Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 184/ШШ2016/01376

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг би тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 01-р хороо, “UBH” төвийн 1401 тоотод байрлах, “Сэйфмарт” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо, Интер төв 707 тоотод байрлах, “Гранд байшин” ХХК-д холбогдох

гэрээний үүргийн гүйцэтгэлд 75 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Одончимэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Сэйфмарт” ХХК-ийн захирал Я.Жавхлан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч "Сэйфмарт" ХХК нь 2014 оны 6 дугаар сарын 29-ны өдөр хариуцагч "Гранд байшин" ХХК-тай Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх 14/04 тоот гэрээ байгуулан, Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутагт орших хариуцагчийн барьж буй Grescent Grove барилга дээр харуул хамгаалалтын үйлчилгээг 2014 оны 6 дугаар сарын 29-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд тасралтгүй үзүүлсэн.

Талуудын хооронд байгуулсан Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх 14/04 тоот гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-т харуул хамгаалалтын үйлчилгээний төлбөрийг "Нэг хамгаалалтын ажилтны сарын ажлын хөлс 800 000 төгрөг ба сарын хамгаалалтын нийт төлбөр 12 000 000 төгрөг байна" гэж харилцан тохиролцсон.

Түүнээс гадна нэхэмжлэгч "Сэйфмарт" ХХК болон хариуцагч "Гранд байшин" ХХК нь 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 15/04-01 тоот Нэмэлт гэрээ буюу хариуцагчийн Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны нутагт орших "Байшин үйлдвэрлэх үйлдвэр" дээр харуул хамгаалалтын нэмэлт үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2015 өны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлсэн.

Энэхүү нэмэлт гэрээний 1.4-т харуул хамгаалалтын үйлчилгээний төлбөрийг "Нэг хамгаалалтын ажилтны сарын ажлын хөлс 800 000 төгрөг ба сарын хамгаалалтын нийт төлбөр 2 400 000 төгрөг байна" гэж харилцан тохиролцсон.

Нэхэмжлэгч "Сэйфмарт" ХХК-ийн зүгээс харуул хамгаалалтын үйлчилгээг дээр дурдсан хоёр гэрээнд заасны дагуу үзүүлж, гүйцэтгэсэн харуул хамгаалалтын үйлчилгээний төлбөр төлөх тухай нэхэмжлэхийг тухай бүр хариуцагч "Гранд байшин" ХХК-д хүргүүлж байсан.

Хариуцагч "Гранд байшин" ХХК нь өөрийн компанийн санхүүжилтийн байдал хүндрэлтэй байна гэдэг шалтгаанаар харуул хамгаалалтын үйлчилгээний төлбөрийг хугацаа хоцроож төлөх байдлыг удаа дараа гаргаж, 2015 оны 05 дугаар сараас хойш төлбөрийг төлөхгүй хойшлуулсаар байсан.

Дээрх нөхцөл байдлын улмаас нэхэмжлэгч болон хариуцагч талууд 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр уулзаж, Харуул хамгаалалтын үйлчилгээг үзүүлэх тухай хоёр гэрээг дүгнэж, гэрээний төлбөр тооцоог нийлж, харуул хамгаалалтын үйлчилгээг дуусгавар болгон шийдвэрлэсэн.

2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр талууд Тооцоо нийлсэн баримт үйлдэж 14/04 болон 15/04-01 тоот Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ, Нэмэлт гэрээний дагуу хариуцагч "Гранд байшин" ХХК -ийн төлөх ёстой төлбөрийн үлдэгдэл нь 55 760 000 төгрөг болохыг баталгаажуулсан. Хариуцагч "Гранд байшин" ХХК нь 55 760 000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлөх үүргийг хүлээж Мөнгөн төлбөр барагдуулах тухай гэрээ байгуулсан.

Гэвч хариуцагч "Гранд байшин" ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 20-ны дотор төлбөр бүрэн төлж дуусгах үүргээ биелүүлээгүй бөгөөд манай компанийн зүгээс удаа дараа шаардсаны эцэст 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 5 760 000 төгрөг шилжүүлсэн бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 50 000 000 төгрөгийн үлдэгдэл төлбөр төлөх ёстой байна.

Талуудын хооронд байгуулсан Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээний 6.7-д "Гэрээнд заасан хугацаанд үйлчлүүлэгч тал төлбөрөө хийгээгүй тохиолдолд үүргээ гүйцэтгээгүй өдөр тутам нийт төлбөрийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө" гэж заасны дагуу 2015.12.31-2016.07.28-ны хугацаанд тооцогдох алданги нь 52 750 000 төгрөг болох боловч Иргэний хуулийн 232.4-т "Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй" гэж заасны дагуу хариуцагч "Гранд байшин" ХХК нь 25 000 000 төгрөгийн алдангийг төлөх үүрэгтэй байна.

Иймд 2014 оны 6 дугаар сарын 29-ний өдөр "Сэйфмарт" ХХК болон "Гранд байшин" ХХК-ийн хооронд байгуулсан Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх 14/04 тоот гэрээ, 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 15/04-01 тоот Нэмэлт гэрээний дагуу үзүүлсэн харуул хамгаалалтын үйлчилгээний төлбөрийн үлдэгдэл болох 50 000 000 төгрөг, 2014 оны 06 дугаар сарын 29-ний өдөр "Сэйфмарт" ХХК болон "Гранд байшин" ХХК-ийн хооронд байгуулсан Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх 14/04 тоот гэрээний дагуу тооцсон алданги 25 000 000 төгрөг нийт 75 000 000 төгрөгийг хариуцагч "Гранд байшин" ХХК-иас нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч “Гранд байшин” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мягмарсүрэн шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Тус компани нь 2013 онд байгуулагдаж, 2014 онд угсармал байшин үйлдвэрлэх үйлдвэрийг Монгол улсад анх удаа барьж ашиглалтанд оруулан, мөн үүний зэрэгцээ 2014 оноос Эм Жи Ти ХХК-ийн захиалгаар Хан-Уул дүүргийн 15-р хороонд Инглиш Майншн худалдаа үйлчилгээ, орон сууцны цогцолбор хорооллыг барих ерөнхий гүйцэтгэгчээр орж барилгыг эхлүүлэн ажиллаж байна.

Тус хорооллын барилга угсралтыг гүйцэтгэхдээ 2014 онд “Сэйфмарт” ХХК-тай 14/04 тоот, 2015 онд 15/14-01 тоот харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулан, үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн болно.

Манай компани нь Сэйфмарт ХХК-д одоогийн байдлаар 50 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй ба төлөх ёстойг харилцан тохирсон болно.

Энэ үлдэгдэл төлбөрийг барагдуулах талаар манай компанийн зүгээс үйл ажиллагаа явуулж байгаа боловч манай оронд учирч байгаа эдийн засгийн хямралаас шалтгаалан, байшин үйлдвэрлэх үйлдвэрийн үйл ажиллагаа бүрэн зогсож, мөн авлагатай бусад компаниудаас өөрийн авлагаа авч чадахгүй байгаагийн улмаас Сэйфмарт ХХК-д төлөх үлдэгдэл төлбөрийг өнөөдрийг хүртэл барагдуулж чадахгүй байгаад хүлцэл өчиж байна.

Манай энэ хүндрэлтэй байдлыг олголж, төлбөр төлөх хугацааг түр хойшлуулах, эвлэрлийн гэрээ байгуулах хүсэлтэй байгааг хүлээн авна уу гэжээ.

 

Нэхэмжлэгч “Сэйфмарт” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Болорцэцэг шүүх хуралдаанд ирүүлсэн тайлбартаа:

Хариуцагч “Гранд байшин” ХХК-д холбогдуулан 75 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан. Бидний зүгээс алданги 25 000 000 төгрөгөөөс 12 500 000 төгрөгийг татгалзаж, үлдэгдэл төлбөрийг хариуцагч нь 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 10 000 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 52 500 000 төгрөг, нийт 62 500 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Гранд байшин” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэв шүүх хуралдаанд ирүүлсэн тайлбартаа:

Манай нэхэмжлэлийн шаардлагыг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 10 000 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 52 500 000 төгрөг, нийт 62 500 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Сэйфмарт” ХХК нь хариуцагч “Гранд байшин” ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 75 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

“Гранд байшин” ХХК нь 2014 оны 06 дугаар сарын 29-ний өдөр “Сэйфмарт импекс” ХХК-тай “Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г байгуулсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, 14/04 тоот гэрээ гэсэн баримтуудаар  тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 75 000 000 төгрөгийн шаардлагаа багасгаж 62 500 000 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч нь 62 500 000 төгрөгийг маргаангүйгээр төлөхийг зөвшөөрсөн тул талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч нь 62 500 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 10 000 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор үлдэгдэл 52 500 000 төгрөгийг төлж барагдуулахаар эвлэрсэн болохыг дурдав.

Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

          1. “Сэйфмарт” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Гранд байшин” ХХК-д холбогдох 75 000 000 төгрөг гаргуулах тухай хэргийн зохигч талууд хариуцагч нь 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 10 000 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор үлдэгдэл 52 500 000 төгрөг, нийт 62 500 000 төгрөгийг төлөхөөр  эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч “Гранд байшин” ХХК-иас 470 450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 532 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

           3. Шүүгчийн  захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэ-рйн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

           4. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       С.ОЮУНЧИМЭГ