Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 1041

 

 

 

 

 

 

 

 

 

2019           12           10                                   2019/ШЦТ/1041

                                        

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа, улсын яллагч Г.Ганбагана, шүүгдэгч Ж.Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигин овогт Ж.Б д холдбогдох эрүүгийн “1909039221309” дугаартай, 185/2019/1042/Э индекстэй хэргийг 2019 оны 12 дугаар сарын сарын 06-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1966 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хот, Налайх дүүрэгт төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт Багануур дүүрэг, 3 дугаар хороо, Наран хороолол, 55 дугаар байрны 24 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүрэг 20 дугаар хороо Сэлбэ-7 задгай тоотод түр оршин суудаг гэх эрхэлсэн тодорхой ажилгүй,

-урьд Нийслэлийн Багануур дүүргийн шүүхийн 2004 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар  3 жил хорих ялаар шийтгэгдэж байсан.  Боржигин овогт Ж.Б /РД:УД66071113/,  

Холбогдсон хэргийн талаар;

Шүүгдэгч Ж.Бнь согтуугаар 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн  7 дугаар гудамжны задгай тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас Д.Энхболдтой маргалдаж улмаар түүний зүүн гуянд хутгаар хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1.Шүүгдэгч Ж.Бнь хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:.. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

 

2.1.Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Д.Энхболдын:..Би 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 20 цаг өнгөрч байхад Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Сэлхийн 7 дугаар гудамжны задгай тоотод оршин суудаг Баясаа ахын гэрт нь очсон. Гэр лүү нь орохдоо 0.75 литрийн архи дэлгүүрээс авч орсон. Баясаа ахтай ойр зуурын юм яриад архиаа хуваагаад уугаад сууж байхдаа Баясаа ахаас нөгөө надад өгөх төмсөө өгчихгүй гэж хэлсэн чинь чи намайг согтуу байхад төмс нэхлээ гэж хэлээд над руу уурлаад хэрүүл хийж эхэлсэн. Тэгэхээр нь би зөрүүлээд хэрүүл хийсэн чинь шуудайтай төмсний хажууд байсан шар иштэй жижиг хутга баруун гартаа барьж авчихаад хаалгаар гарах гэтэл миний араас нөгөө хутгаараа зүүн гуяны ар хэсэгт нэг удаа бүлээд авчихсан. Тэгтэл миний зүүн гуя хэсгээс цус гарсан тэр чигээрээ Баясаа ахын гэрийхэн хаалгаар гүйж гараад гарч цагдаа дуудсан. Би архи уусан болохоор миний гуяны шарх өвдөхгүй байсан гэх мэдүүлэг. /хх-н 16/,   

 

2.2.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №13046 тоот актын:

1.Д.Энхболдын биед зүүн гуянд шарх  гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шинжээч эмч, цагдаагийн ахмад Ч.Эрдэмболор гэх дүгнэлт. /хх-н 21-22/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

    3.1. Улсын яллагч: ..хавтаст хэргээс 6, 21-22 дугаар хуудаст авагдсан нотлох баримтыг шинжлэн судлав. 

   Шүүгдэгч:..хавтаст хэргээс тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэв.

        Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

 

Шүүгдэгч Ж.Бнь согтуугаар 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн  7 дугаар гудамжны задгай тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас Д.Энхболдтой маргалдаж улмаар түүний зүүн гуянд хутгаар хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хэрэгт авагдсан хохирогч Д.Энхболдын мэдүүлэг, хохирогч Д.Энхболд нь санал гомдол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №13046 дугаар дүгнэлт, шүүх хуралдаанд шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ж.Бнь хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Ж.Баясгаланг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийдвэрлэлээ.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд  мөрийн баримтаар хураагдаж ирсэн 26см урттай, 2см өргөнтэй шаргал өнгийн иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь хохирол нэхэмжлээгүй болохыг  тус тус  дурдаж шийдвэрлэв.

 

Монгол УлсынЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                                        

                                                                                                                     ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч  Боржигин овогт Ж.Б-г  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Б г 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.


          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ж.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

4. Шүүгдэгч Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 26 см урттай, 2см өргөнтэй шаргал өнгийн иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, хохирогч хохирол нэхэмжлээгүй  болохыг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                             Д.РЕНЧЕНХОРОЛ