Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 110

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

 

 

 

 

 

 

 

 

           

         

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга: Г.Алдармаа

Улсын яллагч: Г.Х

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Ш.Э

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Д

Шүүгдэгч: Г.Н нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Н-т холбогдох 1922001710108 тоот хэргийг 2019 оны 11 сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Гурвансайхан суманд 1994.05.24-нд төрсөн, эрэгтэй, 25 настай, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Гурвансайхан сумын 2-р баг “Баянхошуу” гэх газарт оршин суух, урьд ял шийтгэлгүй, / РД: ЗГ94052410/ Амгалан овогт Ганбаатарын Норов нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах буюу Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нарын мэдүүлгийг сонсч, талуудын хүсэлтээр хэрэгт хавсаргагдсан баримтуудыг шинжлэн судлаад

 

            ТОДОРХОЙЛОХ НЬ:

1/ Холбогдсон хэргийн  талаар:

 

Шүүгдэгч Г.Н нь 2019.06.24-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг дэвсгэрт зохион байгуулагдсан “Халзан” уулын тахилга наадмын хурдан морины уралдаанд өөрийн төрсөн охин 4 настай Н.Д морь унуулж уралдуулсны улмаас Н.Д нь мориноос унаж, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь дараах баримтаар тогтоогдож байна. Үүнд:

-Гэрч Г.Марал-Эрдэнийн /хохирогчийн эх/:  Манай том охин Дэлгэрмаа 2015 оны 4 сарын 6-ны өдөр төрсөн. Дэлгэрмаа нь 2018 оны өвлийн сүүл сараас эхэлж морь унаж эхэлсэн. Хээр даагыг ааваараа хөтлүүлээд унадаг байсан. Дэлгэрмаа өөрөө морь унах дуртай болохоор морь унуулдаг байсан юм .Морь унуулахгүй гэж Норовт хэлж байгаагүй. Дэлгэрмаа Сайнцагаан сумын 3-р багийн “Халзан” уулын наадамд даага насны морины уралдаан уралдах гэж байсан юм. Манай нөхөр Норов 18 цаг өнгөрч байхад Дэлгэрмааг даага уралдах гараа руу мотоцикльтой дагуулаад явсан. Би араас нь найз Дүгэрсүрэнгийн мотоцикльтой явсан. Дэлгэрмааг барианы төхөөрөмж рүү оруулах гэсэн чинь олон даага байхаар нь унагаачихна гэж бодоод төхөөрөмжний урдаас манай нөхөр Норов хөдөлгөсөн. Тэгтэл Дэлгэрмаа хээр даагатайгаа давхиж байтал араас нь төхөөрөмжнөөс гарсан бөөн даага давхиж ирээд дайраад унагаачихсан. Намайг очиход доошоо хараад уначихсан байсан. Тэгээд түргэний эмч ирээд шууд Нэгдсэн эмнэлэгт авч ирсэн. Би охиндоо гарын тохойвч өмсгөсөн байсан. Каск өмсгөхөөр толгойг нь бариад өөрөө өмсөхөөс дургүйцээд байхаар нь өмсгөөгүй юм. Манай охины үүдэн дээд 4 шүд дотогшоо цөмөрсөн юм шиг байсан. Мөн нүүр ам зэрэг хэсэг газарт зулгарсан байсан гэх мэдүүлэг /хх-11, 17/

