| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 165/2019/0109/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/102 |
| Огноо | 2019-12-17 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ш.Батсүх |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 2019/ШЦТ/102
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Б.Азжаргал,
улсын яллагч Ш.Батсүх,
шүүгдэгч П.Г
нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт П Г-т холбогдох эрүүгийн 1917001540100 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1975 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн ........ дугаар хороо, .......тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт П-ийн Г, /РД.........../
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч П.Г нь 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Баянтал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр 16 дугаар зөрлөгийн орчим 07-92 ГСА улсын дугаартай Kia lotz маркын автомашиныг жолоодож явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, гэснийг зөрчсөний улмаас онхолдож зам тээврийн осол гаргаж зорчигч БНХАУ иргэн L--ийн /........../ эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч П.Г нь 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Баянтал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр 16 дугаар зөрлөгийн орчим 07-92 ГСА улсын дугаартай Kia lotz маркын автомашиныг жолоодож явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, гэснийг зөрчсөний улмаас онхолдож зам тээврийн осол гаргаж зорчигч БНХАУ иргэн L-ийн /............/ эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1.1 Шүүгдэгч П.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би өөрийн 07-92 ГСА улсын дугаартай автомашинаараа Улаанбаатар Чойрын хооронд такси үйлчилгээнд явдаг байсан юм. 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өглөө Улаанбаатар хотоос 3 хятад хүн аваад 240.000 төгрөгөөр Замын-үүд хүргэж өгөхөөр гарсан. Хотоос гарахдаа 60.000 төгрөгийг 3 хятад иргэнээс авч машиндаа газ хийсэн. Тэгээд өдөр 13 цагийн үед Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт явж байхад ачааны шаланз маркийн машин зөрсөн юм. Тэгэхээр нь би шүргэж магадгүй гэж бодоод машинаа баруун гар тийш дарсан чинь засмал замын хөвөөрүү гарсан. Тэгэхээр нь зүүн гар тийш жолооны хүрдээ эргээд дарахад машин тэнцвэрээ алдсан. Тэгэхээр нь буцаж баруун гар тийш дараад засмал замаас ертөнцийн зүгээр баруун тийш гарч 4 дугуй дээш хараад унасан. Тухайн ачааны машин намайг шахаагүй би өөрөө л шүргэж магадгүй гэж бодоод жолоогоо баруун дарснаас болж осол гарсан. Миний өөрийн цэвэр буруу. Бид нар бүгд хамгаалах бүс бүсэлсэн байсан. Ослоос болж нэг хятад залуугийн мөр нь хугарсан. Нөгөө 2 хятад иргэн болон миний биед гэмтэл учраагүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 76-77/
1.2. Хохирогч L /............./ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би өөрийн эхнэр B /ургаа/-гийн хамт 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Монголд ирээд 2019 оны 09 дүгээр сарын 02-ны Улаанбаатар хотоос 07-92 ГСА дугаарын такси авч, Замын-Үүд явж байх замдаа Говьсүмбэр аймгийн нутагт авто осолд орсон. Осолд ороход би унтах гээд зүүрмэглэж явсан болохоор хэр хурдтай явсан талаар мэдэхгүй байна. Би автомашины арын суудлын баруун гар талд хамгаалах бүстэй сууж явсан. Миний хажууд L /.........../ сууж явсан. Автомашины жолооч Г жолоочийн хажууд манай эхнэр сууж явсан. Ер нь бүгд хамгаалах бүстэй сууж явсан. Ослоос болж миний баруун мөр хугарсан. Би осолд орсон өдрийн маргааш нь БНХАУ-ын Эрээн хот орж эмчилгээ хийлгэж байгаад ирлээ. Миний биеийн байдал зүгээр болсон. Би дахиж Монголд орж ирэхгүй учраас осол гаргасан жолоочоос ямар нэгэн мөнгө төгрөг нэхэмжлэхгүй, гомдол санал байхгүй. Уг хэргийг надгүйгээр шийдвэрлэж өгнө үү. Надтай хамт явсан эхнэр болон Лю Хуадун нар БНХАУ-д байгаа. Тэд нар Монголд орж ирэхгүй гэж надаар хэлүүлсэн. Биед нь ямар ч гэмтэл учраагүй учраас гомдолгүй гэж хэлсэн. Миний хувьд хүндэвтэр гэмтэл учирсан гэдгийг ойлгож мэдлээ. Энэ хэргийг хялбаршуулж шийдэж өгнө үү. Осол гаргасан жолооч Г гэх хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан гэсэн мэдүүлэг. /хх-ийн 31-32-р хуудас/.
