Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2016/05662

 

2016 оны 11 сарын 08 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05662

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Туулийн 19 дүгээр гудамжны 385 тоотод оршин суух, эрэгтэй, Буяннэмэх овогт Цэндийн Болдбаатар /РД-ХЛ56020411/-ын,

Баримт бичгийн жинхэнэ эзэмшигч нь мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, мөн сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.Болдбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Болдбаатар шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1973 онд Зөвлөлт Холбоот Улсад сурч байсан бөгөөд тухайн үед Пүрэвжавын Болд гэсэн ерөнхий боловсролын гэрчилгээгээр сурч төгсөөд НАХЯ-ны хилийн ба дотоодын цэргийн анги салбаруудад ажиллаж байсан юм.

Тэр үед бидэнд паспорт болон хөдөлмөрийн дэвтэр өгдөггүй, байдаггүй, цэргийн үнэмлэх л өгдөг байсан. Ингээд 1984 онд цомхтголоор ажлаас чөлөөлөгдсөн юм.

2013 онд тус шүүхэд хандан 1973 оноос 1989 онуудад Пүрэвжавын Болд нэртэйгээр НАХЯ-ны Хилийн ба дотоодын цэргийн анги, салбаруудад ажиллаж байсан болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхийн 2013 оны 1700 дугаар шийдвэр гаргаж нэхэмжлэлийг хангаж байсан.

Гэвч тухайн үед би Тагнуулын ерөнхий газрын тусгай архиваас ЗХУ-д сурч, НАХЯ-ны Хилийн ба дотоодын цэргийн анги салбаруудад ажиллаж байсан тухай лавлагаа авсан болохоос завсаргүй 5 жил ажилласан хугацааны цалингийн тодорхойлолтоо Хил хамгаалах ерөнхий газраас гаргуулан авлаа.

Би тэтгэврээ тогтоолгох гэтэл нийгмийн даатгалын байцаагч нь Пүрэвжавын Болд гэж бичигдсэн архивын лавлагаануудыг Ц.Болдбаатарынх мөн болохыг шүүхээр тогтоолго гэсэн.

Иймд Пүрэвжавын Болд нэртэйгээр гарсан архивын лавлагаануудыг минийх мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Болдбаатар нь Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2013 оны 3 дугаар сарын 11-ны өдрийн 02/960 дугаар архивын лавлагаа болон Хил хамгаалах ерөнхий газрын төв архивын а/2553 дугаартай Пүрэвжавын Болдын цалингийн лавлагааг өөрийнх нь мөн болохыг тогтоолгох хүсэлт гаргаж байна.

Шүүх хүсэлтийг хангах боломжгүй гэж үзлээ.

Учир нь дээрх архивын лавлагаанууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасан эрх олгосон баримт бичигт хамаарахгүй юм.

Нөгөөтэйгүүр, Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 1700 дугаар шийдвэрээр хүсэлт гаргагч Цэндийн Болдбаатарыг 1973 оноос 1976 оны хооронд ЗХУ-ын Москвагийн Хилийн цэргийн командын дээд сургуульд сурч байсан, 1976 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 1981 оны 7 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 7 дугаар отрядад салаан даргаар, 1981 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1981 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 0151 дүгээр ангид салаан захирагчаар, 1981 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 1989 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 0229 дүгээр ангид салаан захирагчаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоохдоо Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2013 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 02/960 дугаар албан бичгийг үндэслэл болгосон байна.

Уг албан бичигт Пүрэвжавын Болд нь НАХЯ-ны сайдын 1973 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 492 дугаар тушаалаар ЗХУ-ын Хилийн цэргийн дунд сургуульд сонсогч, НАХЯ-ны сайдын 1976 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 576 дугаар тушаалаар салаан даргаар ..., Хилийн ба дотоодын цэргийн ерөнхий газрын даргын 1981 оны 7 дугаар сараас 23-ны өдрийн 323 дугаар тушаалаар 0151 дүгээр ангид салаан захирагчаар ...., мөн даргын 1981 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 465 дугаар тушаалаар 0229 дүгээр ангид салаан захирагчаар 9 дүгээр сарын 20-ны өдрөөс тус тус томилогдон ажиллаж байгаад УЦСЕГ-ын даргын 1989 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/289 дүгээр тушаалаар 6 дугаар сарын 30-ны өдрөөс ажлаас чөлөөлсөн тухай тодорхойлжээ.

Түүнчлэн хүсэлт гаргагчийн хүсэлтийн үндэслэлээ нотлохоор шүүхэд гаргаж өгсөн Хил хамгаалах ерөнхий газрын төв архивын а/2553 тоот Пүрэвжавын Болдын цалингийн лавлагаа нь шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрээр Ц.Болдбаатарын ажиллаж байсан байдлыг тогтоосон хугацаанд авч байсан цалин, хөлсийг тодорхойлсон баримт байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан учир шүүх дээрх үйл баримтыг тогтоогдсон өөрөөр хэлбэл шүүх, Пүрэвжавын Болд гэдэг нэрээр гарсан архивын лавлагааг үндэслэн түүний ажилласан тогтоосон, Ц.Болдбаатарт хамааралтай баримт гэдгийг дахин нотлох шаардлагагүй байх тул мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Ц.Болдбаатарын хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД