Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 5530

 

 

       Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

      хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 33-р байрны 3-р орц, 0 тоотод үйл ажиллагаа явуулдаг, “Өргөө-144” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 33-р байрны 74 тоотод оршин суух, Тумад овогт Бүүвэйбаатарын Бачраа /РД: УУ91111035/-д холбогдох,

 

261 770 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Баяраа, хариуцагч Б.Бачраа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БГД-ийн 7-р хорооны 33-р байрны “ Өргөө -144” СӨХ-оос СӨХ-ны төлбөрөө он жил дараалан төлдөггүй өрх нь Иргэний хуулийн 147, 148 ,149-р зүйл, Сууц Өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 2, 3, 13, 16 -р зүйлийг ноцтой зөрчиж төлбөрөө төлөхгүй байгаа тул Иргэний хуулийн 149-ийн 2-дахь заалтаар олгогдсон эрхийнхээ дагуу 33-р байрны 74 тоот өрхийн сууц өмчлөгч Бүүвэйбаатар овогтой Бачраа нь 2015 оны 04 сараас 2016 оны 09 сарын СӨХ-ны төлбөр болох нийт 261 770 төгрөгийн өртэй учир түүнийг барагдуулуулахаар өрөгдөл гаргаж байна. Иймд хариуцагчаас 261 770 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Бачраа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 261 770 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.

 

Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Өргөө-144” СӨХ нь хариуцагч Б.Бачраад холбогдуулан 261 770 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд хариуцагч Б.Бачраа нь 261 770 төгрөгийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь түүний тайлбараар нотлогдож байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “Өргөө-144” СӨХ-ны нэхэмжлэлтэй, Б.Бачраад холбогдох, 261 770 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9361 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 9361 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       М.БАЯСГАЛАН