| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2016/06995/И |
| Дугаар | 5529 |
| Огноо | 2016-10-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 5529
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 3-р хороолол, 29-р байр, 65 тоотод үйл ажиллагаа явуулдаг, “Найдвар 29,30” СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 29 дугаар байр, 95 тоотод оршин суух, Жалайр овогт Паархүүгийн Ганболд /РД: ДЭ60082512/-д холбогдох,
362 810 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Батбаатар, хариуцагч П.Ганболд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Найдвар 29,30” СӨХ-ны төлөөлөгч Д.Батбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Найдвар 29, 30” СӨХ нь Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 29, 30 дугаар байрнуудын дундын өмчлөлийн эд хөрөнгө, цэвэр бохир ус тараалтын болон цахилгааны шугамыг хамгаалан эвдэрсэн хөрөнгийг хугацаа алдалгүй засварлах, шинэчлэн солих, орц хонгол подволын гэрэлтүүлэг, нийтийн эзэмшлийн зам талбай, орцны цэвэрлэгээг тогтмол хийж сууц өмчлөгчдийн аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлж хууль тогтоомжинд заасны дагуу үйл ажиллагаагаа явуулан ажиллаж байна. Харин тус байрны оршин суугч П.Ганболд нь СӨХ-оос тавьсан шаардлагыг үл хүндэтгэн нийт оршин суугчдын хуримтлалын мөнгөөр дээвэр, цанталт, дундын өмчлөлийн засвар үйлчилгээ, гэрэлтүүлэг жижүүр үйлчлэгчийн цалин, подволын сантехникийн засвар бусад урсгал засварын төлбөрөө төлүүлж оршин суугчдын эрх ашгийг хохироож байна. Иймд 2013 оны 3-12 дугаар сарын 62 960 төгрөг, 2015 оны 1-12 дугаар сарын 142 440 төгрөг, 2014 оны 3-12 дугаар сарын 118 700 төгрөг, 2016 оны 1-3 дугаар сарын 38 710 төгрөг, нийт 362 810 төгрөгийг хариуцагч П.Ганболдоос гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч П.Ганболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013, 2014 онд манай байр их хэцүү байсан. Энэ СӨХ-ын байрнуудаас манай орц хамгийн бохир орц байгаа. Орцны хаалга кодгүй. Манай орцонд архичид орж ирж хонодог. Хүмүүс орж ирж архи, тамхи уудаг. Лифт, жижүүр ажиллаж байгаа нь үнэн. Үүний мөнгийг төлөх нь зөв гэж үзэж байгаа учраас 150 000 төгрөгийг төлъе гэж байгаа. Манай СӨХ ажлаа маш муу хийдэг. Оршин суугчид нь амьдрахад хэцүү байр байгаа. Энэ СӨХ-ыг татан буулгахад буруудах зүйл байхгүй. Би энэ байранд 2000 оноос хойш амьдарч байгаа. Анх амьдарч байхад ийм байгаагүй. Энэ СӨХ маш хариуцлагагүй ажилладаг. 150 000 төгрөгөөс илүү мөнгийг төлж чадахгүй тул энэ байдлыг харгалзаж үзнэ үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Найдвар 29, 30” СӨХ нь хариуцагч П.Ганболдод холбогдуулан 362 810 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “...СӨХ-ны үйл ажиллагаа хангалтагүй” гэж үгүйсгэн маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Хариуцагчийн оршин сууж буй Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 29 дүгээр байр, 95 тоот орон сууц нь нэхэмжлэгч “Найдвар 29, 30” СӨХ-д харьяалагддаг болох нь, мөн хариуцагч уг орон сууцанд оршин суудаг болох нь “Найдвар 29, 30” СӨХ-ны 31 дугаартай гэрчилгээний хуулбар болон хариуцагчийн тайлбараар нотлогдож байх тул Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т “Орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна” гэж заасны дагуу хариуцагч нь тухайн СӨХ-ны гишүүн байна.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар гишүүн нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй ба мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхэд оролцох үүрэгтэй юм.
Хариуцагч нь 2013 оны 3 дугаар сараас 2016 оны 3 дугаар сарыг дуусталх хугацааны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар, үйлчилгээний төлбөрт нийт 362 810 төгрөг төлөөгүй болох нь Төрийн банкны хуулгаар нотлогдож байхаас гадна хариуцагч уг үнийн дүнг үгүйсгээгүй байна. Иймд хариуцагчийг Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасан үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй байна. Нөгөөтэйгүүр, хариуцагч нь СӨХ-ны доголдолтой үйл ажиллагааны талаар хуульд заасан журмын дагуу зохих этгээдэд гомдол гаргах эрхтэй ба уг үндэслэл нь хариуцагчийг дээрх төлбөрөөс чөлөөлөх үндэслэлгүй болохгүй юм.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т “тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна” гэж заажээ.
Нэхэмжлэлийн шаардлагаас 2013 оны 3 дугаар сараас 2013 оны 8 дугаар сарын СӨХ-ны төлбөр болох нийт 42 220 төгрөгийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хариуцагч нь уг хэсгийг төлөхөөс татгалзах эрхтэй байна.
Харин нэхэмжлэгч нь үлдэх хэсэг болох 2013 оны 9 дүгээр сараас 2016 оны 3 дугаар сар дуусталх хугацааны СӨХ-ны төлбөр болох нийт 320 590 төгрөгийг Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Дээрх үндэслэлээр хариуцагчаас нийт 320 590 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 42 220 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 75 дугаар зүйлийн 75.2.3-т заасныг баримтлан хариуцагч П.Ганболдоос 320 590 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Найдвар 29, 30” Сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 42 220 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 11 534 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 10 268 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН