Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 184/ШШ2016/01041

 

 

 

 

 

 

 

 

 

     2016 оны 09 сарын 29 өдөр

          Дугаар 184/ШШ2016/01041                            Улаанбаатар хот

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ***шин суух, /РД:***/ Боржигон овогт Бадраагийн Батцэнгэлийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг, **** дүгээр хороо, Толгойт*** дугаар гудамж 11 тоот хаягт оршин суух, /РД: ****/ Боржигон овогт Ванягийн М холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 19,066,666 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч В.М, шүүх хуралдааны нарийн  бичгийн дарга А.Азжаргал нар оролцов.

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Батцэнгэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие В.Мөнхтуяагийн хүсэлтээр 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 10,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатайгаар сарын 8 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувиар алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулсан. Улмаар зээлийн гэрээний хугацаа дуусч мөнгөө нэхэхэд В.Мөнхтуяа нь мөнгөө өгөөхгүй намайг хохироож байна. Би ам бүл 6-уулаа амьдардаг. Өнгөрсөн жил эхнэр маань нас барсан. Одоо 4 хүүхдийн хамт амьдарч байна. Би байрны зээлд сар бүр 601,000 төгрөг төлдөг. Иймд В.Мөнхтуяагаас зээлийн болон барьцааны гэрээний дагуу төлөх 19,066,666 төгрөг гаргуулж өгнө үү.

В.Мөнхтуяа нь анх манай охиноос 4,000,000 төгрөг дамжуулж авсан.  4,000,000 төгрөгийн хүүнээс 3 сарын хүү өгөөгүй, үндсэн мөнгөө өгөөгүй.  10,000,000 төгрөгийн хүү өгөөгүй. Гэрээ хийсэн учир нь хариуцагч өөрөө төлнө гээд өөрийн барьцаанд байсан бүх зүйлээ аваад үлдэгдэлээ тохирч 10,000,000 төгрөгийн гэрээ хийсэн. Хархорин захтай гэрээ байгуулах гээд байна лангууны 4 эрхийн бичгээ авмаар байна гээд гуйгаад авсан. Би барьцаа юу ч үгүй болох гээд байна гэхэд би машинаа барьцаанд тавина гэсэн. Тэгээр нь би машинаа унаад байж бай миний нэр дээр машиныхаа бичиг баримтыг шилжүүлчих гэхэд яаралтай хөдөө явах гээд байна ирээд болье гээд явсан. Хөдөөнөөс ирээд надад машинаа өгөөгүй банкны барьцаанд байгаа гэж хэлсэн. 10,000,000 төгрөгийн гэрээ хийхдээ Алтанчимэгтэй нийлж мөнгө авсан. 10,000,000 төгрөгөө өгөхгүй юм бол манай охинтой байгуулан 4,000,000 төгрөгөө зээлийн гэрээнд заасан алданги хүүтэй тооцоод төлчих. Эсвэл 10,000,000 төгрөг аваагүй гээд байгаа бол өөрийнхөө авсан 5,000,000 төгрөгнийхөө хүү алданги тооцоод өнөөдрийг хүртэлх мөнгийг бодоод төлчих чи Алтанчимэгтэй хамт намайг залилаж авсан.

Би хүчээр гарын үсэг зуруулаагүй. Өгөгдөөгүй хүүгээ үндсэн мөнгөө дээр нэмээд 10,000,000 төгрөгийн гэрээ хийе гэсэн. Оноос өмнө өгнө гэсэн өгөөгүй. утсаар ярихаар шинэ жилийн сезон эхэлж байна мөнгөтэй болно удахгүй өгнө гэдэг өгөөгүй.4,000,000 төгрөг дээрээ 3 сарын хүү нэмээд 5,000,000 төгрөг гээд гэрээ хийсэн. Үүнээс хойш мөнгө өгөөгүй. Алтанчимэгийн өмнөөс өөрөө гарын үсэг зурж өөрөө гэрээ хийсэн. Алтанчимэгийг шүүхэд өгсөн ч надад баримт байхгүй. Тиймээс надад Алтанчимэгийг олж өгөөд өөрийн авсан 5,000,000 төгрөгийг хүүтэй нь бодоод өгчих гэв.  

