| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2016/06935/И |
| Дугаар | 5501 |
| Огноо | 2016-10-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 5501
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 78А-1-р байрны 1301 тоот, “Очир хотхон” СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 78А-2-р байрны 604 тоотод оршин суух, Гангийн тулгат овогт Хэнмэдэхэвийн Бат-Эрдэнэ /РД: ЙЭ52061811/-д холбогдох,
628 360 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Батболд, хариуцагч Х.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Батболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Очир хотхон” Сууц өмчлөгчдийн холбоонд дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний болон цэвэрлэгээ, лифт, жижүүрийн зардлыг 2014 оны 8-12 сарын 135 660 төгрөг, 2015 оны 1-12 сарын 294 620 төгрөг, 2016 оны 1-8 сарын 198 080 төгрөг бүгд 628 360 төгрөгийн төлбөрөө төлөөгүй байна. “Очир хотхон” Сууц өмчлөгчдийн холбооноос удаа дараа мэдэгдэл өгч, төлбөр төлөхийг шаардаж байсан боловч одоог хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байна. Иймд Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль болон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5-р бүлгийн 143, 146, 147-р заалтын дагуу 2014 оны 8-12 сарын 135 660 төгрөг, 2015 оны 1-12 сарын 294 620 төгрөг, 2016 оны 1-8 сарын 198 080 төгрөг бүгд 628 360 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 19 501 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Х.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 628 360 төгрөгийг төлөх ёстой бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулна гэв.
Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Очир хотхон” СӨХ нь хариуцагч Х.Бат-Эрдэнэд холбогдуулан 628 360 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд хариуцагч Х.Бат-Эрдэнэ нь 628 360 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь хариуцагчийн тайлбараар нотлогдож байхаас гадна нэхэмжлэгчийн өмгөөлөгч уг хүсэлтийг зөвшөөрч байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Очир хотхон” СӨХ-ны нэхэмжлэлтэй, Х.Бат-Эрдэнэд холбогдох, 628 360 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 628 360 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19 501 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 19 501 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН