Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 5551

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө 23/3 дугаар байр, 38 тоотод байрлах, “Ньюпроцесс” ХХК /РД: 5482143/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 12 дугаар байр, 179 тоотод оршин суух, Товуд овогт Баасанжавын Энхболд /РД: ЧК85052612/-д холбогдох,

 

5 017 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ганхөлөг, хариуцагч Б.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Ньюпроцесс” ХХК-ийн төлөөлөгч Н.Жавхлантөгс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нью процесс” ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Б.Энхболдтой 2 900 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор 15121101 дугаар зээлийн гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Мөн уг зээлийн гэрээтэй хамт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулсан ба уг гэрээгээр “Ниссан тиана” маркын автомашиныг шилжүүлсэн. Гэтэл Б.Энхболд нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүртэл буюу анх гэрээ байгуулсан өдрөөс хойш 9 сарын хугацаа өнгөрөөд байна. Б.Энхболд нь зээл авснаас хойш үндсэн зээлнээс нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд зөвхөн зээлийн хүүг л төлж байсан. Гэвч 4 болон 5 дугаар сарын хүүг хугацаа хэтрүүлэн 2016 оны 6 дугаар сарын 11-ний өдөр төлсөн ба 20 хоног хэтрүүлсэнд алданги тооцсон болно. Мөн үүнээс хойш нэг ч төгрөг төлөлгүй өдийг хүрээд байна. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээний үндсэн үүрэг болох 2 900 000 төгрөг, 6 дугаар сараас хойш 3 сарын зээлийн хүү 522 000 төгрөг, нийт хугацаа хэтрүүлсэн 110 хоногийн алданги болох 1 595 000 төгрөг буюу нийт 5 017 000 төгрөгийг гаргуулж, үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү. Нэхэмжлэлд дурдсан алданги 1 595 000 төгрөг гэсэн нь нэмэгдүүлсэн хүү гэв.

 

Хариуцагч Б.Энхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анх энэ компаниас мөнгө зээлэхдээ хоолны газар ажилуулна гэж авсан. Хоолны газраа ажилуулаад 6 сарын дараа дампуурсан. Анх мөнгө авахдаа 4 000 000 төгрөг авсан. Мөнгөө суутгуулаад 2016 онд гэрээгээ шинээр хийсэн. Гэтэл миний эрхэлсэн бизнес дампуурсан. Үүнээс болж зээлийн хүүгээ төлж чадахгүй болсон. Дараа нь түрээсээр экскеватор түрээслэсэн. Мөнгийг төлж чадахгүй байсан учраас машиныг өгъе гэсэн боловч өөрөө энэ машиныг янзлуулчихаад холбогдоорой гэсэн. Машиныг янзлуулъя гэхээр сэлбэг нь байхгүй. Машин нь одоо асаж байгаа боловч 1-2 цаг болоод унтраад байгаа учраас ийм машин өгч чадахгүй байгаа. Миний хувьд хүү алдангийг багасгаад үндсэн мөнгийг төлнө гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг  шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Ньюпроцесс” ХХК нь хариуцагч Б.Энхболдод холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5 017 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг “үндсэн зээлийг төлнө, хүү, алдангийн төлөх боломжгүй” гэж үгүйсгэн маргажээ.

 

Зохигчийн хооронд 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан 15121101 дугаар зээлийн болон фидуцийн гэрээгээр хариуцагч нь 2 900 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, нэг сарын 6 хувийн хүүтэй хариуцагчаас зээлэх, нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувиар тооцох, зээлийн барьцаанд “Ниссан теана” маркын, 90-49 УНЗ улсын дугаартай, хариуцагчийн өмчлөлийн автомашиныг барьцаалсан болох нь талуудын шүүхэд гаргасан тайлбар болон зээлийн, барьцааны гэрээгээр тус тус нотлогдож байна.

 

Хариуцагч нь дээрх гэрээний дагуу гэрээний зүйл болох 2 900 000 төгрөгийг шилжүүлэн авсан үйл баримтын талаар маргаагүй байх бөгөөд нэхэмжлэгч нь шаардах эрхийн үндэслэлээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийг үндэслэн үндсэн зээл болон хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардаж байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь шүүхэд бичгийн хэлбэрээр гаргасан нэхэмжлэлдээ алданги 1 595 000 төгрөгийг шаардсан бол итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг шаардлагыг нэмэгдүүлсэн хүү гэж тодорхойж байгаас үзвэл үндэслэл нь харилцан адилгүй байна.

 

Нэхэмжлэгчийн 0000118595 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзвэл нэхэмжлэгч нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулах эрхтэй байх бөгөөд харин түүнийг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-т заасан үндэслэлээр үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй, харин мөн хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.2-т заасан үндэслэлээр зээлийн гэрээний үүргийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүг шаардах эрхтэй байх бөгөөд зээлийн гэрээ нь мөн хуулийн 286 дугаар зүйлийн 286.5-д заасан шаардлагыг хангасан байна.

 

Хариуцагч нь гэрээний хугацаанд үндсэн зээл 2 900 000 төгрөгийг төлөөгүй, харин гэрээний хугацаанд буюу 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн хооронд зээлийн хүүнд нийт 522 000 төгрөгийг, гэрээний хугацаа дууссан 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 2 сарын хүүнд нийт 348 000 төгрөг төлснийг нэхэмжлэгч үгүйсгээгүй байна. Түүнчлэн, уг зээлийн гэрээг сунгасан талаар баримт хэрэгт авагдаагүй байх тул талуудыг гэрээний хугацааг сунгасан гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.2-т заасны дагуу үндсэн зээл болон гэрээний хугацаа дахь хүү 522 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй ба харин гэрээний хугацаа дууссан хугацааны буюу 3 сарын хүү 522 000 төгрөгийг шаардах эрхгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь гэрээний хугацаанд зээлийн хүүг бүрэн төлсөн боловч үндсэн зээлийн төлбөрийг төлөөгүй байх тул Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасны дагуу түүний гэрээний хугацаа дууссан хугацаанд зээлийн хүүнд илүү төлсөн 348 000 төгрөгийг үндсэн зээл 2 900 000 төгрөгөөс хасаж, үлдэх 2 552 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Гэрээний 2.3 болон 4.9-д нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг үндсэн хүүгийн 20 хувь байхаар заасан заалт нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д заасан хуулийн этгээдийн үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасны дагуу нэмэгдүүлсэн хүү 1 595 000 төгрөгийг шаардах эрхгүй юм. Түүнчлэн, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийх бөгөөд гэрээнд талууд анзын талаар буюу алдангийн талаар харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгч нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу гэрээний алдангинд 1 595 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй байна.

 

Талуудын хооронд 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан 15121101 дугаар “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/”-ийн агуулга, шинж, зүйл, гэрээний талуудын эрх үүрэг зэргээс үзвэл талуудын хооронд зээлийн гэрээний үүргийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байх бөгөөд уг гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д заасан хэлбэрийн шаардлагыг хангасан байна.

 

Мөн хуулийн 157 дугаар зүйлийн 157.1.2-т зааснаар нэхэмжлэгч нь барьцааны зүйлийг худалдсан үнийн дүнгээс өөрийн шаардлагыг бусад үүрэг гүйцэтгүүлэгчээс тэргүүн ээлжинд хангуулах эрхтэй тул хариуцагч үндсэн үүрэг болох зээлийн үүргээ биелүүлээгүй тохиолдолд мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д заасны дагуу гэрээний үүргийг хангуулах арга буюу барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчаас 2 552 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг 2 465 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч дээрх төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох “Ниссан теана” маркын, 90-49 УНЗ улсын дугаартай автомашиныг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.2, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Б.Энхболдоос 2 552 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ньюпроцесс” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 465 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Энхболд 2 552 000 төгрөгийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох “Ниссан теана” маркын, 90-49 УНЗ улсын дугаартай автомашиныг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж, үлдсэн мөнгийг хариуцагчид буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 95 300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 55 782 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн  төлөөлөгч  буюу  өмгөөлөгч  эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.  

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                                                                                              

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.БАЯСГАЛАН