-Гэрч М.Алтанчимэгийн: “Би Сайнцагаан сумын Засаг даргын 2019.06.21-ний өдрийн А/165 дугаартай захирамжаар 2019.06.24-ний өдөр Сайнцагаан сумын 3-р багийн нутаг дэвсгэрт “Халзан” уулын тахилга наадмыг зохион байгуулах үеэр нь өөрийн ажил үүргийн хүрээнд очсон байсан юм. Уг наадамд их нас, соёолон, даага насны морьд уралдсан ба 19:00 цагийн үед нийт 50 гаруй даага төхөөрөмж рүү гарсан. Хурдан дааганууд суурилуулсан төхөөрөмжний ард зогсож гараанаас гарахад бэлэн болоод байхад Дундговь аймгийн Гурвансайхан сумын 2-р багийн иргэн “Ар баянхошуу" гэх газар нутагладаг сүүлд нь Г.Н гэж мэдсэн залуу өөрийн 4 настай охин Н.Дэлгэрмааг хурдны даага унуулж өөрөө мотоциклын ард сундлаад даагаа хөтлөөд ирж байсан. Г.Н нь мотоциклоосоо буугаад морио хөтлөөд төхөөрөмжний араар оруулалгүй хажууд ирэхэд нь төхөөрөмж ч унасан. Г.Н ч охин Н.Дэлгэрмаагаа даагаа унуулаад тавиад явуулсан. Тэгээд даага төхөөрөмжнөөс гараад 20 орчим метр зайтай яваад бөөн тоос шороо манараад явахаар нь очоод харахад Н.Дэлгэрмаа мориноосоо унасан уйлаад байж байсан. Энэ үед нь би багийн эмч нарын хамт хүүхдийн эрүүл мэндийг хамгаалж явж байсан тул яаралтай очиж Н.Дэлгэрмаа охинд эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлж аймгийн Нэгдсэн эмнэлэгт авчирсан. Даага

 

төхөөрөмжинд ороод морьд гарах хүртэлх 2 минут 44 секунтын хугацааны бүх үйл явдлыг би өөрийн гар утсандаа бичиж явсан ба би энэ бичлэгээ CD дээр буулгаж авч ирсэн байгаа. гэх мэдүүлэг /хх13-14/

 

-Гэрч М.Алтанчимэгийн гар утсандаа бичсэн бичлэгийг дискэнд хуулбарласан 2 минут 44 секундын бичлэг

-Шинжээчийн 2019.07.02 өдрийн №160 тоот: Н.Дэлгэрмаагийн биед зүүн чамархай, эрүү, ооч, шүдний түүшин дайрсан хугарал, зүүн талын эрүүний мултрал, зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, тархи доргилт, зүүн чамархай, баруун зүүн хацар, эрүү, доод уруул, баруун бугалганд зулгаралт, дээд үүдэн 4 шүдний сулрал, буйл цус хуралт зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал, нуруу, баруун бугалга, баруун шуу, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Учрах үедээ амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. Зүүн чамархай ясны хугарал гэмтэл нь дангаараа гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Эрүү ооч, шүдний түүшин дайрсан хугарал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зүүн талын эрүүний мултрал, зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, тархи доргилт, дээд үүдэн 4 шүдний сулрал гэмтэл нь хөнгөн, бусад зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт /хх23-25/

-Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарт: Амгалан овогт Норовын Дэлгэрмаа, 2015 оны 4 сарын 6-нд Дундговь аймгийн Сайнцагаанд төрсөн, регистрийн дугаар: ЗЮ15240600, Эцэг: Амгалан овогт Ганбаатарын Норов, Эх: Дархан овогт Ганцогтын Марал-Эрдэнэ гэжээ. /хх-34/

Шүүгдэгч Г.Н нь “Халзан” уулын тахилга наадмыг зохион байгуулах ажлын хэсгийн ажилтнуудын зүй ёсны шаардлагыг үл ойшоож, хамгаалалтын хувцас өмсүүлэлгүйгээр 4 настай охиноороо стандартад нийцэхгүй дөрөө, хазаарын жолоо бүхий  хэрэгсэлтэй даагыг  унуулж уралдуулсан болох нь  гэрч Г.Алтанчимэгийн “Н.Дэлгэрмааг даагыг нь унуулаад төхөөрөмжний ард биш хажуу талд ирэхэд нь миний хажуугаас хэн нэгэн хүн Г.Нт хандаж  “энэ хүүхэд даага унах боломжгүй 7 нас хүрээгүй хүүхэд байна түр хүлээж байгаарай” гэж хэлэхэд Г.Н нь мотоциклоосоо буугаад морио хөтлөөд төхөөрөмжний араар оруулалгүй хажууд ирэхэд нь төхөөрөмж ч унасан. Г.Н ч охин Н.Дэлгэрмаагаа даагаа унуулаад тавиад явуулсан. Г.Н нь охин Дэлгэрмаагаа төхөөрөмжний араар оруулж барианы чиглэлд уралдуулаагүй. Төхөөрөмжний хажуу талаас эхлэн тавигдсан болохоор олон морьдтой жишүүлдэж орж уралдсаны улмаас унасан байх. Г.Н нь Н.Дэлгэрмаагаар хурдан морь унуулж уралдуулах үед тохойвч, өвдгөвч, хамгаалах малгай өмсгөөгүй байсан. Уг нь бид нар морьдын уяан дээр очиж уяач нарт хандаж, унаач хүүхэд нь 7 нас хүрсэн байхыг, хамгаалах хувцас хэрэглэлийг бүрэн өмсгөх шаардлагатайг, мөн хүүхдүүдийг гэнэтийн ослын даатгалд хамрагдсан байхыг зөвлөж гарын авлага тараах материал тарааж өгсөн. Анх бүртгүүлсэн даага 37 байсан боловч уралдах үед 50 гаруй даага болсон байсан. Г.Н нь өөрийнхөө хээр зүсмийн даагаа уралдуулах талаар албан ёсоор бүртгүүлээгүй байсан” гэх мэдүүлэг /хх13-14/,

