Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 592

 

Ш.Дөлгөөнд холбогдох эрүүгийн

                                                                            хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Б.Зориг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор А.Баясгалан,

ялтан Ш.Дөлгөөн, түүний өмгөөлөгч Б.Батбаяр,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 266 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан Ш.Дөлгөөний өмгөөлөгч Б.Батбаярын гаргасан давж заалдах гомдлоор Ш.Дөлгөөнд холбогдох эрүүгийн 201726020783 дугаартай хэргийг 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигин овогт Шонхорын Дөлгөөн, 1983 оны 8 дугаар сарын 4-ний өдөр  Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Акуа пласт Монгол” ХХК-д инженер ажилтай, ам бүл 2, охины хамт Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 45/2 дугаар байрны 20 тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:УС83080410/,

Ш.Дөлгөөн нь 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт тус хорооны засаг даргын байрны орчим бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин Н.Батсайханыг зодож бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Прокурорын газраас: Ш.Дөлгөөний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокурорын газраас Ш.Дөлгөөнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, Ш.Дөлгөөнийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СиДи 1 ширхэг, рентген зураг 1 ширхэгийг тус тус хэрэгт хавсаргаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан Ш.Дөлгөөнд оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгаж, Ш.Дөлгөөнд бусдын батлан даалтад өгөх таслах сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Ялтан Ш.Дөлгөөний өмгөөлөгч Б.Батбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, гэмт хэрэг үйлдсэн эсэх нь тогтоогдоогүй байхад шүүхээс ял шийтгэл оногдуулж байгаа нь үндэслэлгүй гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Дөлгөөн нь “Би энэ хүнийг өшиглөөгүй. Н.Батсайхан худал ярьж байна” гэж тодорхой мэдүүлсэн байдаг. Гэтэл шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт “...шүүх хуралдаанд шүүгдэгч нь хохирогчийг өшиглөсөн гэж мэдүүлсэн...” гэж бичсэн байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн мэдүүлээгүй зүйлийг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт бичсэн алдаа гаргасан байна. Мөн шүүх хуралдаанд гэрч Х.Сарангэрэл нь “Өшиглөсөн, цохисон асуудал байхгүй” гэж мэдүүлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлээс тодорхой харагдах боловч энэ мэдүүлэг шийтгэх тогтоолд тусгагдаагүй. Ш.Дөлгөөн нь “Н.Батсайхан манай эхнэрийг мөргөсөн. Манай эхнэр жирэмсэн байсан тул би сандарч очоод салгасан” гэж мэдүүлдэг. Хохирогч Н.Батсайхан цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөлдөө “Уруул руу өшиглөсөн” гэж, анх өгсөн тайлбартаа “Гар луу өшиглөсөн” гэж, хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “Ноцолдож байх үед гар луу өшиглөх шиг болсон. Яг яасныг нь мэдэхгүй байна” гэж мэдүүлсэн нь зөрүүтэй байна. Дан ганц хохирогчийн мэдүүлгээр Ш.Дөлгөөнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж буруутгаж байгаа. Гэтэл хохирогч нь эргэлзээтэй мэдүүлэг өгдөг. Хохирогч нь Ш.Дөлгөөнтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас ийнхүү худал мэдүүлсэн байх боломжтой гэж үзэж байна. Хохирогчийн мэдүүлгийг гэрчийн мэдүүлгээр үгүйсгэсэн. Зөвхөн хохирогчийн мэдүүлгээр яригдаж буй асуудалд хэрэв нотлох баримт үнэлэхэд эргэлзээ төрвөл шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчим байгаа гэж үзэж байна. Иймд Ш.Дөлгөөнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Прокурор А.Баясгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Учир нь хохирогчид  хууль сануулан зохих журмын дагуу мэдүүлэг авсан. Хохирогч нь мөрдөн байцаалт болон шүүхэд зөвхөн үнэнийг мэдүүлэх үүрэгтэй байдаг. Энэ үүргийнхээ дагуу мэдүүлгээ өгсөн бөгөөд түүнийг мэдүүлэг нь бусад нотлох баримт, эх сурвалжууд болох Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3640 тоот дүгнэлт, гэрч Х.Сарангэрэлийн өгсөн “Н.Батсайхан нь Ш.Дөлгөөнтэй барьцалдан авч ноцолдсон” гэсэн мэдүүлэг зэргээр нотлогддог. Иймд Ш.Дөлгөөний үйлдлийн улмаас Н.Батсайханы сарвуунд гэмтэл учирсан нь тогтоогдсон гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд, Ш.Дөлгөөнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 266 дугаар шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, өөрөөр хэлбэл шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон болсон үйл баримтад бодитой үнэлэлт, дүгнэлт өгч чадаагүй байна.

Прокуророос Ш.Дөлгөөнийг 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах тус хорооны засаг даргын байрны орчим бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин Н.Батсайханыг зодож бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэж хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ба анхан шатны шүүхээс Ш.Дөлгөөний үйлдэл нь бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан байна гэж дүгнэн, түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэжээ.

 Ингэхдээ шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, өмгөөлөгчийн гаргасан саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгахдаа “...шүүх хуралдаанд шүүгдэгч нь хохирогчийг өшиглөсөн гэж мэдүүлсэн байна...” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

Учир нь Ш.Дөлгөөний мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээс үзэхэд тэрээр хохирогч Н.Батсайханыг өшиглөсөн тухай огт мэдүүлээгүй байх ба анхан шатны шүүхийн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байна.

   Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 266 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ш.Дөлгөөнд холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.