| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 169/2019/0105/Э |
| Дугаар | 109 |
| Огноо | 2019-12-03 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Г.Хаш-Эрдэнэ |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 109
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга: Г.Алдармаа
Улсын яллагч: Г.Х
Шүүгдэгч: Э.Д нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Д-д холбогдох 1922001780104 тоот хэргийг 2019 оны 11 сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд 1997.07.23-нд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монголын хүний нөөцийн академид нягтлан бодогчийн ангид суралцаж байгаа гэх, ам бүл-5, эцэг, эх, дүү, охины хамт Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 4 дүгээр баг “Номгон” гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй Дайчин овог Э.Д нь эд хөрөнгө устгах, гэмтээх гэх буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгчийн мэдүүлгийг сонсч, талуудын хүсэлтээр бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1/.Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Д нь 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Гурван хороот” гэх газарт иргэн Д.Мын өмчлөлийн 8 настай хул зүсмийн хурдан морины хүзүүн тус газарт нь хутгалж, гүрээний судсыг тасалж үхүүлсний улмаас бусдад 5 сая төгрөгийн хохирол учруулсан, мөн өдөр Ц.Цэрэндоржийн өмчлөлийн 1 тооны хээр зүсмийн адууны хүзүүн тус газарт хутгалж, шархдуулан гэмтээсэн болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Э.Д нь яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө “Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бусдын эд хөрөнгийг санаатай устгаагүй. 2019 оны 5 сарын сүүлч хавьцаа Мандахбаатар бид хоёр хотоос дэлгүүрийн бараа татаж явсан наашаа явж байхдаа адуу малны талаар ярилцаж явахдаа “адууны гүрээний судаснаас цус авах юм бол тэжээлийн хор нь гардаг юм байна гэж байна” гэж Мандахбаатар ахад хэлсэн. Тэгсэн Мандахбаатар ах “дусал хийх үедээ цус авах нь зүгээр юм байна” гэж ярилцсан Тэгээд 2019 оны 6 сарын 20-ны хавьцаа Мандахбаатар ах дэлгүүрийн бараа татах гээд хот явсан аав бас хот явсан. Би уяж байгаа морьдоо хараад үлдсэн. Би 2019 оны 6 сарын 24-ний өглөө өөрийнхөө адууг усалчихаад /уядаг морьд биш/ Дэлгэрхангай сум орж найз Пүрэвжавтай уулзаад нэг шил “Онги” нэртэй архи хувааж уусан. Тэгээд цугтаа ухаа худаг орж адуу усалчихаад эргэж сумын төв орж дахиж архи аваад жүчээнээс хойш гарч Пүрэвжавтай хувааж ууж дуусаад Пүрэвжав сумруу явсан. Би уядаг хэдэн адуугаа тэжээх гээд гэртээ очсон. Очсон чинь овъёосоо дэвтээгээгүй байхаар нь дэвтээсэн. Тэр хооронд уяан дээрээ очоод хамгийн эхэнд байдаг Мандахбаатар ахын хонгор морийг очиж гүрээний хавьд нь хатгасан, тэгээд доошоо яваад Цэрэндорж ахын хээр зүсмийн шүдлэн үрээний гүрээний судсыг бас хатгаад буцаад явж байхдаа харсан чинь хонгор морьны судаснаас цус гарч байгаа харагдсан “гайгүй байлгүй” гэж бодоод тэжээлээ авах гэж явсанаа арай болоогүй байх гэж бодоод уяачдын байдаг гэрт ороод хэвтсэн чинь унтаад өгсөн байсан, өглөө сэрсэн. Адуу малаа услах гэж явахдаа Мандахбаатар ахын хонгор морь үхсэн байхыг харсан. Би 2019.06.24-ний өдөр хүнтэй хэрэлдэж маргалдаагүй. 2019.06.24-ний өдөр “Гурван хороот” гэх газарт байх уядаг морьд байсан газар очиход манайд ээж Эрдэнэцэцэг, охин /1 нас 4 сар/ хоёр л байсан. 2019.06.24-ний өдөр хонгор морь, хээр үрээ хоёрыг хатгасан хутга жижигхэн тонгорог, цагаан төмөр хутга байсан юм. Тэр хутгаар мал хөнгөлдөг, морь хатгадаг байсан юм. Одоо манай хөдөө гэрт тэр хутга байгаа. Мандахбаатар ах бид хоёрын хооронд ямар ч өс хонзон, өр авлаганы асуудал байхгүй” гэх мэдүүлэг өгчээ. /хх41-43/
Шүүгдэгч Э.Д нь “бусдын эд хөрөнгийг санаатай устгаагүй” гэх агуулга бүхий дээрх мэдүүлгийг өгч, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй боловч шүүх хуралдаан дээр “Мандахбаатарын нэг тооны адууг гүрээн тус газарт нь хутгаар хатгасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Ял сонсгож ирүүлсэн хэргийн зүйлчэлтэй маргах зүйлгүй” гэж мэдүүлсэн, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй тул шүүх түүний яллагдагчаар өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар тооцсонгүй.
Мөн шүүгдэгч Э.Д-гийн “тэжээлийн хорыг нь гаргах зорилгоор хүзүүн тус газарт нь хутгаар хатгасан” гэх мэдүүлэг нь хохирогч Д.Мын “Би Дамдинсүрэнтэй адуунаас цус авбал сэргэдэг талаар ярилцаж байсан болохоос миний хул адуунаас цус авах талаар огт ярилцаж байгаагүй. Дамдинсүрэн надаас хул мориноос цус авах /ханах/ гэж зөвшөөрөл огт аваагүй” гэх мэдүүлэг /хх84-85/, мөн хохирогчийн “2019 оны 5 сарын сүүлээр байх, Улаанбаатар хотоос дэлгүүрийн бараа авч ирэхэд Дамдинсүрэн сууж ирсэн юм. Би Дамдинсүрэнтэй хурдан морины талаар ярилцсан. Тэжээлийн адуунаас цус авахад хурдан сэргэдэг /хурдан таргалдаг/ талаар ярилцаж байсан. Яг хаанаас нь авах талаар ярилцсан юм байхгүй. Тэжээж байгаа хурдан морины тагнайг хатгаж цус гаргадаг мөн дөрөөлөхийн судсыг хутгаар ханадаг, тэгээд хомоол тавьдаг, эсвэл хуруугаараа дардаг заримдаа өөрөө байж байгаад цус тогтдог юм. Бас гүрээний судаснаас шприцээр цусыг соруулж авдаг. Тэжээж байгаа хурдан морины гүрээний судсыг хутгаар ханадаг талаар мэдэхгүй байна. Миний харж байснаар шприцээр гүрээний судаснаас цус авч байхыг харсан” гэх мэдүүлэг /хх-32-33/, Аймгийн алдарт уяач Д.Даваацэрэнгийн: “ Адууны тэжээлийн хорыг гаргах гэж тагнай, уушиг, хасны судсанд хатгаж цус авна. Адууны тэжээлийн хорыг гаргах гэж адууны гүрээнд хатгадаг юм байхгүй, адууны тэжээлийн хорыг гаргах гэж тагнай, уушиг, хасны судсыг хатгадаг. Адуунд дусал хийх гэж гүрээнд зүү хатгана, гүрээг хатгана гэсэн ойлголт байхгүй, гүрээнээс цус авахаар бол шприцээр соруулж авдаг” гэх гэрчээр өгсөн мэдүүлэг /хх88-89/ зэрэг баримтаар няцаагдаж байна.
Монголчуудын мал амьтны эмгэгийг эмчлэхэд эртнээс хэрэглэж ирсэн нэгэн өвөрмөц арга болох түрэм тавих буюу хатгах заслыг хаана, хэрхэн хийдэг талаар судалж үзэхэд: Бод малд хатгах заслын 12-15 идэвхитэй цэг байдаг бөгөөд том судасны ханыг гэмтээдэггүйгээрээ ханах заслаас, цаг хугацааны хувьд зүү заслаас ялгаатай гээд адуунд хатгах засал хийх гол гол цэгүүд болон заалтыг жагсааж бичсэнд хүзүү буюу гүрээний судсанд нь хатгах цэг болон заалтгүй болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Д нь адуу эмчлэх тусгай мэдлэг эзэмшээгүй, тэр талаар туршлагагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд тухайн үед хохирогч Д.Мын хул зүсмийн адууг эмчлэх, хатгах шаардлагатай нөхцөл байдал байгаагүй болох нь хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон болно.
Шүүгдэгч Э.Д нь эзнийх нь зөвшөөрөлгүйгээр, эзэнд нь мэдэгдэлгүйгээр мал амьтны амин тус газарт буюу гүрээний судсанд нь хутгалсан, мөн тухайн адууны цусыг тогтоох арга хэмжээ авалгүйгээр жүчээнээс хөөн явуулсны улмаас адуу үхэж, бусдад бага хэмжээнээс дээш буюу 5 сая төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Д.М, гэрч Э.Нармандах, М.Чинзориг, М.Норов-Эрдэнэ, Ц.Цэрэндорж нарын мэдүүлэг, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, эд хөрөнгийн үнэлгээний акт зэрэг баримтаар нотлогдож байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
2/ Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Э.Дгийн үйлдсэн хэргийн улмаас хохирогч Д.М-ын өмчлөлийн, айраг түрүү нийлсэн 5-н байр эзэлж байсан, хул зүсмийн хурдан адуу үхэж, Д.М-т 5 сая төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогчийн өөрийнх нь мэдүүлэг, өргөмжлөл медаль, Дэлгэрхангай сумын үнэлгээний комиссын үнэлгээ /хх-9-11, 15/ зэрэг баримтаар нотлогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар өөрийн санаатай үйлдлийн улмаас бусдад учирсан гэм хорыг шүүгдэгч Э.Д нь хариуцан арилгаж, адил нэр төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, эсхүл мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй, хохирогч Д.М нь өөрийн эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгахыг Э.Дгээс шаардах эрхтэй байна.
