Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 119/2019/0013/З |
Дугаар | 221/МА2020/0556 |
Огноо | 2020-09-24 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 221/МА2020/0556
Д.А-гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Н.Хонинхүү, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 18 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Д.А-гийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Ерөнхий архитектор Б.М, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн Г.Б, Баян-Өндөр сумын Уурхайчин багийн Засаг дарга нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 18 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4, 23 дугаар зүйлийн 23.2.10, 23.3.5, 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.3.5, 61 дүгээр зүйлийн 61.1, Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3, 22 дугаар зүйлийн 22.1.2 дахь заалтуудыг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.А-гийн Орхон аймгийн Ерөнхий архитектор Б.М, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэн Г.Б, Баян-Өндөр сумын Уурхайчин багийн Засаг дарга Г.Г нарт холбогдуулан гаргасан Баянтүшлэг Ундрага ХХК-иас зуруулж, батлуулсан Хурд авто засварын гадна ногоон байгууламж, тохижилтын шифр:V-02/2017 зургийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийг, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон тус газрын Хот байгуулалтын кадастр, зураг төсөл, магадлалын асуудал хариуцсан мэргэжилтэн /О.Ч/, Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын Улсын байцаагч Д.Л, Онцгой байдлын газрын дарга Г.Г, аймгийн Ерөнхий архитектор Б.М нарт холбогдуулан гаргасан Баянтүшлэг Ундрага ХХК-иас зуруулж, батлуулсан Хурд авто засварын гадна ногоон байгууламж, тохижилтын шифр:V-05/2019 зургийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлүүдийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, Д.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М нар давж заалдах гомдолдоо: Хурд, Диагностик авто засварын дэргэдэх ногоон байгууламж, тохижилтын шифр V-02/2017 зургийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тухайд: Нэхэмжлэгч нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа уг ногоон байгууламжийн зургийг хууль бус хүчингүй болгуулахаар нэгдүгээрт Д.А-гийн эзэмшил газрын өргөтгөл барьсан хэсгийг давхцуулан ногоон байгууламж барих зорилгоор хийсэн зургийг баталсантай холбогдуулан эзэмшил газрыг хууль бусаар бусдад ашиглуулж ногоон байгууламж барихаар зураг баталсан нь газар эзэмших эрхийг зөрчиж байгаа гэж үзэж, хоёрт Д.А-гийн эзэмшил газраа ашиглахад үйлчлүүлэгчдэд үйлчлэх, үйлчлүүлэгч хүлээн авах ертөнцийн зүгээр урагш харсан хаалгыг хааж, нийтийн эзэмшил газарт ногоон байгууламж барихаар зурагдсан зургийг баталж эрх, үүрэг /хариуцагч нарын тайлбарласнаар үүрэг гэх боловч ногоон байгууламжийг бариагүй 2 жил болж байхад хариуцлага хүлээдэггүй тул эрх гэж үзэхээр байдаг/ үүсгэж байгаа нь газар эзэмшигчийн хувьд газраа зориулалтын дагуу эзэмшиж ашиглаж, хувийн аж ахуй эрхлэх үйл ажиллагааг хэсэгчлэн хязгаарласан захиргааны үйл ажиллагааг эс зөвшөөрч, уг эрхээ зөрчигдөж байгаатай холбогдуулан нэхэмжлэл гаргасан.
Уг нэхэмжлэлийн эхний үндэслэл болох уг зургиийн зарим хэсэг нь Д.А-гийн эзэмшил газартай давхацсан асуудлыг Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газраас Орхон аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт хандаж 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2/1363 дугаартай албан бичгээр хүний эрхийг зөрчсөн шийдвэрээ залруулах үүрэг өгсөн байдаг. Уг маргаан бүхий зураг нь солбилцлын цэггүй зурагдсан тул ерөнхий бүдүүвч зургийг харвал Д.А-гийн эзэмшлийн одоо өргөтгөл баригдсан газрын хэсгийг Хурд авто засварт ногоон байгууламж бариулахаар ашиглуулсан гэж үзэхээр байдаг тул Орхон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас газрын давхцаж зурагдсан хэсгийг засаж, уг зургаа дахин 2019 онд өөрчлөн баталсан байдаг. Үүнийгээ хариуцагч нар шүүх хуралдаанд өөр өөрөөр тайлбарлаж хүчингүй болсон, хүчингүй болоогүй гэх мэтээр маргаж байсан нь хариуцагч нараас бичгээр тайлбар гаргаж өгөхгүй байсантай холбогдуулан талуудыг байлцуулж тайлбар авах ажиллагаа явуулсан шүүх хуралдааны тэмдэглэлээс харж болно.
