Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2019/ШЦТ/104

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Б.Азжаргал,

улсын яллагч Э.Н,

шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч С овогт М-ийн Бд холбогдох эрүүгийн 1917001470092 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 15-нд Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд бодовсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот  Сонгинохайрхан дүүрэг 12 дугаар хороо ...............дугаар байрны ...... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, хэрэгт холбогдох үедээ Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтэст хэв журмын цагдаагаар ажиллаж байсан, С овогт М-ийн Б /РД: ............./

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч М.Б нь Говьсүмбэр аймаг дахь цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байрны цагдаагаар ажиллаж байхдаа 2019 оны 08 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө 01 цагийн орчим Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт  иргэн С.Цтай маргалдан түүнийг үсдэж чирэх, гараараа цохих зэргээр зодож хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Б нь согтуугаар 2019 оны 08 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө 01 цагийн орчим Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт  иргэн С.Цтай маргалдан түүнийг үсдэж чирэх, гараараа цохих зэргээр зодож хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Шүүгдэгч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “ ...Тэр өдөр эхлээд Н, Ц, О, С, Т бид нар 0,7 литрийн архийг Ны гэрт задалсан бөгөөд түүнийг бид нар хувааж уусан. Би тэр өдөр эргүүлтэй байж байгаад эргүүлээс буугаад тэднийд очсон юм. Түүний дараа Ц нэг шил архи ундаа зэрэг зүйл барьж орж ирэхээр нь манай гэрт ууя гээд манай эхнэр хоол унд хийгээд манай гэрт ороод тэр архийг бүгдээрээ хувааж уусан. Тэр үед би нэг их уугаагүй, эхнэртээ туслаад хоол унд хийгээд байж байсан. Тэгээд тэнд байсан залуучууд ТБ төв орно гээд би үлдчихээд байж байтал О гэдэг залуу эргэж орж ирээд та миний машиныг бариад өгөөч гээд би бариад ТБ явсан. Тэнд ороод нэг пиво уусан бөгөөд бүжиглэсэн. Би тухайн үед нэг их согтоогүй байсан. Тэнд байж байхад Ц намайг хэл амаар доромжлоод байсан бөгөөд манай хэлтсийн дарга нартай маргалдаж байсан юм шиг байна лээ. Ер нь намайг гэрт сууж байхад хүртэл өдөөд мөрдөстэй зураг байхыг харчихаад чи цолоо яагаад өгчихсөн юм бэ гэж асуугаад байсан. Тэгээд караокеноос гараад бүгд гэр гэрлүүгээ явах гээд шөнө 01-02 цагийн үед гарцгаасан. Тэндээс гарч явах замдаа Ц бид 2 маргалдсан.  Ц намайг хараагаад хасаг энэ тэр гээд байхаар нь би машинаас буулгаад заамдаж авсан бөгөөд Ц ч намайг цохиж байсан боловч бэртэл гэмтэл үүсэхээр зүйл болоогүй. Би ч түүнийг тэгэж бэртээсэн зүйл байхгүй... гэх мэдүүлэг. /хх-ийн 29-30, 80-83/

 

