Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2019/ШЦТ/103

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Б.А,

улсын яллагч Ш.Б,

шүүгдэгч Ц.Ө түүний өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Ц-ийн Ө-д холбогдох эрүүгийн 1917001580084 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 22-нд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 33 настай, боловсролгүй, мэргэжилгүй, 60% группд байдаг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Төгрөгийн ........... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ц-ийн Ө /РД: ............/

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Ц.Ө нь 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 08 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Шивээгийн 113 тоотод хашаанд байх М.Б-ийн гэрт хамтран амьдрагч Д.Б-ыг бусадтай хардсаны улмаас маргалдан улмаар түүний нүүр рүү гараараа цохих, хөлрүү нь сандлаар цохих, түлхэж унагаах зэргээр зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Ө нь 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 08 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Шивээгийн 113 тоотод хашаанд байх М.Б-ийн гэрт хамтран амьдрагч Д.Б-ыг бусадтай хардсаны улмаас маргалдан улмаар түүний нүүр рүү гараараа цохих, хөлрүү нь сандлаар цохих, түлхэж унагаах зэргээр зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Шүүгдэгч Ц.Өл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “ Би хотод зах дээр мах шулдаг ажил хийдэг. Манай 2 хүүхдийг Б хоолгүй хаяад явчихсан байсан. Б миний араас хотод ирнэ гээд ирээгүй. Манай эхнэр Б Х-тай хамт амьдардаг болсон байсан.  Тэгээд уур хүрээд Б-ийнд очсон. Б ороод ирэхээр нь сууж байсан сандлаараа цохисон. Б надаас архины мөнгө нэхээд байдаг гэх мэдүүлэг.

 

Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Шивээгийн 113 тоотод танил ах Б-ийн гэрт өглөө 08 цагийн үед орсон. Тэдний гэрт Ө сууж байсан. Намайг хайж тэр айлд очсон гэсэн. Ө намайг харчихаад босож ирээд барьж аваад зүүн талын хацарлуу гараараа 1-2 удаа цохисон. Тэгээд Б ахын хэвтэж байсан хойд талын орлуу түлхэж унагаасан. Ө газар байсан цэнхэр өнгийн түшлэг нь эвдэрсэн төмөр сандлыг аваад намайг цохих гэхээр нь хөлөөрөө хамгаалаад савчуулсан. Ө миний 2 хөлийн шилбэ хэсэгрүү барьж байсан төмөр сандлаараа 4-5 удаа цохисон. Тэгтэл Б ах босч ирээд Ө-ын сандлыг булаагаад авсан. Ө миний Нокиа маркын товчлууртай гар утсыг аваад гараад гүйгээд явсан. Хөлийн шилбэ хэсэгрүү нойтон оргиод ирэхээр нь хартал цус гарч байсан. Өмдний шуумаг хэсгийг дээшлүүлээд хартал 2 хөлийн шилбэний урд хэсэгт язарсан, шархнаас нь цус гарч байсан. Зүүн талын хөлийн шилбэний яс нь харагдаж байсан. Тэгээд эмнэлэг дээр очиж шарханд нь оёдол тавиулсан. Зүүн талын хөлөнд 8 оёдол, баруун талын хөлөнд 2 оёдол тавиулсан. Би Ө-аас эмчилгээнд гарсан зардлаа нэхэмжилнэ. Хэрэв би ажиллаж байсан бол мөнгө төгрөг олоод гэр бүлээ аваад явдаг. Одоо манай амьдрал хэцүү байна. Ө-аас эмчилгээний зардал болон бусад зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/,

 

Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: Өнөөдөр өглөө 08 цаг 30 минутын үед гэртээ орондоо хэвтэж байтал гаднаас хэл яриа муутай нэг танихгүй залуу орж ирээд Б байна уу гэхээр нь юун Б тийм хүн танихгүй гэтэл Б манай эхнэр байгаа юм гэж хэлсэн. Тэгээд сууж байтал гаднаас Б орж ирсэн. Тухайн залуу манайд байдаг түшлэгтэй сандал дээр сууж байсан. Тэр залуу Б-ыг барьж аваад нүүрлүү нь 2 удаа цохиод миний хэвтэж байсан орны хөл дээр унагаасан. Б өөрийгөө хамгаалаад тэр залуугийн өөдөөс хөлөө гозолзуулсан. Тэгтэл тэр залуу түшлэгтэй төмөр сандал барьж аваад 4-5 удаа цохиод авсан. Би орондоо хэвтэж байсан  бөгөөд тэр залууд хандаад чи айлд ирээд айл элэг бариад хүн зодлоо гээд сандлыг нь булаагаад автал тэр залуу гараад зугатаасан. Б 2 өмднийхөө шуумгийг дээшлүүлсэн чинь 2 хөлийнх нь шилбэ язарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р тал/,

 

          Гэрч П.Цмөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: Өн манай бага хүү байгаа юм. 1987 оны 07 дугаар сарын 11-ны өдөр автын осолд ороод хэл яриа муутай болсон. Мөн багадаа цахилгаан миненгэтээр өвчилж байсан. Багаасаа бие муутай өссөн хүүхэд байгаа юм. 2009 онд Б гэх эмэгтэйтэй танилцаад гэр бүл болсон. Б 3 дагавар хүүхэдтэй суусан. Б Ө хоёрын дундаас 2 хүүхэд гарсан. Ө зах болон хувь хүмүүст мах шулах, мал төхөөрөх аижл хийж амьдрал ахуйгаа авч явдаг байсан. Баяржаргал архи их уудаг. Өын авчирсан мөнгийг архи дарсанд өгөөд дуусгадаг байсан. Янз бүрийн хүн гэрээрээ цуглуулдаг байсан. 2019 оны 3 дугаар сард Ө хотод ажил хийнэ гээд манайд ирсэн. Ө-ыг Улаанбаатар хотод байх хугацаанд Бл А гэх хүнтэй явалдаад эхэлсэн байна лээ. Одоо 3 хүүхдээ орхиод А-ын гэрт амьдарч байгаа гэсэн. Намайг 8 сард группын хуралд орох гээд ирэхэд 3 хүүхдээ хоол ундгүй орхиод А гэдэг залуугийн гэрт очсон байсан. Ө ажил хийгээд явуулсан мөнгийг нь Б хүүхдүүддээ юм авч өгөхгүй архи уучихдаг байсан. Ө-ын хувьд зөөлөн зантай, дургүй нь хүрсэн үедээ муухай зан гаргах гээд байдаг. Ажил хөдөлмөрт сайн, ямар ч ажил голохгүй хийдэг...гэх мэдүүлэг /хх-ийн 17-р тал/

 

Шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ний өдрийн 275 дугаартай дүгнэлтэд:

- Д.Б-ын биед зүүн шилбэнд шарх, баруун шилбэнд зулгаралт, баруун суганы арын шугамаар 8-9-р хавирганы түвшинд цус хуралт, зүүн гарын 3-р хуруу, баруун шилбэнд зөөлөн эдийн няцрал  гэмтэл учирчээ.

- Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлчиллээр үүсгэгдэнэ.

- Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дүгнэлт гаргасан шинжээч эмч Б.С гэх дүгнэлт /хх-ийн 23-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Ц.Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

 

Шүүгдэгч Ц.Ө нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40-р тал/-аар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн 1917001580084 дугаартай хэрэгт битүүмжилсэн, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хохирогч Д.Б нь гэм хорын хохирол болох эмнэлгийн зардлаа иргэний журмаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршиг, хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ц-ийн Ө-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ц.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ө-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Ц.Ө-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Ц.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирол төлбөргүй болохыг дурдаж, хохирогч Д.Б нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ө-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.АРИУНЖАРГАЛ