Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2020/0546

 

М.Ш-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна нэхэмжлэгч М.Ш, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, Т.Э, гуравдагч этгээд Г.Ц нарыг оролцуулан, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 16 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд “Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршооллын холбоо” НҮТББ-ын гаргасан давж заалдах гомдлын дагуу М.Ш-ын нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Засаг дарга, Мөрөн сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайхан илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 16 дугаартай шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2, 38 дугаар 38.1, 38.2, 38.3, 38.3.1, 38.3.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Ш-ын Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/362 дугаартай “Захиргааны актын илэрхий алдааг засаж, захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд Г.Ц-ын Хөвсгөл аймгийн Засаг дарга, Мөрөн сумын Засаг дарга, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан “Мөрөн сумын Засаг даргын 2006 оны 90 дүгээр захирамжийн 2 дугаар хавсралтын 7-д бичигдсэн газар эзэмшигч Б.Л-д холбогдох хэсгийн газрын хэмжээ, газар эзэмших хугацааг засварласныг илт хууль бус болохыг тогтоолгох, Мөрөн сумын Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 43 тоот захирамжийн 2 дугаар хавсралтын 21 дэх хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох” бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж, гуравдагч этгээд “Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршооллын холбоо” НҮТББ-ын Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/120 дугаартай захирамжийн 2 дугаар хавсралтын 9 дүгээр мөрийн М.Шагжжавт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгох тухай” бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд “Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршооллын холбоо” НҮТББ-ын гүйцэтгэх захирал П.Б давж заалдах гомдолдоо: Миний бие П.Б нь “Хөвсгөл аймгийн хэрэглэгчдийн хоршооллын холбоо” НҮТББ-ын гүйцэтгэх захирлаар сонгогдон ажиллаж байгаа юм.

Тус холбоо нь Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд М.Ш-ын Хөвсгөл аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/362 дугаартай “Захиргааны актын илэрхий алдааг засаж, захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” захирамж илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй,

Гуравдагч этгээд Г.Ц-ын Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2006 оны 90 дүгээр захирамжийн 2 дугаар хавсралтын 7-д бичигдсэн газар эзэмшигч Б.Лхамсүрэнд холбогдох хэсгийн газрын хэмжээ, эзэмших хугацааг засварласныг илт хууль бусад тооцуулах, иргэн Б.Л-гийн газрын хэмжээ, эзэмших хугацааг газар эзэмшигчийн гэрээ гэрчилгээнд бичигдснээр залруулан өвлөгч Г.Ц-ын нэр дээр Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжаар баталгаажуулахыг аймгийн Засаг даргад даалгуулж, газар эзэмших эрхийн гэрээг шинэчлэн байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн олгохыг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгах, Мөрөн сумын Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 43 тоот захирамжаар Дулаан эрчим хоршооны захирал Г.С нь Эд хэрэглэгчдийн хоршоодын холбооны эзэмшлийн 450 мкв газрын эзэмших эрхийг шилжүүлэн өгснийг хууль бус болохыг тогтоож, захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах бие даасан шаардлага бүхий захиргааны хэрэгт Хөвсгөл аймгийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/120 дугаартай захирамжийн 2 дугаар хавсралтын 9 дүгээр мөрний М.Ш-т холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлага гаргаж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу гуравдагч этгээдээр оролцлоо.

Гэтэл тус шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 16 дугаартай шийдвэрээр манай байгууллагын шүүхэд гаргасан бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйл, 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг тус тус зөрчиж шийдвэр гаргасан байх тул дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ маргаан бүхий газар болох 1081 мкв газар нь Хөсвгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршооллын холбооны газар байна гэж шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэж хэргийг шийдвэрлэсэн байдаг. Үүнээс харахад Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршооллын холбооны эрх, ашиг сонирхол зайлшгүй хөндөгдөж байгаа юм.

Бид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийнхээ хүрээнд тус шүүхэд манай байгууллагаас шилжүүлсэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2006 оны 90 дугаартай захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгохоор 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр бие даасан шаардлага гаргасан боловч 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 102 дугаартай захирамжаар бие даасан шаардлагыг уг захирамжид гомдол гаргах эрхгүйгээр хүлээн авахаас татгалзсан.

Бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзахдаа “...үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримттай холбоогүй...” гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан байдаг.

Гэтэл шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд болох Г.Ц-ын шүүхэд гаргасан “...Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2006 оны 90 дүгээр захирамжийн 2 дугаар хавсралтын 7-д бичигдсэн газар эзэмшигч Б.Л-д холбогдох хэсгийн газрын хэмжээ, газар эзэмших хугацааг засварласныг илт хууль бусад тооцуулах...” гэсэн утга бүхий бие даасан шаардлагыг хүлээн авч, хангаж шийдвэрлэсэн.

Гуравдагч этгээд Г.Ц-ын шүүхэд гаргасан дээрх бие даасан шаардлага нь манай байгууллагын зүгээс шүүхэд гаргасан бие даасан шаардлагад агуулгын хувьд багтаж байгаа юм.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хэргийн оролцогч нь ижил тэгш эрх эдлэх ёстой байтал шүүхээс утга, агуулгын хувьд ойролцоо бие даасан шаардлага гаргасныг ялгамжтай байдлаар шийдвэрлэж байгаа нь нотлох баримтыг ижил хэмжээнд үнэлэхгүй байна гэж ойлгож байна.

Шүүхээс гуравдагч этгээд Г.Ц-ын 2006 оны 90 дугаартай захирамжтай холбоотой бие даасан шаардлагыг хүлээн авч үүнтэй холбоотой нотлох баримтыг шалгаж шийдвэрлэж байгаа бол манай байгууллагын зүгээс гаргасан бие даасан шаардлагыг зайлшгүй хүлээн авч нотлох баримтыг шалгаж шийдвэрлэсэн бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан “шүүх нотлох зарчим”-д нийцэх юм.

Иймд Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 16 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, бие даасан шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасны дагуу хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүх маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийсэн боловч гуравдагч этгээд Г.Ц-ын “Мөрөн сумын Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 43 тоот захирамжийн 2 дугаар хавсралтын 21 дэх мөрийг хууль бус болохыг тогтоож, захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” бие даасан шаардлагыг хүлээн авч шийдвэрлэсэн нь буруу байх тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, гуравдагч этгээд “Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршооллын холбоо” НҮТББ-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Гуравдагч этгээд “Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршооллын холбоо” НҮТББ-ын Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/120 дугаартай захирамжийн 2 дугаар хавсралтын 9 дүгээр мөрийн М.Ш-т холбогдох хэсгийн хууль бус байсан болохыг тогтоолгох тухай шаардлагын тухайд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д заасны дагуу хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, аль эсвэл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашгаа хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахаар байна.

“Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршооллын холбоо” НҮТББ-ын зөрчигдсөн гэж маргаж буй эрх, хууль ёсны ашиг сонирхол нь өөрөө хууль ёсны дагуу үүссэн, хүчин төгөлдөр хэвээр байх ёстой.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/120 дугаартай захирамжийн 2 дугаар хавсралтын 9 дүгээр мөрийн М.Ш-т 1081 м.кв газрыг худалдаа, үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар олгож, газар эзэмшигч Б.Л-гийн газартай давхардуулсан болох нь тогтоогдож байх бөгөөд тус А/120 дугаар захирамжийн холбогдох хэсгийг Хөвсгөл аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/362 дугаар захирамжаар хүчингүй болгосон байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар “...нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан..” бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заажээ.

Маргаан бүхий А/120 дугаар захирамжаар “...Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх арван есөн иргэн, аж ахуйн нэгж байгууллагын жагсаалтыг 1 дүгээр хавсралтаар, газар эзэмшүүлэх, гэрээ гэрчилгээ шинэчлэх арван дөрвөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалтыг 2 дугаар хавсралтаар баталсан...” байх бөгөөд дээрх захирамжийн 2 дугаар хавсралтын 9 дүгээр мөрний М.Шагжжавт холбогдох хэсгийг хүчингүй болгуулснаар “Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршооллын холбоо” НҮТББ-ын ямар нэгэн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл хуулиар хамгаалагдаагүй ашиг сонирхлын үүднээс өөртөө давуу байдал бий болгох зорилгоор нэхэмжлэл гаргах боломжгүй тул “Хөвсгөл аймгийн эд хэрэглэгчдийн хоршооллын холбоо” НҮТББ-ын гомдлыг хүлээн авч, бие даасан шаардлагыг хангах боломжгүй байна.

Анхан шатны шүүхээс гуравдагч этгээд Г.Ц-ын “Мөрөн сумын Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 43 тоот захирамжийн 2 дугаар хавсралтын 21 дэх мөрийг хууль бус болохыг тогтоож, захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” бие даасан шаардлагыг хүлээн авч шийдвэрлэсэн нь буруу байна.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 43 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтын 21 дэх мөрөнд М.Шагжжавт, 450 мкв хэмжээтэй газрын 8 дугаар баг, П хэсэгт, зоогийн газрын зориулалтаар эзэмшүүлэхээр “Дулаан-Эрчим” хоршооноос 40 жилийн хугацаатай шилжүүлж, мөн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/120 дугаар захирамжаар “инженерийн шугам сүлжээтэй бүсэд шилжиж гэрээ, гэрчилгээ шинэчлэх” гэсэн үндэслэлээр М.Ш-ын эзэмшиж байсан 450 мкв газрын хэмжээг нэмэгдүүлэн 1081 мкв газар болгон худалдаа, үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар 32 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.

Улмаар иргэн Б.Л 2014 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр нас барсан учир өвлүүлэгчийн эхнэр Г.Ц-д Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг, 9-49 тоотод байрлах 3500 мкв газрын эзэмших эрхийн өвлөх эрхийн гэрчилгээг Хөвсгөл аймгийн тойргийн нотариатчаас 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр олгосон байна. Гуравдагч этгээд Г.Ц өөрийн өвлөх эрхийн гэрчилгээтэй газраас М.Ш-д 631 м.кв газрыг давхцуулан олгосон талаар аймгийн Засаг даргад 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гомдол гаргаж, аймгийн Засаг дарга гомдлыг хянан үзээд 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр А/362 дугаар захирамжаар 2014 оны 04 дүгээр сарын 01-ний дөрийн А/120 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-т “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэж заасны дагуу гуравдагч этгээд Г.Ц-ын “Мөрөн сумын Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 43 тоот захирамжийн 2 дугаар хавсралтын 21 дэх хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх үндэслэлтэй.

Тодруулбал, Мөрөн сумын Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 43 дугаар захиргааны акт гарснаар Б.Л-гийн эзэмшлийн газарт нэхэмжлэгч М.Шагжжав амьдрах болсон талаар Б.Л болон түүний өвлөгч Г.Ц мэдэж байсан бөгөөд энэ талаар маргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан нь “хэрэгт авагдсан баримтаар Б.Л нь өөрийн газар эзэмших эрхийг цуцалсан захиргааны акт гарсан, уг актын улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөнийг тухайн үед мэдсэн гэж үзэхээр байна.

Мөн түүнчлэн Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 16 дугаар шүүхийн шийдвэрээ хэвлэхдээ Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжийн баланк дээр хэвлэсэн техникийн алдааг гаргажээ. Энэ талаар хэргийн оролцогч болон хэргийн бусад оролцогч нар маргаагүй бөгөөд “Монгол улсын нэрийн өмнөөс” гаргасан шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болохгүй. Захиргааны хэргийн бүртгэл, Хяналтын нэгдсэн системээс үзвэл Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 16 дугаар шийдвэрийн дугаар авагдсан байх тул “...Ерөнхий шүүгчийн захирамж...”-ийн баланк дээр хэвлэсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүйг дурьдах нь зүйтэй байна.

Иймд шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан гуравдагч этгээд “Хөвсгөл аймгийн Эд хэрэглэгчдийн хоршооллын холбоо” НҮТББ-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, гуравдагч этгээд Г.Ц-ын “...Мөрөн сумын Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 43 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтын 21 дэх хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож...” шийдвэрлэснийг хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 16 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтын “...Мөрөн сумын Засаг даргын 2006 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 43 тоот захирамжийн 2 дугаар хавсралтын 21 дэх хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож...” гэснийг “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар хүлээн авахаас татгалзсугай...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан гуравдагч этгээд “Хөвсгөл аймгийн Эд хэрэглэгчдийн хоршооллын холбоо” НҮТББ-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                               Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                               О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН