаар нөлөөлөх боломжтой нөхцөл байдал, албан тушаалын байдлаа ашиглан Э.М-аар дамжуулж болон тус компанийн захирал Э.Б-тай утсаар ярьж 5,000,000 төгрөгийн хахууль өгөхийг шаардсан нь нийтийн албан тушаалтан гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан”  гэсэн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Энэ хүрээнд анхан шатны шүүх Эрүүгийн хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгдэгч Ж.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэснээс гадна оногдуулсан ял нь түүний хувийн байдал, гэм буруу, тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын шинж чанар зэрэгт тохирсон гэж дүгнэв.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Ж.О-ыг “нийтийн албан тушаалтан албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд хахууль өгөхийг шаардсан гэмт хэрэг үйлдсэн” гэж дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт гэмт хэргийн шинжийг нарийвчлан заалгүй, “хахууль авах гэмт хэрэг үйлдсэн” гэж ерөнхий байдлаар бичсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц алдаа биш боловч цаашид анхаарвал зохино.

15.Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн “...давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн эсэргүүцлийг хангахаар тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ДШМ/60 дугаар магадлалыг хүчингүй болгож, Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/170 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хяналтын шатны шүүхэд бичсэн прокурорын эсэргүүцлийг хангасугай.

2. Шүүгдэгч Ж.О-ыг энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4-т зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

                     ДАРГАЛАГЧ                                        Б.БАТЦЭРЭН

                         ШҮҮГЧИД                                        Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                      Ц.ОЧ

                                                                                      М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                      С.СОЁМБО-ЭРДЭНЭ