Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 5506

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 48-р байр, 38 тоотод оршин суух, Халван овогт Эрдэнэбилэгийн Уранцэцэг /РД: ЧК80121801/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж, 61-11 тоотод оршин суух, Сэдэд овогт Лувсандавагийн Мөнхбаатар /РД: МЗ70040617/-д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Уранцэцэг, өмгөөлөгч С.Гарьд, хариуцагч Л.Мөнхбаатар, өмгөөлөгч Т.Төгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч Э.Уранцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1997 онд Л.Мөнхбаатартай танилцаж, 2001 оны 08 дугаар сарын 13-ны өдөр гэрлэлтээ батлуулж, гэр бүл болсон. Бидний дундаас 2001 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр охин М.Номуун төрсөн. Хамт амьдарч байх хугацаанд тогтсон орлогогүй, хардаж зодон айдас хүйдэсээр дүүрэн он жилүүд байсан. Л.Мөнхбаатар нь надаас 10 нас ах хүн бөгөөд үүгээрээ айлгасан, дарамталсан, зан чанартай байдаг байсан. Салах гэхээр ална шүү гэж айлган сүрдүүлж, амьдрах гэхээр гар хүрч, зоддог байсан. Хайртай учраас хардаж байна гэж байнгын хардаж, зодож байсан учраас 2000 онд би Монгол Улсын Их сургуулийн олон улсын харилцааны 3 дугаар курсын оюутан байхадаа сургуулиасаа гарсан. Л.Мөнхбаатар нь гэр бүлийн тогтворгүй, хань ижил, эцгийн хариуцлага байхгүй, миний эцэг эхийг доромжилж, би болон миний охины амьдралаар бүрэн наадсан хүн. Л.Мөнхбаатар нь гурван эхнэрээс нийт 4 хүүхэдтэй. Өнөөдрийг хүртэл охиндоо сэтгэл санааны болон мөнгөн тусламж үзүүлдэггүй. Би одоо 36 настай, энэ хүнээс болж 17 наснаасаа хойш 20-иод жил эд материал болон сэтгэл санааны маш их хохирол үзсэн. Би амьд явж, зөв амьдрарч, салахын тулд 2006 оны 8 дугаар сард БНСУ-руу ар гэр, эцэг эх, нялх хүүхдээ орхин явсан. 2006 оноос хойш нэг ч харьцаагүй ба цаашид би Л.Мөнхбаатартай амьдрах боломжгүй, хүсэлгүй бөгөөд Л.Мөнхбаатар нь одоо 3 дахь эхнэртэйгээ 2 хүүхдийн хамт амьдарч байгаа. Миний охин М.Номуун төрсөн цагаасаа хойш, одоог хүртэл миний аав, ээжийн асрамжид эрүүл энх, эрдэм боловсролтой, төлөв түвшин өсөж амьдарч байгаа.  Иймд бидний гэрлэлтийг цуцлаж, охин Номууныг миний асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч Л.Мөнхбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Э.Уранцэцэгтэй 1997 онд танилцан улмаар дотносон үерхэж, 2001 оны 8 дугаар сарын 31-ний өдөр албан ёсоор гэр бүлээ батлуулсан. Хамтын амьдралын явцад бидний дундаас М.Номуун 2001 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн. Миний биө нь эрүүгийн 20646285 тоот хэрэгт яллагдагчаар татагдаж цагдан хоригдож Э.Уранцэцэг нь дээрх хэрэгт сэжигтнээр тооцогдох үндэслэлтэй байгаа боловч 2006 оны 8 дугаар сарын 06-ны өдөр КЕ-868 аяллын онгоцоор БНСУ руу гарсан. Энэ цаг үеэс хойш Э.Уранцэцэгтэй хайр сэтгэлийн болон бусад ямар ч холбоо харилцаагүй болсон. Одоогийн байдлаар миний бие нь хамтран амьдрагч н.Нарангэрэл, хоёр хүүхдийн хамт амьдарч байгаа. Э.Уранцэцэгээс гэрлэлт цуцлуулах хүсэлтэй байгаа тул шүүхэд хандсан. Нэхэмжлэгчийн гаргасан гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Хүүхдийг эхийн асрамжинд үлдээнэ, хүүхдийн тэтгэлэг төлнө гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Уранцэцэг нь хариуцагч Л.Мөнхбаатарт холбогдуулан, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Э.Уранцэцэг, хариуцагч Л.Мөнхбаатар нар нь 2000 оны 8 дугаар сарын 13-ны өдөр гэр бүл болж, 2001 оны 8 дугаар сарын 13-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2001 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр охин Мөнхбаатарын Номуун төрсөн нь хавтаст хэрэгт авагдсан 397 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, М.Номууны 1503 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож байхаас гадна талууд энэ талаар маргаагүй байна.

 

Талууд таарамжгүй харьцааны улмаас 2006 оноос хойш тусдаа амьдарч байгаа, гэрлэлт цуцлахыг харилцан зөвшөөрч байх тул шүүх гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцалж шийдвэрлэв.

 

   Талуудыг тусдаа амьдрах үеэс эхлэн охин М.Номуун эхийн асрамжинд байгаа нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Түүнчлэн, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх... тухайгаа ...харилцан тохиролцож болно.” гэж заасан байх бөгөөд хүүхдийг эхийн асрамжинд үлдээх талаар талууд маргаагүй байх тул хүүхдийн насны онцлог, санал болон өсөж торнисон орчин зэргийг харгалзан эхийн асрамжинд үлдээх нь зүйтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар гэрлэлт цуцалснаас үл хамааран эцэг эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хугацаа, хэмжээгээр хариуцагчаас тэтгэлэг гаргуулан хүүхдэд олгох нь хүүхдийн эрх ашигт нийцэхээр байна.

 

   Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.4-т зааснаас бусад гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны нэг гэж үзнэ” гэж заасан ба талууд шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч эвлэрэл амжилтанд хүрээгүй нь тус дүүргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн ажиллагаа дуусгавар болсон талаарх 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 326 дугаартай тэмдэглэлээр тогтоогдож байна. Иймд талуудыг хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэглэсэн гэж үзэхээр байна.

 

Дээрх үндэслэлээр гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, охин М.Номууныг эхийн асрамжинд үлдээж, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Талууд эд хөрөнгийн талаар шаардлага гаргаагүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Халван овогт Эрдэнэбилэгийн Уранцэцэг, Сэдэд овогт Лувсандавагийн Мөнхбаатар нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2001 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн охин Мөнхбаатарын Номууныг эх Э.Уранцэцэгийн асрамжинд үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан 2001 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн охин М.Номууныг 11-16   нас   хүртэл   /суралцаж   байгаа  бол  18  нас  хүртэл/  насанд  хүрсэн  боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг Л.Мөнхбаатараас гаргуулан олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

5. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар зохигчид эд хөрөнгийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгасугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохийг дурдсугай.

 

10. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Оюуны өмч, Улсын бүртгэл, Ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Дөлгөөнд даалгасугай.

      

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       М.БАЯСГАЛАН