| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2016/07109/И |
| Дугаар | 5550 |
| Огноо | 2016-09-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 5550
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, өөрийн байранд байрлах, “Мобиком корпораци” ХХК /РД: 2072572/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 71 дүгээр байр, 61 тоотод оршин суух, Гарамынхан овогт Энхбатын Бат-Эрдэнэ /РД: УИ93111757/-д холбогдох,
1 053 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Очир, хариуцагч Э.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарна Г.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-ийн төлөөлөгч Дэвид Холлидэй шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 30194055 тоот гэрээ байгуулан 99193373 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг, мөн iPhone гар утас зээлээр худалдах-худалдан авах нэмэлт гэрээ байгуулан iPhone6 гар утасыг зээлээр худалдан авч ашигласан. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй тул үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдэлийг төлөхийг сануулж “Анхааруулах хуудас” илгээсэн боловч төлбөрийг төлөөгүй. Барьцааны 30 000 төгрөгийг төлөөгүй төлбөрөөс хассан. Иймд гар утасны үлдэгдэл төлбөр 917 000 төгрөг, ярьсан ярианы үлдэгдэл төлбөр 136 000 төгрөг, нийт 1 053 000 төгрөгийг Э.Бат-Эрдэнээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.Бат-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдөр “Мобиком корпораци” ХХК-тай гар утас худалдах-худалдан авах гэрээ, мөн Үйлчилгээний гэрээ буюу 99193373 дугаарыг эзэмшиж ашиглах гэрээ байгуулсан. Гар утас худалдах-худалдан авах гэрээгээр гар утасны төлбөрт нийт 990 000 төгрөг төлөхөөс гэрээ байгуулсан өдрөө урьдчилгаанд 642 000 төгрөгийг төлсөн. Ингээд үлдэгдэл 348 000 төгрөгийг нийт 12 сард, сар бүр 29 000 төгрөг төлж дуусгахаар тохиролцон гэрээ байгуулсан. Үүнээс эхний 3 сарын төлбөр болох 87 000 төгрөгийг төлсөн. Харин үлдсэн 9 сарын төлбөр болох 261 000 төгрөгийг төлөөгүй байгаа. Тиймээс энэ гэрээний хувьд өнөөдрийн байдлаар 261 000 төгрөг төлөхөөр байна. 2013 оноос эхэлж энэ дугаарыг урьдчилсан төлбөрт үйлчилгээгээр ашиглаж байсан бөгөөд 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Үйлчилгээний гэрээ буюу 99193373 дугаарт дараа төлбөрт үйлчилгээг худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсанаас хойш нийт 5 сар энэ үйлчилгээг худалдан авч хэрэглэсэн. Үүнээс хойш би хөдөө яваад ирэхэд дараа төлбөрт үйлчилгээний төлбөр нь 83 000 төгрөг гарсан байсан ба үйлчилгээг хаасан байсан. Иймд миний бие “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлж байгаа 1 053 200 төгрөгнөөс гар утас худалдан авсны төлбөрийн үлдэгдэл болох 261 000 төгрөг, дараа төлбөрт үйлчилгээний төлбөр 83 000 төгрөг, нийт 344 000 төгрөгийг төлөх ёстой, харин үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК нь хариуцагч Э.Бат-Эрдэнэд холбогдуулан iPhone6 гар утас зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 917 000 төгрөг, ярианы төлбөрт 136 000 төгрөг, нийт 1 053 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг “...гар утасны үнэ 990 000 төгрөг төлөхөөс гэрээ байгуулсан өдрөө урьдчилгаанд 642 000 төгрөгийг төлсөн, ...2015 оны 10 дугаар сараас хойш утас хаагдсан тул үлдэх 709 000 төгрөгийг төлөхгүй” гэж үгүйсгэн маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Зохигчдын хооронд 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 30194055 дугаартай “Үйлчилгээний гэрээ”, “Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ” тус тус байгуулагдаж, хариуцагч Э.Бат-Эрдэнэ нь 1 675 000 төгрөгийн үндсэн үнэ бүхий iPhone6 маркийн гар утсыг хөнгөлттэй үнэ болох 990 000 төгрөгөөр тооцож, нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-иас худаалдан авахаар болж, урьдчилгаа төлбөрт 642 000 төгрөгийг төлж, 12 сарын хугацаанд сар бүр 29 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон байх ба талууд гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй байна.
Гэрээний шинж, зүйл, агуулга, талуудын эрх үүрэг зэргээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д “Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Э.Бат-Эрдэнэ нь гэрээний дагуу гар утас болон ярианы багц төлбөрт 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар 476 399 төгрөг төлөхөөс 340 000 төгрөгийг төлсөн, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн төлбөрт 86 142 төгрөгийг, 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн төлбөрт 84 700 төгрөгийг тус тус төлөөгүй болох нь гэрээ, харилцагчийн гүйлгээ болон зохигчийн тайлбараар нотлогдож байна.
“Үйлчилгээний гэрээ”-ний 7 дугаар зүйлийн 7.1.1-7.1.2, 7.3, “Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ”-ний 4 дүгээр зүйлийн 4.1-д хэрэглэгч 2 сараас дээш хугацаагаар гар утасны төлбөрийг болон төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд нэхэмжлэгчийн санаачилгээр гэрээг цуцлах ба цуцалсан тохиолдолд гар утасны үлдэгдэл төлбөрийг үндсэн үнээс тооцоохоор заасан байх бөгөөд хариуцагч нь 2015 оны 11, 12 дугаар сарын төлбөрт 170 842 төгрөгийг, мөн өмнөх хугацааны төлбөрт 136 399 төгрөг төлөөгүй буюу гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй учир нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д заасныг зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч нь гэрээнд заасан гар утасны үлдэх төлбөрийг үндсэн үнэ 1 675 000 төгрөгөөр тооцон, уг үнээс урьдчилгаа төлбөрт төлсөн 642 000 төгрөгийг хасч, мөн 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны суурь хураамж, ярианы төлбөр, багцын үнэд төлсөн төлбөр болон барьцаа 30 000 төгрөг, нийт 424 000 төгрөгийг төлбөл зохих 1 477 239 төгрөөс тус тус хасч, үлдэгдэл 1 053 200 төгрөгийг Иргэний хуулийн 227 дгаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар буцаан өгөх боломжгүй тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1, 225 дугаар зүйлийн 225.1-д заасны дагуу мөнгөөр шаардах эрхтэй болно. Түүнчлэн, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд гэрээг хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй ба талуудын хооронд байгуулсан гар утас зээлээр худалдах, худалдан авах гэрээний 4.1-д “...хэрэглэгч нь 2 сараас их хугацаагаар гар утас, төхөөрөмжийн төлбөрийг төлөөгүй тохиодолд нийлүүлэгч хэрэглэгчээс гар утасны үлдэгдэл төлбөрийг үндсэн үнээс тооцож, нийт төлбөрийг шууд нэхэмжлэх эрхтэй” гэсний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас утасны үндсэн үнийг шаардах эрхтэй байна.
Дээрх үндэслэлээр хариуцагчаас нийт 1 053 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан хариуцагч Э.Бат-Эрдэнэ /РД: УИ93111757/-с 1 053 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29 827 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 29 827 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН