Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2019/ШЦТ/95

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхжаргал,

улсын яллагч Ш.Батсүх,

шүүгдэгч Б.Б түүний өмгөөлөгч Э.С,

хохирогч Х.Х нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Ж овогт Б Б-д холбогдох эрүүгийн 1917001660082 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1977 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Баяннексус” төмрийн үйлдвэрт хэв цутгагч ажилтай, ам бүл 1, Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, ............. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Ж овогт Б Б, /РД:.......... /

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

 

Яллагдагч Б.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 08 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баяннексус” ХХК-ний төмрийн үйлдвэрийн байранд хохирогч Х.Хайратбектэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг түлхэж унагаан нүүрэн тус газар нь хөлөөрөө нэг удаа өшиглөн зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 08 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баяннексус” ХХК-ний төмрийн үйлдвэрийн байранд хохирогч Х.Х-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг түлхэж унагаан нүүрэн тус газар нь хөлөөрөө нэг удаа өшиглөн зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1.1 Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд мэдүүлэхдээ: “Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг тогтоосон хэмжээгээр төлж барагдуулна” гэсэн мэдүүлэг.

 

1.2. Хохирогч Х.Х шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлэхдээ: “ Энэ хүнд зодуулснаас болоод хичнээн сая төгрөгний эмчилгээнд яваад ирсэн. Одоо хүнд хүчир ажил хийх чадваргүй болсон. Тийм болохоор энэ хүнээс эмчилгээний зардлаа гаргуулмаар байна. Хагалгаанд орох гэж хүнээс мөнгө зээлээд, эхнэрийнхээ ээмэг бөгжийг ломбарданд тавиад хагалгаанд орсон. Энэ хүн анх намайг хот явах гэж байхад 500.000 төгрөг өгсөн. Өөр дахиж мөнгө өгсөн зүйл байхгүй. Маш их гомдолтой байна гэв.

 

1.3. Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “2019 оны 09 сарын 25-ны өглөө 07 цагийн үед  ажил дээрээ ирсэн. Тэгээд 07 цаг 30 минутанд хоолондоо орцгоосон. Х хоолоо хөргөнө гээд цонхон дээр байдаг сандлын хажууд тавьж байсан. Сандал дээр нь Бн хоолоо тавьж байсан. Б хоолоо аваад идэх гэтэл Хайратбек андуураад Б-д пизда минь наадах чинь миний хоол гэсэн. Б энэ миний хоол би хоол тавьсан газраа мэднэ гэсэн. Би хажуунаас нь Х-т  чиний хоол тэр байна ш дээ гэж хэлсэн. Тэгээд би цайгаа аваад хоолны заалнаас гараад үйлдвэрийн байрлуугаа орсон. Х Б нар дотор үлдсэн. Нэг харахад гал тогооны гадна бие биенийгээ заамдсан  байгаа харагдсан. Тэр хоёр салаад үйлдвэрийн байрлуу орсон. Б түрүүлж ирээд ажлынхаа байран дээр суусан. Араас нь Х ирээд хэрүүл хийгээд цагдаа дуудна гээд байсан. Б Х-ийг нэг удаа гараараа цохиод арагшаа суухад нь нэг удаа өшиглөсөн. Толгой хавьд нь өшиглөсөн. Гараараа хаана цохисныг харж чадаагүй. Д бид хоёр  очиж салгасан. Х-ийн зүүн нүд хөмсөг хавиас нь цус гарч байсан. Х эхнэрээ дуудсан юм шиг байна лээ. Эхнэр нь ирээд Х-ийг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 13  хуудас/

 

1.4. Гэрч Г.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “2019 оны 09 сарын 25-ны өглөө 07 цагийн үед ажил дээрээ ирсэн. Тэгээд 07 цаг 30 минутын үед хоолондоо орцгоосон. Би хоолоо идчихээд түрүүлээд үйлдвэрийн байрлуу орсон. Хоолны зааланд Х, Б, Б нар үлдсэн.  Б ах түрүүлээд гарсан. Араас Б түрүүлж ирээд ажлынхаа байран дээр суусан. Араас нь Х ирээд хэрүүл хийгээд цагдаа дуудна гээд байсан. Б Х нар заамдалцаад авсан. Тэгээд Б Х-ийн нүүр хавьцаа нэг удаа цохиод арагшаа газар суухад нүүрлүү нь нэг удаа өшиглөсөн. Би энэ хоёроос 50 орчим метрийн зайтай байсан. Б бид хоёр очиж салгасан. Х-ийн зүүн нүд хавиас цус гарч байсан…” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 14 хуудас/

 

1.5. Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:  “2019 оны 09 сарын 25-ны өглөө 07 цагийн үед ажил дээрээ ирсэн. Тэгээд 07 цаг 30 минутын үед хоолондоо орцгоосон. Би хоолоо идчихээд Д-ийн хамт түрүүлээд үйлдвэрийн байрлуу орсон. Хоолны зааланд Х, Б, Б нар үлдсэн.  Б ах түрүүлээд гарсан. Араас Б түрүүлж ирээд ажлынхаа байран дээр суусан. Араас нь Х ирээд хэрүүл хийгээд цагдаа дуудна гээд байсан. Б Х нар заамдалцаад авсан. Тэгээд Б Х-ийн нүүр хавьцаа нэг удаа цохиод арагшаа газар суухад нүүрлүү нь нэг удаа өшиглөсөн. Би энэ хоёроос 50 орчим метрийн зайтай байсан. Б Д хоёр очиж салгасан. Х-ийн зүүн нүд хавиас цус гарч байсан…” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 15 хуудас/

 

1.5. Шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 291 дугаар дүгнэлтэнд:

- Х.Х-ийн биед зүүн гайморовын хөндийн урд хананы цөмөрсөн хугарал, зүүн нүдний доод хананы цөмөрсөн хугарал, зүүн хөмсөг зүүн нүдний  доод зовхинд урагдсан шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ.

- Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой.

- Зүүн гайморовын хөндийн урд хананы цөмөрсөн хугарал гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

- Зүүн нүдний ухархайн доод хананы цөмөрсөн хугарал гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Зүүн хөмсөгний няцарсан шарх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Зүүн нүдний доод зовхины няцарсан шарх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Зүүн хацар шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч ахмад Л.Ж гэжээ. /х.х-ийн 19 хуудас/

 

 

1.6. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд  /х.х-ийн 38 хуудас/ зэрэг болно.

 

1.7. Амбултороор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 62-75/

 

1.8. Хохирлын тооцоо /хх-ийн 47-54/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

 

Хохирогч эмчилгээний зардалд 5.000.000 төгрөг нэхэмжилж байх боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас цалин болон бэлэн мөнгөөр гүйлгээ хийсэн гэх хүнсний зүйл худалдан авсан бусад баримтыг ханган шийдвэрлэх үндэслэлгүй байх тул баримтаар нотлогдож байгаа 2.644.900 төгрөгийг үнэлж, шүүгдэгчээс хохирол төлбөрт төлсөн 500 000 төгрөгийг хасаж нийт 2.144.900 төгрөгийг шүүгдэгч Б.Б-ээс гаргуулж хохирогч Х.Х-т олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

        Хохирогч Х.Х нь 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр “Баяннексус” ХХК-иас халагдсан талаар шүүхийн шатанд мэдүүлсэн байх тул олох байсан цалин, эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдлаа.

 

        Шүүх, шүүгдэгч Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэв

 

  Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаардугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж овогт Б Б-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт  шүүгдэгч Б.Б-ээс 2.144.900 төгрөгийг гаргуулж Говьсүмбэр аймаг Сүмбэр сум, 3 дугаар баг, 3-36 тоотод оршин суух хохирогч Ковогт Х-ы Х-т олгосугай.

6. Хохирогч Х.Х нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дахь хэсэгт зааснаар олох байсан цалин, эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.АРИУНЖАРГАЛ