Гэтэл анхан шатны шүүх уг хэргийг хянан шийдвэрлэхдээ дээрх хариуцагч Г.Б-гийн шүүх хуралдаанд гаргасан худал тайлбарыг үндэслэн уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Нөгөө талаас уг зургаар иргэн Д.А-гийн хувийн аж ахуйг бусад этгээдийн адил эрхлэх боломжийг хязгаарлаж, улмаар эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглах, бусад иргэн аж ахуйн нэгжтэй адил боломжоор хуульд заасны дагуу шударгаар өрсөлдөх өрсөлдөөний тухай хуульд заасан зарчмыг алдагдуулж, Баянтүшлэг ундарга ХХК-д хувийн аж ахуй эрхлэх үйл ажиллагаанд давуу байдлыг олгосноор захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус ажиллагааны улмаас тэгш байдал алдагдаж байгааг шүүх анхаарсангүй. Уг эрх нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан эрхийг хязгаарласан хэвээр байсаар байтал шүүх уг асуудлаар дүгнэлт хийлгүй хэт нэг талыг барьж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Хурд болон Диагностик авто засварын дунд байрлах нийтийн эзэмшлийн талбайд барих тохижилтын шифр V-05/2019 зургийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Уг хэргийг захиргааны байгууллага, албан тушаалтны зүгээс батлахдаа иргэн Д.А-гаас “Баянтүшлэг ундарга” ХХК-ийн эзэмшлийн Хурд авто засварын газрын хувийн аж ахуйг эрхлэхдээ нэхэмжлэгчийн Диагностик авто засварын газрын олон улсын чанартай авто замаас үйлчлүүлэгч, хэрэглэгч хүлээн авах боломжийг хязгаарлах, улмаар өрсөлдөгчгүйгээр төв замаас үйлчлүүлэгч, хэрэглэгч хүлээн авах боломжийг хязгаарлах, улмаар өрсөлдөгчгүйгээр төв замаас үйлчлүүлэгч авах далд санаархлыг албажуулж түүнд давуу байдал олгож байгаа ба уг зургийг баталснаар дээрх нөхцөл байдал бий болохыг хариуцагч нар мэдэж байгаа атлаа шүүхэд Хурд, Диагностик авто засварын дэргэдэх ногоон байгууламж, тохижилтын шифр V-02/2017 зургийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэг үүсч, тайлбар гаргаж байх явцдаа уг шифр V-05/2019 зургийг дахин баталсан байдаг. Уг 2 зэрэг хоёуланд нь нэхэмжлэгчийн эрх ашиг байсаар байтал сонсох ажиллагаа явуулахгүйгээр дахин баталж байгаа нь хариуцагч нарын хууль бус үйлдлийг баталж байхад анхан шатны шүүх уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь илт үндэслэлгүй байна.
Хариуцагч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Хурд болон Диагностик авто засварын дунд байрлах нийтийн эзэмшлийн талбайд барих ногоон байгууламж, тохижилтын шифр V-05/2019 зургийг баталснаар үүрэг болгож байгаа явдал тус газрыг “Баянтүшлэг ундарга” ХХК-д ашиглуулсан гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Энэ нь захиргааны хууль бус шийдвэр байсныг нотолж байх ба үүнийг дүгнэхгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Хурд, Дианостик авто засварын дэргэдэх ногоон байгууламж, тохижилтын шифр V-02/2017 зураг, мөн Хурд, Диагностик автозасварын дэргэд байрлах шифр V-05/2019 зургууд нь хэзээ үйлдэгдсэн, хэзээ батлагдсан гэдэг нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх хэт нэг талыг баримтлан шийдвэрлэж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Нөгөөтэйгүүр тус 2 зургийн талаар хариуцагч нараас тайлбар авахад тус зургуудыг хэзээ зурсан, хэн хэзээ баталсан талаар бүгд мэдэхгүй гэж хариулж байсан.
Иймээс шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Нэхэмжлэгч Д.А нь Орхон аймгийн Ерөнхий архитектор Б.М, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэн Г.Б, Баян-Өндөр сумын Уурхайчин багийн Засаг дарга Г.Г нарт холбогдуулан “Баянтүшлэг ундрага” ХХК-иас зуруулж, батлуулсан Хурд авто засварын гадна ногоон байгууламж, тохижилтын шифр:V-02/2017 зургийг хууль бус байсан болохыг тогтоолгох,
Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон тус газрын Хот байгуулалтын кадастр, зураг төсөл, магадлалын асуудал хариуцсан мэргэжилтэн /О.Ч/, Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын Улсын байцаагч Д.Л, Онцгой байдлын газрын дарга Г.Г, аймгийн Ерөнхий архитектор Б.М нарт холбогдуулан Баянтүшлэг Ундрага ХХК-иас зуруулж, батлуулсан Хурд авто засварын гадна ногоон байгууламж, тохижилтын шифр:V-05/2019 зургийг хүчингүй болгуулахаар тус тус нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Маргааны бүхий V-02/2017, V-05/2019 дугаар зургууд нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан шинжийг агуулсан байна.
Нэхэмжлэгч Д.А нь Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин багийн нутаг дэвсгэрт Авто засвар үйлчилгээ-ний зориулалтаар 1231 м.кв газар эзэмших эрхтэй, тухайн эзэмших эрх бүхий газар дээрээ “...Диагностик...” нэртэй авто засвар ажиллуулдаг бөгөөд хажуу талд нь “...Хурд...” авто засварын газар ажилладаг байна. Нэхэмжлэгч нь маргаан бүхий V-02/2017 дугаар тохижилтын зургаар баталсан ногоон байгууламж нь миний эзэмшиж буй газартай давхардуулан зурсан гэж маргасан. “Хурд” авто засварын гадна ногоон байгууламж, тохижилтын V-02/2017 дугаартай зургийг “Баянтүшлэг ундрага” ХХК нь зуруулж, эрх бүхий албан тушаалтнууд баталгаажуулж, улмаар уг ногоон байгууламж, тохижилт хийсэн газар нь нэхэмжлэгчийн эзэмшиж буй газартай давхцаагүй байна.
Учир нь хэрэгт авагдсан 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн “Гмомон” ХХК-ийн 25/2020 дугаартай шинжээчийн дүгнэлтээс үзвэл, “...Баянтүшлэг ундрага ХХК-иас зуруулж, батлуулсан Хурд авто засварын гадна ногоон байгууламж, тохижилтын V-05/2019 дугаартай зураг нь нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий газартай ямар нэгэн байдлаар давхцаагүй, гадна тохижилт, ногоон байгууламжийн ажил нь нэхэмжлэгчийн эзэмшил газар дээр зурагдаагүй байх бөгөөд анхан шатны шүүхийн үзлэгийн тэмдэглэл, фото зургаас үзвэл тохижилтын ажил нь эзэмшил газар дээр нь хийгдээгүй байжээ.
Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д “...Нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн бус амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг газар хамаарна...” гэж, 23 дугаар зүйлийн 23.3.5-д “...нутаг дэвсгэрийн хэмжээнд хийгдэх газар зохион байгуулалтын ажлыг зохион байгуулах...” гэж тус тус заасан бөгөөд “...Баянтүшлэг ундрага ХХК-иас маргаан бүхий V-02/2019 дугаартай зургийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаар батлуулан ногоон байгууламж, тохижилтын ажлыг хийсэн нь газар эзэмшигчийн үүргийг зөрчөөгүй, зохих эрх бүхий байгууллагын баталсан зураг төслийн дагуу нийтийн эзэмшлийн газарт ногоон байгууламж, тохижилтын ажил хийснийг буруутгах үндэслэлгүй.
Тодруулбал, нэхэмжлэгчээс уг ногоон байгууламж, тохижилтын ажил нь төв замаас үйлчлүүлэгч авч үйлчилгээ үзүүлэх хаалгыг хаасан, орц, гарцыг хязгаарласан, өрсөлдөөнийг хязгаарласан гэх боловч 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 25/2020 дугаартай шинжээчийн дүгнэлтэд нэхэмжлэгч нь эзэмшил газраа зориулалтын дагуу буюу зүүн талдаа гаргасан хаалгаараа авто засварын чиглэлээр үйл ажилагаагаа хэвийн явуулж, “Баянтүшлэг ундрага” ХХК-ийн зүгээс үйл ажиллагаа явуулахад нь ямар нэгэн байдлаар хязгаарласан нөхцөл байдал байхгүй гэж дүгнэлтийг гаргасан нь нэхэмжлэгчийн газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах боломжгүй болсон, “Диагностик” авто засварын төвийн орц, гарцыг хаасан, хязгаарласан, хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон зэрэг нөхцөл байдал тогтоож өгөөгүй байна.
Маргааны бүхий V-02/2017, V-05/2019 дугаартай зургийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй тул шийдвэр гаргах ажиллагаанд сонсох ажиллагаа явуулаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэл хангагдахгүй боломжгүй.
Иймд анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтад үндэстэй зөв дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 18 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН