Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2016/05735

 

2016 оны 11 сарын 15 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05735

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, Жалханзхутагт Дамдинбазарын гудамж, 72А байр, 24 тоотод оршин суух, Боржигон овогт Мөнхбаярын Мөнхсаран /РД-ТИ88121204/-ийн,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 29 дүгээр байр, 39 тоотод оршин суух, эмэгтэй, Боржигин овогт Батаагийн Шижир-Эрдэнэ /РД-СЭ88071272/-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, мөн сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Мөнхсаран, хариуцагч Б.Шижир-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Мөнхсаран шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би Б.Шижир-Эрдэнэтэй 2007 онд танилцаад, 6 дугаар сараас хамтран амьдарсан. 2009 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүү Ш.Дөлгөөн төрсөн. Бид 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн.

Хариуцагч ажил хийдэггүй, шоудаж архи уудаг, өрөнд оруулдаг, хэрүүл их үүсгэдэг байсан зэрэг таарамжгүй харилцаатай байсан учраас 2014 оны 10 дугаар сараас тусдаа амьдарч эхэлсэн.

Ингэхдээ би хүүгээ өөрийн асрамжид авсан бөгөөд өнөөдрийг хүртэл миний асрамжид байдаг. Тиймээс хүүгээ өөрийн асрамжид үлдээх хүсэлтэй байна.

Миний хүү бие махбодийн хувьд эрүүл, ганцхан хэл ярианы бэрхшээлтэй. Одоо тусгай сургуулийн 1 дүгээр ангид сурч байгаа бөгөөд тус сургууль нь дохионы хэл заадаггүй, зөвхөн хэл яриаг нь засах хичээл заадаг.

Бид тусдаа амьдраад 2 жил болж байна. Хариуцагч энэ хугацаанд ямар нэгэн санхүүгийн тусламж, дэмжлэг үзүүлж байгаагүй. Одоо хүү минь том болж байгаа учраас хүүхдийн хэрэглээ нэмэгдэж байна. Тиймээс гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Хариуцагч Б.Шижир-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би М.Мөнхсарантай 2007 онд танилцаж, хамтран амьдарсан. Бидний дундаас 2009 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүү Ш.Дөлгөөн төрсөн. Бид 2014 оны 7 дугаар сард гэрлэлтээ бүртгүүлээд мөн оны 10 дугаар сард үл ойлголцлын улмаас тусдаа амьдарсан. Миний хүү одоо 7 настай боловч хэл ярианы бэрхшээлтэй тул одоо болтол ярьж чаддаггүй.

Нэхэмжлэгч намайг ажил хийдэггүй, орлогогүй байсан гэж ярьж байна. Миний хүү бие муутай байсан учраас би хүүхдээ харж гэртээ байдаг байсан. М.Мөнхсаран намайг байнга ажилгүй, арчаагүйгээр нь дууддаг байсан учраас бидэнд үл ойлголцох асуудал гарч, 2014 оны 10 дугаар сард салсан. Бид 2 жил тусдаа амьдарч байгаа бөгөөд эргэн хамтран амьдрах боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.

Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Мөнхсаран нь Б.Шижир-Эрдэнээс гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрч маргахгүй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан ба шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд М.Мөнхсаран, Б.Шижир-Эрдэнэ нар 2007 оны 6 дугаар сарын 24-ний өдөр гэр бүл болж, гэрлэлтээ 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдөр эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлэн, хамт амьдрах хугацаанд тэдний дундаас 2009 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүү Ш.Дөлгөөн төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож байна. /хх-5,7 дугаар тал/

Гэрлэгчид зан харьцааны таарамжгүй байдлаас шалтгаалан 2014 оноос тусдаа амьдарч байх бөгөөд тэд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчаар орсон боловч уг ажиллагаа амжилтгүй болсны улмаас шүүхэд ханджээ. /хх-8 дугаар тал/

Иймд шүүх гэрлэгчдэд Гэр бүлийн тухай хуулийн /цаашид хуулийн гэх/14 дүгээр зүйлийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр зохигчдын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.

Хүү Ш.Дөлгөөн одоо 7 настай, эхийн асрамжид эрүүл бойжиж байх ба гэрлэгчид хүүхдийн асрамжийн асуудлаар маргаагүй учир Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу хүүг эх М.Мөнхсарангийн асрамжид үлдээж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Ш.Дөлгөөнийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Шижир-Эрдэнээр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан М.Мөнхсаранд олгов.

Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй гэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Боржигон овогт Мөнхбаярын Мөнхсаран, хариуцагч Боржигин овогт Батаагийн Шижир-Эрдэнэ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу хүү Ш.Дөлгөөнийг эх М.Мөнхсарангийн асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Ш.Дөлгөөнийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Шижир-Эрдэнээр тэжээн тэтгүүлсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Б.Шижир-Эрдэнээс 70,200 төгрөг гаргуулан М.Мөнхсаранд буцаан олгосугай.

5.Гэрлэгчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Ц.Оюун-Эрдэнэд даалгасугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД