Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 106

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

 

 

 

 

 

 

 

 

           

         

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга: Г.Алдармаа

Улсын яллагч: Т.Төмөртулга

Шүүгдэгч: Ч.Ү нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ч.Үд  холбогдох 1922002560133 тоот хэргийг 2019 оны 11 сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Өндөршил суманд 1982.12.03-нд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Дундговь аймгийн Өндөршил сумын 2-р багийн Засаг дарга ажилтай байсан гэх, одоо “Шилийн хүр” ХХК-д ажилтан гэх, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Өндөршил сумын 3-р баг Малчины 4-401 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Гучид овогт Ч.Үнэнхүү нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

           

Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

               1/ Холбогдсон хэргийн талаар:

 

           Шүүгдэгч Ч.Ү нь 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Дундговь аймгийн Өндөршил сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Малчны 4-ийн 401 тоотод байрлах гэрийнхээ хашаанд иргэн Ж.М-ыг зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтаар тогтоогдож байна. Үүнд:

- Хохирогч Ж.М-ы: ...бид нар 4-н шил архи хувааж уусан юм. Тэр үед Ү намайг та манай колонкоос бензин авдаггүй гээд байсан юм. Тэгээд архиа ууж дуусаад Зоригт, Үнэнхүү бид нар Үнэнхүүгийн гэрт очсон бөгөөд хашаанд нь байхад Үнэнхүү намайг гараар цохиж бас өшиглөж гэмтээсэн. Тэгж байтал манай охин ирээд салгаад Зоригт бид нар тэднийхээс явсан. Намайг тэднийхээс бензин авдаггүй гэхээр нь би яадаг юм, би өөрөө мэднэ гэж хэлснээс болж намайг цохьсон. Гараараа миний баруун нүд рүү нэг цохьсон. Хөлөөрөө бас гуя руу нэг өшиглөсөн. Үүнээс болж миний баруун нүдэнд цус хурсан, баруун хөмсөг язарсан, зүүн гуяны дотор талд хөхөрсөн.” гэх мэдүүлэг /хх-6/

-   Гэрч С.Зоригтын:  Ү мөр мултарлаа гэхээр нь бид нар эмч дуудсан. Тэгтэл эмч эмнэлэг дээр хүрээд ир гэхээр нь би Үнэнхүүг аваад бас Мөнхсайхан хамт явсан. Тэгээд эмнэлэгт очоод эмч нар мөрийг нь оруулж өгөөд гараад ирэхээр нь Үнэнхүүг машиндаа суулгаад Мөнхсайхан бид нар явсан. Тэгээд хашаандаа орж очихдоо Үнэнхүү Мөнхсайханд би 2 жил колонк ажиллуулж байна, та нэг ч удаа шатахуун аваагүй, би танд гомдож явдаг гэж хэлсэн. Тэгтэл Мөнхсайхан Үнэнхүүд би авах алба байхгүй гээд тэрнээс болоод тэр 2 бага зэрэг муудалцсан. Тэгэхээр нь би Үнэнхүүг машинаасаа буулгаад гэртээ ор гэтэл Мөнхсайхан араас буугаад ирсэн. Тэгээд тэнд тэр хоёр муудалцаад байхаар нь би голоор нь ороод салгах гэж оролдсон. Тэнд Үнэнхүүг зүүн шанаа руу нь Мөнхсайхан гараараа цохиод авсан. Тэгээд тэнд бүр муудалцаад зууралдаад эхэлсэн. Тэгээд тэр 2 зууралдаад байхаар нь би голоор нь ороод салгаад байж байтал Үнэнхүү 2-3 удаа Мөнхсайхныг өшиглөхөөр нь би хааж байсан. Бас миний хажуугаар Үнэнхүү гараараа цохих шиг болсон. Тэгээд Мөнхсайхны охин нь ирээд бид нар Үнэнхүүгийнхээс явсан. Мөнхсайхан Үнэнхүүг зүүн шанаа руу нь нэг цохьсон. Тэр нь гэмтэл харагдаагүй. Үнэнхүү Мөнхсайхныг өшиглөсөн, гараараа цохьсон, биед нь баруун нүднийх нь хавьд нь улайсан байх шиг байсан” гэх мэдүүлэг /хх-8/

