Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 584

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга би, Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 580 дугаар тушаалын холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, байгууллагын захиалгаар суралцсан 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл хугацааг Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу ажилласан жилд тооцож, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын зохих шимтгэлийг нөхөн төлөхийг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгуулах” тухай шаардлага бүхий иргэн Д.Э-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие 2014 оноос хойш одоог хүртэл ТТ-15 зэрэг албан тушаалд томилогдон цагдаагийн байгууллагад тасралтгүй 24 жил ажиллаж байна. Нийслэлийн Цагдаагийн газрын хэлтсийн даргын албан тушаалд ажиллаж байгаад өөрийн мэдлэг боловсролоо дээшлүүлэх үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу хүсэлт гарган Цагдаагийн ерөнхий газрын даргын 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 339 дүгээр тушаалаар 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас түр чөлөөлсөн. Намайг тухайн үед ажлаас түр чөлөөлөхөд миний эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй хэдий ч цагдаагийн байгууллагатай хөдөлмөрийн харилцаа дуусгавар болоогүй, хөдөлмөрийн гэрээ цуцлаагүй тул байгууллагын шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, улмаар Нийслэлийн цагдаагийн газрын удирдлагатай 2013 оны Цагдаагийн ерөнхий газрын даргын 339 дүгээр тушаалыг үндэслэн Үндэсний Тагнуулын акдемийн магистрантурт суралцуулах тухай албан хаагч миний биетэй сургалтын гэрээ байгуулсан болно. Тухайн үед Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсээс надад таныг ажлаас халаагүй, хөдөлмөрийн харилцаа дуусаагүй, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан үндэслэлээр чөлөөлсөн байгаа тул Нийслэлийн Цагдаагийн газартайгаа сургалтын гэрээ байгуулж, мөн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал зэрэг нь төрөөс төлөгдөөд явах хууль зүйн үндэслэлтэй гэж хэлдэг байсан тул миний бие магистрантурт суралцаж зэрэг цолоо хамгаалсан болно...” гэжээ. 

Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргын төлөөлөгч Захиргааны удирдлагын газрын дарга, Цагдаагийн хурандаа П.О нь шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “...Цагдаагийн ерөнхий газрын даргын 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 339 дүгээр тушаалаар төрийн албан тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2-д заасныг үндэслэн Д.Э-ыг Нийслэлийн Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, мөн газрын даргын 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 580 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн үндэслэлийг Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь заалтаар заасан үндэслэл болгон өөрчилсөон. Д.Э-ыг ажлаас чөлөөлөхөд түүнтэй цагдаагийн байгууллагаас хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгоогүй бөгөөд хүний нөөцийн албаны мэдэлд байсан байна. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэгт “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж заасан бөгөөд “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” Улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15 дахь хэсэгт “...Ажлаас халсан тухай шийдвэр гаргаагүй атлаа ажилтын ажил үүргийг нь гүйцэтгээгүйг бол тухайн үеийн цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу /69.1.Энэ хуулийн 36.1, 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно./ ажилтанд олгоно” гэж заасан. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” гэж заасан. Үүнээс үзэхэд Д.Э-ын нэхэмжлэлд дурдсан ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын зохих шимтгэлийг цагдаагийн байгууллагаас нөхөн төлөх үндэслэлтэй байна. 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасанчлан, хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах” эрхийг эдлэх бөгөөд мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргын төлөөлөгч Захиргааны удирдлагын газрын дарга, Цагдаагийн хурандаа П.О нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 580 дугаар тушаалын холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу байгууллагын захиалгаар суралцсан хугацааг ажилласан жилд тооцож, мөн хугацаанд ажилласан жил тасарсныг тогтоолгох, дээрх хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын зохих шимтгэлийг нөхөн төлөхийг Цагдаагийн ерөнхий газрын даргад даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд илэрхийлж, бичгээр хүсэлт гаргасан байх бөгөөд хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дарга Ө.Э нь 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн “Байгууллагыг төлөөлөх эрх шилжүүлэх тухай” А/31 дүгээр тушаалаар Захиргааны удирдлагын газрын дарга, Цагдаагийн хурандаа П.О-д олгосон итгэмжлэлд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхийг тусгайлан олгосон байна. 

 

Хариуцагчийн төлөөлөгчийн энэхүү бичгээр гаргасан тайлбар нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч болон хариуцагчийн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66, 67, 68 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч, нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч хариуцагч эвлэрснийг баталсан шүүгчийн захирамжид уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д зааснаар “...шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх” талаар тайлбарласан болно.

 

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг үндэслэн иргэн Д.Э-ын нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн тавин хувийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид буцаан  олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.

 

 

ШҮҮГЧ                                Г.МӨНХТУЛГА