  • Гэрч Ж.Зоригтбаатарын: Тэр өдрийн хамгийн сүүлийн уралдаан болох дааганы уралдааны үеэр буюу даага төхөөрөмжнөөс гартал нэг мотоцикпьтой залуугийн араар сундалсан залуу жаахан хүүхэд унасан даагыг тавьсан тэр даагатай хүүхэд уралдаж байгаа дааганы урдуур хөндлөн ороод тэгтэл тоос бужигнаад явсан, очтол нэг жаахан хүүхдийг машин дотор нэг эмэгтэй тэврээд уйлаад сууж байсан. Тухайн өдрийн дааганы уралдаан 19 цагийн үед болсон байх. Би тэр дааганаас унасан хүүхдийг мэдэхгүй. Тухайн үед тэр хүүхдийн унаж явсан дааганы зүсийг хараагүй. Тэр хүүхдийн амнаас цус гарсан байсан” гэх мэдүүлэг /хх19-20/
  • Гэрч П.Ганчимэгийн: даага насны морьд төхөөрөмжнөөс гартал урдаас нь мотоцикль дээр сундалсан залуу даага хөтлөж ирээд тэр даагаа тавьтал тэр даагыг унасан хүүхэд олон дааганд дайрагдаад мориноосоо унасан, гүйгээд очтол жаахан охин газар унасан цус гарсан байдалтай байхад нь тэвэрч аваад машинд суулгаад аваад явсан. Тэр өдөр дааганаас унасан хүүхдийг Дэлгэрмаа гэдэг охин байсан гэдгийг сүүлд нь мэдсэн. Тэр даагыг тавьсан хүнийг Дэлгэрмаагийн аав гэдгийг бас сүүлд нь мэдсэн. Тухайн өдрийн дааганы уралдаанд бүртгэлээр нь дуудаж гаргасан юм. Тэгэхэд Дэлгэрмаагийн унасан даага бүртгэлээр гараагүй. Тухайн өдөр хүүхэд хамгаалалын чиглэлээр ажиллаж байсан Алтанчимэг, Ууганцэрэн бид нарт мориноос унасан хүүхэд болох Дэлгэрмаа болон даагыг бүртгүүлээгүй байсан. Тэр дааганаас унасан хүүхдийг морь төхөөрөмжнөөс гарах үед гэнэт л урдуур тавьсан юм. Тэрнээс болж хүүхэд мориноос унаж гэмтсэн. Тэр өдөр Дэлгэрмаа ямар ч хамгаалах хэрэгсэл өмсөж хэрэглээгүй байсан” гэх мэдүүлэг /хх-56-57/
  • Гэрч П.Ууганцэрэнгийн:”Эргэх төхөөрөмжин дээр очоод хүүхдүүдээ шалгаад яг тавихын өмнө мотоцикль дээр сундалсан хүн морь унасан хүүхдийг хөтлөөд гараад ирсэн. Бид нарыг ахалж явсан нийгмийн ажилтан Алтанчимэг төхөөрөмжний урдуур гүйгээд урдаас нь очтол араас нь бүх морьдыг төхөөрөмжнөөс гаргасан. Тэгээд л морь зэрэгцээд хүүхдийг мотоцикльтой ирсэн хүн тавьсан, моринд дайрагдаад тэр хүүхэд унасан. Очоод харахад хамар амнаас нь цус гарсан байдалтай байхад эмч ирээд ээжтэй нь хамт аймаг руу авч явсан. Тэр дааганаас унасан хүүхэд даага насыг гараанаас дуудаж гаргахад бүртгэлд байгаагүй, тухайн үед харагдаагүй хүүхэд, даага байсан. Тэр даагыг тавьсан тэр хүүхдийн аав нь байсан юм байна билээ. Унасаны дараа нь хүүхэд яасан бэ гэж асуугаад байсан. Хүүхэд хамгаалалын чиглэлээр ажиллаж байсан Ганчимэг, Алтанчимэг бид нарт огт бүртгүүлээгүй. Морины комисс гэж ажиллаж байсан хүмүүст бүртгүүлсэн үгүйг мэдэхгүй байна. Дэлгэрмаа 2019.06.24-ний өдөр цэнхэр өнгийн хувцастай ямар нэгэн хамгаалах хэрэгсэл хэрэглээгүй байсан” гэх мэдүүлэг /хх58-59/
  • Гэрч Ц.Жаргалсайханы “Би 2019 оны 06 сарын 24-ний өдөр Сайнцагаан сумын 3-р багийн нутагт “ Халзан уул”-ын тахилгын наадамд морины комисст нь орж хурдан морины зүс, уяачийн нэр бүртгэх асуудлыг хариуцаж ажилласан. Даага насны морьд барианаас гарахаас өмнө хамтарсан багтай ярилцаад барианы зурхайн 2 талд гараад би морины зүс, уяачийг бүртгэж,  харин хамтарсан баг унаач хүүхдийн асуудлыг хариуцан шалгах нь зөв гэж тохиролцсоны дагуу бүртгээд шалгаад гаргасан. Би тэр үед энд тэндээс хэлсэн нэрсийг бичиж байхад хамтарсан багийн гишүүний нэг нь морь хөтөлж ирээд энэ морь унаж байгаа хүүхэд нь насны болзол хангахгүй байна гээд тэр морийг бариан дээр орхиод морьдыг гарааны зурхай руу гаргасан. /тухайн өдөр хэтэрхий жаахан, хамгаалалтын хэрэгсэлгүй хүүхдүүдийг авч бариан дээр авч үлдэж байсан юм./ Тэгээд гарааны зурхай дээр ирээд төхөөрөмжинд уралдах морьдыг зогсоогоод манлайлагчийн дохиог хүлээж байхад нэг мотоцикль дээр сундалсан залуу даага хөтлөж ирж байгаа харагдсан Манлайлагч дохиогоо өгөөд дааганууд гарсан,  тэгсэн хүүхэд унасан байсан,  тэр хүүхдийг багийн эмч аваад явсан. Тэр дааганаас унасан хүүхдийг танихгүй, даага мотоцикльтой хөтлөж ирсэн хүнийг ч танихгүй, сүүлд хүмүүсийн ярьж байхыг сонсоход Норов гэдэг хүний хүүхэд дааганаас унасан гэж сонссон бас тэр залууг Норов гэж мэдсэн. Тухайн залууг Гурвансайхан сумын залуу гэж байсан. Би тухайн өдөр морьдын бүртгэлийг хөтлөсөн. Миний даага насыг бүртгэсэн бүртгэл дээр “Норов хээр ГС” гэж тэмдэглэж бүртгэсэн байсан. Тухайн өдөр хүмүүс морьдоо бүртгүүлэхдээ нутаг, морины зүс, насыг бичүүлж байсан. Би биетээр хараагүй хүний хэлснээр л нас, зүс, аль нутаг болохыг нь бичсэн юм. “Норов хээр ГС” гэж тэмдэглэж бичсэн нь “Норовын хээр зүсмийн Гурвансайхан” гэснийг товчилж бичсэн юм гэх мэдүүлэг /хх62-63/
  • Хохирогч Н.Дэлгэрмаагийн тухайн үед унаж явсан морины хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-41-42/
  • Шинжээч мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөр хяналтын улсын байцаагчийн:  Ашиглаж байсан эмээл нь өндөр бүүрэггүй, гөлөм, олом, даруулга олом, жирэм, угсуурга, дөрөө холбооны тоноглол иж бүрдлийг шаардлагад нийцсэн сунаж агшдаггүй чанартай материалаар, тохмыг эсгий эдэлгээ даах материалаар тус тус хийсэн байгаа нь Стандартчилал, хэмжил зүйн үндэсний зөвлөлийн 2018 оны 2 дугаар сарын 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардпага” MNS 6264:2018 стандартын 7.2.3, 7.2.4 дэх заалтын шаардлагад нийцэж байна. Харин дөрөөний доод таваг нь гутлын ул халтирахаар гөлгөр гадаргуутай, нэмэлт резинэн материалаар ороолт хийсэн, дааганы хазаарын жолооны урт 1,94 м, суран ташуурны урт 35 см байгаа нь MNS6264:2018 стандартын 7.3.3, 7.4.3/с/, 7.5.2 дахь заалтуудын шаадлагад нийцэхгүй байна” гэх дүгнэлт
  • Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын “Хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдал, хамгаалалтын талаархи зөвлөмж” зэрэг баримтаар нотлогдож байна.

