| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 169/2019/0107/Э |
| Дугаар | 111 |
| Огноо | 2019-12-05 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 111
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга: Г.Алдармаа
Улсын яллагч: Т.Т
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Д
Шүүгдэгч:М.Б нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б-т холбогдох 1922001880099 тоот хэргийг 2019 оны 10 сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Мандалговь хотод 1985.07.29-нд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ковшийн оператор мэргэжилтэй, “Эрдэнэгипс ХХК-д ковшийн оператор ажилтай гэх, ам бүл-3, эх, хүүгийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9-р баг Мандалын 17-2 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:УС85072917/ Боржигон овогт Мөнхтуяагийн Бүрэнбаатар нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгчийн мэдүүлгийг сонсч, талуудын хүсэлтээр хэргээс баримтуудыг шинжлэн судлахад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт ач холбогдолтой, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай баримт цугларсан байна.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1/ Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Б нь Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 2-р багийн нутаг дэвсгэрт гөлтгөнө олборлох үйл ажиллагаа явуулдаг гэх Эрдэнэгипс ХХК-ийн ажилчдын амрах байранд 2019 оны 7 сарын 8-наас 9-нд шилжих шөнө иргэн М.Болддавааг зодож, бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч М.Б нь “Ууж байх явцад Түвшинбаяр Болддаваад хандаж “та дандаа бөгс бөөр ярьдаг, тэрийгээ болиоч, миний үеийн залуучууд олон байгаа болохоор намайг шоолоод хэцүү байна” гэхэд “чи намайг шүүмжилдэг хэн бэ” гээд Түвшинбаяртай маргалдаж байгаад 3 удаа цохихоор далайсан. Сүүлийнх дээр цохьсон эсэхийг анзаараагүй, Түвшинбаяр ор руу унасан. Яг тэр үед гаднаас Молор-Эрдэнэ орж ирж таараад Болддаваагийн араас нь гарыг нь бариад арагш нь татах үед өмнөө байсан пиво аягалж байсан шаазан аягыг авч, Боддаваагийн хэвлий хэсэг рүү чиглүүлж шидсэн. Дух руу нь цохих гэж шидээгүй. Арагшаа унаж таараад аяга духан дээр нь хагарсан“ гэж мэдүүлсэн нь:
- гэрч Э.Түвшинбаярын “манай ажлын ах нар “шигшүүргэ гагнаж янзлана” гээд ярьж байснаа Болддаваа ах “надад олон найз охин байгаа” гэх мэт яриа өрнүүлэхээр нь Би Болддаваад хандан “та ажлын байран дээр дандаа бөгс бөөр ярих юмаа, мөн Бүрэнбаатар бид хоёрыг холбож тоглоом хийх юм аа үүнийгээ больмоор байна” гэж хэлтэл Болддаваа надад хандан “чи миний юу ярих, идэж уухыг заахгүй шүү. Чам шиг залхуу гичийгээр амьдралаа заалгах болоогүй шүү” гэж миний нүүр хэсэг рүү хуруугаараа чичээд байхаар нь “та битгий миний нүүр рүү чичээд бай” гэтэл миний нүүр рүү цохих үйлдэл хийсэн, би арагшаа гэдийж хажуугаараа гаргатал дахин цохьсон, би дахин арагшаа гэдийгээд гаргаад зодох гээд байна гэж бодоод босоод явах гэтэл миний цээж хэсэг рүү түлхээд би арагш орны төмөр хэсэгт нуруугаараа цохигдоод унасан. Манай ажлын хамт олон нэг нэгийгээ гадуурхах ямар нэгэн асуудал гаргадаггүй юм. Гэхдээ 2019 оны 6 дугаар сарын 25-ны орчимд шөнийн цагаар намайг жорлон орчихоод явж байтал Болддаваа ах жорлон чиглээд явж байснаа намайг “хамт жорлон оръё” гээд татаж чангаагаад байсан. Мөн Болддаваа гэх хүн юм ярихаараа садар самуунтай зүйл байнга ярьдаг учраас би их айсан” гэх мэдүүлэг /хх-21-22/,
- гэрч Н.Молор-Эрдэнийн “Би байрнаас гараад бие засчихаад орж иртэл Түвшинбаяр Болддаваад хандан “та наад хуруугаараа над руу чичихээ боль” гэж хэлсэн чинь Болддаваа Түвшинбаярт хандан “залхуу гичий, залхуу гичий” гээд дахин дахин хуруугаараа нүүр лүү нь тулгаад чичээд байсан Гэтэл Түвшинбаяр Болддаваагийн гарыг түлхэж холдуулаад байсан. Би байдлыг хараад Болддаваад хандан “та болиоч ямар асуудлаас болж ийм зан гаргаад байгаа юм бэ” гэж хэлсэн. Болддаваа минии хэлснийг тоолгүй үйлдлээ үргэлжлүүлж байснаа Түвшинбаярын нүүр хэсэг рүү цохьсон чинь Түвшинбаяр хойш гэдийгээд гарнаас нь бултсан. Дахин Түвшинбаярыг цохих үйлдэл хийхэд дахиад гэдийгээд бултсанаа босох гээд өндийсөн чинь Болддаваа дахин цохих үйлдэл хийсэн нь Түвшинбаярын ташаа хавьцаа гар нь таараад хойшоо унасан. Би Болддаваатай зэрэгцэж сууж байснаа “эмэгтэй хүнтэй яаж харьцаад байгаа юм бэ” гэж хэлээд хоёр гарыг нь атгаад хойш унаж байх үед гэнэт Болддаваагийн нүүр хэсэгт шаазан аяга нисэж ирж оноод хагарсан. Би Түвшинбаярыг шидчихэж байгаа юм байх гээд эргээд хартал Бүрэнбаатар Болддаваад хандан эмэгтэй хүнийг цохьдог чи хэн юм бэ п... минь гээд босоод ирсэн” гэх мэдүүлэг /хх-17-18/ зэрэг баримтаар батлагдаж байна.
Хохирогч Б.Б тухайн үед дадлагын оюутан болох Э.Түвшинбаяртай хэрүүл маргаан үүсгэж, хүч хэрэглэхээр заналхийлэн цохихыг завдах зэргээр зүй бусаар харьцсан болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байгаа боловч түүний үйлдлийн улмаас Э.Түвшинбаярын бие махбодид гэмтэл учраагүй, Э.Түвшинбаярт тулгарсан аюулыг өөр арга хэрэгслээр арилгах, таслан зогсоох бүрэн боломжтой байхад М.Б нь хохирогч Б.Б руу аяга шидэн цохих, гараар цохих, өшиглөх зэргээр довтолж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь буруу байна.
Шүүгдэгч М.Б нь өөрийнх нь үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд хохирол учирч болно гэдгийг мэдсээр байж аяга шидэх үйлдэл хийснийхээ дараа хохирогч руу очиж гараараа цохих, өшиглөх зэргээр үйлдлээ үргэлжлүүлсэн, мөн зодоон таслан зогсоогдсоны дараа хохирогчийг аваад эмнэлэг хүргэх замда үргэлжлүүлэн маргалдаж, хохирогчтой заамдалцах зэрэг үйлдэл гаргасан, түүний энэ үйлдлийн улмаас хохирогчийн бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь хохирогч Б.Бгийн 2 удаагийн мэдүүлэг /хх-8-11,12-13/ гэрч Н.Молор-Эрдэнэ , Э.Түвшинбаяр, Ц.Ган-Эрдэнэ , Б.Баясгалан нарын мэдүүлэг /хх -17-18, 20-22, 24/, шинжээчийн 1164 тоот дүгнэлт /хх39-40/ зэрэг баримтаар нотлогдож байх тул М.Быг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж, шийтгэх үндэслэлтэй байна.
2/ Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар өөрийн санаатай үйлдлийн улмаас бусдад учирсан гэм хорыг буюу хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах гээд зайлшгүй бүх зардлыг шүүгдэгч М.Б хариуцан арилгах үүрэгтэй, өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахыг хохирогч Б.Б шаардах эрхтэй байна.
Шинжээчийн 2019 оны 9 сарын 12-ны өдрийн 1164 тоот дүгнэлтэд: Б.Бгийн бие махбодид “баруун 10, зүүн 8-р хавирганы хугарал, баруун уушигны доод дэлбэнгийн 10-р сегментийн няцрал, тархи доргилт дух, хамар, 2 нүд орчмын зөөлөн эд орчмын няцрал, дух хамар зүүн нүдний дотор доод хэсэгт шарх гэмтэл тогтоогдсон. Эдгээр гэмтлээс баруун 10, зүүн 8-р хавирга буюу 2 хавирганы хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Харин бусад гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Хохирогчийн КТГ-н зургийг дахин уншуулахад баруун 10, зүүн 8-р хавирганы хугарал тогтоогдсон ба цээжний баруун хөндийн бага хэмжээний цусан хураа гэмтэл тогтоогдсонгүй” гэжээ /хх-39-40/
Хэргээс үзэхэд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоолгоор шинжээчийн дүгнэлтийг 2 удаа гаргуулсан байна. 2019 оны 7 сарын 24-ний өдрийн 8829 тоот дүгнэлтээр хохирогч Б.Бгийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэж дүгнэлт гаргажээ. Энэ талаар дүгнэлт гаргасан эмч Ч.Эрдэмболороос тодруулахад “2019.07.22-ны өдөр Б.Бгийн биед үзлэг хийж ГССҮТ-ийн 09444 дугаартай өвчний түүхийн хуулбартай танилцаж дүгнэлт гаргасан. Дүгнэлтээр Болддаваагийн биед тархи доргилт, дух, хамар, 2 нүд орчмын зөөлөн эдийн няцрал дух, хамар зүүн нүдний дотор хэсгийн шарх баруун 8-р хавирганы хугарал, баруун уушигны доод дэлбэнгийн эдийн няцрал, цээжний баруун хөндийн бага хэмжээний цусан хураа гэмтэл тогтоогдсон. Эдгээр гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэлт гаргасан. 2019.09.12-ны өдөр Б.Бгийн биед учирсан гэмтлийг тогтоох зорилгоор шүүх эмнэлгийн нэмэлт магадлан шинжилгээ хийсэн. Энэ үед хохирогчийн гэх компьютер томографийн зургийг дүрс оношлогооны шинжээчээр уншуулахад өмнөх гэмтлийн эмнэлгийн өвчний түүхэн дээр байсан баруун талын талын 8-р хавирганы хугарал баруун талын 10-р хавирганы бороолж буй хугарал гэсэн нь зөрүүтэй байсан бөгөөд баруун биш зүүн талын 8-р хавирга хугарсан, баруун талын 10-р хавирганы бороолсон хэсгээрээ дахин хугарсан нь тогтоогдсон ба уг 10-р хавирганы хугарлын харалдаа уушигны няцралтай байсан. Харин цээжний баруун хөндийн бага хэсгийн цусан хураа нь тогтоогдоогүй. Дээрх 2 хавирганы хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэж дүгнэлт гаргасан. Бусад байдлын талаар дүгнэлтэд тодорхой тусгасан. Дээрх 10-р хавирганы хугарал хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэж мэдүүлсэн байна. /хх27-28/
Дээрх нөхцөл байдлыг дүгнэж үзээд шинжээчийн 2019.09.12-ны өдрийн 1164 тоот дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17,18 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж гаргасан, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 1.9.2-т “Шинжлүүлэгч нь нэг цаг хугацаанд биедээ хэд хэдэн гэмтэл авсан бол шаардлагатай тохиолдолд гэмтэл тус бүрт эрүүл мэндийн хохирлын зэргийг тогтоох ба эдгээрийн аль хүндээр нь гэмтлийн зэргийг үнэлж, хэрэв эдгээр гэмтлүүд нэг нэгэндээ харилцан нөлөөлж шинжлүүлэгчийн биеийн байдлыг хүндрүүлсэн бол тэдгээрийг бүрдэл байдлаар авч үзэж эрүүл мэндийн хохирлын зэргийг тогтооно” гэж заасанд нийцсэн байх тул шүүх шинжээчийн 1164 тоот дүгнэлтийг баримтлахаар шийдвэрлэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болох нотлох баримтаар тооцсон болно.
Хохирогч Б.Б нь 2019 оны 7 сарын 10-наас 16-ны хооронд Гэмтэл согог судлалын үндэсний төвд 6 хоног хэвтэж, эмчийн эмчилгээ хийлгэсэн, мөн хугацаандаа толгойн болон цээжний хөндийн компьютерт томографи, хэвлийн хэт авиан оношлогоо шинжилгээ хийлгэсэн, 2019.09.09-нд улсын 3-р эмнэлэгт зүүн нүдний доод зовхин дахь нулимсны сувгийн ойролцоо байсан гадны биет авах мэс засалд орсон болох нь ГССҮТ-ийн 09444 дугаартай өвчний түүх /хх70-82/, хэргийн материалаар шинжилгээ хийсэн 1164 тоот дүгнэлт, ГГСҮТ-д мөнгө тушаасан, улсын 3-р эмнэлэгт төлбөр шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр тогтоогдож байна.
Хохирогч нь “Би Бүрэнбаатарт зодуулах үедээ Дэлгэрхангай сумын 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Эрдэнэгипс” ХХК-д өөрийн эзэмшлийн 01-14УБД улсын дугаартай “Норд бенз” өөрөө буулгагч машиныг түрээсээр ажиллуулж өөрөө жолоодож байсан юм. Би ажиллаагүй 2 сарын хугацаанд 14 сая төгрөгийг машины түрээсэнд олох боломжтой байсан. Би “Эрдэнэгипс” ХХК-тай ажлын болон түрээсийн гэрээ байгуулаагүй. Миний төрсөн дүү Болдбаатар нь “Эрдэнэгипс” ХХК-ний захирал Эрка гэх залуутай ярилцаад намайг явуулсан. Гэвч Болдбаатар сүүлд нь гэрээ байгуулсан гэж ярьж байсан. Миний биед одоо ямар нэг өвдсөн зовиур шаналал байхгүй боловч нүүрэнд сорви үлдсэн байна. Миний 01-14УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2019.07.08-ны өдрөөс 2019.09.19-ний өдөр хүртэл ямар нэгэн ажилд гарч чадаагүй. Би гомдолтой байна. Би эмчилгээний зардал болон ажиллаагүй хугацааны зардлаа нэхэмжилмээр байна” гэж мэдүүлсэн /хх-10-11/ ба шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт “гэмтэлд 7 хоног шулуун гэдсээ эмчлүүлсэн, гэрээрээ 2 сар эмчилгээ хийлгэсэн. Нүдний хагалгаанд орсон, эмчлгээний зардалд ойролцоогоор 3.4 сая орчим төгрөгийн зардал гарсан, үүн дээр ажилгүй байсан хугацаандаа олох ёстой байсан орлого 14 сая төгрөг, нийт 18 сая төгрөг нэхэмжилнэ” гэж мэдүүлсэн боловч нотлох баримт гаргаж өгөөгүй байна.
Хохирогч нь шүүх хуралдаанд нийт 3445060 төгрөгийн баримт ирүүлснийг судалж үзэхэд Гэмтэл согог судлалын үндэсний төвд хувь хүнээс төлсөн 53937 төгрөг, Лазер мед эмнэлэгт компьютерт томографи хийлгэхэд тушаасан 220000 төгрөг, Улсын 3-р эмнэлэгт нүдний хагалгааны төлбөрт шилжүүлсэн 100000 төгрөг, 11 сарын 1-нд шүүх хуралдаанд ирсэн бензин шатахууны төлбөрт гарсан зардал 50200 төгрөг, 7 сарын 25-нд хохирогчоор Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст мэдүүлэг өгөхад зарцуулсан 13000 төгрөг, нийт 437137 төгрөгийг хохирогчид бодитойгоор учирсан хохиролд тооцож, шүүгдэгч М.Баас гаргуулж хохирогчид олгох үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Бгийн баримтаар нээмжилснээс үлдэх 3007923 төгрөгтэй холбогдох хэсэг болон олох ёстой байсан орлого 14 сая төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг нотлох баримт хангалтгүй цугларсны улмаас өнөөдрийн шүүх хуралдаанаас шийдвэрлэх боломжгүй тул хэлэлцэхгүй орхихоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон нь шүүх уг нэхэмжлэлийг шийдвэрлэхээс татгалзаж байгаа асуудал биш тул шаардлагатай гэж үзвэл хохирогч Б.Б нь нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болохыг энэхүү тогтоолын тогтоох хэсэгт дурьдах нь зүйтэй.
3/ Оногдуулах ял шийтгэлийн талаар:
Шүүгдэгч М.Б нь анх удаа гэмт хэрэгт шийтгүүлж байгаа болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар/хх-51/ тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх дээрх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм бууугаа хүлээн зөвшөөрч шударгаар мэдүүлсэн, мөн улирлын чанартай ажил эрхэлдэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ял сонгон хэрэглэж, оногдуулахаар шийдвэрлэлээ.
Гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн гэх аяганы 10 ширхэг хагархайг устгуулахаар шүүхийн Тамгын газарт шилжүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигон овогт Мөнхтуяагийн Бүрэнбаатарыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Мөнхтуяагийн Бүрэнбаатарт 360 /гурван зуун жаран/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч М.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд зүйл хураалгаж битүүмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар М.Баас 437137 /дөрвөн зуун гучин долоон мянга нэг зуун гучин долоон/ төгрөгийг гаргуулж Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын 26-41 тоотод оршин суугч Батболдын Болддаваад олгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар Б.Бгийн нэхэмжлэлээс үлдэх 3007923 төгрөгтэй холбогдох хэсэг болон олох ёстой байсан орлого 14 сая төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.
6. Хохирогч Б.Б нь хэлэлцэхгүй орхисон иргэний нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлж өөрийн болон шүүгдэгч М.Бын оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурьдсугай.
7. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Бт урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар ирүүлсэн шаазан аяганы 10 ширхэг хэлтэрхийг устгуулахаар Дундговь аймгийн шүүхийн Тамгын газарт шилжүүлж, баримтыг М.Бт холбогдох хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Нямаад даалгасугай.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