 

Хариуцагч В.Мөнхтуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 26-2-17 тоот хаягт оршин суугч Батцэнгэл овогтой Үржинбаясахаас 2014 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 4,000,000 төгрөгийг 8 хувийн хүүтэй сарын хугацаатай лангуугаа 15,000,000 төгрөгийн бичгээ барьцаанд тавьж зээл авсан. Үүнээс хойш сар бүр 320,000 төгрөгийг 8 сарын турш 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл нийт 2,560,000 төгрөг төлсөн. Хар хорин захын худалдааны төв шинээр ашиглалтанд орж түрээслэгч нартаа 15,000,000 төгрөгийн барьцааны бичгээр лангуу хувиарласан. Зээлдэгч Үржинбаясахын аав Батцэнгэлээс түрээсийн бичгээ өгөхийг гуйхад Батцэнгэл ирж бичиг өгөхөөр болсон. Намайг нотариат дээр ирэхдээ түрээслэгч Алтанчимэгийг дагуулаад ирээрэй гэхээр нь түүнийг дагуулаад очсон. Гэтэл Батцэнгэл нь миний зээлж авсан 4,000,000 төгрөг дээр 1,000,000 төгрөг нэмж 5,000,000 төгрөг болгож, өөрийнхөө Алтанчимэгт зээлдүүлсэн 3,000,000 төгрөгийг хүү гэх 2,000,000 төгрөгийг нэмээд нийт 5,000,000 төгрөг болгож нийлүүлээд нийт 10,000,000 төгрөг болгож, хүчээр надтай зээлиййн гэрээ байгуулсан. Би нэхэмжлэгч Батцэнгэлээс 10,000,000 төгрөг аваагүй. Батцэнгэл намайг Алтанчимэг мөнгө төлөх чадваргүй тул чи өмнөөс нь төл гэж дарамталсан. Би лангуугаа алдахгүйн тулд хүчээр гарын үсэг зурч бичгээ авсан.

Намайг 10,000,000 төгрөг авсан гэж гүтгээд байгаа. 4,000,000 төгрөгний 9 сар хүү төлсөн. 3 сарын хүүг төлөөгүй байсан. Анх Алтанчимэг надад зуучилж танилцуулж өгч байсан юм. Лангууны 4 ширхэг эрхийн бичгээ барьцаалаад 4,000,000 төгрөгийн зээл авсан. Дараа нь Хархорин зах ашиглалтанд орох гэж байсан гэтэл хүмүүс лангууны эрхийн бичгийн буцааж өгч байна гэнэ гэхээр бичгээ авсан. Бичгээ авахын тулд би 10,000,000 төгрөгийн гэрээ хийсэн.

Анх авсан 4,000,000 төгрөгийн хүүг Батцэнгэлийн 2 охин нь ээлжилж ирж мөнгө авдаг байсан. Б.Батцэнгэл өөрөө ирээд мөнгөө бас авч байсан торгууль гээд мөнгө, бараа авдаг байсан. Миний лангуун дээр ирээд мөнгөө авна гээд орилж байгаа бичлэг байгаа хажуу талын лангууны хүмүүс бүгд мэдэж байгаа. Би өөрөө зээлж авсан 4,000,000 төгрөгөө төлнө. Би өөр хүний мөнгө төлөхгүй. Би 10,000,000 төгрөгийг аваагүй.  Иймд шүүх уг хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Батцэнгэл нь хариуцагч В.Мөнхтуяад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 19,066,666 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчдын гаргасан тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч Б.Батцэнгэл нь 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр В.Мөнхтуяатай харилцан тохиролцож 10,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлүүлэхээр зээлийн гэрээ байгуулсан боловч гэрээний дагуу төлбөрөө төлөхгүй байгаа тул үндсэн зээл, хүү алдангийн хамт нэхэмжилэх эрхтэй гэж  нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарладаг.

