Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 103

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

 

 

 

 

 

 

 

 

 

 

           

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга: Г.Алдармаа

Улсын яллагч: Г.Хаш-Эрдэнэ

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Лхам

Шүүгдэгч: Н.С нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Н.Сд холбогдох 1922003030132 тоот хэргийг 2019 оны 11 сарын 20-ны  өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986.08.20-нд Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, бичиг үсэг мэдэхгүй гэх, малчин ажилтай гэх, ам бүл-1, Сайхан-Овоо сумын 2-р баг “Улаан эрэг”-т оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгэлгүй, Наваандорж овогт Н.С нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1/ Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр хэргийн 3, 6-8, 11, 12, 18-19, 23-24, 26-28, 29, 31, 32, 33-35, 36, 38-39 дугаар талд авагдсан болон бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлахад тухайн баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай баримт цугларсан байна.

           Шүүгдэгч Н.С нь 2019 оны 11 дүгээр сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын 2 дугаар багийн  нутаг дэвсгэр “Улаан эрэг” гэх газарт Г.Ц-той маргалдаж, түүнийг зодсоны улмаас бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Н.С шүүхэд: Ц гэдэг залуу гэртээ шил архи уучихаад манайд халмаг ирсэн. Манай ах хүү тэтгэврийн зөрүү 60.000 төгрөг авсан гээд 1 шил архи 1 пивотой очсон юм. Тэгсэн Цэрэнсодном хүн болгоныг өдөөд л дэвсчихнэ, шаачихна, шааж унагаана гээд байсан. Би мах чанасан байсан,  мах тавиад өгсөн чинь муухай муухай хараад л мах идэж байсан хутгаа түрийлээд л байсан. Яасан гэсэн чинь Сайнаа ах хоёулаа гараад уулзья гэснээ намайг 2 ш...-ад зугтчихсан. Тэгэхээр нь би нэхэж араас нь очиж, дээр нь мордож байгаад 4 удаа гараараа цохьсон  гэх мэдүүлэг;

Хохирогч Г.Цын: “...орой 20 цагийн үед манай хойно байх саахалт айл Н.С-ийн гэрт мотоциклтой ганцаараа очсон чинь жижиг мөөжиг, Баатар, Сайнхүү энэ хэд байсан 0,5 граммын ерөөл нэртэй архи хувааж уугаад дуусч байсан. Тэгээд би сум орж 1 том пиво авсан тэрийг ууж дуусаад Сайнхүү дахиж сум орж 2 том пиво авчирсан Сайнхүү бид хоорондоо маргалдаж Сайнхүү намайг гараараа нүүр рүү 3 удаа цохьсон, унагааж байгаад нүүр рүү 2 удаа өшиглөсөн. Тэгээд би зодуулчихаад гэртээ алхаад харьсан. Сайнхүү ах тэднийд байсан Эрдэнэчулуун ахыг зодох гээд байхаар нь Эрдэнэчулуун ахыг өмөөрч Сайнхүүтэй муудалцсан. Сайнхүү ах Сайнхүүгийн эхнэр, Баатар, Мөөжиг, Эрдэнэчулуун ах бид хэд байсан өөр хүн байгаагүй. Шүд хөдөлсөн байсан,  одоогоор зовуурь байхгүй. Н.С бид хоёр хоорондоо ах дүү хүмүүс байгаа юм надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-6/

Хохирогчоос дахин авсан мэдүүлэгт: Би Сайнхүүтэй төрсөн эгч дүүсийн хүүхдүүд байгаа юм. Үеэлүүд садан төрлийн хүмүүс юм. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Мэдүүлэг өгнө. Манай хөдөө гэр Сайхан-Овоо сумаас хойш 2 км Улаан эрэг гэх газар Сайнхүүтэй саахалт өвөлжиж байна. 2019.11.01-ээс 2019.11.02-нд шилжих шөнө Сайнхүүгийн гэрт архи, пиво ууцгааж байгаад Сайнхүү бид хоёр хувийн таарамжгүй харилцаанаас болж зодолдон би биедээ хөнгөн зэргийн гэмтэл авсан хэрэг гарсан. Тухайн үед би согтуу байсан, миний буруутай үйлдэл ч бас бий Сайнхүүг хэл амаар доромжилж бусдын дургүйг хүргэсэн би өөрийн гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрнө. Тухайн үед би согтуу байсан,  би Сайнхүүг хэл амаар их доромжилж өөрөө эхэлж Сайнхүүг өдсөн.  Сайнхүү намайг унагааж байгаад хэд хэдэн удаа миний нүүр рүү алгадсан харин өшиглөсөн асуудал байхгүй намайг зодсонд уур хүрч өшиглөсөн гэж мэдүүлсэн гэжээ. /хх7-8/

             Гэрч Ө.Мөнх-Эрдэнийн: Эрдэнэчулуун ах гаднаас орж ирээд бид нарт агсчаад байсан. Тэгсэн Сайнхүү Эрдэнэчулуун ахын хөл рүү нь нэг удаа өшиглөсөн. Цэрэнсодном Эрдэнэчулуун ахыг өмөөрч Сайнхүүтэй муудалцсан. Сайнхүү Цэрэнсодномын нүүр рүү нь 3 удаа цохьсон. Баатар бид хоёр Сайнхүү Цэрэнсодном хоёрыг салгасан чинь Цэрэнсодном гэр лүүгээ алхаад явсан, би мотоциклоо унаад сум руу явсан. Цэрэнсодном нь Эрдэнэчулуун ахыг өмөөрч Сайнхүүтэй муудалцаж хоорондоо зодолдсон гэх мэдүүлэг /хх-11/

              Гэрч Г.Эрхэмбаатарын: Цэрэнсодном хүн хүн рүү агсчаад дайраад байсан.  Сайнхүүтэй Цэрэнсодном гэрээс гарч явсан тэгсэн чинь хоорондоо зодолдоод байж байхаар нь Мөөжиг бид хоёр салгасан. Сайнхүү Цэрэнсодномын нүүр рүү цохиж байгаа харагдсан. Хоёулаа хамт юм яръя гээд гэрээс гарцгаасан,  тэгсэн хоорондоо зодолдож байсан. Би тэрийг сайн мэдэхгүй байна. Харанхуй байсан учраас юм мэдэгдээгүй  гэх мэдүүлэг /хх-12/

           Сайхан-Овоо сумын Эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолтод: Г.Ц 2019.11.01-ний шөнө хүнд зодуулсан гэсэн өгүүлэмжтэй, 2019.11.03-ны 12 цагт ирж үзүүлэхэд зүүн зовхи, хацар хавдартай, зовхи шалбарсан шархтай, эрүүний доор зулгарсан шархтай, үүдэн шүд бага зэрэг хөдөлсөн, мөн хажуу талын сүүн шүд хөдөлгөөнтэй гэжээ /хх-3/

            Шинжээчийн 2019.11.05-ны өдрийн 289 дугаартай дүгнэлтэд:  Г.Цын биед 12-р шүдний сулрал, зүүн зовхи, эрүүнд зулгаралт, зүүн зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг тур хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна гэжээ. /хх18-19/

 

           Дээрх баримтуудаар шүүгдэгч Н.С нь 2019 оны 11 дүгээр сарын 1-нд гэртээ ямар ч шалтгаангүйгээр архидан согтуурч, улмаар өөрийн үеэл гэх хохирогч Г.Цыг зодож, бие махбодид нь 12-р шүдний сулрал, зүүн зовхи, эрүүнд зулгаралт, зүүн зовхинд цус хуралт гэмтэл буюу хөнгөн зэргийн гэмтэл учруулсан  нь нотлогдож байна.

Шүүгдэгч Н. Сайнхүүгийн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй үйлдэгдсэн, түүний үйлдлийн улмаас бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан, хохирогч хохирлыг нөхөн төлүүлэхэд гарах зардлыг мөнгөн дүнгээр илэрхийлж иргэний нэхэмжлэл гаргаагүй тул Н.Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ял оногдуулж, шийтгэх үндэслэлтэй байна.

 

2/ Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд  уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж  мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж  тус тус заасан байна.

 Дээрхи хуулийн заалтаар өөрийн санаатай үйлдлийн улмаас бусдад учирсан гэм хорыг шүүгдэгч Н.С хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч Г.Ц нь өөрийнхөө эрүүл мэндэд учирсан бодит хохирлыг нөхөн төлүүлж, гэм хорыг арилгахыг Н.Сгээс шаардах эрхтэй байна.

  Хохирогч Г.Ц нь иргэний нэхэмжлэл гаргаагүй ба Дундговь аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлтдээ /хх-23/ ” бид хоёр хоорондоо харилцан тохиролцсон тул энэ хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж хааж өгнө үү” гэжээ.

Хохирогч нь иргэний нэхэмжлэл гаргах эсэх нь хуульд заасан хохирогчийн бүрэн эрхийн асуудал ба хохирогч Г.Ц иргэний нэхэмжлэл гаргаагүй тул шүүх тухайн асуудлаар шийдвэр гаргасангүй. Хохирогч нь жичдээ нэхэмжлэх эрх нь нээлттэй үлдсэн болно.

              3/ Оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Н.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Шүүгдэгч Н.С нь 2018 оны мал тооллогын баримтаар нийт 130 толгой мал тоолуулсан /хх26-28/, Хаан банкинд хуримтлалын хадгаламжийн данстай болох нь баримтаар тогтоогдож байгаа /хх-35/ зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

     1. Шүүгдэгч Наваандорж овогт Н.С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Наваадорж овогт Н.С 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Н.С нь цагдан хоригдоогүй, эд зүйл хурааж битүүмжлүүлээгүй, хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч иргэний нэхэмжлэл гаргаагүй “гомдолгүй” гэсэн ба эвлэрэх хүсэлт гаргасан болохыг тус тус дурдсугай.

4. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

5.Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.С-д урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солино гэдгийг шүүгдэгч Н.С-д анхааруулсугай.

   

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    С.СЭРЖМЯДАГ