Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2026/ХШТ/10

 

 

О.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч Ц.Оч, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэнэ, шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Д.Оюунбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан нээлттэй хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 337 дугаар цагаатгах тогтоол, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 56 дугаар магадлалтай О.Б-д холбогдох 25380000000172 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, О.Б.

Шүүгдэгч О.Б нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч О.Б-д холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгожээ.

Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Даваахүү хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “... Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Үүнд:

Газрын даамал нь Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 7 дугаар сарын 24- ний өдрийн 41 дүгээр тогтоолын 14 дүгээр хавсралтаар батлагдсан албан тушаалын тодорхойлолтод зааснаар салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд хангах, газрын дуудлага худалдааг зохион байгуулах, Газрын тухай хууль болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг үндэслэн газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах тухай Засаг даргын захирамжийн төслийг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулах чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлд Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар 0,07 га- аас илүүгүй, гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар иргэнд 0,1 га-аас илүүгүй, нэг иргэнд давуу эрхээр эзэмшүүлэх тариалангийн газрын хэмжээ нь үр тарианы зориулалтаар 100 га хүртэл, төмс, хүнсний ногооны зориулалтаар 5 га хүртэл газрыг үнэ төлбөргүй эзэмшүүлж болохоор заасан. Харин 34 дүгээр зүйлийн 34.2-т “Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ”, 33 дугаар зүйлийн 33.1.2-т “Энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж хуульчилсан.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-аар дуудлага худалдаа явуулахад баримтлах зарчим, дуудлага худалдааг зарлан мэдээлэх зэрэг харилцааг нарийвчлан зохицуулсан.

Үүнээс үзэхэд шүүгдэгч О.Б нь Хөвсгөл аймгийн .... сумын ..... баг, ..... хэсэгт үйлдвэр үйлчилгээний зориулалтаар 1,482 м2 газрыг эзэмшүүлэхдээ Газрын тухай хууль, дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулаагүй нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. Эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байхад, газрын дуудлага худалдаа явуулахгүйгээр бусдад газар эзэмшүүлж байгаа нь сонгон шалгаруулалт ил тод нээлттэй байх, иргэдийн тэгш шударга оролцоог хангах зарчмыг хэрэгжүүлээгүй, бусдад давуу байдал бий болгож буй хэлбэр гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч О.Б-г иргэнд үйлдвэр үйлчилгээний зориулалтаар газар эзэмшүүлэхдээ газрын дуудлага худалдаа зохион байгуулна гэдгийг мэдсээр байж, зөрчиж Засаг даргын захирамжийн төсөл боловсруулж, гарын үсэг зуруулсан үйлдлийг зориуд санаатай албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзэх тул хайнга хандаж алдаа дутагдал гаргасан санамсар, болгоомжгүй үйлдэл гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 337 дугаар цагаатгах тогтоол, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 56 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: О.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдээгүй. Учир нь, О.Б нь Х.Д-ийн нэр дээр газар эзэмших эрхийг шилжүүлэх Засаг даргын захирамжийн төсөл боловсруулахдаа Х.Д-оос ямар нэгэн шан харамж аваагүй, хөнгөлөлт эдлээгүй, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаагүй бөгөөд шунахайн сэдэлтгүй, хувийн сонирхолгүй байсан. Анх Л.Ч цагдаагийн байгууллагад гомдол гаргасан боловч тэрээр газар эзэмших эрх шилжүүлэхтэй холбоотой харилцаанд оролцогч биш байсан. Түүнийг “газраа шилжүүлчих” гэхэд нь Х.Д “хоёул хүсэлтээ бичье” гээд тус бүр хүсэлтээ бичиж газрын байцаагчид хандсан. Газрын байцаагч Засаг даргад иргэдээс хүсэлт гаргасан талаар тайлбарлахад “хүсэлт ёсоор асуудлыг шийдвэрлэе” гэсэн цохолт хийж өгсөн байдаг. Үүний дагуу О.Б Засаг даргын захирамжийн төслийг боловсруулсан болохоос биш газар шилжүүлэх эрх байхгүй. Иймд цагаатгах тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Прокурор Г.Эрдэнэ хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс О.Б-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд, Газрын тухай хууль зөрчиж, бусдад газар эзэмшүүлсэн үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулаагүй, ажил үүрэгтээ хайнга хандаж, болгоомжгүйгээр Х.Д-д газар эзэмшүүлсэн гэж дүгнэж, давж заалдах шатны шүүх цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээжээ. Прокуророос шүүгдэгчийн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан, хоёр шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэнийг дэмжиж байна.

Учир нь, хэрэгт авагдаж, шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.Б-н иргэн Х.Д-д эзэмшүүлэх эрх олгосон газар нь үйлдвэр үйлчилгээний зориулалттай байжээ. Монгол Улсын Газрын тухай хуульд зааснаар үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар газар эзэмшүүлэх тохиолдолд Засаг даргаас дуудлага худалдаа явуулж, эсхүл төсөл сонгон шалгаруулсны үндсэн дээр эзэмшүүлэхээр хуульчилсан. Мөн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар газар эзэмших эрх олж авсан иргэн, хуулийн этгээд нь эрхлэх үйл ажиллагааны чиглэлээр байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа сөрөг дүгнэлт гараагүй бол гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, бүртгэхээр хуульчилсан. Өөрөөр хэлбэл, тухайн газрыг нэг хүний хүсэлтээр шууд олгох боломжгүй, эзэмших хүсэлтэй иргэн, хуулийн этгээдүүд дунд нээлттэй дуудлага худалдаа, эсхүл сонгон шалгаруулалт явуулж, өрсөлдүүлж, түүний дараа эзэмших эрх олгох эсэхийг шийдвэрлэнэ.

О.Б-ийн ажил, үүргийн дагуу боловсруулж, гарын үсэг зуруулсан сумын Засаг даргын захирамж нь “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх” гэсэн буюу өмнө олгосон газар эзэмших эрхийг нь цуцалж, худалдан авч буй талд нь шилжүүлэх гэсэн агуулгатай гарсан. Уг захирамжийн хавсралтад бичигдсэнээр хүчингүй болгож буй захирамж, гэрчилгээний дугаар гэсэн хэсэгт “газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулаагүй” гэсэн тэмдэглэгээ хийсэн байна. Энэхүү баримтат мэдээллээр тухайн газрыг хэн нэгэнд эзэмшүүлэх эрх олгоогүй, гэрчилгээ гараагүй, газар эзэмших эрх олгож болохгүй гэдгийг О.Б ажил үүргийн хувьд олж мэдсэн, ухамсарлан ойлгосон гэдэг нь нотлогдож байна.

Мөн хоёр шатны шүүхээс О.Б-д холбогдох хэрэгт дүгнэлт хийхдээ Л.Ч, Х.Д нартай ашиг сонирхлоор холбогдоогүй, ямар нэгэн шан харамж амласан нөхцөл байдал тогтоогдоогүй гэжээ. Бодит байдал дээр Х.Д давуу байдал олж авсан. Тэрээр үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар газар эзэмших эрхийг дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулах журмаар олж авалгүйгээр эзэмших эрхтэй болж, ашиг сонирхол нь гүйцэлдсэн.

НҮБ-ын Авлигын эсрэг конвенцын III бүлгийн 28 дугаар зүйлд “... гэмт хэргийн зайлшгүй бүрэлдэхүүн хэсэг болох ухамсар, санаа, зорилгыг бодит үйл баримтаас дүгнэн гаргаж болно” гэжээ. О.Б-д холбогдох хэрэгт дүгнэлт хийхэд, түүний бусдад давуу байдал бий болгох гэсэн санаа зорилго нь бүрэн хэмжээнд тогтоогдсон гэж үзнэ.

Иймд хоёр шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн учир цагаатгах тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Даваахүүгийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн О.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

2.Шүүгдэгч О.Б нь Хөвсгөл аймгийн .... сумын газрын даамлаар ажиллаж байхдаа иргэн Л.Ч-д газар эзэмших эрх олгогдоогүй байхад “Л.Ч-с Х.Д-д газар худалдсан” гэх хүсэлтийг үндэслэн тус сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын .....-ны өдрийн .... дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамжийн төсөл боловсруулж, ёсчлуулснаар иргэн Х.Д-д Хөвсгөл аймгийн ...... сумын ........ баг, “С” хэсэгт 1482 м2 газар эзэмшүүлж хууль бус давуу байдал олгосон үйл баримтыг анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэлтэй тогтоожээ.

Харин дээрх үйлдэлд гэм буруугийн сэдэлт, санаа зорилгыг буруу тогтоож, хууль зүйн алдаатай дүгнэлт хийж хууль хэрэглээний зөрүү гаргасан нь хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх үндэслэл боллоо.

3.Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлд заасан “Хайнга хандах” гэмт хэрэг нь хөнгөмсгөөр найдсан, хайхрамжгүй хандсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй бөгөөд хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албаны чиг үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор гүйцэтгээгүй үйлдлээр илэрдэг. Харин албан тушаалтан хийх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл албаны эрх нөлөөг ашигласан үйлдэл нь шууд санаатай, идэвхтэй хэлбэрээр бодит биеллээ олдог тул хайнга хандах гэмт хэргийн шинжийг хангахгүй.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3-т “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж тус тус заасан. Мөн газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай хүсэлтийг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэх ба мөн зүйлийн 38.3.2-т “шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх”, 38.3.3-т “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх” зэрэг асуудлыг эрх бүхий этгээд нягталж шалгахыг үүрэг болгожээ.

Хуулийн зохицуулалтаар Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь зөвхөн эрхийн гэрчилгээний үндсэн дээр газар эзэмших бөгөөд ямар ч тохиолдолд эрхийн гэрчилгээгүйгээр газар эзэмшихийг хориглосон байна. Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тохиолдолд төрийн эрх бүхий байгууллага шилжүүлэх гэж буй газрын эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр эсэх, шилжүүлэн авч буй тал уг эрхийг эзэмших эрхтэй эсэхийг шалгах ёстой.

Сумын газрын даамлын албан тушаалын тодорхойлолтод сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд геодези, зураг зүй, газар зохион байгуулалтыг эрхлэх зорилтын хүрээнд Газрын тухай хууль болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг үндэслэн газар өмчлүүлэх, эзэмших, ашиглуулах тухай Засаг даргын захирамжийн төсөл боловсруулах, батлуулах ажлыг зохион байгуулах, эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэх ажлыг зохион байгуулах, газрын улсын бүртгэлд бүртгэх гэж зааснаас үзвэл шүүгдэгч О.Б нь дээрх хууль тогтоомжийн дагуу иргэн Л.Ч-ын газар эзэмших эрхийг шалгах үүрэг бүхий албан тушаалтан гэж үзнэ. /Хэргийн 1 дүгээр хавтасны 60 дахь тал/

Хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээгүйгээр аливаа этгээд газар эзэмшихийг хуулиар хориглосон тул газрыг бусдад шилжүүлэх харилцааны явцад эзэмших эрхтэй эсэхийг шалгахгүйгээр хүсэлтийг шийдвэрлэсэн газрын даамлын үйл ажиллагаа хийх ёсгүй үйлдэлд тооцогдох ба үүнийг албан үүрэгтээ хайхрамжгүй хандсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй болно.

4.Хэрэгт цугларсан нотлох баримтууд болох яллагдагч О.Б-ийн өмгөөлөгч Д.Оюунбилэгийн хамт өгсөн “... би Л.Ч-ын газар албан ёсны эзэмшлийн газар биш гэдгийг мэдэж байсан... тус газар нь бичиг баримтгүй газар  ...” /Хэргийн 1 дүгээр хавтасны 80 дахь тал/ гэх мэдүүлэг, түүний боловсруулж батлуулсан Хөвсгөл аймгийн ..... сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын ....-ны өдрийн .... дугаар захирамжийн хавсралтын 2 дугаарт “Эрх шилжүүлж байгаа иргэн Л.Ч ... газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулаагүй” гэсэн тэмдэглэл /Хэргийн 1 дүгээр хавтасны 46 дахь тал/, газрын кадастрын мэдээллийн системд үзлэг хийсэн “... Х.Д-ийн ... Л.Ч-аас худалдаж авсан нэгж талбарын ...... дугаартай газрыг эзэмшүүлсэн үндэслэл нь 2018 оны ..... сарын ....-ны өдрийн .... тоот шийдвэр байна. Системээс ..... дугаартай сумын Засаг даргын шийдвэрийг хайхад мэдээлэл байхгүй...” гэсэн тэмдэглэл зэргээс үзвэл шүүгдэгч О.Б уг газар бусдад олгогдоогүй буюу эзэмшил үүсээгүй болохыг мэдсээр атал эрх шилжүүлэх захирамжийн төсөл боловсруулсан, уг үйлдлээ нуун далдлахын тулд газрын кадастрын цахим санд өөр шийдвэрийг бүртгэж хөтөлсөн гэсэн дүгнэлтэд хүргэж болох бөгөөд анхан шатны шүүхийн цагаатгасан шийдвэрийн гол үндэслэл болсон “... иргэн Л.Ч тухайн газрыг эзэмшдэг эсэх, газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчинтэй эсэх, газрын хувийн хэрэг байгаа эсэхийг нягтлан шалгах ... үүрэгтээ хайнга хандсан ...” гэсэнтэй илтэд зөрчилдөж байхад энэ талаар няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэрийн хууль ёсны, үндэслэлтэй байх шаардлагад нийцэхгүй.  

5.Анхан шатны шүүх ийнхүү шүүгдэгч О.Б-ийн үйлдлийг албан үүрэгтээ хайнга хандсан, үүний улмаас хохирол, хор уршиг учраагүй хэмээн үзэж, “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон, цагаатгаж шийдвэрлэхдээ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудыг бодит байдлаар нь бүрэн дүүрэн үнэлж чадаагүй, албан үүрэгтээ хайнга хандсан гэх дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримттай зөрчилтэй буюу нотлогдоогүй, улмаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний алдааг залруулалгүй цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсэн байх тул прокурорын эсэргүүцлийг хангаж тогтоол, магадлалыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан үндэслэлээр хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

Хэрэг шүүхэд очтол О.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 337 дугаар цагаатгах тогтоол, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 56 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, прокурорын бичсэн эсэргүүцлийг хангасугай.

2.Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч О.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                               Б.БАТЦЭРЭН

ШҮҮГЧИД                                                   Ц.ОЧ

М.ПҮРЭВСҮРЭН

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Б.ЦОГТ