Шүүгдэгч Г.Н нь хуульд заасан насанд хүрээгүй хүүхдийг хурдан морь унуулж болохгүй ба стандартад нийцсэн хамгаалах хувцас, хэрэгсэл хэрэглэх шаардлагатай талаар урьдчилан мэдсэн болох нь өөрийнх нь болон дээрх гэрчүүдийн мэдүүлэг, зөвлөмж зэрэг баримтаар, түүнчлэн гарааны төхөөрөмжнөөс гадуур даагыг тавьж уралдуулсан түүний үйлдлээр тогтоогдож байна.

Түүний энэ үйлдэл нь Үндэсний их баяр наадмын 8 дугаар зүйлийн 8.2 дахь “Баяр наадмын хурдан морийг 7-гоос дээш насны хүүхэд унах” тухай заалт, мөн хуулийн  “10.6.  Баяр наадамд оролцож буй уяач дараахь үүрэг хүлээнэ: 10.6.3. шаардлагыг биелүүлэх, 10.6.5. хурдан морины уралдааны дүрэмд заасан бусад үүргийг биелүүлэх” тухай заалт, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрмийн 3 дугаар зүйлийн “3.1. Уяач, унаач хүүхэд нь Үндэсний их баяр наадмын тухай хууль болон энэ дүрэмд заасан эрхийг эдэлж, доорхи үүргийг ёсчлон биелүүлнэ: 3.1.1 уралдах морийг 7-гоос дээш настай, морь унаж давхилуж сурсан, эрүүл хүүхдээ унуулах, 3.1.3. хурдан морины эмээл, энэ дүрмийн 2.5.3-т заасан хамгаалах хэрэгслийг тухайн морь, хүүхдийн биед тохируулж, аюулгүй байдлыг хангасан байх“ гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.

Шүүгдэгч Г.Н нь уяачийн хувьд дээрх хууль тогтоомжийг зөрчиж, хуулиар хориглосон үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсээр байж, түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдан хурдан морины уралдаанд хуульд заасан насанд хүрээгүй, хамгаалах хувцасгүй, стандартын шаардлага хангаагүй хэрэгсэл бүхий морь унуулж оролцуулсны улмаас 4-н настай Н.Дэлгэрмаагийн эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэм буруутай байна.  

Мөн шүүгдэгч Г.Н нь эцэг хүний хувьд Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн “25.3. эцэг, эх асран хамгаалагч нь хүүхдийн эрх, ашиг сонирхолыг хамгаална” гэх заалт, мөн хуулийн 26 дугаар зүйлийн “26.2.1 эцэг эх нь  хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх үүрэг хүлээнэ”  гэх заалт, мөн зүйлийн “26.3. Эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно” гэх заалт, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн “10.1.3  Эцэг, эх хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах үүрэг хүлээнэ” гэх заалтаар хүлээсэн үүрэгтээ хайхрамжгүй хандаж,  иргэний эрх зүйн чадамжгүй бага насны хүүхдийг амь нас, эрүүл мэндэд нь эрсдэлтэй нөхцөл байдалд оруулж, эрүүл мэндэд нь хүнд хохирол болгооомжгүйгээр учруулсан гэм буруутай байна.

