| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 169/2019/0111/Э |
| Дугаар | 112 |
| Огноо | 2019-12-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Хаш-Эрдэнэ |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 112
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга: Г.Алдармаа
Улсын яллагч: Г.Х
Шүүгдэгч:М.Г нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн М.Гд холбогдох 1922003140134 тоот хэргийг 2019 оны 12 сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Говь-Угтаал суманд 1990.02.04-нд төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, Говь-Угтаал сумын Ерөнхий боловролын дунд сургуульд жижүүр ажилтай гэх, мэргэжилгүй, ам бүл-1, Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 2-р баг, Дэлгэрхонгорын 404-4 тоотод оршин суудаг, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, М. Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгчийн мэдүүлгийг сонсч, талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлахад тухайн баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай баримт цугларсан байна.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1/ Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Г нь 2019 оны 11 сарын 11-ний өдөр 12 цагийн орчимд Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 2 дугаар баг Дэлгэрхонгорын 404-4 тоотод байрлах өөрийн гэртээ архидан согтуурч Б.Оын нуруун тус газарт хутгалж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах баримтаар тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч М.Г нь хамтран амьдрагч Мөнхтунгалаг гэгчийг уруу татсан, гэр бүл үймүүлсэн гэх шалтгаанаар хохирогч Б.Оын гэр бүлийн хүн Б.Мөнгөн-Эрдэнэтэй таарамжгүй харьцаатай байсан нь гэрч Б.Мөнгөн-Эрдэнийн “Гантулга гэдэг хүний салсан эхнэр Мөнхтунгалагтай нэг сумынх болоод их найзалдаг байсан. Өнгөрсөн жил би Говь-Угтаалд буцаж ирээд ажилласан. Өнгөрсөн жил Гантулга эхнэр Мөнхтунгалагаасаа салсан байсан. Энэ жилийн эхэн үед Гантулга надтай зүгээр мэнд устай байдаг байсан. Өнгөрсөн зун 8-р сард Гантулга манай Говь-Угтаал сумаас баруун хойд зүгт “Гашуун” гэдэг газар нутагладаг манай аав ээж дээр согтуу машинтай очоод агсам тавиад дарамталж хоносон байсан. Тэр үйл явдал тэгээд өнгөрсөн. Тэрнээс хойш надтай тааралдахаараа надад юм хэлэхгүй мөртлөө хамт ууж идэж байгаа хүмүүстээ “миний амьдралд Мөнгөн-Эрдэнэ гай болсон. Тэрнээс болоод Мөнхтунгалаг бид хоёр салж сарнисан. Би Мөнгөн-Эрдэнийг зүгээр байлгахгүй, миний амьдралыг ямар болгосон өөрийнх нь амьдралыг тийм болгоно” гэж занадаг болсон байсан. Одоогоос нэг cap орчмын өмнө нь би машинтайгаа явж байхад Гантулга надтай согтуу тааралдсан. Гантулга шууд миний машинд орж ирээд надад хандаж “чи миний амьдралд гай болсон” гэж хэлээд намайг заамдаж аваад “би чамайг яавал яана, би чамайг ална” гэж заналхийлж байсан. Би тэр үедээ айлын хашаа руу ороод нуугдсан. Тэр үедээ Гантулга намайг айлгаад сүрдүүлээд байсан. Бусдаар бол гар хүрээгүй. Нэг шөнө Гантулга согтуу манай гэрийн хаалгыг балбаад гэрт орж ирсэн байсан. Манай гурван хүүхэд Гантулгын нэг хүүхдийн хамтаар байсан. Тэр үед Гантулга манай хүүхдүүдийг айлгасан байсан. Тэрнээс хойш манай хүүхдүүд Гантулгаас одоог хүртэл айгаад байдаг болсон. Манай бага хүүхэд Гантулга намайг хамгийн сүүлд машинд орж ирээд дарамталж багалзуурдсанаас хойш шөнө айгаад орилоод байгаа. Ер нь бол Гантулга, Амарзаяа гэдэг хүнд “би Мөнгөн- Эрдэнийг гэрийнх нь гаднаас шатааж ална” гэж заналхийлж хэлсэн байсан. Үүнээс болоод би сүүлийн үед их түгшүүртэй байгаа. Би сүүлд нөхөртөө хандаж хүүхдүүд чинь Гантулгаас айгаад их түгшүүртэй байна гэж хэлж байсан. Тэгтэл манай нөхөр Очирбат Гантулгатай эрүүл тааралдаад Гантулгад хэлэхэд Гантулга уучлаарай согтуудаа ингэчихээд байгаа юм аа гэж хэлсэн байсан. Тэгээд тэр хоёр хоорондоо эвлэрээд хамт архи уугаад тэгээд сүүлдээ нэгийгээ хутгалсан байсан. Гантулгыг эхнэрээс нь салгах ямар ч тийм асуудал байхгүй. Намайг Мөнхтунгалагтай найзалж байхад Гантулга тэр 2 огт муудалцаж байгаагүй. Би тэр 2-ыг салсан хойно нь буцаад нийлээч гэж Мөнхтунгалагт хэлж байсан” гэх мэдүүлгээр /хх14-16/ нотлогдож байна.
Иймд шүүгдэгч М.Г нь хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Б.Оын дал орчимд нь хутгалж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь дээр дурьдсан баримтуудаар нотлогдож байх тул М.Гантулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ял оногдуулж, шийтгэх үндэслэлтэй байна.
2/ Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан байна.
Дээрхи хуулийн заалтаар өөрийн санаатай үйлдлийн улмаас бусдад учирсан гэм хорыг шүүгдэгч М.Г хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч Б.О нь өөрийнхөө эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахыг М.Гас шаардах эрхтэй байна.
Хохирогч Б.О нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй ба шүүгдэгч М.Гас 300.000 төгрөг хүлээн авсан баримт ирүүлсэн ба шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “шүүгдэгч М.Г 300.000 төгрөг шилжүүлсэн, үлдсэн мөнгөнд нь мал авахаар тохиролцсон учир гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болох нь түүнд шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтаар тогтоогдож байна.
Хэргээс үзэхэд хохирогч мөрдөн байцаалтын шатанд шатахууны зардлын баримт 427160 төгрөг нэхэмжлэн холбогдох баримтыг гаргаж өгснийг судалж үзэхэд гэмт хэргийн улмаас учирсан бодитой хохирол мөн эсэх нь эргэлзээтэй, нотлох баримт хангалтгүй байх тул хохирогчийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Б.О нь өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ш.Гантулгаас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
3/ Оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч М.Г нь Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 сарын 18-ны өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар баримтаар /хх-50-55/ тогтоогдож байна.
75 дугаартай шийтгэх тогтоолыг судалж үзэхэд М.Г нь 2018 оны 6 сарын 11-нээс 12-нд шилжих шөнө иргэн Р.Баянжаргалыг таарамжгүй харьцааны улмаас баруун дал, хөлөнд нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт шийтгүлсэн байна.
Шүүгдэгч М.Г нь хохирогчийг хутгалсан даруйдаа хөрш С.Дашнямд мэдэгдэж, эмнэлэгийн туслалцаа авсан, өөрийн сайн дураараа 300000 төгрөгийг хохирогчид хүлээлгэн өгч гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлж гэм хорыг арилгахад санаатай хандсан нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэг, зүйлд заасан буюу 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хоёр дахь удаагаа үйлдсэн, хүйтэн зэвсэг буюу хутга хэрэглэн гэмт хэрэг үйлддэг нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Эдгээр бүх нөхцөл байдлыг болон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн зэргийг харгалзан үзэж, улсын яллагчийн саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэж, ялын хэмжээг 280 цагийн хугацаатай оногдуулах тухай саналыг хангаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч М.Г нь Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Ерөнхий боловсролын сургуульд 2019 оны 9 сарын 16-ны өдрөөс сургуулийн жижүүрийн ажилд томилогдсон болох нь сургуулийн захирлын тушаалаар /хх-57/ тогтоогдож байна.
Шүүгдэгч “одоогоор ажлаа хийхгүй байгаа” гэж мэдүүлсэн ба түүний өмгөөлөгчөөс “цаашид энэ ажлаа хийх боломжтой байгаа тул торгууль оногдуулах” тухай санал гаргасныг судалж үзээд М.Г нь зан байдлын хувьд төлөвшөөгүй, үйлдсэн хэрэг нь хөнгөн гэмт хэрэг боловч нийгмийн аюулын шинж чанар ихтэй, хүйтэн зэвсэг хэрэглэн хүний эрүул мэндэд хохирол учруулсан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авсангүй. Мөн энэ шалтгаанаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэх нь зохисгүй гэж үзсэн тул шүүхээс М.Гд оногдуулсан ялыг эдлүүлэх ажлыг тусгайлан заагаагүй болно.
Гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн хутгыг устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигон овогт М.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Боржигон овогт Мишигдоржийн Гантулгад 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч М.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд зүйл битүүмжлүүлээгүй, 300.000 /гурван зуун мянган/ төгрөг хохирогчид хүлээлгэн өгснийг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчоос баримтаар нэхэмжилсэн бензин түлшний зардалд 427160 /дөрвөн зуун хорин долоон мянга нэг зуун жаран/ төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхисугай.
5. Хохирогч Б.О нь өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ш.Гантулгаас нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
6. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн хутгыг устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.
7. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутгыг Шүүхийн Тамгын газарт хүлээлгэн өгч, баримтыг М.Гд холбогдох 1922003140134 тоот хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Нямаад даалгасугай.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