Хэргээс үзэхэд хохирогч Д.М “Надад ямар нэгэн санал гомдол байхгүй. Мөн нэхэмжпэх зүйл байхгүй” гэж удаа дараа мэдүүлэн /хх-15, 32-33/ иргэний нэхэмжлэл гаргаагүй байх тул өнөөдрийн шүүх хуралдаанаас иргэний нэхэмжлэлтэй холбоотой шийдвэр гаргах боломжгүй байна.
Иймд шүүгдэгч Э.Д нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, гэм хорыг арилгаагүй, түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д.Мт эд хөрөнгийн хохирол учирсан нь баримтаар нотлогдсон боловч иргэний нэхэмжлэл гаргаагүй тул хохирогч П.Мандахбаатар нь өөрт учирсан эд хөрөнгийн хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар Э.Дгээс жичдээ нэхэмжлэх эрхтэй гэдгийг энэхүү тогтоолын “тогтоох” хэсэгт заах нь зүйтэй байна.
3/ Оногдуулах ял шийтгэлийн талаар:
Шүүгдэгч Э.Д нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-52/ нотлогдож байгаа бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.Дд ял оногдуулахдаа дээр дурьдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, морио дээдэлдэг монгол үндэстний уламжлалт зан заншилд харш хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр оногдуулж, шийтгэхээр шийдвэрлэв.
4/ Бусад асуудлын талаар :
Шүүгдэгч Э.Д нь 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Гурван хороот” гэх газарт иргэн Ц.Цэрэндоржийн өмчлөлийн 1 тооны хээр зүсмийн адууны хүзүүн тус газарт хутгалж, шархдуулан гэмтээсэн болох нь хэрэгт хавсаргагдсан бусад баримтаар тогтоогдсон боловч Ц.Цэрэндоржийг хохирогчоор тогтоогоогүй, Ц.Цэрэндорж нь иргэний нэхэмжлэл гаргаагүй, мөрдөгч нь иргэн Д.Мын өмчөлийн 1 тооны адууг устгасан үйлдэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, прокуророос тухайн үйлдэлд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.
Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, Э.Дгийн хувьд иргэн Д.Мын 1 тооны адууг устгаж, бусдад бага бус хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг хянан шийдвэрлэлээ. Харин Ц.Цэрэндоржийн өмчлөлийн 1 тооны адууг гэмтээсэн үйлдлийг хянан шийдвэрлээгүй болно.
Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх нийт урт 13.8 см, ажлын хэсэг 6 см, ишний өргөн 1.5 см, ажлын хэсгийн өргөн 1 см бүхий мөнгөлөг цагаан өнгийн эвхэгддэг хутгыг Э.Дгээс хураан авч, шүүхэд ирүүлсэн ажиллагааг шалгаж үзэхэд мөрдөгч нь гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээж аваад хийвэл зохих ажиллагааг дутуу /хэргийн газарт үзлэг хийгээгүй/ хийж гүйцэтгэсний улмаас тухайн хутгаар адууг хутгалсан эсэх нь баримтаар хангалттай нотлогдохгүй байх тул шүүх нотлох баримтаар тооцсонгүй.
Гэвч шүүгдэгч нь уг хутгыг буцааж авахгүй, устгуулах хүсэлт гаргасныг хангах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.5, 36.8, 36.10, 36.13,
37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Дайчин овогт Э.Д-г бусдын нэг тооны адууг устгасны улмаас бага бус хэмжээнээс дээш буюу 5000000 /таван сая/ төгрөгийн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Дайчин овогт Э.Д-д 1000 /мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч Э.Д нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд хөрөнгө хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогч Д.М иргэний нэхэмжлэл гаргаагүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.М нь өөрт учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж өөрийн болон шүүгдэгч Э.Дгийн оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг заасугай.
5.Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт хураагдаж ирсэн, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх эвхдэг хутгыг устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.
8.Энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эвхдэг хутгыг Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт хүлээлгэн өгч, баримтыг Э.Дд холбогдох 1922001780104 тоот эрүүгийн хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Нямаад даалгасугай.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