- Гэрч Б.Ундрахжаргалын: Эмнэлэг рүү манай машинтай Үнэнхүүг аваад бас Мөнхсайхан хамт явсан. Эмнэлэг дээр очиж мөрийг нь оруулчихаад Үнэнхүүгийн гэрт нь ирсэн. Гэрт нь орох гэтэл Мөнхсайхан, Үнэнхүү нар хоорондоо муудалцаад байх шиг байсан. Гэрт нь орж нилээн байж байгаад гарч иртэл Мөнхсайханы охин Уранжаргал ирсэн байсан. Тэгээд Уранжаргалыг аав Мөнхсайхантай хамт машиндаа суулгаад сумын төв дээр Уранжаргалын гэрт хүргэж өгсөн гэх мэдүүлэг /хх-9/

-   Гэрч М.Уранжаргалын: “Тэр өдөр ээж хөдөөнөөс надруу залгаад аав чинь утсаа авахгүй байна, чи Үнэнхүүгийнд очоод үзээдхээч гэхээр нь би Үнэнхүүгийнд очсон. Тэгтэл хашаан дотор нь аав над руу мөлхөөд Үнэнхүү намайг зодчихлоо гээд уйлаад байсан. Тэгэхэд Зоригт ах, Үнэнхүү, Ундрахжаргал эгч нар байсан. Тэгэхээр нь би Зоригт ахыг хүргээд өгөөч гэж гуйгаад аавыг аваад гэрлүүгээ явсан. Үнэнхүү аав руу дайраад байгаа бололтой байсан. Зоригт ах хориод байх шиг байсан. Аавын баруун нүд нь цус хурж улайсан, баруун хөмсөг нь язарсан бололтой цус гарсан. Намайг очиход зодоон болоод дууссан байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-37/

- Шинжээчийн 2019.09.27-ны өдрийн 237 тоот : Ж.Мы биед нүдний эвэрлэгт цус хуралт, баруун хөмсөгний дотор булан, баруун нүдний дээд зовхи, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтад нөлөөлөхгуй. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тоггоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт  /хх12-13/

- 3-н шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2019.11.08-ны өдрийн 1367 тоот: 2019.09.27-ны өдрийн №237 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. 2019.09.27-ны өдрийн  №237 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа Ж.Мы биед амбулаторийн үзлэг хийж дүгнэлт гаргасан, эмнэлгийн ямар нэг баримт үнэлээгүй байна. Дээрх гэмтэл нь хэрэг  үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх23-26/ зэрэг баримтууд хамаарна.

 

Дээрх баримтуудаар шүүгдэгч Ч.Ү нь “манай колонкоос бензин авдаггүй” гэх шалтгаанаар Ж.М-тай маргалдан, зодолдож, Ж.М-ы бие махбодид нүдний эвэрлэгт цус хуралт, баруун хөмсөгний дотор булан, баруун нүдний дээд зовхи, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу хөнгөн зэргийн гэмтэл учруулсан  нь нотлогдож байна.

Шүүгдэгч Ч.Ү нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шударгаар мэдүүлсэн ба түүний мэдүүлэг нь хохирогч Ж.М, гэрч С.Зоригт, шинжээчийн 2019.09.27-ны өдрийн 237 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад баримтаар батлагдаж байна.

Шүүгдэгч Ч.Ү, хохирогч Ж.М нарын дунд урьд өмнөх таарамжгүй харилцаа, өс хонзон, өр авлагын асуудал байсан эсэх нь баримтаар тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ч.Ү нь үл ялиг зүйлээр шалтаглан, хэрүүл маргаан өдөж, улмаар хохирогч Ж.М-ы хуулиар хамгаалагдсан халдашгүй байх эрх, эрх чөлөөнд нь хүч хэрэглэн халдаж, санаатайгаар бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь дээрх баримтуудаар нотлогдож байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж, шийтгэх үндэслэлтэй байна.