1.3. Гэрч B /ургаа/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би өөрийн нөхөр L-ийн хамт 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Монголд орж ирсэн. Манай нөхөр L Дундговь аймгийн Баянжаргалан сумаас жонш авахаар гэрээ байгуулаад буцахаар болсон. Тэгээд Улаанбаатар хотоос 07-92 ГСА улсын дугаарын такси хөлсөөд 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Замын-Үүд явсан. Жолооч нь Г гэж хүн байсан. Тэгээд Ганбаатар гэж жолоочтой би, манай нөхөр Lan, L бид гурав зорчиж явсан. Би урд талын жолоочийн хажуугийн суудалд, миний ард буюу арын суудалд L, L сууж явсан. Тэгсэн Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт явж байгаад яасан талаар мэдэхгүй нэг мэдсэн осолд орсон байсан. Би нойр хүрч байсан болохоор автомашин яагаад уначихсан талаар мэдэхгүй байна. Осол гарах үед ямар ч байсан арын суудалд байсан болон урд талын бүх хүмүүс хамгаалах бүс бүсэлсэн байсан...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 34-35-р хуудас/
1.4. Гэрч L /Л / мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би Говьсүмбэр аймагт амьдардаг найз T--тай уулзах гэж 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Монгол улсад орж ирсэн. Тэгээд 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотоос 07-92 ГСА улсын дугаартай такситай Говьсүмбэр аймагт явж байгаад осолд орсон. Осолд ороход би унтаж байсан болохоор яагаад осол гарсан талаар мэдэхгүй. Би автомашины арын суудлын зүүн гар талд хамгаалах бүстэй сууж явсан учраас ослоос болж миний биед гэмтэл учраагүй. Би Хятад улсруу яваад эргэж ирэхгүй бөгөөд надад ямар нэгэн гэмтэл учраагүй болохоор жолоочид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй…” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 38-39 хуудас/
1.5. Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “П.Г Улаанбаатар хотод эхнэр хүүхэдтэйгээ амьдардаг. Хувиараа хот хооронд такси үйлчилгээнд явдаг байсан бөгөөд хөлсөөр Улаанбаатар хотоос Замын-Үүд явж байгаад осолд орсон гэж мэдсэн. П.Г нь зан байдлын хувьд их даруу, дуу цөөтэй, хүүхэд байхын л зодоон нүдээнээс холуур хүүхэд байсан. Одоо ч хүнтэй нийтэч, тусархуу, их дөлгөөн зантай, намуухан хүн байгаа юм…” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 44-45 хуудас/
1.6. Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “П.Г нь Чойрын хүн бөгөөд 10 жилийн сургуулиа Говьсүмбэр аймагт төгссөн. Одоо Улаанбаатар хотод эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Сүүлийн 1 жилийн хугацаанд хот хооронд таксинд явдаг байсан. Сүүлд хотоос Чойр явж байгаад осолд орсон талаар өөрөөс нь сонссон. П.Гр нь хүнд их тусархуу, архи дарс уухаа больсон амьдрал ахуйгаа дээшлүүлье гэж ярьдаг. Хүнтэй маргалдаж муудаад байдаггүй, багийн дөлгөөн зантай, ар гэр тогтвор суурьшилтай, даруу төлөв хүн байгаа юм…” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 46-47 хуудас/
1.7. Шинжээчийн 2019 оны 11 дугаар сарын 11-ний өдрийн №57 дугаартай дүгнэлтэнд:
- Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.2.17. “зам тээврийн осол гэж” Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6-д заасан байдаг ба зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг ойлгох тул дээрх үйлдэл нь зам тээврийн осол мөн гэж үзэж байна.
- 07-92 ГСА улсын дугаартай Kia lotz маркийн тээврийн хэрэгслийн жолооч П.Г нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлэг /тээврийн хэрэгслийн хурд/ 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. Мөн дүрмийн 12 дугаар бүлгийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж,зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж байна.
- Цагдаагийн ерөнхий газрын АСАП сангаас П Г /........../-ыг жолооч эсэхийг шалгаж үзэхэд “ВСДЕ” ангиллын 284628 дугаарын үнэмлэхтэй ба хүчинтэй байна.
- Жолооч П.Г нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлэг /тээврийн хэрэгслийн хурд/ 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзэж байна.
Дүгнэлт гаргасан: Айраг сум дахь сум дундын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн дэслэгч Ч.У гэжээ. /хх-ийн 49-50 хуудас/
1.8. Шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 261 дугаар дүгнэлтэнд:
- L–ийн баруун бугалганд шинэ хугарал гэмтэл учирчээ.
- Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчиллээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Б.С гэжээ. /х.х-ийн 54 хуудас/
1.9. Шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 260 дугаар дүгнэлтэнд:
- Bo–ийн баруун тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчиллээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой
- Дээрх гэмтэл эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Б.С гэжээ. /х.х-ийн 58 хуудас/
1.10. Шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 262 дугаар дүгнэлтэнд:
- L -ийн биед гэмтэл тогтоогдсонгүй. Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Б.С гэжээ. /х.х-ийн 61 хуудас/
1.11. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 92 хуудас/ зэрэг болно.
1.12. “Ашид билгүүн” ХХК-ний автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 67-68/
Иймд шүүгдэгч П.Г-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч П.Г-ын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчилэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч П.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэлээр маргаагүй болохыг тус тус дурдлаа.
Шүүгдэгч П.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдлаа.
Дээрх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч П.Г-ын хувийн байдлыг харгалзан торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч П.Г нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дүгээр хэсэг, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт П-ийн Г-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г-т оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г-т торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч П.Г нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