Хохирогч С.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр манай ажлын Н Баян-Өлгийн аймагруу шилжин ажиллах ШШГЕГ-аас тушаал гарсан. Тухайн өдөр би ажлаа тараад Ны гэрийг нүүлгэхээр 20 цагийн орчим 75 дугаар байрны 4 давхарт байх гэрт нь очиход Ны найз Б түүний эхнэр Г нар “Тайга” нэртэй архийг уугаад дуусч байсан. Би гаднаас орж ирэхдээ 0,75 литрийн Эдэн нэртэй архи авч орсон юм. Намайг орж ирэхэд Б наад архийг чинь манай гэрт орж ууя би та нарт хоол хийж өгье гээд Н, Б, Г бид 4 гэрээс гараад байрны коридорт явж байгаад манай ажлын О А нар таарахад А Н шилжих гэж байгаа юм уу би нэг шил архи авч өгье гээд Оын машины түлхүүрийг аваад үлдсэн. Н Б, Г, О бид 5 Бы гэрлүү орцгоосон. Удалгүй Бы эхнэр хоол хийж бид хэд миний авчирсан архийг ууж дуусгаад байж байтал гаднаас А нэг шил Эдэн нэртэй 0,75 литрийн архи авч орж ирсэн. Агийн авчирсан архийг задлаад байж байтал гаднаас манай ажлын С, Т нар ороод ирсэн. Тэгээд бид хэд архиа хувааж ууж дуусгаад хоол идсэний дараа Н би явах гэж байгаа юм чинь хэдүүлээ караоке ороод нэг цаг дуулах уу гэсэн санаа гаргасан. Тэгтэл манай хэд дэмжээд С, Н, А, Т, Б, О бид 6 караоке явах болоод хэн машин барих уу гэтэл Б би барья гээд ширээн дээр байсан Оын машины түлхүүрийг авч гараад машин дотор жолоочийн суудал дээр суусан. Тэгээд ТБ центрийн баарлуу ороход Т нэг шил “Соёрхол” нэртэй 0,75 литрийн архи аваад хувааж уугаад бааранд бүжиглэж байгаад гараад дахиад СЭТ бааранд бид 6 орж бүжиглээд байж байтал Б над дээр ирээд 2-уулаа харих уу гэхээр нь тэгье гээд баарнаас гараад Б Оын машиныг бариад гэрлүүгээ хөдөлсөн гэтэл Б маш хурдтай яваад, замын хашлага дээгүүр хариалгаад байхаар нь би чи согтуу байна хурдаа хасаад удаан яв гэж хэлэхэд Б чимээгүй явж байснаа зогсоод чи ер нь юу гээд байгаа пизда вэ гээд машинаас бууж ирээд миний сууж явсан талын хаалгыг онгойлгоод үгийн зөрөөгүй намайг үсдээд машинаас буулгаад чирээд зодоод эхэлсэн. Би арай гэж зай аваад чи яагаад байгаа юм бэ гэсэн чинь Б жижиг чулуу аваад би чамайг ална гээд надруу шидэхэд миний баруун хөлийн шагай хэсэгт уг чулуу оносон, би тэгээд цаашаа зугатаах гэтэл чулуунд онуулсан хөл эвгүй болоод зугатааж чадахгүй байсан. Тэгээд Б над дээр ирээд намайг үсдэж аваад доош дараад газарт чирээд дахиад зодсон. Тухайн үед миний зүүн халаасанд байсан утсыг Б авсан байсан. Тэгээд цагдаад дуудлага өгөх гэсэн утас байхгүй байсан болохоор би өөрийн биеэр гүйж ирж дуудлага өгсөн..., Миний бие Ц 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр иргэн М.Бд зодуулж биедээ хөнгөн гэмтэл авсан бөгөөд одоогоор бид 2 хоорондоо эвлэрсэн, мөн Баас хохиролд 250,000 төгрөг авч эмчилгээндээ зарцуулсан. Миний бие одоогоор ямар нэг зовиургүй, Баас нэхэмжлэх зүйлгүй хоорондоо ямар нэг санал хүсэлт байхгүй тул энэ хэргийг хялбаршуулж шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-25, 150 тал/,

 

Гэрч Т.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ажлаа тараад гэртээ ирэхэд манай гэрт хүн байхгүй байсан. Тэгэхээр нь Нруу залгаад Б байна уу гэхэд манай гэрт байна гэсэн. Тэгэхээр нь Ны гэрт очиход Н Б 2 архи уугаад дууссан бололтой хоосон шил хажууд нь байсан. Тэгтэл удалгүй манай ажлын Ц, О хоёр нэг шил архи, ундаа барьсан Ны хаалгыг тогшоод ороод ирсэн. Тэгтэл манай нөхөр Б хоосон гэрт архи уугаад яах вэ манай гэрт архи ууя би та нарт хоол хийж өгье гээд гараад явж байгаад байрны коридорт Атай таараад А Нд хандаад шилжих гэж байгаа гэсэн би нэг шил архи авч өгнө гөөд Оын машины түлхүүрийг аваад дэлгүүр яваад удалгүй архи аваад хүрээд ирсэн. Тэгээд манай гэрт Ц, Н, Б, О, А нар орж ирээд 1 шил архи хувааж уусан би хоол хийх гээд гал тогооны өрөөнд байсан болохоор архи уугаагүй. Нэг шил архиа уугаад дуусч байтал гаднаас С, Т 2 Наас юм авна гээд ороод ирсэн. Тэгээд тэд нар Агийн авчирсан нэг шил архийг уугаад дуусч байхад хоол болоод бүгд хоол идэцгээсэн. Хоол идсэний дараа Ц бүгдээрээ явж караоке орж дуулья гээд би гэрээ хараад үлдсэн. А гэрлүүгээ ороод Н, Б, Ц, О, С, Т нар ТБ центр орохоор Оын машинтай явсан. Тэгээд 3 цагийн үед Б Н 2 гэрт орж ирсэн. Манай гэрт архи ууж байхад Ц цагдаа нар худлаа машин зогсоож шалгадаг биз дээ тэгээд бичиг баримтыг нь үзээд галын хор эмийн сан байхгүй болохоор нь хотруу хүн үнэгүй суулгаад явуулдаг юм байна лээ гээд Бд чи бас тэгэж зогсоогоод Ныг хотруу машинд суулгаад өгөөч гээд байсан. Тэр үед манай нөхөр юу гэж тийм юм байдаг юм гээд чимээгүй суугаад байсан энэ асуудлаас болоод муудалцсан байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-р тал/,

 

          Гэрч С.С мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: 2019 оны 08 дугаар сарын 22-ны 21 цагийн үед надруу Н залгаад манай гэрт ороод ир гэхээр нь би ажлын залуу Т-ын хамт Ны гэрт очиход Н Б, Г, Ц, О, А нар архи уугаад сууж байсан. Т бид хоёрыг орсны дараа Н цаанаасаа Агийн авчирсан архи гээд 0,75 литрийн Эдэн нэртэй архи гаргаж ирээд Н Б, Ц, О, А нар хувааж уугаад би нэг удаа уусан, манай ажлын залуу Т уугаагүй амсаад өгөөд байсан. Тэр архи дууссаны дараа Ц Н 2 ТБ центр орж нэг цаг караокед дуулья гээд Н Б, Ц, О, Т бид 6 гараад Оын машинтай ТБ центр баарны 1 давхарын бааранд орж 1 шил архи хувааж ууж дуусгаад СЭТ бааранд орж бүжиглэж байгаад гэрлүүгээ явахаар болоод баарны гадаа жолооч дуудчихаад Т Цийг Оын машинд суулгаад байж байтал Б үг дуугаралгүй Оын машиныг асаагаад замын хашлага дээгүүр харайлгаад яваад өгсөн. Тэгээд бид нар араас нь гэрлүүгээ алхаж байтал манай ажлын У гэх залуу Оын машиныг унаад хүрээд ирсэн. Тэгээд Уаас машин хаанаас авсан талаар асуутал би та хэдийг авах гээд СЭТ баарлуу алхаж байтал О ахын машин замын хажууд зогсож байсан тэгээд машин дээр очиж явахад Цийг Б үсдээд авсан байсан намайг очих гээд алхаж байтал Ц цаашаа зугатаагаад явсан тэгэхээр нь би машиныг нь унаад хүрээд ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 32-р тал/

 

Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ:2019 оны 08 дугаар сарын 22-ны 21 цагийн үед С ахруу Н залгаад манай гэрт ороод ир гэхээр нь би С ахын хамт Ны гэрт очиход Н Б, Г, Ц, О, А нар архи уугаад сууж байсан. Тэрболд бид 2-г орсны дараа Н цаанаасаа Агийн авчирсан архи гээд 0,75 литрийн Эдэн нэртэй архи гаргаж ирээд Н Б, Ц, О, А нар хувааж уусан. Тэр архи дууссаны дараа Ц Н 2 ТБ центр орж нэг цаг караокед дуулья гээд Н Б, Ц, О, С бид 6 гараад Оын машинтай ТБ центр баарны 1 давхарын бааранд орж 1 шил архи хувааж ууж дуусгаад СЭТ бааранд орж бүжиглэж байгаад гэрлүүгээ явахаар болоод баарны гадаа жолооч дуудчихаад Ц нилээн согтсон байхаар нь  Оын машинд суулгаад байж байтал Б үг дуугаралгүй Оын машиныг асаагаад замын хашлага дээгүүр харайлгаад яваад өгсөн. Тэгээд бид нар араас нь гэрлүүгээ алхаж байтал манай ажлын У гэх залуу Оын машиныг унаад хүрээд ирсэн. Тэгээд У-аас машин хаанаас авсан талаар асуутал би та хэдийг авах гээд СЭТ баарлуу алхаж байтал О ахын машин замын хажууд зогсож байсан тэгээд машин дээр очиж явахад Цийг Б үсдээд авсан байсан намайг очих гээд алхаж байтал Ц цаашааг зугатаагаад явсан тэгэхээр нь би машиныг нь унаад хүрээд ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 32-р тал/

 

Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: Манай хорих ангийн хамгаалалтын ажилтан дэд ахлагч Н Баян-Өлгий аймаг шилжих тушаал гарсан юм. Ингээд Нтай нийлдэг найзууд болох миний бие Б, Г, Ц бид нар 2019 оны 08 сарын 22-ны өдөр ажлаа тараад Ны гэрт нь очсон. Ингээд дэлгүүрээс ундаа архи аваад гэрт нь орж ярьж хөөрч сууцгаасан юм. Удалгүй Б, Гүлгина хоёр хэдүүлээ манай гэрт орж сууя, найз нь та нарт хоол унд хийж өгье гэхээр нь Ны гэрээс гараад Бы гэрт орж сууцгаасан. Тэдний гэрт орохдоо дэлгүүрээс дахин нэг шил архи аваад орсон. Тэгээд юм яриад сууж байтал гаднаас Т, С, А нар хойно хойноосоо орж ирсэн. Тэд нар 1 шил архи авчирсан байсан. Тэгээд 21 цаг өнгөрч байхад Бы гэрээс гараад миний машиныг Б бариад бид нар “Халуун тогоо” төвийн нэг давхарт байрлах бааранд орж сууцгаасан. Ингээд шөнийн 23 цагийн үед Халуун тогооны баарнаас гараад урд талын Сэт нэртэй бааранд орж суусан. Хүний нэг нэг пиво аваад жоохон бүжиглэсэн. Нэг харахад Б Ц хоёр алга болсон байсан. Тэгээд удалгүй С, Н хоёр бас алга болсон байсан. Т бид хоёр 01 цаг хүртэл сууж байгаад гараад иртэл миний машин байхгүй байсан. Тэгэхээр нь Т бид 2 зам дагаад гэрлүүгээ алхаж байтал урдаас миний машиныг У жолоодож ирээд Б Ц 2 хорихын наад талын замын хажууд байгаа гэхээр нь тэр газар нь ирэхэд хүн байхгүй болохоор нь бид 3 гэр гэртээ харьж амарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р тал/

 

Гэрч Э.О мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: Би 2019 оны 08 сарын 22-23-ны өдрүүдэд Говьсүмбэр аймаг дахь цагдаагийн хэлтсийн дуудлага хүлээн авагчаар томилолттой ажиллаж байсан. 2019 оны 08 сарын 23-ны 02 цаг өнгөрч байхад С.Ц гэдэг залуу манай жижүүр дээр өөрийн биеэр хүрч ирээд хэлтсийн ерөнхий жижүүрээр ажиллаж байсан хошууч Г.Отай уулзаж байсан. О тэр хүнтэй уулзсаны дараа намайг дуудаад энэ хүн манай цагдаа Бтай зодолдсон юм шиг байна. Тэр газар нь очоод утсыг нь хайж үзээд хүрээд ир гэхээр нь би Цийг дагуулаад зодолдсон гэх газарт нь очсон. Тэгээд тэгээд алдсан гэх утасных нь дугаарлуу залгахад Б утсыг нь авсан. Би Бд Цийг дагуулаад явж байна чи хаана байна гэхэд 75-р байрны энд байна гэхээр нь Бтай очиж уулзаад түүнээс яагаад энэ хүний утсыг авч байгаа юм бэ гэж асуухад бид 2 Одноогийн дэлгүүрийн тэнд ноцолдож байхад Ц цагдааруу гүйгээд явсан бөгөөд түүний дараа тэр газар утас нь унасан байхаар нь авчихсан юм гэж хэлээд тэр утсыг Цт өгүүлсэн юм. Тэгээд би Цийг эмнэлэгт үзүүлнэ гээд байхаар нь эмнэлэг дээр буулгачихаад ажилруугаа явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 44-45-р тал/

 

Гэрч Г.О мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ:  Миний хувьд 08 сарын 22-ны өдөр хэлтсийнхээ байран дээр 24 цагийн жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдрийн шөнийн 02 цаг 35 минутад нэг иргэн орж ирээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 425 дугаар ангийн хянагч ажилтай С.Ц гэдэг хүн байна. Танай цагдаагийн алба хаагч Б нь намайг зодсон. Миний гар утас алга болчихлоо. Утсыг минь олоод өгөөч, хэрэв олоод өгчихвөл өөр гомдол санал байхгүй гэж хэлэхээр нь та архи уусан байна. Та архиа гаргаад өглөө эрт ирээд тайлбар өг, зодуулсан юм бол одоо эндээс гараад эмнэлэгт үзүүл, таны зодуулсан газар чинь хаана юм, манай жижүүрийн цагдаатай хамт яваад утсаа олчих, таны гар утас дуудаад байна. Тэгэхээр хүн аваагүй байна гэж хэлээд мэдээлэл хүлээн авагч цагдаагийн дэд ахлагч Э.Очбадрахын хамт С.Цийг явуулсан. Тэр иргэнийг манай алба хаагч автомашиндаа суулгаад аваад явсан. Удалгүй О жижүүрийн утасруу залгаад энэ иргэний гар утас олдчихлоо, утас нь Бд байхаар нь аваад өгчихлөө. Энэ хүн Бтай зодолдсон юм шиг байна. Ингэж байхдаа гар утсаа унагаасныг Б олоод авсан байна гэхээр нь за за тэгвэл наад хүнээ эмнэлэг дээр буулгачихаад хүрээд ир гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 48-49-р тал/

 

Шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 28-ы өдрийн 252 дугаартай дүгнэлтэд:

- С.Цийн биед тархи доргилт, баруун тохой, баруун сарвуу, баруун өвдөгт зулгаралт, баруун шуунд зөөлөн эдийн няцрал  гэмтэл учирчээ.

- Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчиллээр үүсгэгдэнэ.

- Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дүгнэлт гаргасан шинжээч эмч Б.С гэх дүгнэлт /хх-ийн 51-р тал/

 

2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр шинжээч эмч Б.С өгсөн мэдүүлэгтээ: Би энэ хэрэгт хохирогч С.Цийн биед үзлэг хийж шинжээчийн дүгнэлт гаргасан. Үзлэг хийх явцад хохирогчид тархи доргилтын шинж тэмдэг болох нүдний алимны чичирхийлэлт, хүзүүний булчингийн хөшингө, толгой өвдөж дотор муухайрах шинж тэмдэг илэрч байсан учраас тархи доргилт гэж үзсэн. Тэр хохирогчийн хувьд ямар нэг эмнэлгийн бичиг баримтгүй ирсэн. Мөн дээрх хохирогчийн биед баруун тохой, баруун сарвуу, баруун өвдөг зулгаралт, баруун шуунд зөөлөн эдийн гэмтэл учирсан байсан. Эдгээр гэмтлүүд нь хэмжихэд биеийн нийт газаргуугийн 1 хувьд хүрэхээргүй жижиг байсан учраас эдгээр гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин тархи доргилт гэмтэл нь гэмдлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Энэ үндэслэлээр С.Цийн биед хөнгөн гэмтэл учирсан гэж дүгнэлт гаргасан гэсэн мэдүүлэг. /хх-ийн 54-р тал/

 

Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудасны хуулбар /хх-ийн 56-57/

 

Шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1346 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэнд:

  • Говьсүмбэр аймгийн ШША-ны шинжээч эмч Б.С-ийн 2019.08.28-ны өдрийн 252 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.
  • С.Цийн биед тархи доргилт, баруун гарын тохой, баруун хөлийн өвдөгний зулгаралт  гэмтэд учирчээ.
  • Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчиллээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  • С.Цийн биед учирсан дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  • С.Цийн биед учирсан гэмтэл нь хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газар. Дүгнэлт гаргасан шинжээч эмч М.Э, Т.Ч, Г.Х гэжээ. /хх-ийн 62-64/

 

Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудасны хуулбар /хх-ийн 68-72/

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 158/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч М.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

 

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн 1917001470092 дугаартай хэрэгт битүүмжилсэн, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршиг, хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дүгээр хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт М-ийн Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч М.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч М.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирол төлбөргүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.АРИУНЖАРГАЛ