Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 08

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч ******* даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Баянжаргалан сумын Аргатайн 3-р баг ******* тоотод оршин суух ******* овогт *******гийн *******  

Хариуцагч: Дундговь аймгийн Баянжаргалан сумын Засаг дарга *******д хариуцагдах, 

Нэхэмжлэлийн шаардлага: “Дундговь аймгийн Баянжаргалан сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн ******* тоот захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох болон ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.*******, түүний өмгөөлөгч , хариуцагч *******, түүний өмгөөлөгч , гэрч , , , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Баянжаргалан сумын иргэн Х.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч Баянжаргалан сумын Засаг даргын 2016 оны 11-р сарын 16-ны өдрийн ******* дугаар бүхий захирамжид МУ-ын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31-р зүйлийн 31.1.2 дахь заалтыг үндэслээд албан үүргээ хангалтгүй биелүүлсэн ******* овогтой *******ыг 2016 оны 11-р сарын 16-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэжээ.

Гэвч уг захирамж нь илт утгын алдаатай, хууль зүйн шаардлага хангаагүй гэж нэхэмжлэгч би үзэж аймгийн Төрийн албаны зөвлөлийн Дундговь аймаг дахь салбар зөвлөлд 2016 оны 12-р сарын 15-ны өдөр өргөдөл гаргасан. Уг өргөдлийн хариуд энэ асуудлаа хууль, хяналтын байгууллагаар шийдвэрлүүлэхийг зөвлөсөн тул иргэн би эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандаж байна. МУ-ын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31.1.2-т Сум дүүргийн Засаг дарга нэгээс илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх гэж заасныг ноцтой зөрчин сумын ИТХ-ын Тэргүүлэгчидтэй зөвшилцөлгүй улс төрийн шалтгаан болон зөвхөн өөрийн хүсэл зорилгоор уг захирамжийг гарган миний хөдөлмөрлөх эрхийг зөрчөөд байна. Мөн албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлд заасан Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах үндэслэл биш бөгөөд ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж томьёолсон нь хэмжигдэхүйц биш, хууль зүйн дүгнэлт тодорхойгүй, ажлын байрны тодорхойлолтод заасан ямар ямар ажил болон хэдийд өгсөн үүрэг даалгаврыг хэрхэн биелүүлээгүй болох нь тодорхой бус байгаа юм.

Нөгөө талаар Засаг даргын орлогчийн албан тушаал нь улс төрийн албан тушаал мөн хэдий ч Хөдөлмөрийн маргаан нь МУ-ын Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдах болно. Засаг дарга ******* нь ажил үүргээ хангалтгүй биелүүлж байгаа талаар урьд өмнө нь надад албан ёсоор мэдэгдэж, хугацаатай үүрэг даалгавар огт өгч байгаагүй юм. Х.******* миний бие Сумын Засаг даргын орлогчоор 2009 оноос эхлэн ажилласан.  Ажиллах хугацаандаа үүрэгт ажлаа сайн биелүүлж сумдын Засаг даргын орлогч нарын ажлыг үнэлж дүгнэхэд аймагтаа сайн үнэлгээ авсан эхний гурван суманд багтаж байсан. Мөн хамт олонтойгоо эвсэг, гар нийлж ажиллаж ирсэн. Албан үүргээ  хангалттай сайн биелүүлдэг байхад намайг ажлаас үндэслэлгүй халсанд гомдолтой байна. Энэ халаа сэлгээ нь миний ажлын алдаа дутагдалтай холбоотой биш улс төрийн шинжтэй гэж би дүгнэж байна. Өөрөөр хэлбэл Засаг дарга ******* нь аймгийн ИТХ-ын сонгуульд ялагдсан мөн сумын орон нутгийн сонгуульд ялагдсандаа өширхөж ажлаас халсан гэж үзэж байна. Сүүлийн жилд Засаг дарга ******* нь миний ажил албан үүрэгтэй холбогдолгүй зүйл ярьж, уураар далайлгаж, дайрч давшлах нь хирээс хэтэрсэн. Энэ бүгдийг би төрийн албанд олон жил ажилласан туршлага, эр хүний ноён нуруу зааж тэсч тэвчиж ирсэн. Би сумын Ардчилсан намын даргын хувьд сонгуульд хуулийн дагуу оролцож ялалт байгуулсан. Тэрнээс биш эрхэлсэн ажлаа хийж чаддагүйдээ, өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүйдээ халагдаагүй гэж бодож байна. Миний ажлын талаархи арга барил туршлага идэвхи санаачлагыг аймаг сумын Засаг даргын тамгын газрын ажилчид албан хаагчид, сумын иргэд бүгд мэднэ. Тиймээс энэ шийдвэрийг эс зөвшөөрч зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж байна.

Иймд Баянжаргалан сумын Засаг даргын 2016 оны 11-р сарын 16-ны өдрийн *******   дугаар бүхий “Ажлаас халах тухай” захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эргүүлэн тогтоолгох болон ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтрийн нөхөн бичилтийг хийлгэж өгөхийг хүсч шүүхэд хандлаа” гэжээ.

Нэхэмжлэгч Х.******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Би сумандаа багийн засаг дарга болон сумын засаг даргаар ажиллаж төрийн болон улс төрийн албан тушаалд 18 жил ажилласан. Нийтдээ бол төрийн байгууллагад 20 гаруй жил ажиллаж байна. Сүүлийн 8 жил сумын Засаг даргын орлогчоор ажилласан бөгөөд 2016 оны 11-р сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Засаг дарга ******* Иргэдийн төлөөлөгчдийн хуралтай зөвшилцөлгүй ажлаас халсан. Би гомдлоо төрийн албаны зөвлөлд гаргахад хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүл гэсний дагуу шүүхэд хандсан. Миний хувьд сонгуулийн үр дүнд халагдаагүй, ажлаа хийж байгаад өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй гэдэг үндэслэлээр халагдсан. Манай суманд 2008, 2012 онуудад Ардын нам олонхи болж гарсан. Энэ онуудад би Засаг даргын орлогчоор ажилласан. Би засаг даргын орлогч болъё гэж гуйж байгаагүй. Энэ үед намайг алдаа дутагдал гаргасан гэж үзсэн бол халах боломж нь байсан. Ер нь бол улс төрийн зорилготойгоор халсан гэж үзэж байна. Мал тооллогын хувьд би тооллогоор явсан нь үнэн. Тэр үед намайг ажлаа хийлгүй хоосон цаастай ирсэн гэж ярьж байна. Төрийн ажлыг тэгж хийнэ гэж юу байхав дээ. Нэгтгэх ажлыг багийн засаг дарга хийдэг. Мөн орон нутгийн хөгжлийн санд ирсэн мөнгийг жил болгон Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулаад хийгдэх ёстой ажлыг нь гүйцэтгээд явсан. Энэ талаар аймагтаа их өндөр биш ч гэсэн гайгүй үнэлэгдээд явж байсан. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр батлагдсан ажлууд нь жагсаалтын дагуу хийгдээд хэвийн явагдаж байсан. Батлагдсан бүх ажлууд 2016 ондоо хийгдэх боломж байсан. Сангийн яамны шалгалтын хэсэгт би урьд онуудад хийгдсэн ажлаа гаргаж тавьсан. 2017 онд хийгдэх ажлын жагсаалт нь багийн засаг дарга нарын хийх ёстой ажил. Тухайн үед отор нүүдэл гээд хойшлуулаад байсан. Энэ шалгалт нь албан бичгээр үнэлэлт дүгнэлт өгөөгүй. ын хувьд надад эгчтэй нь хуйвалдаад байгаа юм байхгүй. Би гэрээ хийж Засаг дарга баталсан. Энэ хүний асуудлаар холбогдох байгууллагад нь хандаж шийдвэрлүүлж байгаа. Энэ асуудлын талаар Туяа дарга өөрөө мэднэ. Хүүхдийн төлбөрт нэг жил 500 мянган төгрөг төлүүлсэн нь үнэн. Тэр үед эхнэр маань эмчилгээнд явах гээд асуудалтай байсан. Нууж хаагаад төлүүлсэн зүйл байхгүй. Халаа сэлгээний хувьд хэн юу ярьсаныг мэдэхгүй. Ховын журмаар ажлаа явуулж байна. Аливаа баримт бичиг тамга тэмдэг, гарын үсэгтэй байж хүчинтэй байдаг. Гарын үсгийг зурсан гэж байгаа бол шалгуулах хэрэгтэй. Ийм үндэслэлгүй зүйл ярьмааргүй байна. Ер нь бол төсвийг захиран зарцуулах эрх нь Засаг даргад байдаг. Гэтэл над руу чихээд байх юм. Нүүрсний гэрээний тухайд би амаар тохиролцсон зүйл байсан. Үүнд цаг хугацаа алдаагүй. 2016 онд сумын сонгуульд Ардчилсан нам ялсан. Өс хонзон авч байгаа мэтээр үхэхдээ үхэр буугаа тавина гэгч л болж байна.

... Иймээс Баянжаргалан сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн ******* тоот захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин болох 3389880 төгрөг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ” ... Хариуцагч нь маргаан бүхий захирамж гаргахдаа Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-дахь заалтыг удирдлага болгосон. Гэхдээ 1 дүгээр заалтаар Х.*******ыг албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэж үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Уг захирамжид ямар үйлдлийг хангалтгүй гэж үзэж байгаа нь тодорхойгүй, мөн хуульд зөвшилцөн томилох, чөлөөлөх гэж заасан байдаг. Гэтэл тэргүүлэгчидтэй зөвшилцөөгүй, зөвхөн чөлөөлснөө л мэдэгдсэн. Иймээс хуулийн шаардлага хангаагүй захирамж юм. Зөвшилцөөгүй талаарх нотлох баримт хэрэгт бий.

Энэ яриад байгаа 144 сая төгрөгтэй ******* хамааралгүй. Энэ талаар хариу тайлбартаа тусгаагүй мөртлөө өнөөдөр ярьж байна. Мөн Төсвийн тухай хуульд зааснаар баг хорооны Засаг дарга багийн нийтийн хурлыг хийж орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын саналыг авах байтал Х.*******т хамааруулаад байгааг ойлгохгүй байна. Энэ бол ямар ч ач холбогдолгүй, *******ын хийх ёстой ажил биш. Хариуцагч Х.******* нь удаа дараа алдаа зөрчил гаргасан боловч хариуцлага тооцох хууль зүйн үндэслэл байдаггүй юм билээ гэж ярьж байна. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т “улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг мөрдөнө”, 11.6-д “төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж бий. Ингээд хуульд нарийвчлан зааж өгсөн байхад хууль байхгүй гэж яриад байх юм. Ийм дур зоргоороо юм байхгүй. Гаргасан зөрчилд тухай бүрд нь арга хэмжээ авах боломж  байсан. Ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийг давхар барих ёстой байсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Мөн энэ хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т зааснаар ажил олгогч нь ажилтнаас хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил гүйцэтгэхийг шаардаж болохгүй.  

... Х.******* нь өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсэгт орсон байсан. Гэхдээ нүүрсний гэрээг хойшлуулсан байдал тогтоогдохгүй байна. Харин ч гэрч ын мэдүүлгээс үзэхэд Х.******* нь нүүрсний гэрээний асуудлыг урьд нь тухайн компанитай ярьж тохиролцож байсан байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуульд  сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан байдаг.   

Иймээс захирамж нь хууль зүйн үндэслэлгүй учраас Баянжаргалан сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн ******* тоот захирамжийг хүчингүй болгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 3389880 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.  

Хариуцагч ******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн ******* тоот захирамжаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтын дагуу тус хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалтыг үндэслэн Х.*******ыг сумын Засаг даргын орлогчийн ажлаас чөлөөлсөн болно.

Манай сумын 2016 оны ИТХ-ын сонгууль зөрчил будилаантай болсон гэж МАН үзээд 2016 оны 11 сарын 02-ны өдөр шүүх хяналтын байгууллагад нэхэмжлэл гомдол гаргаад эцэслэн шийдвэрлэгдээгүй байсан учраас сумын ИТХ-ын ажлын албанд Засаг даргын орлогчийг ажлаас чөлөөлөх тухай 2016 оны 11 сарын 14-ний өдөр 1/235 тоот албан бичгийг хүргүүлсэн болно.

Иймээс миний бие Засаг даргын орлогч хэмээх улс төрийн албан тушаалтныг ажлаас чөлөөлөхөд хууль зөрчөөгүй болно.

Сумын Засаг даргын орлогч нь улс төрийн албан тушаал учраас Хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээ байгуулах хууль зүйн үндэслэл байхгүй, зөвхөн ажлын байрны тодорхойлолтонд тусгагдсан зорилго, зорилтын хүрээн дэхь ажил үүргийг гүйцэтгэхийн зэрэгцээ Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх албан тушаал юм.

Засаг даргын орлогч нь ажлын байрны тодорхойлолтоо Авлигатай тэмцэх газраар хянуулж ажилладаг учраас түүнд тусгагдсан ажлаа л хийж цалин авдаг бөгөөд Х.******* нь 2016 оны шат шатны сонгуульд өндөр ач холбогдол өгч төрийн ажлаа хийлгүй, Төсвийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь заалт болон 63 зүйлийг  ноцтой зөрчсөн учраас улс төрийн албан тушаалтанд хариуцлага тооцох эрх зүйн зохицуулалт байхгүй учир томилсон албан тушаалтан нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалтын дагуу чөлөөлөх бүрэн эрхтэй билээ.

Х.*******ын ажлын сахилга хариуцлагын талаар удаа дараалан хэлж, сануулж зэмлэхэд ганц ч үг дуугардаггүй, 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн захирамжаар өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлын хэсгийн ахлагчаар томилж 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ЗДТГ-ын хамт олны хурал дээр уг захирамжийн биелэлтийг ярихад тэрээр уурлаад хурал хаяж гарсан, захирамжаар өгсөн үүрэг даалгаврыг огт биелүүлээгүйг ЗДТГ-ын хамт олон албан газрын дарга, эрхлэгч нар бүгд мэднэ” гэжээ.

Хариуцагч ******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Би 2008 онд Засаг даргын ажлыг хүлээж аваад Х.*******ыг Засаг даргын орлогчоор 8 жил ажиллуулсан. Энэ хугацаанд тодорхой зөрчлүүдийг удаа дараа гаргаж байсан. Үүнийг нь хамт олны хурал дээр болон биечлэн өөрт нь байнга хэлж байсан. Энэ хүнд хариуцлага тооцох гэсэн боловч улс төрийн албан тушаалтанд хариуцлага тооцох санкц байхгүй юм билээ. Ер нь бол Сонгуулийн үр дүнгээр багаа бүрдүүлж ажиллуулах ёстой. Гэвч энэ зарчмыг зөрчиж 2008, 2012 оны сонгуулийн үр дүнгийн дараа Ардчилсан намын дарга Х.*******ыг засаг даргын орлогчоор дахин ажиллуулсан. Энэ бол хувь хүний жудаг гэж ойлгодог.

2014 онд сумын 2 дугаар багт мал тооллогын ажлын ахлагчаар томилж явуулж байсан. Гэвч ажлаа хийлгүй архидан согтуурч малын “А” дансан дээр нэг ч тоо тавиагүй ирсэн. Тэгээд 2 дугаар багийн Засаг даргыг чиний хийх ажил гэж тэр хүнээр хийлгэж байсан. Тэр үед тухайн жилийн эцэс болж байсан учир энэ хүнд олгох 300000 төгрөгийн урамшууллыг олгоогүй. Энэ бол Х.*******ын анхны зөрчил. 2015 оны жилийн эцэст сумдын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн 60-аас доошгүй хувийг сумдад хувиарлах ёстой хуулийн заалт байдаг. Гэтэл аймгийн Засаг дарга байсан 144 сая төгрөгийг Баянжаргалан суманд хувиарласан мөртлөө хууль зөрчсөн захирамж гарган 18 сая төгрөгийг сумандаа ав, үлдсэн мөнгийг буцаан хүргүүл гэсэн. Би Х.*******т орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн ажлыг хуулийг дагуу хэрэгжүүлээрэй гэж байсан. Гэвч ******* 18 сая төгрөгийг суманд үлдээх асуудлыг сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлаар оруулж танилцуулахад 13 хүн дэмжээгүй буюу олонхийн санал авч чадалгүй 144 сая төгрөг сумандаа үлдэхээр болсон. Харин ******* дэмжээд гараа өргөөд сууж байсан хүний нэг. Ингэж бусдын гар хөл болж болохгүй. Цахим Дундговь, Бэлчээрийн худаг гэсэн 2 асуудлыг оруулаад бусад асуудлыг оруулалгүй батлуулсан. 2016 оны 3 сард Засаг дарга манай суманд ирээд чи миний хэлснээр үлдсэн мөнгийг буцаан хүргүүлээгүй тул танай суманд энэ онд орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг өгөхгүй гэж хэлсэн. Ингээд өгөхгүй байсаар байгаад 10 сард шинэ удирдлагууд гарч орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг яг хувиарын дагуу өгсөн. Энэ мөнгө одоо дансандаа байгаа.

Үүнээс болоод орон нутгийн ажлыг 1 жилээр хойш нь татсан. Гэтэл энэ хүн энэ хугацаанд цалингаа 100 хувь аваад явж байсан. Би Х.*******т орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө ирээгүй байхад та юу хийсэн гэж цалин авч байгаа юм бэ, хийсэн ажлын тайлангаа бичиж өг гэхэд бичгийн тал цаасан дээр тайлан  бичиж өгсөн. Энэ бол хангалтгүй юм. Энэ хүн улс төрийн албан тушаалтан тул үр дүнгийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Хяналт шинжилгээ үнэлгээний шалгалт ирэхэд энэ хүн ажлаа шалгуулаагүй.

Энэ хүний ажлын байрны тодорхойлолт 2014 онд өөрчлөгдсөн юм билээ. 2016 оны 6 дугаар сарын 29-нд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2016 онд юу хийсэн, 2017 онд юу хийх гэж байгаа талаар шалгалтын хэсэг ирж 4 үзүүлэлтээр шалгасан. Шалгалтаар 2017 онд юу хийх талаар 4 дүгээр сарын 1-нээс өмнө иргэдээс санал аваагүй, мөн 6 дугаар сарын 30-ны дотор багийн нийтийн хурал хийж эрэмблэгдэх ажлуудыг хийгээгүй байна гэж үзсэн. Ингээд нэгдүгээр асуудалд нойл оноо өглөө гэж бид хоёрт хэлсэн. Би тухайн үед Сангийн яамны шалгалтынхнаас энэ талаар ямар нэгэн дүгнэлт өгөх үү гэхэд  өгөхгүй гэсэн. Гэхдээ танай сум арай дэндүү байна, бүхэл бүтэн нэг бүлэг нь тэр чигээрээ хоосон байна гэсэн. Үнэлгээ өгөөгүй ч цаашдаа хуваарилагдах хөрөнгийн хэмжээ шалтгаалах байсан. Миний хувьд Х.*******т багийн нийтийн хурлаа хуралдуулж ажлаа эрэмблээч гэж олон удаа хэлэхэд өөдөөс би мэдэхгүй цалингаа авч байгаа албан тушаалтан байгаа биз дээ гэж хариулж байсан. Тэгж явсаар байгаад орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2013, 2014, 2015 ондуудад хийгдэх ёстой зохих ажлууд хийгдсэн. Энэ ажлын хүрээнд цэцэрлэгт хүрээлэн тохижуулах ажил дээр Х.*******ын ярьж тохирсон гэдэг хүнтэй гэрээ байгуулсан. Ажлыг нь эхлэхээс өмнө 80 хувийн санхүүжилтыг өгсөн. Гэвч энэ компани ганц нэг сүүдрэвчээс өөр юу ч хийгээгүй, сум орон нутгийг хохироосон. Одоо энэ хүн ын эгч тай нийлж, намчирхаж миний эсрэг зогсох болсон.

Х.******* нь иргэдийн хуралд асуудал оруулах эрхтэйн хувьд бол эрхтэй хүн. Гэвч , ******* дарга хоёр хоёулахнаа сууж байгаад 2012 оны 23 тоот тогтоол гаргасан байсан. Ингэж болох уу?. Үүнийгээ тайлбарлахдаа манай аавын газрыг хүн авах гээд байсан гэсэн учраас би хамгаалсан гэж байсан. Хамгаалах гэж байсан юм бол хамгаалж байна гэж бичих ёстой. Дүгнэлт гаргуулах шаардлага байгаа юм уу. Хөөтийн уурхайд Сайхансамбуугийн  талбай байдаг. Үүнтэй холбоотойгоор мөн цав цагаан цаасан дээр миний гарын үсгийг зураад тамга, тэмдэг зурсан байсан. Үүнийг би тамга, тэмдэг хулгайлсан гэж үзэж байгаа. Мөн хүүхдийнхээ сургуулийн зардлыг манай суманд үйл ажиллагаа явуулдаг компаниар төлүүлсэн байсан. Сумын засаг даргад мэдэгдэлгүй Хөдөлмөрийн хэлтсээс өөрөө материалаа бүрдүүлж 1 сая төгрөгийн тэтгэмжийг гаргуулан дүү нарынхаа дансанд хийлгэж аавынхаа хороог зассан байсан. Уг нь бол төсөл шалгаруулж олгодог. Энэ зэрэг олон алдаа дутагдлыг гаргаж байсан. Х.*******ыг 8 жилийн хугацаанд төрийн албыг нэр төртэй, хариуцлагатай хашсан гэж хэлэхгүй. Аймагт ажлаараа өндөр үнэлэгдэж байсныг мэдэхгүй. Энэ жилийн тухайд сумын сонгуульд Ардчилсан нам ялж 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдөр анхдугаар хуралдаанаа хийж улмаар Түвшинбаяр гэдэг хүнийг Засаг даргад нэр дэвшүүлсэн. Тэр оройдоо  Х.******* нь одоо төрийн албан хаагчдыг халаад өгнө гэж архидан согтуурч байхдаа айлд ярьсан байсан. Үүнд нь би маш их эгдүүцсэн. Аймгийн намынхан болон бусад хүмүүс та Ардчилсан намын хүнтэй 8 жил хамт ажилласан. Иймд яаж хүмүүсийнхээ дэмжлэгийг авах юм бэ гэж хэлж байсан. Би Монгол Ардын намын даргын хувьд тухайн анхдугаар хуралдааныг хууль бус гэж үзээд халах асуудлаар тэргүүлэгчдэд хандаагүй, зөвхөн ажлын албанд нь бичгээр мэдэгдсэн боловч ямар нэг хариу өгөөгүй. Би өс хонзон санаж халаагүй.

Засаг даргад төсвийг захиран зарцуулах эрх нь байгаа ч мэдэгдэхгүй ажлууд явагдаад байна. Захиргааны ерөнхий хуулийн дагуу 11-р сарын 13-ны өдөр сонсох ажиллагааг хийсэн. Мөн хамгийн гол ажлаас халах үндэслэл нь нүүрсний гэрээтэй холбоотой асуудал. 2016 оны 8-р сарын 1-нд “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах” захирамж гарсан. Захирамжид сар бүрдээ багтааж захирамжийн хэрэгжилтийг Засаг даргын зөвлөлд тайлагнана гэж заасан. Би энэ ажлыг хэвийн явагдаж байгаа гэж бодтол энэ ажил огт хэрэгжээгүй байсан. Энэ тухай “Жаргалан шинэчлэл” face book хуудаснаас мэдсэн. Уг хуудсан дээр Туяа дарга нүүрсний гэрээ хийгээгүйгээс болоод төрийн байгууллагууд нь өөр хоорондоо нүүрсээ нэг нэг шуудайгаар авч хэрэглэж байна гэж бичсэн байсан.  Тэгээд Х.*******ыг ажлаас халагдсан өдөр нь төрийн сангийн төлөөлөгчөө томилж, тэр өдөр гэрээгээ байгуулсан.

... Энэ хүн бол ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажлыг хийх ёстой. Түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах шаардлагагүй. Ер нь нууцалж ажлаа их явуулдаг.  Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэгч анх гаргасан нэхэмжлэлдээ үнийн дүнгээ тодорхойгүй гаргасан байдаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчид ямар хохирол учирсан түүнийгээ тодорхой тусгах ёстой байсан. Х.*******ыг албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Энэ нь заавал удаа дараа зөрчил гаргасан байхыг шаардахгүй. Нэг зөрчил гаргасан болох нь тогтоогдвол ажлаас чөлөөлөх эрх нь Засаг даргад бий. Нэхэмжлэгч өөрийгөө ажлаа сайн хийж байсан, орон нутагтаа нэр хүндтэй гэж тайлбарладаг ч энэ талаар нотолсон баримт байхгүй байна. Мөн захирамжид гаргасан зөрчлийн талаар тусгах албагүй. Эдгээр зөрчлүүд нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдоно. Захирамжийн үндэслэлд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31.1.2 дахь заалтыг удирдлага болгосон. Засаг дарга ******* ажлаас чөлөөлөхдөө тэргүүлэгчидтэй зөвшилцөх асуудал дээр байр сууриа илэрхийлээгүй. Гэхдээ Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба болон Х.*******т албан ёсоор мэдэгдсэн. Гэвч аль алинаас ямар нэгэн хариуг ирүүлээгүй. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдэд яагаад байр сууриа илэрхийлээгүй гэвэл тухайн үед Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нар нь хууль бусаар сонгогдсон байсан. 2016 оны 11 сарын 2-нд энэ асуудлаар нь шүүхэд хандсан байсан. Хэрвээ чөлөөлөх асуудлаар тэргүүлэгчдэд хандаж шийдвэрлүүлсэн бол тухайн хурлаас гарах шийдвэр нь өөрөө хууль бус байх байсан. Энэ Иргэдийн төлөөлөгчийн хуралтай холбоотой асуудал нь одоо болтол эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа. Хамгийн сүүлийн байдлаар 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдөр давж заалдах шатны шүүх дээр шийдвэрт өөрчлөлт орсон. Цаашдаа хяналтанд хандах ба яаж шийдвэрлэгдэхийг мэдэхгүй.

Хариу тайлбартаа Төсвийн тухай хуулийг зөрчсөн талаар бичсэн болохоос захирамж гаргах үндэслэлээ болгоогүй. Энэ нь захирамжид хамааралгүй юм. Албан үүргээ хангалтгүй биелүүлээгүй гэдэгт нэгд өвөлжилтийн бэлтгэл хангахтай холбоотой асуудал орно. 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн Засаг даргын захирамжаар Х.******* энэ асуудлыг ахалж томилогдсон. Захирамжид сар бүр ажлаа тайлагнаж байхаар үүрэг өгсөн байхад ажлаас халагдах хүртлээ энэ хүн нэг ч удаа ажлаа тайлагнаагүй. Мөн нүүрсний гэрээний асуудал яригдана. 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гэрээг байгуулсан байдаг. 11, 12 сард өвлийн бэлтгэлээ хангаж гэрээ байгуулахгүй байх. Энэ бол тухайн хүний ажлын хариуцлагагүйг харуулж байна. Хугацаа алдагдаж гэрээ байгуулсан байна. Дараагийн зөрчил бол орон нутгийн хөгжлийн сангаар 2017 онд хийгдэх ажлуудын жагсаалтыг одоо хүртэл холбогдох байгууллагад нь хүргүүлээгүй байна. Х.******* 11 сард халагдсан учир одоо энэ ажил надад хамаагүй гэж байна. Хамаатай. 2016 оны 6 сарын 30-ны дотор буюу ажиллаж байх хугацаандаа хийх ёстой байсан.

... Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Баянжаргалан сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн ******* тоот захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Х.******* нь Дундговь аймгийн Баянжаргалан сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” ******* тоот захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин болох 3389880 төгрөгийг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг гаргасан байна.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч болон өмгөөлөгч нарын тайлбарыг тал бүрээс нь үнэлж дүгнээд нэхэмжлэгч Х.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.    

Баянжаргалан сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” ******* тоот захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалтыг үндэслэл болгосон байна.

1/ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т “сум, дүүргийн Засаг даргын орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх” гэж заасан байх бөгөөд Баянжаргалан сумын Засаг дарга ******* нь Х.*******ыг засаг даргын орлогчийн албан тушаалаас чөлөөлөхдөө тухайн сумын Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөөгүй байна.

Энэ нь Баянжаргалан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2017 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 1/5 тоот албан бичиг, хариуцагч түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар зэргээр нотлогдсон тул уг захирамжийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2, 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэх нь үндэслэлтэй байна.   

Хариуцагч *******, түүний өмгөөлөгч нар нь шүүх хуралдаан дээр “ ...Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдэд яагаад байр сууриа илэрхийлээгүй гэвэл тухайн үед Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нар нь хууль бусаар сонгогдсон байсан. Засаг дарга ******* сумын МАН-ын даргын хувьд 2016 оны 11 сарын 2-нд энэ асуудлаар шүүхэд хандсан байсан. Хэрвээ чөлөөлөх асуудлаар тэргүүлэгчдэд хандаж шийдвэрлүүлсэн бол тухайн хурлаас гарах шийдвэр нь өөрөө хууль бус байх байсан ... ” гэж тайлбарлах хэдий ч энэ нь хуулийг хэрэгжүүлэхгүй байх үндэслэл шалтгаан биш болно.

Мөн хариуцагчийн шүүх хуралдаан дээр гаргасан “...Энэ жилийн тухайд сумын сонгуульд Ардчилсан нам ялж 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдөр анхдугаар хуралдаанаа хийж улмаар Түвшинбаяр гэдэг хүнийг Засаг даргад нэр дэвшүүлсэн ... “  гэх тайлбараас үзэхэд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд шинээр сонгогдсон төлөөлөгч нар нь 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдөр буюу Х.*******ыг ажлаас чөлөөлснөөс нь хойш анхдугаар хуралдаанаа хийсэн байх ба түүнчлэн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын өмнөх /хуучин/ төлөөлөгч нарын бүрэн эрх хэвээр хадгалагдаж улмаар хурлын үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан байна.

2/ Баянжаргалан сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн ******* тоот захирамжид “... албан үүргээ хангалтгүй биелүүлсэн...” гэж тусгагдсан байх боловч захирамжид ажлын байрны тодорхойлолтод заагдсан ямар ажил үүргийг хангалтгүй биелүүлсэн талаар тодорхой тусгаагүй, мөн хариуцагч нь бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон хуралдаан дээр гаргасан тайлбартаа Х.******* нь өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй байсан гэх боловч хүлээлгэсэн үүрэг, даалгавраа хэрхэн ямар байдлаар шалгаж дүгнэсэн нь тодорхойгүй байна.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаан “... Энэ нь заавал удаа дараа зөрчил гаргасан байхыг шаардахгүй. Нэг зөрчил гаргасан болох нь тогтоогдвол ажлаас чөлөөлөх эрх нь Засаг даргад бий ...” гэх тайлбарыг гаргадаг ч энэ нь захиргааны байгууллага, албан тушаалтан аливаа хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хязгааргүйгээр эдлэх эрх хэмжээ гэж ойлгож болохгүй.

Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12 дахь хэсэгт зааснаар сумын Засаг даргын орлогч нь төрийн улс төрийн албан тушаалтан бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт “Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө”, 11.6 дахь хэсэгт “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж тус тус зааснаас үзэхэд энэхүү маргаанд Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглэх  нь үндэслэлтэй юм.  

Иймд дээрх үндэслэлүүдээр Баянжаргалан сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн ******* тоот захирамжийг хүчингүй болгож, Х.*******ыг урьд эрхэлж байсан албан тушаал болох Баянжаргалан сумын Засаг даргын орлогчийн албан тушаалд эгүүлэн томилох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаан дээр ажилгүй байсан хугацааны цалин олговорт 3389880 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүх хавтаст хэрэгт авагдсан нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг үндэслэн түүний ажилгүй байсан хугацааны цалин олговрыг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцон олгогдвол зохих цалин орлогоос бодож нэхэмжилж буй 3389880 төгрөгийг 3268812 төгрөг болгон багасгаж, үлдэх 121068 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Мөн олгогдвол зохих цалин олговор болох 3268812 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нь зүйтэй байна.     

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.7, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь хэсгүүдэд  заасныг баримтлан Дундговь аймгийн Баянжаргалан сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн ******* тоот захирамжийг хүчингүй болгож, *******гийн *******ыг хуучин ажилд нь буюу Баянжаргалан сумын Засаг даргын орлогчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2.Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Х.*******т ажилгүй байсан хугацааны цалин олговорт 3268812 төгрөгийг Баянжаргалан сумын Засаг даргын тамгын газраас гаргуулан олгож, үлдэх 121068 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

3. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцож дэвтэрт нь нөхөн бичилт хийж баталгаажуулахыг Баянжаргалан сумын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогч д даалгасугай. 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.*******т олгосугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