 

2/ Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд  уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж  мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж  тус тус заасан байна.

 Дээрхи хуулийн заалтаар өөрийн санаатай үйлдлийн улмаас бусдад учирсан гэм хорыг шүүгдэгч Ч.Ү нь хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч Ж.М нь өөрийнхөө эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахыг Ч.Ү-гээс шаардах эрхтэй байна.

Хэргээс үзэхэд хохирогч Ж.М нь өөрийн биед учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардлын нотлох баримт сэлт гаргаж өгөөгүй байх бөгөөд 2019.11.24-ний өдөр Цагдаагийн газарт гаргасан хүсэлтдээ “надад нэхэмжлэх зүйл байхгүй, хуулийн дагуу шийдүүлмээр байна. Мөн миний бие шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул хүсэлтийг хүлээн авна уу” гэсэн /хх-38/, 2019.11.24-ний өдөр хэргийн материлтай танилцаад “санал, хүсэлт байхгүй” гэсэн /хх-49/ хүсэлтийг  тус тус гаргасан байна.

Иймд хуульд зааснаар хохирогч нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахыг шүүгдэгчээс шаардах эрхтэй боловч иргэний нэхэмжлэл гаргаагүй тул өнөөдрийн шүүх хуралдаанаар иргэний нэхэмжлэлтэй холбоотой шийдвэр гаргах боломжгүй байна.

Хохирогч Ж.М-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь баримтаар тогтоогдсон тул хохирогч нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг нөхөн төлүүлэх шаардлагатай гэж үзвэл хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Ч.Ү-гээс нэхэмжлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолын “тогтоох” хэсэгт заах нь зүйтэй байна.

 

3/ Оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

Шүүгдэгч Ч.Ү нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь түүнд хүлээлгэх эрүүгийн харицлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгч Ч.Ү нь тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэдэг нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдсон боловч согтуурсан байсан эсэх нь баримтаар нотлогдохгүй байгаа тул шүүх шүүгдэгч Ч.Үг “согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн”-д тооцсонгүй.

Шүүгдэгч Ч.Ү нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шударгаар мэдүүлсэн, түүний хувийн байдал, хохирогч “нэхэмжлэх зүйл байхгүй, санал хүсэлтгүй” гэсэн болон дээр дурьдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, прокурортой тохиролцсон хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч.Ү нь 2019 оны 11 сарын 1-ний өдөр өөрийн хүсэлтээр Өндөршил сумын 2-р багийн Засаг даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн гэх ба одоо ямар цалин хөлс, орлоготой байгаа эсэх нь баримтаар тогтоогдохгүй байна. Харин түүний нэр дээр хувийн сууц 2 ширхэг, гэр бүлийн хэрэгцээний 1200 кв.м талбай бүхий газар, үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй болох нь Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2019.11.25-ны өдрийн лавлагаагаар тогтоогдож байна./хх-48/

Иймд шүүхээс оногдуулах торгох ялыг хоёр хувааж төлөх хүсэлт гаргасныг хангах үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13,37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

     1.Шүүгдэгч Ү-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Гучид овогт Ч. Ү-д 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

      3.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын хугацаанд Гучид овогт Ч.Ү-д оногдуулсан 650000 төгрөгөөр торгох ялыг  2 хувааж төлүүлэхээр тогтоосугай.

4.Шүүгдэгч Ч.Ү нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд зүйл хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогч иргэний нэхэмжлэл гаргаагүй болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Ч.Ү-ээс нэхэмжлэх эрхтэйг заасугай.

6.Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 7.Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Үд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүлийн 10 дахь хэсэгт зааснаар Ч.Ү-ээс шүүхэд гаргаж өгсөн Дундговь аймгийн Өндөршил сумын Эрүүл мэндийн төвийн 2019.11.28-ны 67 тоот албан бичгийг 1922002560133 тоот хэрэгт хавсаргасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    С.СЭРЖМЯДАГ