 

Хариуцагч В.Мөнхтуяа нь гэрээний дагуу 10,000,000 төгрөгийг бэлнээр аваагүй, Б.Батцэнгэлийн охин Үржинбаясахаас зээлсэн 4,000,000 төгрөгийг  хүүгийн хамт гэж 5,000,000 төгрөг болгон, мөн Алтанчимэгээс авах ёстой мөнгөө нэмж нийт 10,000,000 төгрөгийн гэрээ хийсэн. Лангууны бичгээ авахын тулд гэрээнд гарын үсгээ зурсан гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.  

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 10,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлүүлэхээр зээлийн гэрээ байгуулагдсан байх боловч уг гэрээний дагуу 10,000,000 төгрөгийг зээлдэгч болох В.Мөнхтуяад хүлээлгэн өгөөгүй, харин  2014 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б.Үржинбаясах, В.Мөнхтуяа нарын хооронд байгуулагдсан гэрээний дагуу зээлсэн 4,000,000 төгрөгийг хүү алдангийн хамт нэмж тооцож дээрх гэрээг байгуулсан талаар талууд маргахгүй байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасны дагуу зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд бичгийн хэлцэл нь талууд гэрээнд гарын үсэг зурснаас хүчин төгөлдөр болж, эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлсэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.

Өөрөөр хэлбэл 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр байгуулагдсан гэрээний дагуу Б.Батцэнгэл нь 10,000,000 төгрөгийг В.Мөнхтуяад олгосон тохиолдолд талуудын хооронд гэрээ байгуулагдсанд тооцох, улмаар зээлдүүлэгч гэрээнд заасан үүргээ биелүүлсэн гэж үзэх юм.

Б.Батцэнгэл нь 10,000,000 төгрөгийг В.Мөнхтуяад хүлээлгэн өгсөн буюу гэрээнд заасан үүргээ биелүүлснийг нотлох баримт хэрэгт байхгүй, уг мөнгийг зээлдэгчид хүлээлгэн өгөөгүй болохоо нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байгаа тул талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж тооцох хууль зүйн үндэслэл байхгүй байна.

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын тайлбар нь нотолгооны хэрэгсэл юм. Талуудын тайлбараас үзэхэд шинээр өөр зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн гэрээний үүргээ үргэжлүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн гэрээнд энэ талаар тохиролцсон болох нь тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл талуудын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээ нь талууд өмнөх үүргийн солихоор тохиролцсон буюу 2014 оны 6 дугаар сарын 28-ний өдөр Б.Үржинбаясах, В.Мөнхтуяа нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг дуусгавар болгож шинээр хэлцэл байгуулсан тухай  болон Б.Үржинбаясахаас өмнөх гэрээг дуусгавар болгож, шинээр гэрээ байгуулах болон өмнөх гэрээний дагуу төлбөр шаардах эрхийг Б.Батцэнгэлд олгосон болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

Мөн талуудын шүүхэд гаргаж өгсөн 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний ар талд “...Мөнхтуяа өөрийнхтэйгээ нийлүүлж 10,000,000 төгрөгийн гэрээ хийсэн нь үнэн...миний зээлсэн мөнгө 4 сая+960000 болно, ...нийт 5 саяын гэрээ хийлгэв...” гэх зэргээр гараар бичсэн тэмдэглэл нь нэхэмжлэгч Б.Батцэнгэлээс 10,000,000 төгрөгийг В.Мөнхтуяад зээлснийг болон Б.Үржинбаясахтай байгуулсан зээлийн гэрээг дүгнэн харилцан тооцоо нийлж, гэрээ байгуулахаар тохиролцсон болохыг тус тус нотлож чадахгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Б.Батцэнгэл нь хариуцагч В.Мөнхтуяагаас түүний Б.Үржинбаясахтай байгуулсан зээлийн гэрээний дагуу төлбөр шаардах эрхгүй  байна.

 

Мөн нэхэмжлэгч Б.Батцэнгэл нь 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 10,000,000 төгрөгийг шилжүүлэн өгөөгүй учир тэдний хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Шүүх дээр дурдсан үндэслэлээр Б.Батцэнгэлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                                      ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 282.4, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б хариуцагч В.М 19,066,666 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 253,300 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ч.НЯМСҮРЭН