Иймд шүүгдэгч Г.Ныг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

 

2/ Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Энэ гэмт хэргийн хохирогч 4 настай Н.Дэлгэрмаагийн бие махбодид “зүүн чамархай, эрүү, ооч, шүдний түүшин дайрсан хугарал, зүүн талын эрүүний мултрал, зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, тархи доргилт, зүүн чамархай, баруун зүүн хацар, эрүү, доод уруул, баруун бугалганд зулгаралт, дээд үүдэн 4 шүдний сулрал, буйланд цус хуралт зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал, нуруу, баруун бугалга, баруун шуу, зүүн гуянд цус хуралт гэмтэл” учирсан болох нь  шүүх эмнэлэгийн шинжээчийн 2019.07.02-ны өдрийн 160 дугаар дүгнэлтээр тогтоосон байх бөгөөд уг дүгнэлтэд “ Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Учрах үедээ амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. Зүүн чамархай ясны хугарал гэмтэл нь дангаараа гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Эрүү ооч, шүдний түүшин дайрсан хугарал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зүүн талын эрүүний мултрал, зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, тархи доргилт, дээд үүдэн 4 шүдний сулрал гэмтэл нь хөнгөн, бусад зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэжээ.

Шинжээчийн дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17,18 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж гаргасан, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 1.9.2-т “Шинжлүүлэгч нь нэг цаг хугацаанд биедээ хэд хэдэн гэмтэл авсан бол шаардлагатай тохиолдолд гэмтэл тус бүрт эрүүл мэндийн хохирлын зэргийг тогтоох ба эдгээрийн аль хүндээр нь гэмтлийн зэргийг үнэлж, хэрэв эдгээр гэмтлүүд нэг нэгэндээ харилцан нөлөөлж шинжлүүлэгчийн биеийн байдлыг хүндрүүлсэн бол тэгээдрийг бүрдэл байдлаар авч үзэж эрүүл мэндийн хохирлын зэргийг тогтооно” гэж заасанд нийцсэн байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг баримтлахаар шийдвэрлэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болох нотлох баримтаар тооцсон болно.

Мөрдөн байцаалтын шатанд Дундговь аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хохирогч Н.Дэлгэрмаагийн эцэг Г.Н, эх Г.Марал-Эрдэнэ нарт хамтарсан багийн ажилтнууд шаардлага тавьсан боловч хүүхдийг уралдаанд оролцуулсны улмаас Н.Дэлгэрмаа нь хүнд гэмтэл авсан гэж үзэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр мөн газрын мэргэжилтэн Ш.Эрдэнэсувдыг тогтоолгох тухай хүсэлт /хх-36/ гаргасныг хангаж,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Ш.Эрдэнэсувдыг тогтоон ирүүлжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд хохирогчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээж оролцох талаар тайлбарлаж танилцуулсан байна.

Шүүхийн хэлэлцлүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Хүүхэд бүрэн эдгэрсэн. Цэцэрлэгтээ явж байгаа. Бодь даатгалын газраас 1260000 төгрөг олгосон. Нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” гэж мэдүүлэн иргэний нэхэмжлэл гаргаагүй болно.

 

         Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд …хууль бусаар болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 506 дугаар зүйлийн 506.1-д “Арван зургаан насанд хүрээгүй бөгөөд цалин, хөлс, орлогогүй иргэний эрүүл мэндэд гэм хор учруулсан бол гэм хор учруулсан этгээд нь ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлыг энэ хуулийн 505.1-д зааснаар нөхөн төлнө”  тус тус заажээ.

          Хуулийн дээрх заалтын дагуу шүүгдэгч Г.Н нь өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас бага насны Н.Дэлгэрмаагийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч, түүний төлөөлөгч нар нь Н.Дэлгэрмаагийн эрүүл мэндэд учирсан хохирлыг нөхөн төлж, гэм хорыг арилгахыг Г.Ноос шаардах эрхтэй байна.

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирол төлбөр нэхэмжлэх эсэх нь хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгчийн эрхийн асуудал учраас өнөөдрийн шүүх хуралдаанаас иргэний нэхэмжлэлтэй холбоотой  шийдвэр гаргах боломжгүй тул жич нэхэмжлэх эрхтэйг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

 

               3/ Оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

        Шүүгдэгч Г.Н нь өмнө нь гэмт хэрэг үйлдэж, шийтгүүлж байгаагүй нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-87/ тогтоогдож байна.

        Шүүгдэгч Г.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн нь түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.  Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

        Иймд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хохирол төлбөр нэхэмжлээгүй болон түүний хувийн байдлыг харгалзан түүнд орих ял оногдуулахгүйгээр тэнсэж, нийгэм, хамт олны дунд засарч үмүүжих боломж олгохоор шийдвэрлэлээ.

 

4/ Бусад асуудлын талаар:

Улсын яллагч дүгнэлт гаргахдаа “Г.Н нь 2019 оны 6 сарын 24-ний өдөр Сайнцагаан сумын нутаг дэвсгэрт зохион байгуулагдсан “Халзан” уулын тахилга наадмын үеэр өөрийн 4 настай хүүхэд болох Н.Дэлгэрмаагаар даага насны морь унуулж, улмаар уг хүүхдийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан болгоомжгүйгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэгт хамаарч байгаа. Уралдааныг зохион байгуулсан ажлын хэсгээс хүүхдийг бага насны хүүхэд, уралдуулж болохгүй гэдэг шаардлага тавьсан боловч тухайн наадмын үеэр насны хувьд хориглолт тавих боломж байгаагүй. Учир нь:Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т зааснаар 7-оос дээш насны хүүхдээр хурдан морь унуулна гэж заасан боловч энэ нь зөвхөн Үндэсний их баяр наадам зохион байгуулах үед хамаарч байгаа. Үндэсний их баяр наадам гэдэгт улс, аймаг, нийслэлийн албан ёсны наадмыг хамруулахаар заасан. Иймд шүүгдэгчийг тухайн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна” гэв.

         Үндэсний их баяр наадмын тухай хуулийг судлахад уг хуулиар үндэсний уламжлалт их баяр болох үндэсний их баяр наадмыг улс, аймаг, нийслэл, сум, дүүрэгт хэрхэн тэмдэглэх, мөн үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын харвааг хэрхэн зохион байгуулж явуулах, тавигдах нийтлэг шаардлагын талаар хуульчлан зааж зохицуулсан байна.

         Үндэсний баяр наадмын тухай өөр хууль Монгол Улсад батлагдан гараагүй, байхгүй юм.

         Үндсэн хуульд зааснаар Монгол Улс нь төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байх бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэр зөвхөн засаг захиргааны хувьд аймаг нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагддаг.

         Дээр дурьдсан Үндэсний их баяр наадмын тухай хууль нь Монгол Улсын нутаг дэвсгэрт зохион байгуулагдаж буй үндэсний уламжлалт баяр наадамтай холбоотой нийтлэг харилцааг зохицуулсан хууль байх тул Үндэсний их баяр наадмаас гадна Монгол Улсад албан ёсоор зохион байгуулагдаж буй бүх түвшний баяр наадамд хамааралтай гэж ойлгож хэрэглэлээ.

         Иймд тухайн хуульд заасан хурдан морийг 7-гоос дээш насны хүүхэд унах тухай хуулийн заалтыг шүүгдэгч Г.Н зөрчсөн гэж дүгнэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус

заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

        1.Шүүгдэгч Амгалан овогт Г.Н-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

        2.Эрүүгийн хуулийн  Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Амгалан овогт Г.Н-т Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.  

3.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.2  дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Амгалан овогт Г.Н-ын хурдан морь уяж, уралдуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ял оногдуулж шийтгэсүгэй.

5.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн  5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.Нт оногдуулсан  эрх хасах ялын хугацааг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай. 

6.Шүүгдэгч Г.Н нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд зүйл хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч иргэний нэхэмжлэл гаргаагүй, хохиролд Дундговь аймгийн Гурвансайхан сумын 2-р багийн иргэн Г.Марал-Эрдэнэд “Бодь” даатгалаас 1260.000 төгрөг хүлээлгэн өгсөн болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирогч Н.Д-ийн эрүүл мэндэд учирсан гэм хорын нэхэмжлэлийг нотлох баримт бүрдүүлж Г.Н-оос нэхэмжлэх эрхтэйг заасугай.

 

8.Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Н-т авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйл, 21.3 дугаар зүйлд зааснаар эд мөрийн баримтаах хураагдаж ирсэн 2 минут 44 секунтын бичлэг бүхий дискийг Г.Н-т холбогдох эрүүгийн хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалсугай.

                          

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    С.СЭРЖМЯДАГ